ПОЛ ЖОНСОН


ШЭКСПИР: ҮЛ ТАНИХ СУУТНЫ БАРАА


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бүтээлч хүмүүсийн нэг нь Шэкспир бөлгөө. 1564 онд Стратфордод төрсөн тэрбээр 1580-аад оны сүүл үеэс буюу хорин хэдтэйгээсээ мэргэжлийн зохиолч болсон ба 1616 оны дөрвөн сард тавин хоёртойдоо нас нөгчих хүртэлх хорин тав орчим жилийн хугацаанд л зохиол бүтээлээ туурвижээ. Энэ хугацаанд Стратфорд, Лондонд жүжигт тоглож, янз бүрийн наймаа, хөрөнгө оруулалтын ажил эрхлэхийнхээ хажуугаар бичсэн бүтээлүүдээс нь гучин есөн жүжиг  үлдэж хоцорсон ба өөр бусадтай хамтран өөр олныг ч бас бичжээ. Тэрбээр мөн арван хэдэн томоохон яруу найраг бичсэнээс гадна хэдэн зуун соннет үлдээжээ. Амьд байх цагт нь түүний жүжгүүд хэдийн Британиас халин далайн чанадад, бүр Африкийн баруун эрэгт хүртэл тоглогдож эхэлсэн бөгөөд бүтээлүүд нь хүн төрөлхтний мэдэх бараг бүх хэлээр орчуулагдан, дэлхий даяар тоглогдсон юм. Тэдгээр нь Пурчелл, Россини, Вэрди, Вагнэр, Бриттэн зэрэг том жижиг хөгжмийн зохиолчдын 200 орчим дуурийн үндэс болсноос гадна Мэндэлсон, Бэрлиоз, Чайковский, Прокофиев болон өөр бусад мастеруудын бүтээлийн онгод хөг нь болсон. Түүний жүжгийг энд тэнд нь чимдэг 103 дуунд бүхий л хөгжмийн зохиолч ая хэмнэл оруулсан юм. Шэкспирийн бүтээлүүдээс сэдэлтэй 300 гаруй кино, мөн хэдэн мянган ТВ-ийн найруулга бүтээгдсэн бөгөөд Драйденаас авахуулаад Шоу, Стоппард зэрэг мэргэжлийн жүжгийн зохиолчдод түүхий эд болж, санаа төрүүлсэн бөлгөө. Түүний яруу найраг английн уран зохиолын төсөөлөл, уран дүрслэлийн гол эх булаг болсон бөгөөд Франц, Итали, Герман, Испани, Оросын уран зохиол бүрэлдэхэд томоохон нөлөө үзүүлсэн юм.

Шэкспирийн уран төсөөллийн болон уран бүтээлчийн бүтээлч байдал, гүн мэдрэмж нь бүтээлч амьдралд өв залгамжлал, удам судар буюу ген ямар ч ач холбогдолгүйг харуулдаг юм. Түүний эцэг Жон нь нутгийнхаа бээлийчин байсан бөгөөд хэсэг хугацаанд жижиг хотдоо танигдахуйц нэр алдартай болсон ч дараа нь буурчээ. Харин эх нь эдлэнгийн эзэдтэй холбоотой нийгмийн дээгүүр бүлгээс гаралтай ч мөн л нутаг орон, бүсийнхээ хэмжээнд л нэр нь сонсогддог байв. Түүний эцэг эхийн аль ч талд нь уран бүтээлч юм уу зохиолч хүн байсан гэх мэдээ баримт байдаггүй. Тэрбээр Стратфордын хэл зүйн сургуульд боловсрол эзэмшсэн ба явуулын театрын компанитай холбогдон Лондонд ирэхээсээ (Чарлз Диккэнсийн зохиол дахь Николас Никлебай шиг) өмнө сургуулийнхаа захиралыг хийж байсан бололтой байдаг. Онцгойрох зүйлгүй гарал үүслээс нь болоод зарим хүн түүний бүтээлүүдийн жинхэнэ зохиолч, цаад эзэн нь Лорд Канцлер байсан Сэр Фрэнсис Бэкон байсан гэж таамаглаж байв. Гэсэн ч ингэж үзэх нь оюун ухааныг дорд үзсэн бүдүүлэг хандлага болно – өөр бусад олон аугаа зохиолчид хэний ч үл мэдэх газраас гарч ирж байсан юм. “Бэкон цаана нь бий” хэмээх онол бараг тэр чигтээ Хайр дурлалын хоосон оролдлого (V.i) зохиолд гардаг “honorificabilitudinitatibus” хэмээх үгтэй холбоотой бөгөөд үүнийг “Ф.Бэконы үр сад болох эдгээр жүжгийг дэлхий ертөнцөд зориулав” гэсэн утгатай латин үг гэж таамаглацгааж байв. Гэсэн ч эл үг үнэндээ түүнээс ч өмнө, англи хэлэнд бүр 1460 онд тэмдэглэгдсэн байсан юм. Юу ч ярьлаа гэсэн гэхдээ Шэкспирийн амьдрал хангалттай сайн баримтжигдсан юм шүү: түүний цаг үеийн бичиг баримтуудад түүний тухай 46 ишлэл байдгийн дотор театр, жүжгүүдийнх нь тухай хангалттай өгүүлсэн байдаг. Түүний цаг үеийнхэн Шэкспирийн аугааг хангалттай бодитой мэдэрч байсан бөгөөд үүнийг нь түүний 1599-1640 оны хооронд хэвлүүлсэн хорин дөрвөн сайшаалын шүлэг нотолдог. Жон Хэмминжэс, Хэнри Кордэлл гэсэн хоёр анд нь хичээл зүтгэл гарган цаг заваа зарцуулан I Ботийг нь эмхэтгэн 1623 онд хэвлүүлсэн бөгөөд ингэснээр Шэкспирийн 16 орчим жүжиг бүрмөсөн мартагдахаас аврагдсан юм. Үүн дээр өөр арван найман жүжгийг хуудсын алдаатай хэвлүүлсэн байсан юм. 1580-1620 оны хооронд бичин, тайзан дээр тоглуулсан олон зуун жүжгээс бараг тал илүү нь ул мөргүй алга болсон хэдий ч Шэкспирийн хэвлүүлсэн өвийг бид бараг цөмийг нь хадгалж үлдээж чадсан гэж хэлж болно.

Энд би Шэкспирийн бүтээлүүдийг нарийвчлан авч хэлэлцэхгүй. Ердөө л түүний бүтээсэн хоёр дүр болох Фалстафф, Хамлэт хоёрыг болон тэдний гардаг жүжгийн талаар өгүүлэх болно. Ингэхдээ юуны өмнө Шэкспир ямар онцлогтой зохиолч байсныг болон тэдгээр онцлог нь түүний бүтээлч процесст хэрхэн тусалдаг байсан талаар хэдэн үг өгүүлэх нь зүйтэй юм.

Юуны өмнө түүний практикч чанарыг өгүүлэх нь зүйтэй. Тэрбээр хожим Жэйн Остин түүний тухай өгүүлсэнчлэн “ухаалаг хүн” байсан юм. Тэр туршдаг хүн байсан бөгөөд алдаа онооны замаар, турших замаар ажилдаа гаршчээ. Тэр бас тооцоотой байсан. Ямагт урагш тэмүүлдэг байсан ба огтхон ч (өөрийнх нь өгүүлснээр) “хөлдөө орооцолдон өнхөрч унадаг хоосон санаархал” хөөдөг хүн биш байв. Тэр бараг санамсаргүй тохиолдлоор жүжигчин болсон юм. Түүний хотод аялан тоглож байсан явуулын компанийн жүжигчин өвчин туссаны улмаас орлох хүн хэрэг болсон аж. Харин сайн дурын уран сайханч байсан Шэкспир тэр орлолтыг маш сайн гүйцэтгэсэн тул тэд түүнийг өөрсөнтэй нь хамтарч, мэргэжлийн хүн болон ажиллах санал түүнд тавьжээ. 1580-аад онд тэр нэлээд хэдэн ч компанитай хамтран ажилласны дотор “хааны дүрүүдэд” тоглож байсан бөгөөд хожим нь өөрийнхөө Хүссэнээр тань жүжгийнхээ Адамс, Хамлэт жүжгийнхээ сүнс, түүнчлэн Бэн Жонсоны эмгэнэлт Сежанус жүжгийн Жонсон болж тоглосон юм. Гэхдээ тэр жүжигт тоглох авьяас нь жүжиг бичих авьяасыг нь хэзээ ч давж гарахгүй юм байна гэдгийг ойлгосон бөгөөд ноцтой тахал гарсны улмаас Лондонгийн театрууд бараг хоёр жилийн турш хаагдсан 1592 онд хүлээн зөвшөөрөгдсөн жүжгийн зохиолч болж чаджээ. Түүний дараа (хөдөөгийн хотуудаар явахынхаа хамт) тэр Венус, Адонис хоёр; Лукрецийн хүчин гэсэн хоёр ч хүүрнэсэн яруу найраг бичин, театрын бус хүн ч болоод амжжээ.

НЭПКО хэвлэлийн газар

АГУУЛГА



Бүтээлч эр зоригийн анатоми        1
Чосэр: XIV зууны гудам дахь хүн        24
Дюрэр: Хэвлэгчийн бэхний хамар цоргисон үнэр    49
Шэкспир: Үл таних суутны бараа        69
И.С.Бах: Өндөр органы генетик        109
Төрнэр, Хокусай хоёр: Тэр цагийн болон эдүгээгийн мөхөл    133
Жэйн Остин: Хатагтай нартайгаа нийлэх үү?    162
А.В.Н.Пугин, Виоллэ-лө-Дюк: Аль ч улиралд Гот    193
Виктор Хюго: Тархигүй суутан        216
Марк Твэн: Хэрхэн хошигнох вэ?        240
Тиффани: Шилний цаанаас сүүмэлзэхүй        263
Т.С.Элиот: Спатс өмссөн сүүлийн яруу найрагч     287
Балэнсиага, Диор: Товчны нүхний гоо зүй        316
Пикассо, Волт Диснэй: Орчин үеийн ертөнцөд байгаль орших орон зай байна уу?            349
Лаборатори дахь зүйрлэлүүд        391

Тэмдэглэлүүд            407