Нэг. Жаран хувийн жаргалын зам
Амьдрал мөрөөдлөөр дүүрэн. Хүсэл мөрөөдлийн жар орчим хувьд нь мөнгөөр дамжин хүрч болдог гэдэг ээ. Тиим болохоор бүх хүслээ байг гэхэд талаас илүүг биелүүлэхийн тулд мөнгө төгрөг олох гэж хүн төрөлхтөн зүтгэдэг. Эрүүл мэнд , залуу нас гээд мөнгөөр үнэлэхийн эцэсгүй баялаг байх боловч явган нүцгэн, хоосон хонгио явбал юун сайн байх билээ. Их л сайндаа хөгшин хүнээс бага шиг даарч, өл даахдаа сайн, дээр нь ходоодондоо шархгүй байх юм биз дээ.  Учир иймээс эд баялаг чухал аа. Алив юмыг амсаж үзэж байж л онцын хэрэггүй, түүнгүйгээр  амьдрахад гачигдахгүй л байж шүү гэдгийг мэдэрдэг. Харин амсаагүй үзээгүй юмаа онцын хэрэггүй болохыг  мэдрэх аргагүй.  Эд өлөг нь сэхээтэй хүнийг  үгүйрэхийн зовлонгоос салгана, дээр нь  хүний мөрөөдөл эд баялгаас хамаагүй дээгүүр гэдгийг мэдрүүлнэ. Эд өлөг нь хоосон нэгэндээ туслах, сайн үйлсийг ивээн тэтгэх, буян үйлдэх боломж олгоно. Хүрээ хийд,  сүм дуган, суварга шүтээн, судар ном бүгд л өглөгийн эздийн хөрөнгө зоориор биеллээ олжээ.

 Миний үеийнхэн өмч хөрөнгийг үзэн яддаг тогтолцоонд өсч бойжсон болохоороо өмч хөрөнгөнд бурхан хүртэл дургүй гэсэн төсөөлөлтэй явдаг хүн олон.  Ариун шударгаар олсон, хураасан, өвлөсөн өмч хөрөнгө нь хүний буяны илэрхийлэл бөгөөд энэ ба урьд төрлүүдийн өглөг, өгөөмөр үйлийн сайн үр хэмээн Будда сургах ажээ. Будда Шагжаамунь ч өөрөө баян чинээлэг хунтайж билээ. Магадгүй тэрээр хүний хорвоод мөрөөдөж болох бүх юмтай байсан тулдаа л түүнээсээ ч илүү туйлын сайхан, дээд эрх чөлөөг  эрж хайхаар  гэрээс гарсан ч юм бил үү? Богд Зонхов ч бас “хоосон  хүн яасхийгээд идэх юм олдог билээ л гэж бодохоос биш хэрхэн гэгээрч сансрын хүрднээс гардаг билээ хэмээн санаашрах боломж хомс”  болохыг сургажээ. Хоол сойх замаар  биеэ цэвэршүүлэн, эрүүл мэндээ бэхлэх санаа цатгалан хүний л толгойд орохоос биш өлөн зэлмүүн  хөөрхийс энэ талаар зүүдлэх ч боломжгүй.  Мөнгө аз жаргал биш, бас мөнгөгүй байх ч аз жаргал биш ажгуу.  

Бид “Мөнгөөр аз жаргалыг худалдан авахгүй” гэж ярих дуртай. Энэ үгийг бид мөнгөгүй байгаагаа зөвтгөх юм уу, хоосон нэгнийхээ сэтгэлийг засах гэж их төлөв хэлдэг билээ. Дээдсийн айлдсан нэгэн сударт “Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болохгүй, гэхдээ хүссэн зовлонгоо авч бас болдог биш үү” гэсэн мөр байх ажгуу.

Хоёр. Дөчин процентийн гачигдал

Мөнгөөр бүтээж болдоггүй хүсэл мөрөөдлийн эзлэх дөчхөн хувь дээр хүний хамгийн гачлантай зовлон орших аж. Хайр сэтгэл, нэр алдар, эрх мэдэл гээд олон юм энд бий. Энд  тодорхой нэг хүнд зөвшөөрөгдөн хайр сэтгэлийг нь эзэмдэхээс эхлээд, тодорхой бүлэгт зөвшөөрөгдөн атмаан шүтээн болох, улмаар  ямар нэг улс орон ард түмэнд бишрэгдэх, хүндлэгдэх, айлгах замаар массыг жолоодох, удирдах, дарангуйлах мөрөөдлийн нийтлэг орж байна. Нийтдээ “хүлээн зөвшөөрөгдөх” гэсэн нэг л агуулгатай. Хүмүүс түүний “би”-г тодоос тод харж, томоор үзэж, зөвшөөрөн дагах учиртай. Энэ хүсэл мөнгөөр авч болох баялаг, нөлөөгөөрөө хүртэж мэдэх одон шагнал, эрх мэдэлд өчүүхэн ч ханамж авахгүй. Мөнгөөр худалдаж авах тоолон улам цангана. Халуурсан хүн ус зүүдлээд, уугаад уугаад л байх боловч амны цангаа ер гардаггүйтэй адил. Хүний мөрөөдлийн дөчин хувь нь ер нь л ханах боломжоор хомсхон ер бусын мөрөөдөл.  

Уг нь дөчөөс доош хувь гэдэг бол бага зүйл. Гэтэл өнөө “алтан хувьцаа” энээ тэрээ гэдэг шиг бага байхын хэрээр шийдвэрлэх нөлөөтэй тиим гачлан.  Хүн мэлхий хоёрын генийг авч үзвэл 80 гаруй хувь нь тохирдог гэж эрдэмтэд хэлдэг. Тиим болохоор анагаах ухааны түм буман туршилтыг  мэлхийн дээр хийдэг авай.  Энэ арваадхан  хувийн зөрөө нэгийг нь хоёр нутагтай хүйтэн цустай амьтан, нөгөөг нь байгаль ертөнцийн хамгийн төгөлдөр бүтээл –оюун ухаант хүн  болгон зааглаж байдаг юм байна.

Хүний дөчхөн хувийн гачлан насаараа барахгүй хөрөнгөтэй хүний амийг хорлуулж, нар гялбам гоо үзэсгэлэнт нэгийг арван давхраас харайлгана.  Ядуу  зүдүү бусад нь “тиим их мөнгөтэй байж , тиим хөөрхөн төрсөн байж яагаад амиа хорлодог байна аа” хэмээн гайхах бөлгөө.

Манайд энэ төрлийн өлсгөлөн гачигдлын шинж “Эх оронч”-ийн дүрээр их гарч ирдэг. Гэнэт л эх орныг минь надаас , бас танаас булааж хайрласан этгээд гараад ирэх жишээтэй. Тиим ч болоод “зүсээ нуусан этгээд хамгийн сүүлд эх орончийн баг өмсөнө” гэсэн хэллэг гараа биз, үгүй ч биз. Насаараа говьд очиж , тэнд амьдрах бодолч үгүй атлаа “говийнхныг хайрласан Хангай”  гараад ирнэ. Өлс байгаа хүнийг хайрлахыг журамт үүргээ болгосон зүтгэлтэн босоод ирнэ. Учиртай.  Би өлсч байна гэвэл хэнч сонсохгүй. “Надад хоол өг” гэснээс “тэрүүнд хоол өг” гэж хашгирах хамаагүй “хүмүүнлэг” агаад  “зөвтгөлтэй” сонсогдох тул энэ мөрийг олонхи дагана. Шулмын арга биш хүний л арга юм хойно бас бузар гэхийн эцэсгүй.

Саяхан төрсөн хүүхдийг “Урт наслана” “Баян болно” гэж ерөөж байгаа хүнийг хэнч онцгойлон анзаарахгүй. Харин “Энэ хүүхэд үхнэ”,  эсвэл “Гуйлгачин болно” гэвэл хүмүүс чам руу харна.  . Аз таарвал “Яавал энэ хүүхдийг үхүүлэхгүй байх вэ, яавал баян болгох вэ” гэж  тойрон бүчиж ч болно.  Ингэхгүй юм аа гэхэд бүгдээрээ чамайг харна. Чиний “би” оршин байгааг бүгд мэддэг болно.

Тиим болохоор “Манай эх орныг сайхан ирээдүй хүлээж байна”, “Монгол хүн улам жаргах болно” гэж ерөөхийн оронд “Монгол орон мөхөж байна”, “Монгол хүний гадаадынхны идэш болно” хэмээн хараавал хүмүүс чамайг олж үзнэ. Аз таарвал “алив та тэр аюулаасаа маныгаа авраадах аа, тэр гадаадын эзэрхэг түрэмгий нараа хөөгөөд аль аа” гэж дагана. Ингэдэггүй юм гэхэд  чамайг хүмүүс харна.  Харагдахгүйн зовлонгоо  гэтлэх гэж зүтгэгсдийн тоос нижигнэн бужигнан дэгднэм бөлгөө.

Гурав.Тоолол төлөг хоёр

Уламжлалт тооллын шинэ жил-цагаан сар дөхөх тусам төлөгч нар хүнд харагдах гэж тоос босгоно. Гандангийнх буруу л гэнэ, хятад ах дүү нараа дагаж шинэлэх нь зохистой л гэнэ. Төгс буянтын зурхай л төгс гэнэ. Хэн их тоос босгоно, тэр олны анхаарлыг төдий чинээн их татна.

Өөрийнх нь зохиосон, мэдсэн  тооллоор зөв шинэлэхгүй бол монголчуудын ихэнх хоосроно гэнэ. Буруу номтны зурхайг хаявал дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас үл хамааран баяжина л гэнэ.

Үнэн хэрэгтээ төгс сайн тоолол одоо болтол гараагүй. “Төгс”  нэртэй ч гэсэн. Энгийнээс эхлээд ямар зарчмаар явдаг нь ойлгогдохгүй засвар бүгдэд нь бий. Зүгээр алдалгүй хэмждэг хронометр  бол байгаа л даа. Учир нь сарны мөчлөг, нарны жил бүгд бутархай тоогоор илэрхийлэгдэнэ..  Ямар  хорин гурав аравны хэдэн цагтай хоног бодож ололтой биш. Мөн  “29.5 хоногтой”  сар бүхий  календарийг баримтлах ярвигтай. Гэхдээ огт  болохгүй ч биш байх л даа.

Өдгөө 2008 дахь он нь гараад  байгаа тоолол ч алдаатай, алдаагаа засдаг программтай.  Өрнийн буюу Григори хамбын болгоосон календариар соёлт ертөнцийнхэн дөрвөн жил тутамд нэг хоног нэмж гарсан зөрөөг тэгшитгэнэ.  Үүнийгээ өндөр жил гэнэ.( Сонирхуулахад дэлхий нарыг 365,25 хоногт бүтэн тойрч, 23,45 цагт тэнхлэгээ нэг эргэдэг)  Онцлог нь энгийн, бүх хүн үүнийг мэднэ. Захын завтай хүн гэртээ сууж байгаад 2010, 2011...2051 тэр бүү хэл 9999 оны календарийг үнэн зөвөөр хийж болно.

Монголчууд Дорнын тооллуудаас үлгэр аван өөрийн гэсэн Календарийг боловсруулан “Төгс буянт шинэ зурхай” гэж нэрийджээ. Хурдан морины цол, хүчит бөхийн чимэг энэ тэрийнхээ нэгэн адил яруу сонсголонтой нэр өгсөн байна. Сар, нарны өөрийн циклийн  зөрөөг гаргахдаа мөн л хоног нэмж хасах зарчмаар явна. Дөрвөн жил тутамд нэг илүү сар нэмж зөрөөг тэгшитгэдэг гэдэг. Хятадууд адил төстэй тоолол хэрэглэх боловч засварын программ нь ондоо тул  хоорондоо зөрөө гарна.   Ердөө л энэ “бутархай тоогоор илэрхийлэгддэг нар, сарны мөчлөгийн хугацааг хэрхэн бүхэл тоогоор илэрхийлэх арга”-аараа л тооллууд ялгарч байна.   Исламын буюу Хижрийн  тоолол мөн л “зөрөөг тэгшитгэх өвөрмөц программтай” тул Рамадан хэмээх их мацгийн сар нь ииш тиишээ шилжиж харагдана.

Ер нь он тооллын арга одоо ч нээлттэй байгаа. Та  ч өөрийн гэсэн тооллоо зохиож болно. Тэрэндээ “Доржийн нэгдүгээр он” гэхчлэн цол хайрласан ч болно.Тэндээ нарны 730 орчим хоногийг нэг жил гэж үзээд, сарыг 60 хоногтойгоор авч болно. Гагцхүү бүхэл ба бутархай тооны зөрөөг гаргахын тулд  дунд сургуулийн бутархай тоо үздэг анги хүртэл ядаж суралцсан байгууштай.  Харин өөрийн чинь тоолол өөрийн чинь гэрээс цаашаа нэг их халихгүй л болуу, учир нь  цаг тоолол нь соёлын империйг дагаж явдаг зүйл. Өрнийн соёлын нөөлөг нөлөөнд яваа дэлхий ертөнцийн улс гүрэн ямар шашинтайгаасаа үл хамааран Христос мэндэлснээр тоолж яваа. Тэрнээс биш Японд хаан болгоноороо цоллосон тоололтой, тэр ч бүү хэл энүүхэн БНАСАУ хүртэл Чучхэйн хэмээх тооллыг Ким Ир Сенийхээ мэндэлсэн өдрөөр эхлүүлэн хэрэглэж байгаа. Тиим болохоор та өөрийн тоололтой байж болох боловч өөртөө л хэрэглэхээс хэтрэхгүй. Аа тиим бас нар, сарны циклийг бутархай биш байдлаар гаргаж  болдог тиим тооны шинэ систем зохиох эрх ч  нээлттэй байгаа. Боломжоор дүүрэн хорвоо шүү, ашиглаж л чадвал.


Дөрөв.Төгс баясгалант хийгээд төгс аргачлалт тооллын эрэл

Төгс төгөлдөр тоолол хаана ч алга. Григорион ч бай, Дорнын ч бай, Хижрийн ч бай,Төгс буянт ч бай ялгаагүй. Харин энгүүн ойлгомжтой тоолол гэвэл Григорийнхийг лав хэлнэ. Учир нь их энгийн. Дөрвөн жил тутамд  “хорин ес хоногтой хоёрдугаар сар” нэг байна. Бусад нь өөрчлөгдөхгүй. Харин нар сарны хосолмол тоололд яагаад хоног нэмж, хасаад байгаа нь энгийн хүнд ойлгомжгүй. Гэхдээ энгийн хүнд ойлгогдохгүй байгаа учраас буруу, худлаа гэсэн үг биш. Харин төгс буянт шинэ зурхайн ёсонд “манай тал” болох хоёр жаахан шалтгаан бий. Энэ шалтгаан жаахан мэт боловч утга учраараа “хүн, мэлхий хоёрын арваадхан хувийн зөрөө” шиг агуу холбогдолтой ч байж мэднэ.  Учир нь эл тооллыг Манжийн эрхшээлийн он жилүүдэд хятадын уламжлалт тооллыг сөргүүлэн зохиож  албан бусаар хэрэглэсэн учраас  монголчуудын үндэсний эрх чөлөөний ухамсрыг илэрхийлсэн нэгэн ач холбогдолтой. Бас 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт бээр зарлиг гаргаж нангиадын тооллыг эгнэгт халан төрийн он тооллыг Төгс буянтын ёсоор явуулахаар болгоосон нь манай тусгаар тогтнолыг бэлгэдсэн хоёр ач холбогдолтой.

Тэрнээс биш энэ зурхайгаар явснаас болоод муудах, эсвэл сайдах тиим учир огт байхгүй. Хүний зовлон жаргал, мандал бадрал, унал гутрал, сэргэлтийн мөчлөгүүд  үйлийн үрээс шалтгаалахаас биш он тооллоос хамааралгүй л явж ирсэн бөлгөө.Хойшдоо ч тиим  байна. Одоогоос хоёр мянга таван зуун жилийн тэртээ иим нэг яриа болжээ. Манай үеийн Будда  Шагжаамунаас Торолтгүй нэрт бодисава, аливаа үйлийг өдрийн сайныг сонгож үйлдэх атал жаргаснаасаа зовсон  нь олон байгаагийн учир юу болохыг асуусан байна. Будда Шагжаамунь  үүнд “Өдөр цаг бүхэн өлзий буян. Од гариг бүхэн онцгой сайн.Муу сэтгэлээ ялагч болгон зовлонгүй. Мунхагийн нойроос сэрэгч болгон чадал төгөлдөр” хэмээн хариулсан нь “Найман гэгээн” сударт тэмдэглэгдэн үлджээ.  

Тав. Чингэсийн гэх тооллууд

 Маргааны зурхайгаас тоосоо өргөх зурхайч, төлөгч өөр өөрийн хувилбар-календариа “Чингэсийнх” гэж цоллох нь бий. Эндээс Чингэс хаан ямар  хуанли хэрэглэж байв гэсэн асуулт ургана. Бид Чингэсээр  бахархдаг, шүтдэг, чингэслэг байхыг мөрөөддөг боловч Чингэсийнхээ нүдээр ертөнцийг харж чаддаггүй.  Тэрээр ертөнцийг  биднийхээс илүү өргөн өнцгөөр хардаг, ертөнцийн хүн ардын өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх онцлогийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж чаддаг хүн байсан. Тиим болохоор  засаг захиргааны хувьд Чингэст харъяалагдах боловч үндэстэн ястны хувьд орос, хятад, кипчааг, булигаар, солонгосоороо, итгэл үнэмшлээрээ бөө, загалмайтан, буддист, исламаараа байж болдог байв. Ингэж болдог учраас л түүний их гүрэн тогтнож байсан. Тэрнээс биш бүгдийг нь монголчлох,  нийтээр нь бөө мөргөлд оруулах, бүр нарийсгаад боржигончлох , эсвэл нэг ч эрлиизгүй цэвэр монгол цусны улс байгуулах гэсэн бол Монголын эзэнт гүрэн нэг хоногч тогтож чадахгүй байсан. Тэрээр  хүнийг ямар цустай, ямар шашинтайг огт сонирхдоггүй, харин өөрт нь буюу монголын эзэнт гүрний засаглалд хэр үнэн ч вэ гэдгээр үнэлж, дэвшүүлж урамшуулж бас шийтгэж байж.  Мэдээж, Чингэс хаан мориор хүрч болох бүхий л газрыг эзэлж чадсан гайхамшигт жанжин байсан нь гарцаагүй. Хамгийн гол нь  улс үндэстнүүд өөрийнхээ шашин суртал соёлтойгоор, өөрийнхээ нүүр царайтайгаар үлдэхийг хүлээн зөвшөөрч байсан болохоор  агуу их эзэнт гүрнийг оршин тогтнуулж байсан юм аа. Агуу их нутаг эзлэх, агуу их нутаг дээр эзэн суух хоёр ондоо юм шүү. Шашин болгонд тэгш хандаж, хүн өөр өөрийн шүтээнтэй байх  боломж, өөрөөр хэлбэл  хүний  шүтэх бишрэх эрх чөлөөг анх тунхагласан хүн бол яах аргагүй Чингэс хаан. Тиим болохоор Монголын их гүрний үед үндэстэн болгон өөрийн шашнаа шүтэж, цаг улирлыг өөрийнхээрээ тоолж байлаа. Тиим болохоор тивээс тив дамжсан Монгол их гүрэнд хижрийн, христус мэндэлсний, нангиадын  болон бусад он тооллууд тэгш эрхтэй оршиж байсан. Их хааны “аюутугай, биширтүгэй” гэсэн үгс бүхий тамгатай төрийн илгээлтүүд Гижрийн тооллоор огноолсон байсан нь нэг бус аа. Иймд манай казах нөхөд ч гэсэн исламынхаа Хижрийн тооллыг “Чингэс хааны тоолол” хэмээн бахархах бүрэн  дүүрэн эрхтэй. Чингэс хаан дэлхийн хаан байсан, Чингэсийн үед эзэнт гүрэнд нь байсан бүхий л итгэл үнэмшил, тооллууд их хаанаар овоглох тэгш эрхтэй.

Төгсгөл Харагдахгүйн зовлон

Цагаан сар ойртох тусам  газар газар, хүний өөрийн нийлсэн их төлөг нижигнэнхэн хөдөлж баймой. Үнэн хэрэгтээ хэнд ч туйлын зөв тоолол гэж байхгүй. Бас бусдыг заавал зөв тооллоор явуулах хэрэгцээ хэнд ч үгүй. Бас буруу юмаар явуулах хорт санаа ч байхгүй. Нангиадын тооллыг нэрийг нь өөрчлөөд тэврэн гүйж яваа нөхдөд ч “Монголыг хятадчилах” шууд санаа үгүй. Зүгээр л “энэ завшааныг ашиглан Улаанбаатарт суугаа ах тэрэндээ мэнд хүргэе”  гэдэг шиг цагаан сарын өмнө үүсдэг нөхцөл байдлыг ашиглан өөрийгээ ганц өдөр ч болов харуулаадахъя гэсэн хүслэн л байгаа. Өнөө л мөнгөөр нөхөгддөггүй дөчин хувийн төлөөх тэмцэл. Бузар булай ч юм биш. Хүнд л байдаг хүслэн. Харин өөрийн хураасан үйлийнхээ үрийг элдэв зан үйлээр амархаан засч болох юм шиг санадаг гэнэн хүмүүсийн хонгорхон итгэл, айдас хоёр дээр л тоглож байгаа болохоор аймаар ч юм шиг, гайхмаар ч юм шиг байгаа.

Манай хуврагууд хэлж байна аа. Гол нь билэгдэл, ерөөлдөө байна гэж. Сайхан жил гарлаа, сайн сайхан явна даа гэж бодож явах сайхан. Сайн сайхан явна даа гэж бодож яваа хүн бусдад муу юм хийхийг төдий л бодохгүй. Эндээ л учир нь байгаа болов уу?

Иим л сайхан, тиим л ариухан байх учиртай хиргүй сайхан ерөөл  билигдэл дээр өөрийн тоосоо харуулах гэсэн төлөгч нарын босгосон шороо буугаад байгаа нь л дургүй хүрмээр. Тэрнээс биш Богд Зонхов бээр Буддагийн сургаалыг тайлбарлан өгүүлэхдээ “Өөрийн хийсэн үйлийн үрээс зайлах юм шиг горьдох хэрэггүй, өрөөл бусдын үйлийн үрийг амсах юм шиг сүрдэх хэрэггүй” хэмээн айлджээ. Тэгээд  “Зөв сэтгэлтэй, зөв үйлтэй, зөв санаатай явбал жил бүхэн ивээл болно, гариг бүхэн сайн байна” хэмээн сэнхрүүлсэн билээ.  Уул нь  хятадуудтай ч золгосон, хамбатайгаа ч шинэлсэн дүндээ дүн юм л даа.