Салаалдаггүй төмөр замаас болж улс салах нь
Чин гүрний үед Хаант Оросын Манжуур дахь сонирхлын тулгуур нь Дорнод Хятадын төмөр зам байлаа. Энэ төмөр зам XX зууны эхэн үеийн Азийн томоохон улстөр-цэрэг дайны түүхийн улаан шугам болсон билээ. Чин гүрний эзэн Манж нарын нутгийг дайруулан тавьсан энэ төмөр замд Оросууд ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Тэр ач холбогдлын үргэлжлэл нь Монголын төмөр зам юм.
Чин гүрний үед Хаант Оросын Манжуур дахь сонирхлын тулгуур нь Дорнод Хятадын төмөр зам байлаа. Энэ төмөр зам XX зууны эхэн үеийн Азийн томоохон улстөр-цэрэг дайны түүхийн улаан шугам болсон билээ. Чин гүрний эзэн Манж нарын нутгийг дайруулан тавьсан энэ төмөр замд Оросууд ихээхэн ач холбогдол өгдөг байсан. Тэр ач холбогдлын үргэлжлэл нь Монголын төмөр зам юм.
Коммунист Хятад бий болсны дараа Хятадын тал төмөр замыг хүлээн авсан бөгөөд тэр үед Оросууд уг шугамтай параллель шугамыг Монголын нутгаар дайруулан тавьсан билээ. Власовын армийнхны цусаар тавьсан энэ замыг салаалах асуудал XXI зууны Монголын хамгийн том асуудал болох нь тодорхой.
Бүр Монголын тусгаар тогтнолын асуудлыг ярьж байхад Оросын Сангийн сайд В.Н.Коковцов Гадаад Монголд Баргыг нэгтгэх ёстой гэж үзэж байсан нь Монголоос дорнод Хятадын төмөр замыг хянах санаархал байсан юм. Гэвч Я.И.Коростовецийн бичсэнээр “Гадаад бодлогодоо өрнийн чиглэлийг анхаардаг, дорно зүгт шинээр газар эзэмших байтугай мэдлийн газраа яая гэж байна хэмээн төвөгшөөдөг” Оросын гадаад хэргийн сайд С.Д.Сазанов Сангийн сайдынхаа саналыг няцаажээ.
Энэ нь баргууд Монголд гурвантаа нүүж ирэх шалтгаан, мөн хожим Наушк-Замын Үүдийн төмөр зам тавих урьдчилсан нөхцөл болжээ. XXI зуун гарахад Ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө олсон Монголчууд Оросын хараат байдлаас гарахыг чармайх болсон ба эдийн засгаа либералчилснаар задран унасан ЗХУ-ын орыг залгамжлагч ОХУ-тай эдийн засгийн хувьд өрсөлдөгч болон хувирчээ. Ингэх шалтгаан нь XXI зууны эхээр Хятад Улс Евразийн хамгийн том эдийн засаг, түүхий эдийн мангас болон хувирсанд байна.
Өрсөлдөөн
Коммунизмын жилүүдэд нээсэн Таван толгойн нүүрсний ордыг коммунизмын материал техникийн баазын нөөцөд үлдээжээ. Таван толгойн ордыг тухайн үед ашиглах зайлшгүй шаардлага байгаагүй юм. Монголын аж үйлдвэрийн эрчим хүчний үйлдвэрлэлд хойд бүсэд нээгдсэн хүрэн нүүрсний ордууд хангалттай байсан юм. Налайх, Шарын гол, Багануур, Багахангай...
Монголын коммунист Засгийн газар ордыг Хойд Солонгостой хамтарч ашиглахыг оролдсон түүх ч бий. Оросын гангийн үйлдвэрлэл Монголоос алс Урал орчим төвлөрсөн, Монголд ардчилсан хувьсгалын дараа л хаягдал төмөр боловсруулах үйлдвэр Япончууд барьж өгсөн болохоор ган хайлуулдаггүй Монголд коксждог нүүрсний хэрэгцээ байгаагүй юм.
Гэтэл Хятадын үсрэнгүй хөгжил, зөвхөн Хятадынх ч биш, Өмнөд Солонгос, Японы хөгжил коксждог нүүрсний хэрэглээг нэмжээ. Энэ зах зээлийн хэрэглээг хангагч нь Австрали байлаа. Гэтэл Монголын Засгийн газар сүйрсэн эдийн засгаа өөд нь татахын тулд гадаадын хөрөнгө оруулалтад хэт таатай орчин бий болгосон нь нүүрсний ордуудыг дэлхий нийтийн анхааралд аваачжээ. Азаар Таван толгойн бүлэг ордын лиценз “BHP”-ийн мэдэлд байснаа 1998 оны хямралаар “чөлөөлөгсөн” билээ. Одоогийн байдлаар 162,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээр Монгол дэлхийд айргийн тавд орж байна.
Гэтэл бод доо. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр 2006-2010 он буюу Хятадын XI таван жилийн төлөвлөгөөний дагуу Өвөр Монголд 140,38 тэрбум юаний өртөгтэй хайгуул ажлын үр дүнд 510 тэрбум нүүрсний нөөц нэмж тогтоожээ. Олон шинэ орд нээсний үр дүнд Өвөр Монголын нүүрсний нөөц 741,39 тэрбум тонн хүрч, Хятаддаа манлайлах болжээ. 2010 онд Өвөр Монгол 782 сая тонн нүүрс олборлосон байна.
Энд нэг ялгаа байна. Дэлхийн нүүрсний аваргууд яагаад илүү нөөцтэй, үйлдвэрийнхээ дэргэд байгаа Өвөр Монголд бус Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэж зүтгээд байна вэ? Бас Хятадууд яагаад Өвөр Монголоос бус Монгол Улсаас нүүрс авахыг хүсээд байна вэ? Юуны өмнө тэр их нөөцийг ашиглахын тулд Хятадууд хөрөнгө оруулалт ихээр хийх шаардлагатай. Хочрт малчдыг холдуулахгүй бол Өвөрмонгол тэр чигээрээ босчихож магадгүй. Нөөц нь их ч, Хятадын нүүрсний ассоциацийн прогнозоор 2015 гэхэд хятадын нүүрсний хэрэглээ 3,8 тэрбум тонныг гадаадаас хангана гэж мэдэгдэж байна.
2011 оны 10 дугаар сарын 22-нд Хятадын нүүрс, гангийн эрэлт нийлүүлэлтийн III форум болжээ. Хятадын коксждог нүүрсний салбарын Холбооны дарга Хуан Цинган “Энэ онд хятадын коксждог нүүрсний олборлолт 400 сая тоннд хүрнэ, харин экспорт 4 сая тонноос хэтрэхгүй” гэж мэдээлжээ. 2011 оны эхний найман сарын байдлаар хятадын коксны үйлдвэрлэл 13,7 хувь өсч, 285 сая тонн хүрчээ. Харин 9 болон 10 дугаар сард 322 сая тонн болж өнгөрсөн оныхоосоо 13,8 хувь өсчээ. Хятадын статистикаас үзэхэд 2011 оны эхний долоон сарын байдлаар коксждог нүүрс дахин боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрүүдийн нийт орлого ойролцоогоор 37,96 хувиар өссөн байна. Коксждог нүүрс баяжуулснаас олсон ашиг 7,46 миллиард юань болжээ.
Монгол Австралийг бутниргэв
2010 онд Монголоос Хятадад нийлүүлэх коксждог нүүрсний хэмжээ нэмэгдэхийн хэрээр Австралиас Хятадад гаргах коксны хэмжээ 63 хувь унаж, 648.451 тонн болжээ. Энэ нь бидний сайных биш, нөгөө Австралиуд нь өөрийнхөө нүүрсийг ухахаа больчихоод монголын нүүрсийг ухаж зардаг “шинэ ажилтай” болсных байх. Нэг их баярлаад байхаар эд биш, наад зах нь “Оюу толгой” төслийн санхүүжилтийн овоохон хэсэг нь Монголоос Хятадад экспортлож байгаа нүүрсний орлогоос бий болдог.
2010 онд Австралийн Квисленд мужид болсон үерийн улмаас дэлхийн томоохон уулын олборлогч компани “Рио Тинто”, “BHP Billiton” болон “Xstrata” коксжих нүүрснийхээ ачилтыг хойшлуулах шийдвэр гаргаснаар коксжих нүүрс дунджаар 12,4 хувь буюу тонн нь 253 $, эрчим хүчний нүүрс дунджаар 15.1 хувь буюу тонн нь 131,8 $ болж өсөж байхад манайх тэр үнээр нь зарж чадаагүй юм.
Монголоос 2011 оны IX сард 2,24 сая тонн кокс ачаад гаргасан байна. Тэгэхэд Оросууд 477.632 тонн, Индонез 154 311 тонн, Канад 123 718 тонн, Шинэ Зеланд 54 003 тонн кокс Хятадад экспортложээ. Хэдийгээр экспортын нүүрсний хэмжээгээ өсгөхийг чармайж байгаа ч Монголчууд мунгинасаар. Бүр дотооддоо Канад, Австраличуудтай өрсөлдөж тамираа барахын дээр өөр хоорондоо өрсөлдөж нүүрснийхээ үнийг унагаж баларч байна. Монголд нүүрс олборлож буй гадны олон компани Хятадад салбартай буюу Хятадуудтай хамтарч ажилладаг, дээрээс нь хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголдоо маш таатай нөхцөл олж авснаас их ашиг олж байхад дотоодын олборлогч компаниудад ийм таатай нөхцөл байхгүй юм. Гэтэл манай улс нүүрсний 200 гаруй ордынхоо 50-ийг ашиглаж байна.
Дээрээс нь нүүрсээ автозамаар зөөж байгаа учраас автозамын хөрөнгө оруулалтад ихээхэн мөнгө зарж, дээрээс нь тээвэрлэлтийн зардлаа өсгөөд худалдах үнээ бууруулснаас маш их ажиллаад маш бага ашиг олж байна. Гэтэл зам ч барилгүй зөөж байгаа нь хэд бол? Энэ хэрээр татварын орлого буурч байна. Засгийн газар нь дотоодын компаниуддаа дарамт учруулж, харин гадныханд хамаг таатай нөхцлөө шавхадгаас Монголын үндэсний компаниуд маш хүнд байдалд ажиллаж байна. Харин гадаадынхнаас олигтой татвар авч чадахгүй байна. Тэр тусмаа томоохон ордуудад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулахгүйг хичээж байгаа нь бүр гайхалтай. Дээр нь бас нэг сонирхолтой үзэгдэл нь Орос болон Хятадын нүүрсний асар их нөөцтэй харьцуулсан логик дүгнэлтээр бол Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг буруу тооцоолсон байна, эсвэл илрүүлсэн нөөцийн нийт хэмжээг нийтэд мэдээлэхгүй байна. Энэ ямар учиртай юм бол? Монголыг нүүрсний зах зээлээс шахах оролдлого байгаа юм биш биз?
Монголын шинэ өрсөлдөгч-Орос
Азийн облигацийн компанийн нүүрсний нөөцийн мэргэжилтэн У Ци “Хөрш орнуудтай нөөцийн импортыг хөгжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой” гэжээ. Судлаач Д.Ганхуяг ах олонтаа ярьж “Наад улстөрийнхнийг чинь балайрч байх хооронд Оросууд нүүрсээ шахаж эхэллээ” гэж бараг жил гаран үглэж байна. Тиймээс энэ өгүүлэлд түүний нөр их судалгаанаас ишлэв. Г.Дашрэнцэн сэтгүүлчийн хэлснээр “бүтэн яамны ажил хийдэг” түүний тоог баримтууд, шинжилгээг ядаж л шалгах шаардлагагүй байдаг юм. Илүү дэлгэрэнгүй тоо баримтыг “ganaa.mn” сайтаас үзэж болно.
Хэдийгээр Монголчууд хүнд нөхцөлд, богино хугацаанд Хятадын зах зээл дээр Австралийг бутниргэсэн авч Оросууд гараад ирэв. Тэнгэр туслаж, Австралид буусан их үер Австралийн нүүрсний салбарт хохирол учруулснаас экспортоо арга буюу багасгасан билээ. Гэтэл Оросын статистикаар сүүлийн жилд хятадад нүүрс нийлүүлэх хэмжээ 15 дахин өсч, 12,09 сая тонн болсон бөгөөд энэ нь Хятадын гадаадаас авч буй нүүрсний 10 хувь болсон байна.
Түүнчлэн ойрын таван жилд Хятад Оросоос наад зах нь жил тутам 15 сая тонн нүүрс авахаар болжээ. Дараагийн 20 жилд энэ хэмжээг 20 сая тонн болгож өсгөхөөр тохирчээ. Ер нь бол Хятадын эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь нүүрс байдаг аж. Фукушимагийн ослын дараа эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай болжээ.
2010 оны сүүлчээр Бээжинд Оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” (товчлол нь СУЭК), Хятадын “China Datang Corporation” хоёр Оросоос Хятадад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. “СУЭК” Буриад болон Хакасаас сая тонн нүүрс олборлон Забайкальск-Манжуураар дамжуулан Хятадад гаргах аж. СУЭК түүнчлэн Их Британи, Хятад, Солонгос, Нидерланд, Япон, Польш, Финляндад нүүрс нийлүүлэх аж.
“Datang” бол Хятадын улсын эрчим хүчний корпорацийн хуучин бааз дээр байгуулагдсан хамгийн том компани юм байна. “Datang”-ийн мэдэлд 23 муж, 5 өөртөө засах оронд байдаг эрчим хүчний 116 үйлдвэрүүд харъяалагддаг байна. Харин “СУЭК” нь Оросын дотоод зах зээлийн 30 хувь, Оросын экспортын дөрөвний нэг гаруйг хангадаг аварга компани аж.
Оросууд хятадаас ихээхэн хэмжээний зээл авсан бөгөөд үүнийхээ хариуд Чукотка, Тува, Якут, Магадан, Байгалийн чанадын нүүрсний ордуудад хөрөнгө оруулах, нүүрс авах олон гэрээ хийсэн буюу хийхээр ярилцаж байна. Оросын нүүрсний нөөц учир тоймгүй бөгөөд Засгийн Газар нь ч дэмжлэг үзүүлж, татварын хуулиндаа өөрчлөлт оруулан нүүрсний уурхайнуудад хөнгөлөлт үзүүлсэн байна.
Тувагийн Улуг-Хемийн сав газар гэхэд л 20 тэрбум тонн, түүний дотор 14,5 тэрбум тонн коксждог нүүрсний нөөцтэй. Элегестийн буюу монголоор Элстийн сав газарт гэхэд л 14 гүний уурхай, 5 ил уурхай, 15 баяжуулах фабрик барихаар оросууд төлөвлөөд байгаа аж.
Эндээс ямар дүгнэлт гарч байна гэвэл ОХУ БНХАУ-д экспортлох нүүрснийхээ хэмжээг нэмэх, Монголыг шахах зорилго тавьж байж болзошгүй байна. Хэдийгээр Монгол Хятадын зах зээлд байршлын болон нөөцийн давуу талаа ашиглан амжилт олж байгаа авч Оросуудад шахагдах нөхцөл бий юм. Энэ нь төмөр зам. Хятадууд Оросоос нөөц бүрдүүлж байгаа нь нэгд төмөр замаар их хэмжээгээр авч хэрэгтэй газраа зардал багатай хүргэж байна. Иймээс Оросуудад зээл олгож байна.
Харин Монголчууд Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж чадаж байна. Таван толгойн ордын ХОГ хойшилсоор байгаагаас Хятадын “Шинхуа” 40 хувь эзэмших боломжгүй болж байна. ХОГ хойшлох тусам Оросууд Таван толгойгоос томоохон зүсэм авах сонирхлоо хангахыг эрмэлзэж байна. Үүндээ төмөр замыг барьцаа болгож байж болзошгүй юм.
Гэтэл энэ зуур Тувагийн ордыг ойрын 10 жилд ашиглаж эхлэхийн тулд Красноярскаас төмөр зам тавих, олборлосон нүүрсээ экспортлохын тулд Орос-Хятадын хооронд Монгол-Казахстаны дунд авч үлдсэн 55 километр зурвасаар төмөр зам тавих талаар ярилцаж эхэлжээ. Төвдийн өндөрлөгт төмөр зам тавьсан Хятадын туршлагыг Оросууд ихэд шохоорхож, төмөр тавих гэрээ байгуулжээ.
Медведевийн Орос
Төмөр замын талаар баримтлах бодлогод Монголд гагцхүү өргөн төмөр зам тавих болсон билээ. Аюулгүй байдал талаасаа энэ бол зөв алхам байсан юм. Оросын талаас зүүн болон өмнөд чиглэлийн төмөр зам тавихдаа дараахь нөхцлийг тавьж байна. Орос, Япон, Солонгосын хамтарсан консорциум 34 хувийг эзэмших, санхүү хариуцсан дэд захирлыг “РЖД”-ээс томилох юм.
Ц.Нямдорж Х.Баттулга “Хятад-Солонгосын” хамтарсан компанитай гэрээ байгуулсан гэж байгаа авч үнэндээ гурван улсынх байсан юм. ОХУ-аас Монголд төмөр зам тавихдаа дараахь болзлыг тавьсан байна. Үүнд бүх төмөр замыг нэгдсэн удирдлагатай болгох, өөрөөр хэлбэл УБТЗ, шинээр тавих төмөр зам нэг удирдлагад нэгдэх ёстой гэсэн үг.
Зүүн болон өмнөд чиглэлд тавих төмөр замын ажлыг нэг зэрэг явуулах, төмөр замын тарифыг УБТЗ-тай адил байлгах, өмнөд зүгт өргөн төмөр зам тавих, төмөр замыг Таван толгойн уурхайтай зэрэг ашиглалтад оруулах, техникийн шинэчлэлийг зөвхөн РЖД хийж байх, тарифыг хянах зэрэг болзлын мөн тавьж байгаа ажээ. Алсдаа Эрдэнэт-Мөрөн-Баруун чиглэлийн төмөр замын ажлыг ч энэ нөхцлөөр гүйцэтгэх боломжтой ажээ. Ингэснээр ОХУ Монголын төмөр замд зөвхөн ганц талын үнэмлэхүй нөлөөлөлтэй болохыг эрмэлзэж байгаа нь харагддаг.
Манай талаас 1949 оны төмөр замын гэрээг шинэчлэх, Оросын төмөр замын шугамаар дамжуулан олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ Хятадын дотоодын тарифтай өрсөлдөхүйц Оросын дотоодын тарифаар тээвэрлэх нөхцлийг санал болгоод байна. 1949 оны гэрээг шинэчлэснээр Монгол Улсад ноогдох хувийг өсгөх сонирхолтой байгаа юм. Харин хамтарсан төмөр замын тариф нь БНХАУ, ОХУ-тай өрсөлдөхүйц хямд байхгүй бол манай нүүрсний үнэ өсөж, Хятадын коксын экспорт ба Оросын экспортын нүүрстэй үнийн хувь өрсөлдөж чадахгүйд хүрэхээс болгоомжилж байгаа бололтой. Нүүрсний үнэд тээврийн зардал хамгийн их нөлөөтэйг тооцох хэрэгтэй юм. Хэрэв ОХУ төмөр замын тарифаа өсгөх л юм бол үүгээр боож байгаад өөрийн нүүрсийг хямд үнээр БНХАУ, Япон, БНСУ-д нийлүүлэх давуу боломжтой болох талтай нь болгоомжлол төрүүлж байна. Ингэж дүгнэх шалтгаан нь нүүрсний салбартаа хөрөнгө оруулалт хийж байгаа ба томоохон төслүүдийг төлөвлөөд байгаагаас урган гарч байна.
Манайх нэгэнт төмөр замын бодлогын баримт бичгийг өргөн царигтай байхаар баталсан бол Монгол Улс төмөр замын тээврээр Оросоос хараат болж магадгүй юм. Ялангуяа ОХУ төмөр замын ажлыг Таван толгойн хувьцаатай уяж байгаа нөхцөлд Монгол давхар шахаанд орж болзошгүй байна. Хэрэв Таван толгойд Оросын оролцоог хүссэн хэмжээнд нь хангаж чадахгүй бол магадгүй бид хэзээ ч өмнөд ба дорнод, өрнөд чиглэл төмөр зам тавьж чадахгүйд хүрч болзошгүй байна. Цаашид автомашинаар нүүрсээ зөөсөөр байх нь Хятадаас шууд хараат, нэг зах зээлээс хамааралтай байдал руу түлхэж болзошгүй юм. Ингэснээр Япон, БНСУ-д үнэтэй нүүрс нийлүүлэх мөрөөдөл замхарна.
Путины Орос
В.Путин ялснаар манай төмөр замын нөхцөл сайжрах найдлага бараг л алга боллоо. В.Путин “Хятад-Евроазийн эдийн засгийн нэгдмэл орон зай” бий болгох, ШХАБ-тай зэрэгцүүлэн эдийн засгийн интеграц бий болгох хүсэлтэйгээ илэрхий ярьсаар байна. Үүндээ хуучин Зөвлөлтийн БНУ-уудыг хамруулах нь эхний алхам, дараа нь Монгол. Оросууд өөрийн хилийн дагуу өргөн хүрээтэй “аюулгүй байдлын бүс” бий болгохоор хэтэрхий эрчимтэй ажиллаж байгаагаас өрнөд Европынхныг болгоомжлоход хүргэсэн юм.
Харин Монгол энэ тал дээр төдийлөн анхаарахгүй байна. Гэтэл 2009 оны баталсан ОХУ-ын “Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд” “Ойрын ирээдүйд их гүрнүүд нөөцийн төлөө стратегийн өрсөлдөөнд орно” гэж үзсэн байна. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй ОХУ “Түүхий эдэд суурилсан” аюулгүй байдлын бодлогоо “Эрчим хүчний нөөцүүдийг төмөр замаар холбох, Төв Азид эрчимтэй тэлэх” байдлаар хэрэгжүүлэхээр тооцжээ. Тодорхой хэлбэл Төв Азийн эрчим хүчний нөөцүүдийн ирээдүйн үнийг хянах зорилттавьж байна. Тухайн үзэл баримтлалын эхний хуудсанд ОХУ-ын гадаад бодлогын чиглэлийн үндсэн зорилтуудын нэг нь “Оросын улсын хилийн дагуу сайн хөршийн бүс бий болгох явдал” гэж заасан нь Монгол улсад шууд хамаатай юм.
Өнөөг хүртэл байгалийн хий, нефтийн үнийн өсөлтөөр эдийн засгаа тогтоон барьж байгаа ба Оросын экспортын 80 хувийг ашигт малтмал, импортын 75 хувь нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Гадаад худалдаандаа бартерийг илүү ашиглаж байгаа ч бартерийн үнээ өсгөсөөр байгаа билээ. Харин өнгөрсөн хугацаанд Орос-Хятад хоёр эрчим хүчний талаар зөрүүтэй байр суурьтай байсан бол В.Путины үед үүнийгээ амархан ойртуулж болзошгүй байна. Тэр ч байтугай Оросууд дээр дурдсан “СУЭК”-“Datang”-ийг гэрээг хянах, төрийн мэдлээс гадуур монополь үнийн систем тогтоох гэсэн шалтгаанаар түр зогсоогоод байгаа билээ.
Учир нь сонгуулийн үеэр ХКН-ын Төв хэвлэл “Женьмин Жибао” сонинд Жиан Ли (Хятадын орчин үеийн ОУ-ын харилцааны хүрээлэн) “Медведев-Путины засаглалыг АНУ-ын хүслээр түлхэн унагах үйл ажиллагаа агаадхэрэгжих тавилангүй вэ?” гарчигтай өгүүлэлдээ “Оросод Путины эсрэг жагсаалын хүрээг өргөтгөх Өрнөдийн хүсэл биелэхэд хэцүү. Чухамхүү В.Путин улс орноо, сул дорой, эмх замбараагүй байдлаас гаргаж, салан тусгаарлагчдаас салгаж, эв нэгдэлтэй, тогтвортой, хүчирхэг гүрэн болгох замд оруулсныг санаж байгаа ард түмэн нь илүү баян хүчирхэг Оросын төлөө түүнийг дэмжинэ” гэжээ.
Чухамхүү Хятадын шинэ удирдагч Си Жинпиний АНУ-дхийсэн айлчлалын дараа В.Путин илүү шийдэмгий ажиллаж эхлэснийг тооцвол Монгол Улс алгуурлавал урд талд коммунист дэглэмтэй, хойд талд авторитар-үндэсний төрт гүрний бахинд хавчуулагдаж болзошгүй байна. Хоёул эрх ашгаа Монголд байтугай дэлхийд тулгаж чадах тул бид яах вэ? Гэдгээ сүйхээлэх цаг ирж байна. Мэдээж М.Саакашвили шиг зангиагаа зажлахдаа тулахгүй байх ёстой.
Гарц
Ийм нөхцөлд Монгол Улс дахин нэг уран маневр хийх боломж байна. Энэ нь өмнөд чиглэлд 250 орчим километр төмөр зам тавих юм. Гэхдээ мэдээж стратегийн аюулгүй байдлын үүднээс өргөн царигтай төмөр замыг тавих ёстой. Муугаар бодоход Хятадууд манай төмөр замыг ямар ч нөхцөлд ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг л дээ. Өнөөдөр Замын-Үүд хүртэл өргөн төмөр зам л байгаа биз дээ.
“Хятадын найман замын стратеги”,”Төмөр урхи” цувралууддаа төмөр замын бодлогын асуудлаар нэлээд хэдэн асуудал дэвшүүлсэн, цаашдаа ч нэлээд юм болох төлөвтэй. Стратегийн нэртэй судлаачид ч тодорхой алхам хийх, төмөр замын бодлогоо хоёр хөршөөс хамааралгүй болгох чиглэлд яарахыг сануулж эхэлжээ. “Хятадын найман замын стратеги” цуврал өгүүлэлдээ төмөр замын бодлогод зөвхөн өмнөд чиглэлээс учрах сөрөг хүчин зүйлийг тооцож бичсэн байгаа. Асуудлын гол нь царигтаа байсан билээ. Х.Баттулга сайдын зөвхөн өргөн царигтай байх санаачлагыг хоёр гараа өргөөд дэмжиж байсан, азаар УИХ төмөр замын бодлогын баримт бичгээ батлахдаа Монголд зөвхөн өргөн төмөр зам л тавих ёстой гэж тогтоосон. Нэгэнт ингэсэн тохиолдолд одоо өөрсдөө төмөр замаа тавихад гол анхаарлаа хандуулахгүй бол “Төмөр урхи” Оросуудын гараар чангарч болзошгүй болов.
Монгол Улс Япон, БНСУ, БНХАУ-ын нүүрсний зах зээлд ОХУ-тай өрсөлдөе гэвэл зайлшгүй бие даан төмөр зам тавих шаардлагатай. Ингэснээр өмнөд чиглэлийн төмөр замын хувьд ОХУ-аас хамаарах хамаарлаа эрс багасгахын дээр өргөн төмөр зам бол стратегийн хувьд аюул багатай юм. Мөн энэ төмөр замыг дотоодын хөрөнгө оруулалтаар шийдэж чадвал алсдаа Монгол Улс 100 хувь өөрийн эзэмшлийн замтай болно. Ингэснээр Монгол Улс 1949 оны гэрээг шинэчлэх, Оросууд хувь хэмжээгээ бууруулах бараг бүтэшгүй саналаа хүлээн авахыг хүлээлгүйгээр бие даасан Монголын Төмөр замтай болох нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаас “Таван толгой” ордод Оросын эзэмших хувь хэмжээг АНУ, Хятадтай тэнцвэртэй жигд тогтооход нэг сайн “түүзтэй” болох юм. Ийм алхам хийсний дараа л ОХУ манайд тулгаж буй нөхцлөө бууруулах байх.
Нөгөө талаас төмөр замын зүтгүүрт Оросын ашиг багатай зүтгүүр хэрэглэснээс илүү боломжийн хувилбар ч харагдаж байгаа юм. Ингэснээр Оюутолгойн ордын тээвэрлэлтийн нэмүү өртгийг дотооддоо шингээх боломжтойг бодолцох ёстой. Бас өмнөд бүсээр эмх замбараагүй хяналтаас гадуур тээвэрлэж байгаа нүүрсийг нэг шугамд зангидаж хянах, Хятадтай үнийн нэгдсэн бодлого барих, татварыг жигд авах боломж давхар бүрдэж байна. Улстөрчид нүүрс зөөдөг хэдэн машиныхаа ашгийг бодохгүйгээр улс орныхоо төлөө ийм алхам хийх цаг болсон. Хятадаас 100 тоннын даацтай машин худалдаж аваад ашгийг нь ололгүй эвдэж байгаа, 40 тонноос илүү даацтай машин явж болохгүй говийн эмзэг хөрсийг эвдэж байгааг зогсоох цорын ганц арга бол энэ л байна.
Магадгүй улстөрчид хөрөнгө оруулалт байхгүй гэж татгалзах байх. Хэрэв улсын хөрөнгө оруулалтаар, эсбөгөөс олон улсын санхүүгийн байгууллагуудын зээллэгээр санхүүжүүлэх боломж багатай бол энэ үүргийг дотоодын нүүрсний компаниудад оноож болно. Ингэхдээ тодорхой хугацааны дараа 100 хувь улсын мэдэлд авах нөхцөлтэйгээр гэрээлбэл шуурхай ажиллах боломж байна. Дотоодын компаниуд засмал зам тавьж чадаж байгаа юм чинь төмөр замыг тавьж чадна. Гэхдээ зөвхөн “өргөн төмөр” зам шүү. Ингэхгүй бол салаалдаггүй төмөр замаас болж наад улс чинь салж унах нь.
Чук
122.201.18.141
dorjsyren
Хүн
Зочин
Зочин
Зочин
Баяраа
199.48.147.40 -д
ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БАЙНА ШҮҮ ДЭЭ
zochin
Иргэн
Зочин
Jvgder
zochin
Төмөр замч
горняк
Зочин
Sainaa
Зочин
Зочин
Зочин
Зочин