Эхлэл: Юун санхүүгийн хямрал, юун дифляци. Буруу өдөр шинэлбэл  яах вэ гэдэг асуудал үндэстэнд тулгараад байна. Цагаан сар ямар учиртай юм бэ? Үндэсний ёс заншил юун учиртай вэ? Сайн заншилтай ард түмэн сайн явах уу? гэсэн асуулт гарч байн.
Монгол гэдгээ санах арга
Мянганы түүхтэй хятад гүрэн ба түүнтэй соёлын  нийтлэг гүн хэлхээтэй улс түмнүүд тун саяхан шинэ жилээ тэмдэглэлээ. Энэ гүрний түүх ба нөлөө үлэмж. “Өнөөгийн Египет бол эртний Египет биш, өнөөгийн Ром бол эртний Ром биш, харин өнөөгийг Хятад бол эртний хятад мөн” гэж үг байдаг юм билээ. Эртний египет, ром аль хэдийнэ мөхөж харь гаралтай хүмүүс нэр ба хотыг эзэгнэн суусан байхад шар мөрний хөндийд үүссэн анхны иргэншлийн үр хөврөл одоо үргэлжилсээр яваа нь энэ буюу.

Хүн төрөлхтөнд дарь, цаас, луужин, торго гээд гайхамшигт нээлтүүдээ өргөн барьсан энэ үндэстний дүрс үсгийн соёл Азийн өөр томоохон үндэстэн болох Япон Солонгос ,Вьетнам зэрэгт нэвтэрчээ. Япончууд  модернизаци хиисэн ханзтай, Солонгосчууд сүүлхэн цагаан толгой зохиосон боловч нангиад ханзын нөлөө үлэмж, ялангуяа түүнийг мэддэг, нэрээ усаа бичдэг хүнийг өв соёлоо мэддэг сүрхий эрдэмтэй нэгэнд тоолдог юм гэсэн. Тэхээр бусад улс орныг цэргээр биш юмаа гэхэд үсэг бичгээрээ нөлөөндөө байлгаж болдог байх нь.

Энэ нөлөөнөөс зугтах оролдлого ч бишгүй. Тухайлбал вьетнамчууд ХХ зууны эхээр ханз үсгээ солин латин үсэг авчээ. Хэдийгээр хятадаас огт өөр үндэстэн боловч бичиг соёлоороо дамжин Нангиад харагдахаас зугтаасан хэрэг. Ингэж харагдуулаад болдоггүй шалтгаан ч байж.  Бээжингийн хятад хүн Кантоны хятадад   ханз хэмээх зурган дүрс үсгээрээ захиа бичихэд ойлгохгүйн зовлон үгүй боловч ярихаараа хэл нэвтрэхгүй.  Гэтэл Вьетнамчууд ба тэдэнтэй хиллэдэг Кантоны хятадууд бараг л нэг хэлтэй, сайн ойлголцоно. Дээр нь нэг бичигтэй байгаад байвал юун тусдаа үндэстэн зүгээр л “Кантоны хятад” гэдэг шиг “Сайгоны хятад”, үсрээд “Вьетнаман хятад” л гэгдэх нигууртай. Дээр нь нутаг орных нь байрласан газрыг дэлхий даяар Индо-чайна, Индо-китай гэдгийг хэлэх үү?

Збигнэв Бзжинский  имперүүдийг эдийн засгийн, цэргийн, соёлын гэж ангилан хуваасан байдаг. Нэг гүрэн хүчирхэг эдийн засгаараа дэлхийг аялдуулан дагуулж байхад, нөгөө нь цэргийн сүрээр айлган дагуулж байх жишээтэй. Гэтэл гурав дахь айлын соёлын нөлөө түрлэгийг бусад үндэстэн  бишрэн дууриах жишээний.

Хятадын цэрэг мэрэг энэ тэр гэлгүй ярихад Нангиад бол соёлын томоохон импери яах аргагүй мөн. Юу болоод хятадын соёлын нөлөөг гайхаад унав гэхээр “үндэстэн гэдэг бол юу түрүүн соёлын нийтлэг” байдгийг дурьдах гээд тэр. Арьсны өнгө, хамрын том бага, эцэг эх нь хэн байснаас үл хамааран аль соёлын нийтлэгт багтаж байна гэдэг нь тэр хүнийг ямар үндэстэн болохыг хэлээд өгдөг. И.А. Майский 1819 онд нэгэн цагаан арьст  халх харснаа бичсэн байдаг юм. Шар толгойтой, хонгор үстэй, хянга хамартай  хамартай тэр орос эр Санжмятав нэртэй, дэргэр үстэй эхнэртэй, хир дагандаа баригдсан дээлтэй жин тээгээд манаргаж явжээ.  Морь нь бусгахад “Хүүр , цус” оруулан хараадаг, шөнө  ганцаараа явахдаа мэгзэм уншин чөтгөр хөөдөг, Үнэн алдартны шашны тухай юу ч мэдэхгүй, Иисус христ мэндэлсэн өдрийг дуулаагүй, харин шинийн нэгэнд золгодог, мөрөө гаргадаг энэ  хүн бол ямар ч маргаангүй монгол хүн билээ.

Нэг үндэстнийг нөгөөгөөс нь ялгадаг соёлууд хоорондоо холилдсон нь дэндүү элбэг. Гэхдээ цөөхөн юман дээр үндэстнүүдийг өөрийгээ санаж, бусдаас ялгаж байдаг. Энэ бол зан заншил, тэр дундаа үхэх, төрөх, гэрлэх, мөн шинэ оноо угтах гээд хэдхэн юманд үлджээ. Польшид нэг “монгол” тосгон байдаг юм гэсэн. Сүбээдэй л яагаад ч юм нэгэн хот айлыг үлдээсэн байна. Өдгөө тэд польшоор ярина. Шар толгойтой, “хаанаас нь ч харсан поолош”. Харин тосгоны бүх айл  байшингийнхаа үүдийг урагш харуулан барьдаг аж. Энүүгээр л тэд тэд хэний хэн болохоо санаж, дурсаж, үр ачдаа хэлж өгч байдаг аж.

Монгол хүний хурим өрнөдийн соёлын нөлөөнд их орсоон.Хар госчоом, цагаан палаажнаас эхлээд. Гэхдээ л бэр гуйж хадаг барих, уртын дуугаа баруун солгой хоолойгоор гэнгэнүүлэхээс эхлээд  бид өрнөдөөс ч, дорнодоос ондоо,  монгол гэдэг үндэстэн шүү гэдгийг сануулж байдаг аа.

Талийгаачийн зан үйл ч гэсэн. Хайрцаглаж савлах, тэнд нь намтрыг нь дуудахаас эхлээд их л өрнөджсөн. Гэхдээ үр хүүхэд нь буян хишгийг гуйх, хойтохын буян үйлдэх гээд л өөрийн гэсэн ёс журам бий.

Дашрамд нь ямар нэг наргиантай юм сонирхуулахгүй байж чадахгүй нь. 1950-иад онд Өвөрхангайд ийм явдал болсон гэдэг юм. Зөвлөлт маягийн оршуулах ёс ид дэлгэрч байсан цаг.Цэрэгт алба хаасан нэг эр нутагтаа очоод байтал ах нь бурхан болжээ. Тэр үед цэргийн алба хаасан хүн боловсролтойд тооцогдон дарга даамал, үгүйдээ орон нутгийн  нам захиргааны байгууллагад алба хаадаг байсан юм. Ингээд мөнөөх боловсон эр ахынхаа оршуулгыг боловсон маягаар хөтлөн явуулжээ. Тэрээр өмнө нь бусдын шарил дээр намтар түүх алдар гавъяаг нь дуудан хэлж байхыг харсан буюу, ингэдэг гэж сонссон бололтой юм. Боловсон албан хаагч бүрлээчийн толгой тус газар зогсоод намтрыг нь ярьж гарчээ. Эхлээд алдар гавъяаг дурдан хэлсэн байна. Тэгснээ “Гэвч чамд дутагдал бас байсан. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх нь нам эвлэлийн гишүүний үүрэгт харш билээ” гэж ирээд талиигаачийг зад шүүмжилсэн гэдэг.

За одоо гол яриандаа орье. Шинэ төрсөн хүүхэд бусадтай л адилхан  меламины сэжигтай “наан” сүү ууж, паамперс живхэн дээр яах боловч боловч бид  үнэг хайчлан зүүдэг ээ. Яадагийг мэдэхгүй боловч монгол хэмээн үндэстэн гэдгээ санагалзаж байгаа минь тэр ээ.

Энэ бүхний эрхэм орой нь бидний цагаан сар хэмээх уламжлалт тооллын шинийн нэгэн. Манай албан ёсны тоолол бол Григориан. Бидний ажил амьдрал, намтар түүх энэ тооллоор хэмжигдэнэ. Бид төрсөн өдрөө өрнийн хуанлигаар тэмдэглдэгээс биш Намрын эхэн асарын шинийн таван гэхчлэн ёсолдоггүй. Бид 1970,1980,2000... онд төрсөн гэж явдаг. Харин үхэр мүхрийн алингийнх нь жил төрснөө бол мэдэж л байдаг. Мэдэж байх нь мөнөөх зан заншил, гэрлэх бараалахад хэрэг болдог. Өөрөөр хэлбэл монгол гэдгээ эргэн санаж байхад л тус дэм болох зорилготой.

Цагаан сарын шинийн нэгэн бол бидний монгол гэдгээ санадаг эрхэм ёслол.  Соёлын түрлэгээс нь үргэлж эмээж ирсэн Хятадуудынхаас зөрдөг тоолол маань “бид тэднээс огт өөр үндэстэн юм шүү” гэдгийг жилийн жилд сануулж ирсэн.

ХХ зуунд зөвлөлт ба өрнийн нөлөөнд  албадан оруулж, цагаан сарыг цагдах үеэр ч хүмүүс нууж хааж тэмдэглэж ирсэн. Идээ цагаагаа нууж байгаад, үүд хаалгаа түгжиж , нохойгоо сул тавьж байж хулмагнаж байгаад хииж байсан. Төрөөс түүнийг нь хавчиж, шинийн нэгний өглөө эрт лекц уншуулж, орой үдэшлэг явуулж хичээл зааж бүхий л аргаар боож хаадаг байсан ч гэсэн хүмүүс шинэлж чадаж байсан. Яах гэж? Монгол гэдгээ л санах гэж, бид оросоос өөр, өрнөдөөс өөр, өөрийн гэсэн тоололтой үндэстэн гэдгээ мартахгүй  юмсан л гэж тэр. Хүмүүс аргаа барахдаа ёолкоор идээ засаж, золгож ч үзсэн. Энэ нь бид шинэ жилээрээ мод биш таваг засдаг өөр үндэстэн гэдгээ л сануулах, энэ санаагаа үр ачдаа өвлүүлэх гэж тэр.

Ямарч гоё дээл хувцас торгой хоргойгоор хулдаж, ямарч цэцэн цэлмэг тайлбар дагуулсан бай хамаагүй, энэ ариун нандин мэдрэмжийн эсрэг чиглэсэн хар Пи Ар болгоны цаадахыг бид харах ёстой.

Цагаан сарын шинийн нэгэн буруу зөв өдөртөө биш, мөрөө сайн гаргавал жилдээ алзахгүйдээ ч биш, хамгийн гол нь бид өрнөдийнхээс өөр, хятадынхаас өөр тоололтой, өөр заншилтай хүмүүс, Монгол хэмээх үндэстэн гэдгийг үр ачдаа сануулах, бусдад мэдүүлэх ганцхан агуулгатай.

Бид энэ  хүндэтгэлт өдрөө Өрнөдийнхнөөс нэг сар 25 хоногийн дараа, Өмнөд их хөршөөс нэг сарын дараа хоёрдугаар сарын 25-нд  тэмдэглэн өвөг дээдэс, эцэг эх, ахмадууддаа бөхийн золгож, ач буяныг нь гуйна аа. Учир нь бид монголчууд билээ

Төгсгөл:

Контоортоо зангиа зүүгээд орсон хойно оо “уучлаарай” , “алив хөө наагуур чинь ороод орхие” , “харамсалтай нь ийм” гэх боловч хааяа хааяа хээр гадаа ч юм уу, машины дугуйнд өргөс шаах мэтэд “ээ цусаар тээглэ” , “яадаг хүүр вэ”, “мөн хуцваа” хэмээн дураараа хангинахад эргэн тойрныхон энэ чинь иим амьтан юм уу гэх шиг хардаг аа. Гэхдээ л надад бүүр нэг үндсэн фоормдоо орчих шиг санагддаг юм. Учир нь  хараал зүхэл нь Өрнө болон Хятад шиг  хүний мораль руу биш дайн тулаанаас олж болох гэмтэл бэртэл, ялагдал руу чиглэдэг монгол үндэстэн гэдгээ энд бас нэг санадаг юм аа.