Домог урсана. Модун шаньюу гүрэн улсаа цэгц дор оруулав. Аравт, зуут, мянгат, түмтүүдээ эмхэлж баруун, зүүн хийгээд төвийн нутгаа төвшитгөв. Тэгээд дэлхийг захирсугай хэмээн дайны их бүрээгээ үлээхэд, хүн зоны олон оны амар амгалан эвдэрч. Монгол айл бүхэн гэр-цэрэг болов. Бүстэй, бүсгүй бүгдээр бөгтөр нум мөрлөв. Даяныг түйвээж, даяарыг чичрээв. Ханг эрхшээж, хана хэрмийг дэлдэв. Талыг там болгосон дайны замд эр баатрууд үхэтхийж, эхнэр, хүүхдүүд өнчрөсхийв. Ийн ахуйд эзэн хаан бодож авай. “Эрсдэн унасан дайчны эхнэр, хүүхдийг ах, дүүгийн аль нэгэнд өгвөөс эхнэр үл бэлэвсэрч, үрс үл өнчрөх бөлгөө...”

Домгийн цаана үнэн буй. Айл гэр, албат зоноо аварч асрах арга замыг монголчууд эртнээс эрж, элдвээр сүвэгчилж ирж. Эр төвшин бол гэр төвшнийг номлон, эхнэрийн нэрээр гарах зочны “үнэлгээ”-г өгүүлж, охид ариун байхын овор хэмжээг нотлох зэргээр олон олон саам самбааг санаачилж иржээ. Өргөө гэрийн доторх нөхөр, эхнэрийн үүрэг, ураг садны хэлхээ холбооны учиг зангилаа бүрийг иж бүрнээр тайлсан арвин агаад гүн гүнзгий ухаан билэг бидэнд бий.

“Өөр” холбоо


Монгол төрийн хамгийн сүүлд бодож олсон арга нь эдийн засгийн хөшүүрэг. Шинээр гэрлэгсдэд хагас саяыг олгоно гэсэн азын сугалааны зар шиг шийдвэр гэр бүлийн тухай олон мянганыг туучин ирсэн уламжлалт ойлголтыг мөхөөж эхэлжээ. “Ариун нандин холбоо”, “Хүний анхдагч орчин”, “Гал голомт” гэхчлэн нэрлэж, дээдлэн сахиж ирсэн жудаг журмын хэм хэмжээ алдагдахад хүрэв. Төрөөс буцалтгүйгээр олгох мөнгийг л олж авах тохиролцоогоор гэрлэж, авсныхаа дараа салж одоцгоох “түр гэр бүл”-үүд ерөөсөө хүн хоорондын анхдагч, язгуур харилцааг хүртэл хөндөж, амьдралыг утга учиргүй хаос болгоход хүргэж гэхэд хилс болохгүй.

Хүн цэцэгнээс ургаж, хаднаас хагарч гардаггүй хэмээн настнууд сургадаг. Энэ нь аавтай, ээжтэй гэр бүлд л хүн төрж, өсөж, төлөвшиж хүмүүждэгийг хэлж буй хэрэг. Цаг хугацаа, түүх, зан заншил, ухамсар, үзэл суртал, -изм хэчнээн өөрчлөгдсөн ч ганцхан юм өөрчлөгдөлгүй яг хэвээрээ явж иржээ. Энэ бол эр, эм хүмүүс хослон амьдарч, үр удмаа үргэлжлүүлж, халуун бүлийн хүрээ үүсгэн, яруу найрагчийн өгүүлсэнчлэн “арвай буудай мэт арван зүгтээ үржин” дэлгэрэх амьдралын хэлбэр. Улс үндэстэн бүрийн ёс жаяг адилгүй ч хайрлан дурлах, амраглан жаргах, ижилдэн дасах сэтгэлийн хэвшил нь ижилхэн л байдаг. Харин үүндээ хандах хандлага, хадгалж хамгаалах журам дүрэм үргэлж өөрчлөгдөж ирснийг Модун шаньюугийн домгоос харж болох юм. Хэчнээн ч өөрчлөгдсөн гэсэн ач холбогдлыг нь бүдгэрүүлж, гэр бүлийн бус өөр харилцаа холбоо руу түлхэж байсан өнөөгийнх шиг бодлого Монголын түүхийн аль ч үед төдий л үгүй болов уу.

Зовлонг гэтлэх

Эгэл амьдралын хамгийн халуун тогоо нь айл гэр. “Амьдралд юу эс тохиолдох вэ” гэж бид ярьдаг. Юу ч болж болох тогоон дотроо “олгой бүхэн хагарч байдаг” ч байж мэдэх юм. Хайраа дурлалаа хадгалах, хөрөнгө зоорио арвижуулах, үр хүүхдээ төрүүлж өсгөхийн зам харгуй дардангүй. Түмэн зовлонгийн үүр уурхай болох хэрнээ гэр бүл тэр мөн чанараараа үүрд байсаар л байдаг. Орон гэр, оромж сууцны хэмжээ хийц өөр өөр ч гэлээ хүмүүний жаргал зовлон, баяр гунигийн голомт байдгаараа нэгэн ижил. Хана хананыхаа доторх халуун амьдрал дотроо бид ижилхэн л уйлж, ижилхэн л инээдэг. Гэр бүлд шаналал буй бол гишүүн бүр хамтдаа шаналж, гэр бүлд тайтгарал ирвэл хамтаараа л тайтгарна. Нэгэн бүлд хэн нэг нь л жаргаж, бусад нь зовох ч юмуу, нэг нь уйлж, нөгөө нь хөөрөх учир байхгүй. Сэтгэл зүрх хийгээд амиараа нэгдэж нэгэн цул болдогтоо гэр бүлийн үнэт чанар оршдог.

Хэрэлдэж, хэлэлцэх мэт нь учирсан бэрхшээл саадаа даван туулах оролдлогуудын зарим нь. Эвдэрч, эвлэрэхгүй, тууш зам дээгүүр шулуухан явах шиг амьдрал байдаггүй. Овон товонгийн хаа нэгтээ бүдэрч догонцоод, айл гэр салж сарних явдал хэзээ эртнээс байсаар л ирсэн. Бас л бэрхшээл саадаа даван туулж байгаагийн нэг л хэлбэр. Тулгарсан зовлонг муу, сайны алинаар ч шийдэж болдог хойно. Эвлэрч шийдвэл сайн, эвдэрч шийдвэл муу нь тэр.

Эвдрэлийн төлбөр


Эвдрэхэд бас учир бий. Хоёр талаас ирж нийлсэн эхнэр, нөхрүүд хамтын амьдралынхаа явцад дундын өмч, дундын хөрөнгө, дундын үр хүүхэдтэй ч болно. Харин хагацахын цагт тасчиж, хувааж болохгүй үнэт зүйлсийг хэн нь авах дээр асуудал үүсдэг. Түлээ модхон бол ч хөрөөдөж, хугачаад авчихаж болно оо. Харин үр хүүхдээ тэгж болохгүй. Ганцхан биенээс биш, ижил амиас тасарсан үрс ижий, аавтай амьдрахыг хүснэ. Бяцхан ч гэлээ түүнд өөрийн гэсэн хүсэл бодол байж л таараа. Эв эвдэрсэн эр, эм хоёр харин ч түүнээс асуухгүй дээ. Ингэж хүүхэд эцэггүй, эсвэл эхгүй өсөх болдог. Зүгээр л тулгарсан бэрхшээлийг муугаар шийдсэний “өртөг”-т хүүхдийн хувь заяа төлбөр болж буй нь энэ. “Дутуу” гэр бүлд өссөн хүүхэд дутуу хүмүүждэг байж мэднэ. Дэлхий нийтийг цочирдуулж, тухайн улс үндэснийхээ хүн амыг айлган сандраасан аймшигт гэмт хэргүүдийг дандаа салж сарнисан гэр бүлд, дутуу гучуухан өссөн, өнчин хүүхдүүд том болсон хойноо үйлдэж байсныг тэдний жигшүүрт түүх хүүрнэдэг. “Үндэстний ТОЙМ” сэтгүүлд өнгөрсөн онд цувралаар нийтлэгдсэн алуурчдын тухай түүхүүдээс уншигчид энэ тухай хангалттай уншсан байх. Аллагынхаа тоогоор “толгой цохидог” Роставын махчин гэгдэх Чекатилло өөрийн гэсэн зүй ёсны гэр бүл үүсгэн амьдрах физиологийн чадавхигүй байсан гэлцдэг.

Хуульчлал

Их урт удаан хугацааны турш зарим соёл иргэншил дотор гэр бүлийн харилцаа албадлагын шинжтэй байжээ. Голчлон эмэгтэйчүүд өөрийн эрхээр эр нөхрөө сонгож чаддаггүй байв. Хүн ёсны харьцангуй өндөр түвшний ардчилалтай амьдарч ирсэн монголчууд ч эхнэрээ богтлон авах буюу аав, ээжийн сонголтоор сүйлэн гэрлэх ёсыг чанд баримталсаар байсан юм. Эгэл энгийн адуучин залууд хайртай угсаат охин урьд өмнө огт нүүр тулж үзээгүй язгууртан хөвгүүнд очихын сэтгэлийн бэрхийг ардын олон дуунд гэгэлзтэл дуулсан нь бий. Гэвч удам судраа сайтар судалж ураг барилдан, ирээдүйд үржин олшрох үр удмаа улам сайжруулж байхын ухаан бас үүнд бий.

Өнөөгийн хүний тэгш эрхийн үүднээс үзвэл харьцангуй бурангуй гэгдэх энэ ёсыг Монгол улсын Ардын засгийн газраас 1925 оны 10 сард гаргасан “Эмэгтэйчүүдийг богтлох явдлыг зогсоох тухай” тогтоолоор халсан юм. Ингэснээр өмнөх үеийн нийгмийн байгууллын саар мууг даван туулах үндсэн нөхцөл бүрдсэн тухай ном зохиолд тэмдэглэн бичжээ. Улмаар 1926 онд баталсан иргэний хуулиудад гэр бүлийн харилцааны талаар тусгай заалт оруулан, сүй богт тавьж гэрлэхийг бүрмөсөн хориглосон байдаг. Эндээс орчин үеийн гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын үүх түүх эхэлсэн байна. 1929 онд гэр бүлийг бүртгэж байхаар хуульчлан заав. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1999 оны  6 сарын 11-нд батлагдаж, 2002 оны 7 сарын 4-нд нэмэлт өөрчлөлт оруулсан Гэр бүлийн тухай хууль энэ харилцааг иж бүрэн зохицуулж байна.

Хөшүүргийг хөших нь


Сэтгэлийн хэлхээн дээр оршдог гэр бүлийн ариун нандин харилцааг зөвхөн хуулиар хаших боломж хаана ч үгүй. Зан суртахуун, харилцаа, үзэл бодол, хүмүүжлийн тохироо, заншил, шашин суртал хүртэл хайр дурлалтай харгалдаж, харшилдаж, заримдаа халдан довтолж байх нь бий. Хувь хүний чөлөөт үзэл санаа гэр бүлийн язгуур зарчимтай зөрчилдөх нь туйлын хэмжээлшгүй. Ялангуяа хөнгөн, хийсгэлэн залуу насанд сексийн ч юмуу, сэтгэл зүйн цорын ганц хамтрагчтай байхыг хүсэхгүй байх “эрх чөлөөний эрмэлзэл” эрчүүд, бүсгүйчүүдийн хэн хэнд түрэгдэж байх нь бий. Гэр бүл үүтгэж, нийгэм, хань ижил, ураг садан болон үр хүүхдийн өмнө хариуцлага хүлээх бэлтгэлгүй байхад нь буцалтгүй тусламж, шинээр гэрлэсний тэтгэмж, эдийн засгийн хөшүүрэг гэх мэт арга хэрэгслээр хөшиж хүчилснээр “хуурмаг холбоосууд” гарч ирэх гол хүчин зүйл болж байна уу даа гэмээр.

Өнгөрсөн сонгуулийн амлалтын үр дүн болох гэрлэгсдийн тэтгэмж олгогдож эхлэхэд үнэхээр гэр бүл болох явдал огцом өсчээ. Түүнийхээ зэрэгцээ салалт ч мөн тэр хурдаараа жирийсэн байна. Тэтгэмжтэй гэрлэлтээс хойш гэр бүл бологчдын 50-аас дээш хувь нь салсныг гэр бүлийн хуульч толгой сэгсрэн өгүүлнэ лээ. Үүгээр зогсохгүй гэр бүлээ цуцлуулагчдын дийлэнх хувь нь залуус буюу 35 хүртэлх насныхан байгаа гэнэ. Үүнээс үзвэл, төрөөрөө тэтгүүлсэн “шинэхэн гэрлэгсэд” маань яах аргагүй тохиролцоот хосууд байжээ гэж дүгнэхээр. Гэрлэлтийг дэмжих ёстой, төрд ийм үүрэг бий. “Ариун нандин” гэж тодорхойлж ирсэн гэр бүлийн харилцааны сонгодог ойлголтыг сэргээх зайлшгүй шаардлага ч байна. Гэхдээ зөв бодлого, зөв арга замаар...

2010.11.12