Д.Зоригт сайдын албан тушаалд эгзэг бийг сануулж байснаа гишүүн Э.Бат-Үүл түүнийг огцруулах тухай анх удаагийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Магадгүй, олон нийт “эгзэг” гэдэг энэ үгийг зүгээр л хийх ажлынх нь чухлыг хэлсэн шигээр “сонсоод” өнгөрсөн юм. Гэвч энэ үгийн цаана үнэхээр “эгзэг” байлаа. Учир нь гүйцэтгэх засаглалыг хамтарсан бүтцээр барих бүр анхдагч улс төрийн тохироо өөрөө эрдэс баялаг, эрчим хүчний салбарын чиг хандлага дээр суурилсан юм. Оюутолгойн төслийг хоёр ч парламент дамнуулаад гацаачихсан, цаана нь стратегийн гэгдэх олон олон орд газрын хүлээгдэж байгаа ашиглалт, дэлхийн зах зээл дээр үнэ ханшийн түүхэн дээд амжилтууддаа тулж очсон ашигт малтмалууд байсан болохоор улс төрийн гэхээсээ эдийн засгийн тохироо ч гэж нэрлэж болох юм. Том төслүүдийг гацаанаас гаргах гэдэг талаас нь харвал хамтарсан засгийн газар зөв шийдэл байв. Одоо ч олон хүн буруутгахгүй байгаа. Ямартай ч галт тэрэгнүүд уухилж эхэлсэн болохоор тэр. “Бурхангүй газрын бумбууд” мэт сөрөг хүчингүй үеийн сөрөг хүчнүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэлүүдийн талаас харвал үнэхээр харьцангуй хяналтгүй зурвас хугацаа болсон юм.

УИХ-аар Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн нь бараг л ирэх сонгуулийн кампанийн эхлэл болж байна. Энэ шинэчлэл зүгээр нэг зохицуулалтын өөрчлөлт биш, системийн шинэтгэл болно. Проторционал болон можаритор зохион байгуулалтуудыг хольж хэрэглэх зарчмын шийдэл дээр парламентын бүлгүүд саналаа нэгтгэчихсэн. Энэ байдлаараа хууль батлагдах нь гарцаагүй байгаа. Холимог дахь пропорционал аргаар нийт бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх учраас улс төрийн намын нэр хүнд ач холбогдлын жагсаалтын эхэн рүү шилжинэ. “Хамтарсан” гэх нэрийн цаанаас өөр өөрсдийнхөө намыг аварч гарах шаардлага зүй ёсны болсон. Сонгуульд ялагдахыг “хамтрагчид” ч өөрсдөө хүсэхгүй байгаа. Д.Зоригтын “чулууг” чухам аль хэр өндрөөс, бас аль хэр ойр, холоос шидэж байгааг тогтооход “эгзэг” бий. АН-ын одоогийн удирдлага МАН-аар хөшиглөгдсөн байдлаасаа салахыг хичээж байна уу гэсэн асуултад хэн ч үнэн хариулт хэлэхгүй.

Д.Зоригт асар их зоригтой байгаа нь түүнийг сайдаас нь огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүн Ц.Батбаяр нарын санал оруулснаар оны эхэнд анх удаа хэлэлцэх үед л харагдаж байв. Асуудал бүр парламентаар хэлэлцэх хэмжээнд хүрсэн хойно сая Д.Зоригт сайд хүмүүстэй мэндэлж эхэлсэн гэх яриа бий. “Хүнтэй үг дуугарахгүй” болтол нь өөрчилсөн тэр их зоригийг араас нь чухам хэн түшээд байна вэ гэсэн хардлага Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээний нөхцлүүдтэй “эффектлэж” эхэлсэн. Гол нь энэ эффектийг сайд өөрөө одоо хэр няцааж чадахгүй яваад бас нэгэн “эгзэг” нуугдаж байж мэдэх юм.

Ерөнхийлөгчийн орон гарсан суудал дээр УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөхдөө л УИХ-д биш Засгийн газар руу тэмүүлж гарч ирсэн гэх олон нийтийн таамаг гишүүний эрхээр сайдаа томруулсантай нь мөн л таардаг. Урт нэртэй хуулийн талаар УИХ-тай бүр анхнаас нь тэрсэлж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хэллэгээр хэлбэл илэрхий “эс үйлдэж” байсан зэргээс харахад санаа, зоригийг нь УИХ-аас дээгүүр чавхадсан хүчирхэг “шидэгч” ард нь байгаа гэх хар сэжгийн үзүүр сэжүүрийг улам бөхөлсөн. Ерөнхий сайд С.Батболд чуулган дээр ёстой л “чичрэн” өмгөөлж байж дэнжигнүүлэн тогтоосон тэр чухамдаа Засгийн газарт тавьсан “тэсрэх бөмбөг” болон үлдэж байгааг сэтгүүлчид ч тухайн үед сануулж байсан. Аюулгүй болгоогүй “бөмбөгний” цэнэг мултлагчийн дэгээнээс энэ удаа АН-ын бүлгийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар гогдлоо.

Засгийн газраас унжиж буй энэ гогцоог дахин дахин имрээд байгаа эдгээр субьектуудыг тандвал МАН, АН хоёрын удирдлагуудаар илэрхийлэгдэх Хамтарсан Засгийн газар төвтэй эрх мэдлийн тойргийн гадуур гүйлдэгсэд байгааг анзаарч болмоор. Өөр өөрсдийн нам дотроо ч “хоёрдугаар эгнээ” рүү шахагдсан энэ хүмүүст тоглолтын тайзан дээр гарч “дуулах” сонирхол байгааг ойлгоход түвэггүй. Энэ сонирхол нь тэднийг хаашаа ч түлхэж, хэн рүү ч урвуулж чадах хүчин зүйл юм. МАН, АН-ын нэгдлийг эсэргүүцэж байгаа улс төр нийгмийн бүлэглэлүүд хүчирхэгжээд ирвэл “төрөлх” намаа орхиж ч мэдэх арын эгнээнийхний гол контраст нь одоогоор энэ нэгдэл. Өөрсдөдөө бий болгоод эргүүлж чадах “тоглолтын” хүрд нь бас л хамтарсан Засгийн газар. Засгийн газрыг огцруулж чаддаггүй юм аа гэхэд ирэх сонгууль болтол оролдоно. Аливаа оппозиц ажиллагаа хар масст ямагт таалагдаж байдаг. Тэр хэрээр оппозицууд “эх оронч” харагдана, сонгогдоно.

Бүрэн бүрэлдэхүүнээр Засгийн газрыг огцруулж чадахгүй болохоороо оппозицууд танхимын гишүүдийг нэг, хоёроор нь оролдож эхэлдэг. Үүнийг улс төрчид “шүд сугалах” арга гэж нэрлэдэг. Энэ нь магадгүй, бүхлээр нь огцруулж хаяхаас ч илүү урхагтай. Яагаад гэвэл сугарсан “шүд”-ний онгорхойгоор “салхи сийгэж” эхэлдэг байна л даа. Сайн хүн байж чадаагүй хүмүүс хүртэл сайд хийж чадахгүйгээ мэддэггүй юм байна. “Дур биеэ голохгүй” гэх тун оновчтой мэргэн үг бий. Сугарсан шүдний ором өөрөө хэрүүлийн алим болж хувираад, хаацайлж ядаж байсан хагарлыг дэврээдэг байна.

“Шүд сугалах” аргаас Ерөнхий сайд нар айдаг. Үүний золиос болсон Засгийн газраар М.Энхболдынхыг нэрлэж болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийг нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг нь улсын хөрөнгө шамшигдуулсан гэсэн шалтгаануудаар сугачиж хаясан. “Дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн намынхаа дүрмийг ашиглан М.Энхболдын Засгийн газрыг “зөөлөн газардуулсан” С.Баяр тухайн үед “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Зоригтыг УИХ-аар дэмжүүлэн өөрийн танхимдаа хөтөлж оруулсан юм.
2011.05.06