Номд мөргөх үү (үхэр шиг), номлол дагах уу (хүн шиг)
Манайхан “номыг торгонд боодог” ард түмэн гэж ирээ л нэг их онгирох юм. Номтой байх бас тэрийгээ ороох торготой байх хоёрт муу юм юу байхав.
Манайхан “номыг торгонд боодог” ард түмэн гэж ирээ л нэг их онгирох юм. Номтой байх бас тэрийгээ ороох торготой байх хоёрт муу юм юу байхав. Гэхдээ ном чинь торгоор бооход биш уншихад зориулагдсан зүйл шүү дээ. Хоолоор чамирхаад хувцас хииж болох талтай л даа. Гэхдээ л хоолыг идэж байж шимийг нь хүртдэгийн нэгэн адил.
Гол яриандаа орье. Бурханы шашинтнууд “Намо Буддая, намо дармая, намо сангая” буюу “Бурханд мөргөе, номд мөргөе, хуврагт мөргөе” хэмээн сүслэн залбирдагаа. Гурван эрдэнэд итгэх, гурван эрднийг дээдлэх, гурван эрдэнэд аврал одуулах(уул нь бол аврал хүсэх гэсэн санаа) зэрэг ойлголтууд эндээс гарчээ. Энэ нь “Хорвоогийн хүлээсэнд зовсон амьтан бүгдийг аврах сургааль хайрласан Буддаг дээдлэн дагая, түүний айлдсан ном сургаалыг дээдлэн дагая, тэр ном сургаалыг түгээн олон амьтныг аварч байгаа үйл ариун үйлстэнгүүдийг дээдлэе” гэсэн утга юм гэнэ лээ. Тиим ч болохоор гурван эрдэнийг дээдэлсэн цагт гэгээрэлд хүрнэ гэж номлодог. Шарын шашинтнууд энэ эрдэнийг арвижуулан дөрөв болгосон байна. Шавийн сэтгэл оюуныг зөвөөр удирдан гэгээрлийн замд хөтлөх лам багшийг эрдэнийн тоонд оруулжээ. Тамирчид олимпийн алтан алтан медаль авахад дасгалжуулагч нь зүй ёсоор гавъяа шан хүртдэг биз дээ. Лам багш бол гэгээрлийн замын дасгалжуулагч ажгуу. Тиим учир дээр өгүүлсэн уншлага андгайн түвд хувилбар “Ламаалаа чавсуучой...” хэмээн эхлэх бөлгөө.
Бурханы шашин дэлгэрэх, тасалдах, дахин сэргэх явцын дундуур гурав ба дөрвөн эрдэнэ-үүдийн уг ба утга хоёр тиишээ нэлээн салаалсан болтой юмдаг аа. Үг, утга хоёр ниилэхээсээ зөрөх нь ч их байдаг юм уу, ер нь. “Буруу зөв хоёр товчлуур байхад хүн заавал бурууг эхэлж дардаг” гэсэн Мөрфийн хуулийн мөрдлөгөө ч байдаг л даа.
“Бурханд мөргөнө” гэдэг ойлголт ч дээдлэн дагах гэдэг утгаасаа салаалжээ. Ер нь бол бурханы хөрөг дүрийг толгойгоороо цохиод байх тал нь олон хүнд таалагдсан болтой юм. Гэгээрлийн замаар хөтлөх аугаа номлолыг ойлгох, ухаарах гэж зүдэрч байснаас толгойгоороо юм хум цохиж явсаар байгаад бурхан болох нь хамаагүй амар санагдаж таарна л даа. Мөргөх гэдэг нэг талаасаа сүсэглэх утгатай ч нөгөө талаараа их өөр. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө”, “үхэрт мөргүүлээд бэртэв”, “удирдагчийн хамаатанд мээстээ мөргүүлэв”, “Эхийгээ мөргөсөн хүү” гэхчлэнгийн хэллэгүүд нэгийг өгүүлэх мэт.
“Ном эрдэнэ” гэхээр Буддагийн ном сургаалыг бус зүгээр хэвлэмэл материалыг эрдэнэ гээд ойлгочихсон. Уул нь бол сайн номлолын үзэл санааг дээдлэх гэж явахын оронд дээхнүүр газар тавиад мартчихаж болдог бол амархан л байна.
Олон зууны тэртээ бичиг үсэггүй малчин ардын хувьд Буддагийн сургаалыг өөрөө судлан гэгээрэх нь хэцүү байсан байх. Ингээд Бурханы ном судар олдвол “энд ямар ч байсан ариун нандин нэгэн зүйл байгаа” гэж итгээд хүндтэй газраа тавьдаг байсан хэрэг. Тэр сайхан эрдэнийн дотор нэвтэрч чадахгүйн эрхээр арга буюу гаднаас нь сайхан торго дурдангаар баринтаглан тахих болсон болов уу. Буддагийн ариун сургаалыг агуулсан ном судрыг хүндэтгэн тахих нь буянтай сайн үйл хэрэг мөн гэдэг нь эргэлзээгүй ээ. Гэвч ном судар, бичиг шаштир бол уншин гэгээрэхэд зориулсан зүйл ээ. Уншихгүйгээр номын ач тусыг хүртэх боломжгүй. Үүнийг “Бодь мөрийн зэрэг” сударт “ эмийн жор өвөртөлж явсаар өвчнөөс салах боломжгүйн” нэгэн адил хэмээн тэмдэглсэн нь бий.
Та бид байн байн хүрээ хийдэд уншуулдаг “Очир огтлогч” сударт “Хэн нэгэн Ганга мөрний дусал хумхиин тоогоор амь биеэ буянд золиословч, хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж бусдад үнэн утгаар заавал тэр түүнээс тоолшгүй хэмжишгүй олон дахин буян хураана” гэжээ. Ямарч л байсан “Очир огтлогч” буюу “Доржзодба” судрыг хийдэд уншуулснаас өөрөө уншаад үзэх нь хамаагүй дээр болоод явчихаж байна. Олон янзын монгол орчуулга бий. Ухаандаа П.Бадрал багшиин орчуулсан хувилбар “Агнистын гэгээ” цувралд орсон байгаа.
Ном болгон эрдэнэ мөн үү? Ном бичихээр л эрдэнэ бүтээгээд байна уу.Энхбаярын энд тэнд хэлсэн үгийн түүвэр есөн боть бас “гурван эрдэнийн ес нь” мөн үү? Тэр есөн ботийг дороос нь мөргөөд сэжээд байх уу? Үүний араас “ямар ном дор мөргөх вэ” буюу ямар номлолыг дээдлэн дагах вэ гэсэн асуулт гарч байна.
Тэгээд юу хамаагүй хэвлэчихээд, тэрийгээ мөргүүлэх гэх нь зөв үү?. Хэрэв тиим бол лалын Куран судар хэвлүүлчихээд Чой хамбыг “За хө ном дор мөргөнө өө, хө” гэж шахах нь зохистой юу?
Үнэн хэрэгтээ бид Бурхан харагдвал залбирчихаад, хэвлэмэл материал харагдвал толгойгоороо нэг цохичхоод, лам тааралдвал мэрэглүүлчихээд яваад байна гэсэн утгаар ойлгочихоод яваад байгаа юм л даа. Будда, ном хоерт буруу юу байхав. Аа тиим, зарим ганц нэг лам болохоор улаан шар дээл өмсөнгүүтээ л “за хө миний бие болвоос иинхүү гурван эрдэнийн нэг болоодохвоо” гэж бодоод байдаг болтой байгаа юм. Гэхдээ хүний амьдралын жаргалыг огоорч, энэ төрлийн биеийг хорвоогийн мананд төөрсөн олон амьтныг аврах үйл хэрэгт зориулахаар санаа шулуудан сахил өргөж тангараг тавих өөрөө үнэхээр эрдэнэлэг үйл бол мөн юм шүү.
Гэгээн мэргэд хожмын бидний төөрөгдлөлийн мянганы тэртээгээс тольдох мэт ингэж хэлүүлжээ. “Нисванисын даруулга болж байвал ном, болохгүй бол ном биш. Амьдралын явцуу эрх ашиг харшилж байвал( ниицэж гээгүй) ном, зохиолдож байвал ном биш....” гэжээ. Нөгөө төлөөс мөргөнө гэдэг нь ухааран танина, дээдлэн дагана гэсэн утга байхаас биш үхэр, ямаа шиг толгойгоороо очиж сэжихийн нэр биш. Одоо ямарч хамаагүй л (шулмын сургаал байсан ч) хүнд өгөхөөр “за хө номд мөргөнөө гээд толгой руугаа цохих болж. За яахав үсгийн тэмдэгт, хэвлэмэл материал зэрэг нь хүн төрөлхтний соёлын ололтын хувь хүндлүүштэй зүйл мөн үү гэвэл тиим л дээ. Гэхдээ хорин нэгдүгээр зуунд ном соёлыг хүндэлж байгаа нь энэ гээд тааралдсан цаасаар толгойгоо шаагаад байх нь наанадаж л наргианы лдаа.
Батаа
лам
odgerel
mohgol busgui
eko
eo
Зочин