Оюу толгойн цогцолборын гүний уурхайн ашиглалт удахгүй эхлэх нь. Гарцаагүй сайн мэдээ, туулай жилийн эхэнд билиг дэмбэрэлтэй гэж олзуурхав. Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын туулсан бартаат зам эргэлт буцалтгүй шулуудаж, эв зүйдээ орсон хийгээд мянга мянган оюу толгойчуудын уйгагүй хөдөлмөр, шантаршгүй зүтгэлийн үр дүн буй заа. 

Оюу толгойн гүний орд бол байгалиас заяасан зэс, алтны нөөцийн илрэл. Энэ түүхий нөөцийг хүмүүн л нийгмийн баялаг болгодог гэж эрдэмтэн мэргэд бичдэг. Чингэх үйл явцад хүмүүний оюун ухаан, хүч хөдөлмөр, техник, технологи, санхүүжилт, цаг хугацаа шаардагддаг учиртай нь ойлгомжтой. Эдүгээ дэлхийд зэсийн хэрэгцээ, үнэ цэн нэмэгдэж буй өнөөгийн чиг хандлага нь манай улсын хувьд бүр ч олзуурхууштай агаад азтай хэрэг. 

Оюу толгойчуудын бүтээж буй энэхүү шинэ гүний уурхайн үйл ажиллагаа ньдэлхийн орчин цагийншилдэг стандарт, технологи, инновац болон тоног төхөөрөмжид суурилсан гэдгийг нурших нь бараг илүүц биз. 

Уг гүний уурхайн олборлолт, үйлдвэрлэл,үйл ажиллагаа нь1,300 метрийн гүнд явагдана. Өөрөөр хэлбэл, Асралт хайрхны оройгоос бэл рүү нь буухын дайтай газар. Харин Налайхын уурхай хамгийн гүн хэсэгтээ 300 орчим метр, Бэрхийн жоншны уурхай 410 гаруй метр байжээ. 

Оюу толгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс цогцолжээ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг нэг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг. 

Өнөө хүртэл Оюутын ил уурхайг ашиглаж буй бөгөөд удахгүй Хойд Хюго биетээс хүдэр олборлож эхлэх юм байна. Энэ нь уг гүний уурхайн ашиглалтын эхний үе шат аж. Хойд Хюгог дотор нь хоёр үе шаттайолборлохоор төлөвлөжээ. Ер нь газрын гүн дэх нийт ордыг “блокчлон олборлох технологи”-ийн горимоор ашиглахын тулд асар том дэд бүтэц бүтээн байгуулжээ. 

Уг дэд бүтцийн хүрээнд ачаа, материал,тоног төхөөрөмж, машин техник болон хүн хүч зэргийг тээвэрлэх “цахилгаан шат”, мөн агааржуулалтын систем барьж байгуулах ажлын эхний ээлжийг дуусгаж ашиглалтад оруулжээ.“Цахилгаан шат” гэсэн нь хялбаршуулж, энгийн ярианд дөхүүлэх гэсэн санаа.Угтаа бол жирийн цахилгаан шатнаас хавьгүй илүү нарийн бүтэц, ур хийц, дүр төрхтэй аварга "амьтад" шүү дээ. Эдгээрийг зориулалтынх нь чиглэлээр “Үйлдвэрлэлийн ам”, “Үйлчилгээний ам”, “Агааржуулалтын ам” гэж нэрлэдэг аж.

“Үйлдвэрлэлийн ам” болбоос үйлчилгээний ба бүтээгдэхүүний хоёр өргүүртэй босоо байгууламж юм. Үйлчилгээний өргүүрийн хөнөг нь хоёр давхар, нэг ээлжид 300 хүн тээвэрлэнэ. Уурхайн гүн рүү 1.3 км замыг 2.5 минутад туулж бууна. 

Гүний уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг хөдөлмөрлөх бөгөөд барилга, бүтээн байгуулалт өрнөж ирсэн өнгөрсөн он жилүүдэд ч ийм зохион байгуулалтаар ажиллажээ. Өдгөө өдөр тутам 2,000 гаруй хүн гүний уурхайн хөдөлмөрийн талбар дээр зүтгэж байна. 

Тэндаврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар-үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөнтэсрэх бодисынагуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламж тус тус баригдаж ашиглалтад оржээ. Үндсэн бутлуур нь долоон давхар барилгатай дүйцэх өндөр багтаамжтай агаад өдөрт 95,000тонн хүдэр 'зажилж' бутлах чадалтайнүсэр эд ажгуу. 

Уг уурхайн үйл ажиллагаа жигдрэх үед тэнд 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 хүнд даацын машин, бусад төрлийн 300 орчим хөдлөх төхөөрөмж ажиллана. Уурхайн гүн дэх замын хөдөлгөөнд нэн өвөрмөц дэг журам мөрдөгдөнө.

Энэ ялдамд шинэ төрлийн нэг машины тухай зориуд сонирхуулъя. Хүнд даацын энэхүү цахилгаан машиныг дэлхий даяарх олон гүний уурхайд ашиглаж эхлээд буй гэнэ. 

“Утимэк МФ100” маркийн энэ машин бол шатахуун хэрэглэхгүй учраас уурхайн гүнийг нүүрс хүчлийн хийгээр бохирдуулахгүй гэсэн үг. Цахилгаан тэжээлтэй уг машин манай улсад анх удаа иржээ. Түүнийг Финляндын Нормэт (Normet) хэмээх дэлхийд нэртэй үйлдвэрт бүтээсэн байна. Энэ нь арван тонны даацтай, өөрөө ачиж буулгах утгууртай, цагт 20 км хурдтай, бүтэн эргэдэг бөгөөд иж бүрэн хүндрүүлэгчтэй ухаалаг машин аж. Цахилгаан тэжээл нь уруудаж явах, хурдаа сааруулах үед нь өөрийгөө нөхөж цэнэглэдэг горимтойгоос гадна зориулалтын залгуураас маш хурдан цэнэг авдаг нь өвөрмөц. 

Газрын гүний байгаль орчинд ээлтэй, үйл ажиллагааны аюулгүй байдлыг дээдэлсэн, ашиглалтын зардал нь хавьгүй хэмнэлттэй зэрэг нь нэн шинэлэг гэлцэнэ. Хиймэл ухаан шингэсэн энэ машин бол Оюу толгойн гүнд нутагшуулж буй ухаалаг техникийн зөвхөн нэг жишээ юм. 

Цаашид гүний уурхайд өрмийн болоод бэхэлгээний цахилгаан машин, төхөөрөмж өргөнөөр нэвтрүүлнэ гэж Жак ван Тондер ярив. Энэ эрхэм бээр Оюу толгойн гүний уурхайн захирал, дэлхийн цөөнгүй ил ба гүний уурхайд ажиллаж, удирдах алба хашиж, хал үзэжхашир суусан өмнөд африк мэргэжилтэн. 

Гүний уурхайтай хүйн холбоотой мөртөө газар дээр оршдог нэг лунжгар байгууламжийн тухай цухас дурдмаар санагдав. Оноосон нэр нь Чандмань. Түүний нийт талбай 13,570 хавтгай дөрвөлжин метр. Энэ барилгын зөвхөн суурь нь мэргэжлийн хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц хэмжээтэй. Энд өдөр дутам 400 орчим хүн ажилладаг. Уг төв нь гүний уурхайн үйл ажиллагааг удирддаг тархи, орчин цагийн шинжлэх ухаан, технологи, электроникийн шилдэг ололт амжилтыг шингээж бүтээсэн "жанжин штаб" гэвэл онох байх. Эндэхийн дээд удирдлагын баг, бие бүрэлдэхүүн болон нийт ажилтан нар нь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой монгол залуус. Тэдэнтэй мөр зэрэгцэн гадаадын өндөр мэдлэг, чадвар, туршлагатаймэргэжилтэн нар гүний уурхайн бүх шатны үйл ажиллагааг энэ төвийн ухаалаг төхөөрөмжийн иж бүрэн системээр секундийн нарийвчлалтай хянаж, удирдаж ажилладаг. 

Оюу толгойн гүний уурхайд суурилагдсан “Палантир фаундри”(Plantir Foundry) хэмээхухаалаг системийг ч энэ төвөөс удирдагдаг аж. Уг систем нь технологийн нарийн шийдэлтэй багаж хэрэгсэл, мэдрэгч цахим төхөөрөмж зэргээс цогцбүрдсэн, уурхайн гүний дотор ба гадаргуун бүх орчныг төгсхянах программ хангамж, холбогдох бусад техник, механизмаар өвч тоноглогдсон байна. Тэгээд гүний уурхайн гэдэс дотор, түүний ааш араншин хийгээд тэнд тохиох газрын гүний чичирхийлэл, хөдөлгөөн, өөрчлөлт, чиг хандлага зэргийг тогтмол мэдээлнэ. Ингэж хянах нь гүний уурхайн блокчлон олборлох үйл явцад нарийвчилсан тохиргоо хийх, түүний ашиглалтын загварыг сайжруулах, улмаар зүгшрүүлэх зэрэг арга хэмжээ авахад амин чухал. Эдгээр нь гүний уурхайд гэнэтийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойгоос гадна тэнд хийх засвар, үйлчилгээг төлөвлөхөд чухал гэж Жак ван Тондер тайлбарласан юм. 

Угсистем нь манай орны гүний уурхайд анх удаа нутагшиж буй ухаалаг технологийн нэг жишээ болой. Олон жишээ дурдаж болох чүүгээр товчилъё.

Өмнийн говьд шинээр цогцолсон энэ гүний уурхайг үндсэндээ олборлолт, үйлдвэрлэлийн хотхон гэж нэрлэх боломжтой. Оюу толгойн цогцолбор, түүний дотор уг хотхон бүхэлдээ тэнгэрээс бууж ирээгүй, монгол хүмүүн бүтээсэн гайхамшиг гэж бахдан хөөрмөөр санагдана. Учир нь өндөр, нам олон даваа давж, аадар бороо, салхи шуурга туулж ирсэн замдаа гурван жил гацсан, цар тахалд хавчигдаж бас гурван жил "зүдэрсэн" боловч амжилттай хэрэгжсэн намтар нь цаашид үргэлжлэх болно. 

Манай улсын хувьд гурав дахь хөршийн шууд хөрөнгө оруулалттай анхны энэ мега төслийн үр дүнд дэлхийн жишигт нийцсэн ил ба гүний хос уурхай төрж буй нь энэ. Энд хоёр түмэн монгол хүмүүний арван жилийн нөр их хөдөлмөр, оюун ухаан, мөн гэр бүл,үр хүүхэд, хайртай хүмүүсээ санах, үгүйлэх мэдрэмжээ ч хязгаарлан байжзүтгэсэн халуун хөлс, хүч хөдөлмөр нэвт шингэсэн нь баларшгүй түүх буюу. 

Нийгмийн баялаг бүтээгч оюу толгойчууд, түүний гэрээт компаниудын бүтээлч хамт олны зүгээс улс орны экспортыг нэмэгдүүлэх үйлсэд ийнхүү оруулж буй бодит хувь нэмэр нь ойлгогдох сайн цаг эрхбиш ирэх буй заа. 

Улс орон маань дэлхийн зэсийн үйлдвэрлэлийг тэргүүлэх томчуудын тоонд орохоор зэхэж буй сайн цагийн шинэ түрлэгт Оюу толгойн гүний уурхайн ашиглалтын гараа улам их эрч хүч нэмэх болтугай гэж ерөөе. 

“Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт бол манай уул уурхайн салбарын шинэ зууны гайхамшиг” гэж Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, энэ салбарын “нэвтэрхий толь” Н.Алгаа дүгнэснийг тэмдэглэн өчүүхэн зурвасаа өндөрлөсүү. 


2023.03.10


ОЮУ ТОЛГОЙН НЭГ ӨДӨР