Өндөг: Монголчууд руу намжирдсан хүнс
Маш олон төрлөөр болгож боловсруулахад амар хялбар энэ хүнсийг өдөр тутам хэрэглэж заншаарай. Намжирдаж шилбэлзэх тусам нь өндгийг өөрийн болгосон монголчуудын түүх ийм буюу.
Тахиа шувуутай хамгийн анх сэтгүүлийн хуудаснаа мөнхөрсөн байж магадгүй монгол хүмүүсийг танилцуулъя. Зүүн гараас Зүүнхараагийн Шувууны аж ахуйн эрхлэгч Л.Цэрэндорж, шувуучин Л.Далай. "Орчин үеийн Монгол улс" сэтгүүл. 1965 он.
Өндөг: Идэхгүй ч чанарыг нь мэднэ
Өнөө бидний өдөр тутмын хоол болсон өндгийг монголчууд дөнгөж өчигдрөөс л өргөнөөр хэрэглэдэг болжээ. Монголын нууц товчоо-д идээ ундааны тухай олонтаа гарах боловч “өндөг идсэн” гэж өгүүлэх нь огт үгүй. Добу мэргэн галуу, нугас олныг агнаж мөчир бүхэнд өлгөсөн нь ялзрахад хүрсэн гэдэг ч шувуунаас ашиглаж болдог бас нэгэн зүйл хүнс- өндөг гээчийг нь огт тоогоогүй бололтой.
Энэ явдлаас хэдэн үеийн хойно буурин дээрээ хаягдсан бэлбэсэн Өүлэн хөвүүдээ үндэс, жимс, мангир, загас зэргээр тэжээсэн байна. Авчиг хавартаа гол нуурын захаар бэлээхэн хэвтэх өндгийг бас л хүнс гэж хараагүй аж. Ерөөс Монголын нууц товчоо-оос “өндөг” гэдэг үгийг ганц л уншина. Өрнө зүгийн аян дайнд олз омогтой яваагаа тэмдэглэсэн найр дээр Баттай мөчөөрхсөн Гүюгийг Өгөөдэй хаан “Ганц муу өндөг ялзарчээ” хэмээн дүгнэдэг. Иддэггүй ч гэлээ илжирч чанараа алддагийг нь сайн мэддэг өндөг монгол хүнд басчиг тийм харь холын эд байгаагүй ажээ.
Өндөг: Хориотой хүнс
Юань гүрэн 1330 онд хэвлэсэн Идээ ундааны жинхэнэ товч хэмээх сударт өндгийг хүнс гэдэг утгаар нь дурьдаж. Гурван бүлэг бүхий судрыг Хубилайн ордны идээ ундаа эрхэлсэн сайд Хүсэхүй туурвисан. Хүсэхүйг монгол хүн гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. Тэдний хамгийн сүүлийнх нь 2017 онд О.Урнаагийн магистр хамгаалсан "Идээ ундааны жинхэнэ товч зохиолын бүтэц, агуулга, орчуулгад хийсэн судалгаа" нэг сэдэвт бүтээл. Эл номыг 1469 он буюу Мин улсын XVII онд дахин хэвлэжээ. Хятадын нэрт оточ, эмзүйч Ли Шижэн өөрийн алдарт бүтээлдээ Хүсэхүйн судраас эшлэсэн байдаг гэнэ. Гурван бүлэгтэй Идээ ундааны жинхэнэ товч-ийн “Жирэмслэгсдийн цээр” хэсэгт “Тахианы өндөг ...идвээс хүүхдэд нь яр шарх үлэмж гарна”, “... нугасны өндгийг идвээс хүүхэд нь буруу байрлалтай болно” гэжээ. Тэгэхээр өдөр тутам өндөг хэрэглэдэг учраас “хорьсон” гэж ойлгоход гэмгүй. Махбодын онолоор өндөг дуслыг арвижуулдаг учир жирэмсэн эхэд ийн хорьсон байна.
Үүнээс гадна хүүхэддээ өндөг өгдөггүй байсныг Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толь номд тэмдэглэжээ. Х.Нямбуу, Ц.Нацагдорж нарын эмхэтгэсэн тольд “Хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ. Идүүлвээс өвчин олно, хахна” гэсэн буй. Эдгээр цээр хорионоос ядаж л монголчууд өндгийг хүнсний бүтээгдэхүүнд тооцож ирснийг баттай хэлж болох нь.
Өндөг: Эмзэг нандин эд
Монгол хоол хүнсний зүйлд өндөгтэй жор байхгүй. Харин аман зохиолоо сөхөөд харвал өндөгтэй басчиг гэж хэд хэд таарна. Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр-ээр эхэлж Цуутын цагаагч гүү-ээр үргэлжилж оньсого, ертөнцийн гуравт ч байраа олжээ. Гэхдээ энэ бүгдэд шахуу ганц л агуулгаар багтсан байна. Өндөг бол эмзэг. Ухаан нь, “Шувууны өндөгт сүүдрээ тусгаж болохгүй“ гэдгийг монгол хүүхэд бүхэн сонсдог. “Яагаад?” гэхээр нь “Хүний сүүдэр тусчихсан өндгөө эх нь голоод хаячихдаг юм” гэж хариулна. Үүнийг хүүхэд өөртэйгөө жишин бодож ээждээ гологдон хаягдвал юу болох билээ хэмээн сэтгээд шувууны өндгийг хөндөхөө больдог. Өндөг монголчуудын хувьд сүүдэр тусахад л хиртдэг нандин эд билээ.
Туул гол, Дунд голын хоорондох хэдэн булгын энэ савыг Өндгөн сүргийн бэлчээр хэмээн үзэж бусдын морь малыг оруулах явдлыг хориглосон байсан гэдэг. Өндгөн сүргийн нутагт Богдын Цагаан, Ногоон, Хүрэн гурван ордон байжээ.
Тиймээс “өндөг”-өөр тийм л зүйлсээ зүйрлэн нэрлэж ирсэн байдаг. Монгол хэлний тайлбар тольд Чингис хааны тахилгын эрдэнийн цагаан морины хүндэтгэлийн нэрийг “өндгөн цагаан” хэмээжээ. Мөн XIX зууны Их Хүрээнд бий болсон тусгай хамгаалалттай бүсийг “Өндгөн сүргийн нутаг” гэдэг билээ. VIII Богд Жавзундамба хутагт болон тэдний гэр бүлийн хэрэгцээний малыг Туул, Дунд голын хооронд малладаг байснаас энхрий нандин сүрэг гэдэг утгаар ийн нэрлэсэн юм.
Д.Намсрайн зохиолоор 1988 онд найруулагч Н.Нямдаваагийн бүтээсэн "Уул усны үр сад" уран сайхны кино өндөг монголчуудад ямар эмзэг нандин зүйл гэдгийг тод харуулдаг.
Түүнээс гадна өндөг бол бүрэн бойжоогүй үр төл. Тэгэхээр хүүхдээ хэвлийд байхад эсвэл нялхад нь хожим гэрлүүлэхээр хэлэлцсэн ургийн тохироог “өндгөн сүй” гэх нь аргагүй зөв. Харин гар, хөлийнхөө хурууны үзүүрийн өвөр талын зөөлөн бэлцгэр хэсгийг бас “өндөг” гэнэ. Биднийг зохих ёсоор өндөг идүүлж сургасан оросууд гэтэл эрэгчин амьтдын бэлгийн эс боловсруулдаг булчирхайг “өндөг” гэж нэрлэдгийг үл өгүүлэн хүнс тэжээлийн сэдэвтээ эргэн орцгооё.
Өндөг: Малчнаас шувуучин
Монгол нутагт хүнсэндээ өндөг хэрэглэх зорилгоор тахиа тэжээсэн түүх зарим үндэстэнтэй харьцуулбал шальгүй. Сэлэнгийн районоор жилдээ 70 орчим ширхэг өндөг өгдөг тахиа малладаг байжээ. “Нутгийн бор” гэх өхөөрөдөм нэртэй энэ үүлдрийн тахиа арчилгаа багатай шигээ ашиг муутай. Гэхдээ “Тахиа дуугарвал үүр цайх хэдүй удах вэ, тавь хүрвэл үхэх цаг нь хэдүй удах вэ” хэмээх үг бий болгосон биз ээ.
Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор 1986 онд хэвлэн гаргасан "Социалист Монгол" альбомд багтсан Шувуун фабрикийн шувуучин.
Харин 1958 оны 12 дугаар сарын эцсээр БНМАУ (Монгол Улс)-ын хүсэлтээр БНХАУ-ын Засгийн газар 11 мянга гаруй ам.долларын урт хугацааны зээлийн гэрээ байгуулсны дотор “шувууны аж ахуй” багтсан байдаг. Ингээд 1963 онд уг гэрээ биелэлээ олж жилдээ 4.5 сая ширхэг өндөг гаргах хүчин чадалтай 30 000 өндөглөгчтэй болжээ, монголчууд. Хартал их тоо мэт боловч өндөг гээч захын монгол аван саван хүртдэг эд биш. Монголын номинклатурууд, гадаадын зочид төлөөлөгчид, элчин сайдын яамныхан гээд аманд ч үгүй, хамарт ч үгүй. Арван жилийн дараа, 1973 онд ЗХУ-ын техник эдийн засгийн үндэслэлээр “Шувуун фабрик”-ийг 100 мянган өндөглөгчтэй, жилд 22.6 сая ширхэг өндөг авахаар болгон өргөтгөжээ. Энэ цагаас хот суурингийн дэлгүүрийн лангуун дээр өндөг үзэгдэж бидний хоолонд хачир нэмсэн юм. Үүнтэй зэрэгцээд өчигдрийн малчин шувуучин болсон байж таарна.
Өндөг: Жороос жинхэнэ хоол
Хот суурин нэмэгдэж хүн ам төвлөрөх хэрээр нийтийн хоолны асуудал тулгамдаж байв. 1954 он 5-р сард хуралдсан МАХН (МАН)-ын Төв хорооны Бүгд хурлаас “Нийтийн хоолны үйлдвэрийн ажиллагааг эрс сайжруулах ба ялангуяа ойрын хугацаанд хүйтэн хоолны нэр төрлийг олшруулах, түүнийг зөвөөр хийж чаддаг болох хэрэгтэй” гэж зарлигджээ. Зарлиг ёсоор 1955 онд Худалдааны яамнаас эрхлэн хэвлүүлсэн Д.Содномдоргийн Хүйтэн хоол ба зууш гарын авлагад “Өндөг, ногоон сонгиноор хийсэн шанцай”; “Өндөг, ногоон сонгино, шанзтай улаан лооль” гэх өндөгтэй хоолны хоёр ч жор багтжээ. Үүнээс 11 жилийн хойно мөн л Д.Содномдоргийн боловсруулсан Нийтийн хоолын газруудад хийгдэх 500 хоолны жор номд 512 төрлийн хоол багтжээ. Эдэн дунд монгол хүн хэзээ ч татгалзахгүй “Нийслэл салат” орсон байдаг. Өнөөдөр бидний санаанд өндөг гэвэл энэ салат, “Нийслэл салат” гэхэд өндөг ордог билээ.
Найруулагч Р.Доржпаламын дэлгэцийн энэ бүтээлд жүжигчин Ж.Дорлигжавын сэтгэлд хоногштол амилуулсан харуул занги Цэрэнжав хэмээгч нь бодит түүхэн хүн юм.
Гэхдээ өндөг элбэг байсан уу гэвэл худлаа. Зөвлөлтийн иргэд олноороо суудаг хот суурин газрыг эс тооцвол хөдөө нутагт үзээд өгье гэсэн ч олдохгүй. Үүнийг нотлох хөгжилтэй түүх сонирхуулъя. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт 1981 онд Москвад оюутан болж очоод хүний дайтай хүн болохоор өндөг авч цаг гаран чанасан гэдэг. Сэрээгээр хатгахад хатуу болохоор нь чанаад л байсан хэрэг. Түүнтэй үеийн, бас хөдөө өссөн Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлээд адлуулсан. Тийм л байсан юм чинь. Баяр ёслол, цайллага дайллагын ширээ, вагон ресторанаас төдий л хол халиагүй өндөг Т.Галсангийн зохиолоор хүүхэлдэйн кино болж 1975 онд багачуудад хүрчээ. Үүнээс эрт өндөг уран сайхнаар монгол үзэгчдийн танил болсон юм. Хожим (1986 он) Харуул занги нэртэй уран сайхны кино болсон Д.Намдагийн Хярааны хонхорт жүжигт мөнөөх өндөг гол дүрийн төрт ёс, улс Монголоо гэсэн сэтгэлийг илэрхийлэхэд чухал роль гүйцэтгэсэн байдгийг бүгд мэднэ.
Өндөг: Өндөр үүрэг хариуцлага
Нам-засаг Д.Намдагаас ч өмнө өндгөнд өндөр үүрэг хариуцлага оноосон байдаг. МАХН (МАН)-ын XVII Их хурал “БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталжээ. Тэнд нөхөр өндгийг өргөн хэрэглээний хүнсэнд зүй ёсоор тооцох болсон нь 45-хан грамм биед нь дэндүү ахадсан даалгавар байлаа. Ингээд “Шувуун фабрик” 1976-1978 онд инкубатораас гарсан хоногийн настай дэгдээхэйг 18 аймгийн бүх суманд нийлүүлж, орон нутгийг шувуужуулах ажил хийжээ. “Худалдааны мэдээлэл” сэтгүүлийн 1976 оны №3-т Ш.Хишигсүрэн “Хэрэглээний оновчтой норм, түүнийг төлөвлөлтөд хэрэглэх нь” судалгааны өгүүлэлдээ 1974 оны хүнсний хэрэглээний хэмжээг 1970 онтой харьцуулж үзээд “... хэрэглээний хоногт өгөх илчлэгийн өсөлт өндгөөр тав дахин” өссөн хэмээн бичжээ. Өндөг хэрэглэдэг болсны ачаар гэсэн үг шүү дээ. Харин 1979 онд Худалдаа бэлтгэлийн яам өндгөөр амьсгалжээ гэхээр. Тус яамны Нийтийн хоолны секторын дарга С.Баярсайхан Өндөгтэй 210 нэрийн хоолны жор, технологитовхимлыг 3 000 хувь хэвлүүлсэн байна. Мөн “Улаанбаатарын мэдээ” сонины 1979 оны дугааруудад өндгийг хадгалах, шалгах арга, түүгээр хийх зарим хоолны жор ч нийтэлсэн харагдана. Тэр жилийн “Худалдааны мэдээ”-д Ш.Хишигсүрэн 1985 онд гэхэд улсын дунджаар нэг хүн жилдээ 19 ширхэг өндөг идвэл манай иргэдийн хоолноос авах ичлэг ах дүү социалист орнуудынхтайгаа дөхнө хэмээн тооцжээ. Үүнээс Улаанбаатарын нэг иргэнд 60 ширхгээр бодсон байна. Гэхдээ энэ нь тухайн үедээ хэтийн зорилт төдий байсныг бүү мартаарай.
Нийтийг хамарсан кампанит ажилд нугалаа завхрал гардаг ёсыг өндөг ч бас тойрсонгүй. Тухайн үеийн “Хөдөлмөр” сонинд нийтийн хоолны газрууд амар хялбар аргаар орлогоо нэмэгдүүлэх гэж өндөг ихээр борлуулах боллоо гэдэг шүүмжлэл ч гарч. Их давалгаанаас хоёр жилийн хойно тохиосон МАХН (МАН)-ын XVIII их хурлын төлөөлөгчдөд өгсөн хоолны цэсэнд нийслэл салат, өндөгтэй бифштекс, өндөгтэй зраз г.м өндөг бүхий хоолны нэр олон. Ямартаа ч наяад он гэхэд ширхэг нь 50 мөнгөөр үнэлэгдсэн өндөг өөрт нь оноосон үүргийг нам-засгийн өмнө давгүй аваад гарсан бололтой.
Өндөг: Үүрэггүй ч хүрэлцээтэй
“Шувуун фабрик” 1992 онд хувьчлагдсанаар улсын татаас зогсож өндөглөгчийн тоо огцом буурчээ. Тэртээ он жилүүдэд иргэд Орос, Хятадаас өндөг импортолж зах зээлээ хангах болов. Гэхдээ монголчууд ганзагын өндгөөр удаан хооллоогүй. Аж ахуйн нэгжүүд эрэлт ихтэй зах зээлд хөл тавьснаар өнөөдөр монголчууд нийт хэрэглээнийхээ 45 хувийг л импортоор авдаг болжээ. Өндөгний хэрэглээ 1993 онтой харьцуулбал өнгөрсөн жилийн дүнгээр долоо дахин өссөнийг Статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас харж болохоор. Бид одоо жилдээ 200 сая өндөг иддэг, гэхдээ энэ тоо өндөр хөгжилтэй орны нэг хүнд ногдох хэмжээнээс даруй гурав дахин бага үзүүлэлт. Монгол өнөөдөр 20 гаруй аж ахуй нэгжийн 600 мянган өндөглөгчтэй бөгөөд дотооддоо үйлдвэрлэдэг нийт өндөгний 45 хувийг “Түмэн шувуут” компани дангаараа нийлүүлж байгаа. Дэлгүүрийн лангуун дээрх өндөг өнөөдөр “Сувиллын”, “Баяжуулсан” зэрэг шид увдисаа гайхуулахаас гадна “Залуу тахианы”-хаа гэж ирээд намжирдах болж. Монголчууд нэг сая өндөглөгчтэй болсон цагт импортын бүтээгдэхүүн хэрэггүй болох тооцоотой. Эхийн сүү шиг хүний биед бараг 100 хувь шингэдэг энэ хүнсийг өдөр бүр 2-3 ширхгийг идвэл бие махбодод нэн шаардлагатай илчлэг, зайлшгүй хэрэгцээт бодис, олон төрлийн витаминыг нэг дор авна. Хальсыг нь тооцохгүйгээр нэг өндөгний 13 % нь уураг, 73.6 % нь ус, 12 % нь тос, 0.6 % нь нүүрс-ус, 1 % нь кальци, фосфор г.м эрдэс бодис байдаг. Түүнээс гадна А, С, D, E зэрэг хүнд шаардлагатай олон төрлийн витамин агуулна. Маш олон төрлөөр болгож боловсруулахад амар хялбар энэ хүнсийг өдөр тутам хэрэглэж заншаарай. Намжирдаж шилбэлзэх тусам нь өндгийг өөрийн болгосон монголчуудын түүх ийм буюу.