Сурах гэж “хөдөлмөрлөснийхөө” шанд сар бүр далан мянган төгрөг авахаар яригдаж байгаа гэнэ бүх оюутнууд, 140 мянгуулаа. Бодъё, оюутан далан мянгаар юу хийх вэ?

Хувилбар 1: Оюутан болоод нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгосон тул найзынхаа төрсөн өдрөөр нэг их гоё цэцэг авч өгнө. Цэцгийн дэлгүүрийн эзэн баярлана.

Хувилбар 2: Хөдөөнөөс ирээд хотын моод сонирхож нэг их гоё кээт авч өмсөнө. Кээт зарсан наймаачин баярлана. Зохихгүй бол хөдөө гэрлүүгээ явуулчихна.

Хувилбар 3: Мэдээж хамгийн ухаалаг нь сардаа нэг шүдээ ломбодуулчих байх. Тэгээд гоё гоё хамтлагийн тоглолт үзэх байх.

Хувилбар 4: Жаахан зорилготой тэмүүлэлтэй нь өөрт хэрэгтэй ном авч уншина. Гэхдээ сурах бичиг биш, номын санд нь байгаа тул худалдаж аваад байх шаардлагагүй.

Хувилбар 5: Зүгээр л шоудана. Ядуу оюутанд сардаа нэг буудалд хүүхэн хусч цангаагаа тайлах хэрэг гаралгүй яахав.

Янз бүрийн л хувилбарууд гарч ирнэ. Ерөнхийдөө бол жилдээ 130 тэрбумыг эдийн засгийн эргэлтэнд оруулна. Хувцас зарсан наймаачин, баар буудлын эздийн орлого нэмэгдэнэ. Хэдэн кино театрууд бол цүдийж өгөхөөр байна. Маш товчхондоо уугаад, идээд л дуусна.

    Манай ерөнхийлөгч болон бусад том дарга нар нэг их гоё романтик сэтгээд 140 мянган оюутан тархиараа дүүрэн эрдэм сурах гээд зовон ядан яваа гэж бодоод байгаа бололтой. Үгүй дээ, тэр 140 мянгаас арав хорин мянга нь л үнэхээр сурахын төлөө зүтгэж яваа зөв бодолтой оюутнууд байгаа. Үлдсэн хар масс нь зүгээр л цаг нөгцөөгчид.

    Оюутнуудыг үзэн яддагтаа байнга шүүмжлээд байдаг юм биш шүү. Харин ч оюутнуудыг хараад сэтгэл эмтэрдэгтээ ингэж бичдэг юм. Дөрвөн жил төрийн өгсөн мөнгийг уугаад идлээ гэж бодъё. Хариуд нь бүтэлтэй бүтэлгүй шоудсан хэдэн дурсамж, ориг хулхи хэдэн хувцастай л үлдэнэ. Баарны эзэд, гутлын наймаачид баяжиж харин сургууль нь хулдаасан шалтай, гацаатай компютертэйгээ хэвээрэй л үлдэнэ. Хамгийн гол нь дөрвөн жил “хөдөлмөрлөсөн” мөртлөө толгойдоо юу ч үгүй үлдэнэ. Юу ч сураагүй хүн ажилдаа гологдоно. Яагаад юу ч сураагүй вэ? гэхээр гацаатай компьютер, гацаатай багш хоёр олигтой юм сургаж чадаагүй. Тэр 130 тэрбумаар хэчнээн орчин үеийн лабаротори барьж, хэчнээн залуу багш нарыг урам зоригтой хөдөлмөрлүүлэх бол.

    Мэдээж СЭЗДС гэх мэт чанартай сайн хувийн дээд сургуулиуд зөндөө байлгүй л яахав. Гэхдээ ихэнхи хувийн сургуулийн оюутан сэтэртэй нөхдүүд ч дээ, мэдэхгүй ангиараа тамхичин, ангиараа архичин, ангиараа буудалд хонодог жишээг би зөндөө олон сонсож байлаа. Оюутан болж сургуульд элсээд номыг нь ч сурахгүй, номхныг нь ч сурахгүй харин ч бүүр эвдрээд, архи тамхинд ороод дуусдаг. Долоо хоногтоо нэг удаа хичээлд суугаад байхад арга нь олдоод дүн нь гарчихдаг ийм хүмүүст сар бүр далан мянган төгрөг өгөхийм гэж үү? Архи уухдаа л ядардаггүй юм бол үхсэнийх нь хөдөлмөр байхав.

    Тэгвэл ингье, би ч бас нэг хувийн сургуульд элсээд оюутан болъё л доо. Гурван жил улсын их сургуульд багшилсаных хичээлүүдийг нь ойлгочих биз. Тэгээд долоо хоногтоо багшдаа нэг харагдчихаад дүнгээ аваад байя. Би сохор зоос төлөхгүй ч гнэмн тэр жижигхэн сургууль төрөөс 500гаа авчихна, би ч өөрөө төрөөс 700 –гаа авчихна хэн хэндээ ашигтай. Намайг хичээл тасаллаа гээд сургуулиас хөөх ч үгүй, оюутанаа хөөж 500 мянгаа алдах тийм тэнэг захирал гэж хаана байхав. Тэгээд намайг хичээлдээ суучих л даа гэж багш нар нь гуйгаад л, гоё мөрөөдөл байгаа биз. Гэтэл юун мөрөөдөл, зарим сургуулиуд угаасаа тийм болсон гэнэ лээ, зарим оюутнууд аль хэдийнэ миний мөрөөдлийг биелүүлчихсэн яваа гэсэн шүү.

    Үнэхээр сайн оюутан байвал 700 мянга байтугай 7 саяыг өгсөн ч буруудах зүйлгүй. Харин саяны 500 шиг хичээл хийдэг хийдэггүй хамаагүй хавтгайруулж тараавал жинхэнэ том тэнэглэл.

Яахав дээ дампуурах дөхсөн, хүн элсэхгүй хэдэн сургуулийг аварч магадгүй. Бас л хэдэн хүний ажлын байр юм даа чааваас. Хувийн сургуулиуд нь хүндэт самбартаа Элбэгээ ерөнхийлөгч тэгээд бас бус нөхдүүдийн зургийг хүндэтгэлтэйгээр залаад үлдэг. Тэгвэл би ч гэсэн дээд сургууль байгуулчихъя л даа яршиг.

Шинээр гэрлэгсэдэд өгсөн 500 –ын ачаар гэрлэлт хоёр дахин нэмэгддэг шиг 700 мынгын тэтгэлийн ачаар оюутны тоо гурван зуун мянга болох вий дээ. Мянган сургуулийн орон гэдэг хочтой болох вий дээ.

Гадаадын жуулчид ирвэл хамгийн түрүүнд 1000 ширхэг UNIVERSITY –гээ үзүүлэх юм шүү. “Тамхи баагиулсан зорилгогүй хэдэн оюутантай ийм сургуулиудыг манай дарга нар аварч үлдсэн юм, танай муусайн дарга нар чадахгүй л дээ” гэж томрох юм шүү. “Манай оюутнууд угаас мундаг тул хичээлд суух шаардлага байдаггүй юм, дураараа сайхан өмсч зүүгээд автуусаар үнэгүй яваад эх орны төлөө “хөдөлмөрлөдөг” билээ” гэж гайхуулах юм шүү.

    Зуун мянган архичин байлаа гэж бодоход архинаас гаргах биш, архи тараах бодлого явуулж байгаатай яг ижил байна энэ хавтгайруулсан тэтгэлэгийн бодлого. Магадгүй нэг өдөр архичин болгонд шил архи, тамхичин болгонд паальчиг янжуур тараана гэж хэлээд түүнийгээ их гоё зөвөөр тайлбарлаад сууж байх вий дээ. Архичид тамхичдын саналыг авч л таараа.

Оюутан гэсэн нэртэй бүхэнд мөнгө тараах нь ямар ч үр ашиггүй гэдгийг дээгүүр байгаа ухаантай улсууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа байлгүй. Гол нь зуун дөчин мянган оюутны төлөө биш, зуун дөчин мянган оюутны САНАЛЫН төлөө үйлдэл гэдэг нь тодорхой юм даа. Зүгээр л Select All, тэр нь амар. Сайн муугаар нь ялгах гэж ядсаар байтал сонгууль болчихно. Орж ирэх мөнгө болгоноор зүгээр байсан явган хүний замыг хэд дахин сольж, цагдаагийн тоомсог, оюутны тэтгэлэг, эх орны хишиг болгоод байвал бидэнд дараа нь юу үлдэх вэ?

Дахиад хэлэхэд зуун дөчин мянган оюутан бүгдээрээ сурахын төлөө, боловсрол эзэмшихийн төлөө биеэ зовоогоод, зүтгээд байна гэж романтикаар бодоод байвал тэрэн шиг худлаа юм байхгүй шүү. Энгийн даруухан, зөв хүмүүжилтэй ямар олон залуус “оюутан” болж үеийн олон танхайчуултай нийлж буруу зам руу ордог гэж санана. Номыг нь сургах талаар бодоод ч хэрэггүй, номхоныг нь ядаж сургадын болуу гэхээр харин ч эсрэгээрээ ангиараа ууж идэж, унтаж хэвтэхийг сургаад байгаа энэ олон шоудалтын бакалавр магистр олгодог “жижиг дунд үйлдвэрлэлийг” дэмжсээр байх уу?

МИНИЙ Л БОДЛООР АРХИЙГ НЬ ЗАРДАГ ОЛОН ДЭЛГҮҮР, АРХИЧИНЫГ НЬ БЭЛДДЭГ ОЛОН ДЭЭД СУРГУУЛЬ ШИГ ХЭРЭГГҮЙ ХОГ БАЙХГҮЙ.