СОГТУУ ПРОПАГАНД

Архины эсрэг (архидалтын эсрэг ч юмуу) ээлжит кампанит ажиллагаа дэгдлээ. Энэ ч зүй ёсных байх л даа. Үүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан удирдан, Анагаах ухааны доктор, профессор, судлаач О.Чимэдсүрэн түрлэг нэмэв. Ерөнхийлөгчийн Тамгын газраас судалгаанд суурилсан бодлого боловсруулах зорилгоор цуврал судалгаанууд хийн, түүн дээрээ үндэслэн шийдэл боловсруулж байгаад маш их таатай байгаагаа тэрээр илэрхийлээд Монгол Улс 2007-2008 оны үед 36 орчим сая литр архи согтууруулах ундаа, спирт үйлдвэрлэж байсан бол 2020 оны байдлаар 120 сая литр болж, бараг 4 дахин өссөн гэсэн цочирдом баримт дэлгэлээ. 120 сая литр согтууруулах ундааг Монгол улсын иргэдэд хуваагаад үзэхээр нэг хүнд 54 литр дарс, согтууруулах ундаа, хатуулаг ихтэй архи 12 литр ноогдож байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад тэргүүлж байна гэж хэмээн судалгааныхаа үндсэн дээр мэдэгджээ.

Архинаас үүдэлтэйгээр Монгол улсад жилд 600-700 хүн шууд нас барж байна. Оксфордын их сургуулиас гаргадаг судалгаагаар дэлхийн улс орнуудад дунджаар 1,4 хувь нь архинаас хамааралтай эмгэгт өртжээ гэсэн байна. Гэтэл Монгол улсын хүн амын 5 хувь архины шалтгаант эмгэгт өртсөн. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд нэгдүгээрт явж байна. Мөн архинаас шалтгаалсан 100,000 хүн дэхь нас баралтын тоо ОХУ-д 14,5, БНХАУ-д 1,01 хувь байхад Монгол Улс 17,75 буюу дэлхийд тэргүүлж байна гэсэн айхавтар түгшүүртэй статистик илчлэв. 

ДЭМБ-ийн тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр согтууруулах ундаа ноогдож байвал үндэсний аюулгүй байдал эрсдэлд учирч байна гэж дүгнэдэг атал 2017 оны байдлаар Монгол жилдээ 100 орчим сая литр архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байна гэсэн түгшүүрийн харанга дэлдэв. 

Архины ч юмуу архидалтын ч юмуу эсрэг кампанит ажлыг эсэргүүцээгүй ч яах гэж ингэж зориуд худлаа ярин тэндээсээ хуурамч пропаганд явуулж байдгийг л ойлгохгүй байна. Социализмын үед ерэн оноос өмнө 30-40 архины үйлдвэр ажиллаж 30 сая орчим литр хатуу архи үйлдвэрлэдэг байж, Монголд. Ерэн оноос задгайрч эхлэн үйлдвэрлэгч компани бараг 200 хүрсэн боловч нийт үйлдвэрлэл мөнөөх 30 орчмоос төдийлөн ихэссэнгүй. Зах зээлээ булаацалдсан, чанаргүй сархад их болсон зэрэг шалтгаанаар зах зээлийн жамаар үйлдвэрлэгчид цөөрсөөр эдүгээ архи сархад үйлдвэрлэгч компани ердөө хэдхэн үлдсэн ба нийт үйлдвэрлэлийн 90 хувийг АПУ компани ганцаараа дагнаж байна. АПУ жилд 29 сая дитр хатуу архи, 110 сая литр шар айраг үйлдвэрлэдэгээс 150 мянган литр водка, 700 мянган литр шар айргийг гадагш экспортолдог. Монгол дахь хатуу архины нийт үйлдвэрлэлийн хэмжээ 32-33 сая литр аж. Үүнийг дөрөв дахин өсгөн 120 сая литр гэж наах хэрэг байдаг юм болов уу? 

Архи сархадны хэрэглэж байгаа хэмжээг тогтоохдоо нэг жишигт шилжүүлэхийн тулд цэвэр спиртээр тооцдог. Энэ нь 3 литр водкаг 1 литр спирт, 20 литр шар айргийг 1 литр спирт гэх мэтээр нэгдсэн стандартад шилжүүлэн тооцно. Өөрөөр хэлбэл 32 сая литр водка нь 10 сая литр спирт буюу Монголын нэг иргэнд гурван литр спирт, дээр нь шар айргийг шилжүүлэхээр 2 литр орчим спирт болж байна. ДЭМБ-ын дүгнэлтээр Монголд нэг хүнд ноогдох архи сархадын хэрэглээ 5.6 литр гэсэн нь ерөнхийдөө мөргөж байна гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 8-10 литр ноогддог Япон, Солонгосын хэрэглээнээс нэлээд бага, 15-17 литр ноогддог Орос, Белорусиас үлэмж бага гэсэн үг.

Монголд хүн амын 5 хувь буюу 170-200 мянган яахаа алдчихсан архчин хүнд эмгэгт өртсөн ба 100 мянган хүн тутамд 17.75 хувь буюу 700-800 хүн архи уугаад л шууд газар дээрээ чад хийж байгаагаараа дэлхийд тэргүүн байр эзэлж байна гэдэг ч арай л туучих шиг боллоо. Ингэж улсаа дэлхийн тэргүүний архичин болгож зарлах нь өөрт нь таашаал өгдөг ч байж магадгүй. Бодвол энэ үзүүүлэлтийг ДЭМБ-аас гаргасан хүснэгтээс авсан бололтой, Орос, Хятадын үхлийн тоо мөргөх мөртөө Монголынхыг 10 гэсэн байхад хоёр дахин өсгөн тэргүүн байранд чихжээ. Тэрбайтугай 10 хувь ч, 200 мянган архаг архичин ч, 700-800 архины үхдэл ч эргэлзээтэй, хаанаас ямар гүтгэлгийн тоо зохиосон ч юм билээ?

Спирт задалдаг алкохолдихидрогенеза гэдэг фермент шар арьстанд, тэр дундаа монгол хүнд нэн дутагдалтай. Энэ бол нэг үгэндээ архи даах хэмжүүр. Дээрх судлаач эрдэмтэдийн гаргасан статистик үнэн бол монголчуудын 17 хувь нь биш 99 хувь нь архиа даахгүй шууд газар дээрээ чад хийнэ. Ёролсноос нь гурав дахин бага уугаад үхчих гээд байгаа юм чинь!

Скандинавчууд болон орос, белорусь, польш мэт умар зүгийнхэн водка дангаар нь уудаг л даа. Ядахнаа тэдний шингээх чадвөр өндөр. Төв европчууд спирт рүү шилжүүлэхэд өндөр гараад байдаг болохоос шар айрагны донтонгууд. Өмнөд Европ болохоор усан үзэмний дарсаар дагнадаг. Япон, солонгосчууд цагаан будааны нэрмэл зөөлөн сархад сойжу, сакэ их уудаг. Гэтэл эднээс хамаагүй бага уудаг монголчуудын архи хэрэглэх соёл нь дэндүү бүдүүлэг. Оросууд шиг хатуу голдуу водка уух мөртөө тэднээс ялгаатай нь ихэнхдээ хоосон ходоодон дээрэ өлөн ууна, хэзээ ч шингэрүүлж зөөлрүүлэхгүй, агсам гэж галзуу. Хөнөглөх гэж нэг сайхан оновчтой монгол нэршил байнаа, энэ нь найр эхлэхээс өмнө түрүүлээд согтохыг хэлдэг гэнэ. Ийм үзэгдэл элбэг болоод л оновчилсон биз. Архи шингэлж уун соёлжих хэрэгтэй гэхээр водкан дээр ус нэмж хоёр градусаар багасгах гэнэ. 38 градусын (Уг нь градус биш процент л доо) водка бол Мендлеевийн тогтоосон жишиг. Водкаг уух үедээ хундган дотроо тоник болон мөс хийж шингэлдэг болохоос 30 градусын водка гэж байдаггүй юм. Архиа шингэлж градусыг нь буулгадаг Солонгос, Японы “тэргүүн туршлага” бол цагаан будааг дахин дахин нэрж гаргадаг шал өөр төрлийн сархад учраас тэр. Айргийг нэрж архи, архийг нэрж арз, арзийг нэрж хорз гээд байдаг ийм учиртай. Сархад огт хэрэглэдэггүй нийгэм гэж үгүй, Хамгийн хатуу хуультай Саудын Араб гэхэд Шотландаас хууль бусаар хамгийн их виски импортолдог гэсэн. Энд уух соёлд л бид суралцмаар. Хөөрхий дөө, хэрэглээ нь дэлхийн дундачтай харьцуулахад бага юм шүү дээ. Хүмүүс дарс, пиво, соожуу, сакэ, коктэйл уухыг дэмжих бодлого л илүү оновчтой баймаар.

Урьд нийгэмд манай намзасгаас гурван байг онилон гүтгэх, муучлах, хараах, занах, дайсагнах ажиллагаа явуулдаг байв. Үүнийгээ үзэл суртал, суртал нэвтрүүлэг гэж нэрлэн бөөлж өгнө. Энэ нь АНУ тэргүүтэй хөрөнгөт нийгэм, хөрш Хятад, Монголын өмнөх нийгэм (Ардын хувьсгалаас өмнөх). Америк, Хятад ч за яахав, дүүрч. Монголчууд мөртөө өвөг дээдсээ гутаан доромжилж, харлуулан гүтгэж, хэлэхгүй муугаар доош нь оруулдаг нь хачирхалтай. Зуун хүний зургаа нь л бичигтэй гээд л... 700 мянган хүн амын 100 мянга нь лам байсан гээ биз дээ, эсвэл тэд хүн биш юм уу? Ерэн есөн хувь нь яр тэмбүүндээ баригдсан байсныг оросууд эрж эдгээсэн ч гэх шиг. Гучин онд ирсэн зөвлөлтийн экспедиц зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд үзлэг хийгээд 25-30 хувь нь бэлэгсийн өвчтэй гэж тодорхойлсон. Антибиотик гарахаас өмнө дэлхий даяар (түүний дотор монгол тэмбүү намнасан гэгдэх оросууд ч) ийм үзүүлэлттэй байсан. Улаан тариаг яахнав гэж монголчуудад туршсан болохоос тэр бол үнэндээ ядаргаанд хэрэглэдэг эм. Үндэсний соёл, бичиг үсэг, өнгөрсөн түүх, Монгол үндэстнийг улс гүрэн болгосон Чингис хаан зэрэг нь зүхэлийн бай. Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн баатрууд хуйгаараа дайсан. Хөрөнгөө хураалгасан малчин түмэн нийтэрээ гуйлгачин. Тэднийг ийм болгосон нь намзасгийн бахархал. Монголын түүх тэр чигээрээ гүтгэлэг. Тогтолцоо үнэн хэрэгтээ монгол үндэстний эсрэг чиглээстэй. Үүнийг пропаганд гэдэг, монгол ядруу орчуулга нь “суртал нэвтрүүлэг”.

Зөвлөлтийн их нэвтэрхий тольд пропаганд гэдэг нь улс төр, гүн ухаан, шинжлэх ухаан, урлагийн болон бусад үзэл бодол, санааг олон нийтийн ухамсарт нэвтрүүлэх, олон нийтийн практик үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл Британника нэвтэрхий тольд "Пропаганд нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор маргаан, цуурхал, хагас үнэн эсвэл худал мэдээлэлд түшиглэн албадаж суртал нэвтрүүлэг түгээх явдал” гэжээ. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд чухал баримтуудыг орхигдуулж эсвэл буруу тайлбарлаж, үзэгчдийн анхаарлыг бусад мэдээллийн эх сурвалжаас холдуулахыг оролддог гэсэн байна.

Анх шашины реформац болж католик, протестантууд биендээ дайсагнах үеэс пропаганд их ашиглагддаг байсан бол ХХ зуунд улс төрийн харгис дэглэмүүд үзэл сурталдаа хэрэглэх гол зэвсгээ болгожээ. Италийн фашизм, Германы нацизм, Оросын большевизм бол үүний тод жишээ юм. Пропагандыг нийгмийн тодорхой бүлэг, заримдаа ховор тохиолдолд нийгэмд тодорсон бие хүн удирдан зохион байгуулж болдог ч дийлэнх тохиолдолд пропагандын эзэн нь төр байдаг. Жорж Орвэлийн алдарт Амьтны ферм болон 1984 он бүтээлд дарангуйллын нийгэм пропагандыг хэрхэн үр дүнтэй ашигладгийг гайхалтай дүрсэлсэн байдаг. 

Пропаганд бол улс төрийн манипуляцийн гол хэрэгслэл. Харин сурталчилгаа бол өөрийгөө танилцуулах аргачлал учир мэдээллийн төрөлд илүү ойр байдаг. Бизнес, улс төр, шашны гэх мэт өргөн хүрээний мэдээллийн төрлүүдийн гол цөм нь зарлал юм. Иймээс пропагандыг эдгээртэй хольж ойлгож болохгүй.

СССР-ийн (дагаад бас БНМАУ-ын) намзасгийн удирдлаган дор зориудаар, төвлөрсөн байдлаар пропаганд хийгдэж байсан бөгөөд албан ёсоор үүнээ олон түмнийг соён гэгээрүүлэх үзэл суртлын ажил гэж нэрлэж байв. Нацист Германы пропагандын гол сэдэв нь арьс өнгөөр ялгаварлах үзэл ба антисемитизм, "Нэгдмэл Германы ард түмний" үзэл суртал, цэргийн баатарлаг байдал, Үндэсний социалист иргэний дүр төрх, Фюрерийг болзолгүйгээр шүтэх явдал байв. 

Мэдээллийн бүх эх сурталжийг хаан боогдуулж зөвхөн өөрсдийн пропагандыг албадлагаар хүчирхийлэн нэвтрүүлэх энэ процессийг Орвэл “тархи уүаах” гэж нэрэлсэн юм. Мэдээллийн олон эх үүсвэр чөлөөтэй зэрэгцэн оршиж байхад “тархи угаах” гэсэн ойлголт боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгомоор. Тархи угаах нь албадлага хүчирхийлэлтэй л зэрэгцэн оршино.

Чөлөөт ардчилсан Монголын нээлттэй нийгэмд яагаад өнөөдөр төрийн пропаганд амь бөхтэй оршсоор байна вэ? Хачирхалтай нь пропаганд Америк, Хятадыг онилохоо болиод өнөөгийн Монгол улсын бодит байдал руу хандан гутаах, гүтгэх, доромжлох, худал тоо баримт зохиох, санаанаасаа гаргалгаа гаргах, зориуд мушгин гуйвуулж тайлбарлах болчихов? Өөрийн амьдарч буй нийгмээ жигшин гомдлоо тайлдаг хувь хүмүүс аль ч нийгэмд байдаг л үзэгдэл. Арчаагүйтэл, атаархал, хорон санаа зэргээсээ болж гүтгэлэг гүжирдлэг санаатай гуйвуулга түгээдэг зарим нэгний гомдол төрийн дэмжлэг авахаараа жинхэнэ пропаганд болон хувирдаг. Чухам энд л нийгмийн хор холбогдол лавшрах билээ. 

Монголчууд зүгээр байж байснаа гэнэт 2017 онд бөөн бөөнөөрөө амиа хорлоод энэ үзүүлэлтээр дэлхийн рекорд тогтоож орхив. Төрийн болон олон нийтийн байгууллагууд энэ амжилтад хөөрөн догдолж цэнгэн баясав. Монголтой мөр зэрэгцсэн Гватималад тариачдын химийн бордоонд хордож үхснийг амиа хоролсноор бүртэгдэг болох нь илрэв. Манай Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-д өгсөн тоо нь баларч сөхөрснөө дуудан байж төсөл шомбодох гэсэн санаа л болов уу. Жилд хэдэн хүн амиа егүүтгэдэгийг Эрүүл мэндийн яам биш цагдаа л мэднэ. Жилд улсын хэмжээгээр 400 хүрэхгүй ийм дүн гардаг юм байна. Хүн амдаа хуваахад 100 мянгад 12 буюу дэлхийн дундаж үзүүлэлт. Гэсэн ч Эрүүл мэндийн яамны одоо өгч буй тоо нь 18. Хэнтэй юугаараа уралдаад байгаа юм бол? Амиа хорлолт ядуурлаас биш, тухайн популяц дахь генетик давтамжаас хамаардаг учир Өмнөд Солонгос, Литва энэ үзүүлэлтээр тэргүүлдэг.

Монгол хүний махны хэрэглээ нэн бага, жилд 50 кг хүрдэггүй гэж Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага бүртгэсэн нь манай ХАА яамны өгсөн тоо. 300 мянга гаруй тонн мах бэлтгэдэг 75 сая малтай орны 3 сая хүний нэгжид ноогдох мах ядахнаа 100 кг-аас багагүй баймаар. Гаднаас импортолдог гахай тахиа консервоо тооцохгүйгээр шүү дээ. Зах зээлд гарч буй махны талаас илүү хувийг нь чоно нохой идчихдэг болж таарлаа.

Хүн амын 97 хувь нь Д витамины онц дутагдалтай гэсэн түгшүүртэй судалгааны дүн гарлаа. Төр үүнд “онц” анхаарал тавин бүхий л хүнсний бүтээгдэхүүнд уг витамины нэмэлт оруулга хийж байхаар хуульчлан тогтоов. Д витамины онц байтугай онцгүй дутагдал илрэхэд яс зөөлрөн зуурсан гурил шиг болдог. Хаанаасаа энэ олон бөх Монголоос төрдөг байнаа? Бүр хачирхалтай баримт бол хүний зүйл байтугай адгуус амьтан ч тогтоож чадаагүй рекордыг бид эвдлээ. Юу гэвэл монголчуудын 98 хувь нь ойрын цус ойртолттой (төрсөн ах дүү эцэг охины дундаас төрсөн үр хүүхэд), үлдсэн хоёр хувь нь тойруу замаар (үеэл хаяал бөл ах дүү нар хоорондоо завхайран хүүхэд олдог) цус ойртолттой учир нийтээрээ элий балай болсон гэсэн судалгаа юм. Төрөөс үүнд онцгойлон анхаарч нямбайлан хуралдаад хүн амаа аврахын тулд генофондыг нь цэвэршүүлэхээр шийдэн асар их хүч хөрөнгө зарахаар боллоо. Нэгэнт цус ойртож балай тэнэг болоогүй нэг ч хүн үлдээгүй учир асуудлыг авч хэлэлцэн арга хэмжээ авахаар болсон хүмүүс бүгд тэнэгрэх өвчин туссан байж таараа. Монголчууд нийтээрээ балай болсон нь үнэн байж магадгүй л дээ, гэхдээ цус ойртсоноос биш, учир нь олон улсын байгууллагаас судлаад монголчуудыг цус ойртолтоос ангид үндэстэн байна гэж тогтоосон нь ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн. 

Балайрцарснуудын нэгийг Эрүүл мэндийн сайд болгоодохсон чинь монголчууд сүрьеэ, тэмбүүгээр дэлхийд тэргүүлдэг байгаа! Үндэсний статистикийн газраас монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 боллоо гэж заралсан чинь дараагийн балай сайд нь үүнийг яагаад ч зөвшөөрөхгүй 66 гэж гүрийлээ. Манай үндэсний бас нэг бахархал нь хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа явдал билээ. Хорт хавдар газар зүйн хуваарьтай байдаг, австраличууд арьсны, солонгосууд ходоодны, төв азийнхан улаан хоолойн хавдраар тэргүүлдэг. Манайд элэгний хавдар маш өндөр гэх яриа байдаг ч төр засаг үүнийг голж нийтийн дунд ерөөсөө бүх төрлийн хавдраар манлайлдаг гэсэн ойлголт өгснөөр нийтийн талархлыг хүлээсэн. Яриа байдаг гэх учир нь Монголд жилд 16 мянган хүн нас барж, 80 мянган нярай мэндэлдэг атал төрийн докторуудын судалгаагаар хавдраар үхэгсэд энэ тоог дангаараа хангаж байна. Цаана нь архиныхан, тэмбүүнийхэн, сүрьгийнхэн, аваар ослынхон, амиа хорлогчдын арми, гэмт хэргийн золиосынхон, машинд дайруулагсад, хөлдөж болон өлбөрч чад хийгсэд, хоолонд хордогсод, усанд живэгсэдийнхэнд үхлийн орон тоо олдохгүй байна

Туул гол нь бохирдолтоороо дэлхийн эхний тавд хэдийнээ багтсан гэсэн, удахгүй энэ хортой голд ойртохыг хориглох төрийн хууль гарах байх. За ингээд монголчууд төрийн пропагандын хүчээр дэлхийд цойлсон улаан архичин, тэмбуу сүрьеэ хавдар зэрэг аль л булай өвчин нийтээр туссан, ах дүү эцэг охинтойгоо 100 хувь завхайрсаар байгаад 100 хувь элий балай болсон, тэрнээсээ ч болдог юм уу сав л хийвэл амиа хорлоод байдаг үндэстэн ажгуу. 

Бидний бас нэг бахархаад ханашгүй мэдээлэл бол дэлхийн хамгийн ядуу гуйлгачин болсон амжилт билээ. Ердөө аравхан жилийн өмнө “Азийн тав дахь бар төрж байна” гэж ертөнцийг гайхашруулан эдийн засгийн аль том сонин сэтгүүл болох Английн Экономист, АНУ-ын Воол Стрит Монголд зориулж тусгай дугаар гарган 17 хувийн өсөлтийг нь сурталчилж байсан шүү дээ. Энийг “гуйлгачин” болтол нь хэн унагасан юм бэ? Ердөө л төрийн шийдвэрээр онхолдсон юм шүү дээ. Ийм төрийн шийдвэр гаргаж Монголыг хоролсон 10 улс төрчийг би удахгүй нэр үйлдлээр нь нэрлэнэ.

Яг үнэн баримтаар бол зөвхөн бусдаар тэжээлгэдэг, дэлхийн бараг хамгийн адгийн ядуу орны иргэд төрийн пропагандын хүчээр түрүү нийгэмд жаргалтайгаар цатгалдан амьдарч байлаа. Гэтэл өнөөдөр 35-аас дээш насны иргэдийн 64 хувь нь жингийн хэтрэлттэй энэ ард түмэн төрийн пропагандын хүчээр турж үхэж байгаагаа гайхан гунигийн мананд биенээ олохгүй төөрөлдөж эх орноо тамын ёроолтой зүйрлэнэ. 

Монголд болж бүтэхгүй юм асар их. Арван хуруунд байтугай атга элсний ширхэгээс ч олон бэрхшээл бүтэлгүйтэл бий. Энэ дэлхийн улс гүрнүүдээс бидний өмнө зуун орон Монголыг орхиж биднээс илүү сэтгэл хангалуун амьдарч байна. Гэвч ард маань бас 100 орон жагсаж байгаа шүү. Бид бидний хүссэнчлэн дэлхийн адаг шаар биш. Байдаг л дундаж орон. Идэж уух өмсөж зүүх, оромж байр зэрэг олон юмаар дутагдаж гачигдаагүй. Зарим үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Заримаар нь эрс хоцордог. Улс орон болгон өөрийн бэрхшээл зовлонтой. Яахаараа өөрснийгөө адаг шаараар дуудаж тэрнээсээ кайф, оргазм, сэтгэлийн таашаал олдогийг харин ёстой ойлгодоггүй юм. Нийтээрээ тэмбүүрсэн байсан гэх гадны пропагандыг сонсоод яртай айлын гэрт төрснөөрөө бахархдаг ард түмэн шүү дээ.

2020.5.2