Яасан чинь яачихваа??
Юу болоод өнгөрчвөө. Жагссан, чулуудсан, чулуудахаар нь чулуудсан, буудсан, буудахаар нь буудуулсан...
Юу болоод өнгөрчвөө. Жагссан, чулуудсан, чулуудахаар нь чулуудсан, буудсан, буудахаар нь буудуулсан... тэгсэн чинь алтан медалиуд авсан... Яасан чинь яачихваа. Ойлгохоо байчлаа.
Сүүлийн үед янз бүрийн эрхээ хамгаалсан этгээдүүд толгойг маань бүр нэмж эргүүлээд хаашаа харж байгаагаа ч мэдэхээ больчлоо. Саяхан нэг гаж донтой эрийг прокуророос "хүчингийн хэрэг"-т сэжиглэн саатуулжээ. Гэтэл нөхөд нь прокурорын газрын өмнө сүрт жагсаал хийж "Монгол Улсын иргэн эр хүний үүргээ биелүүлснийхээ төлөө хохирох ёсгүй", "Монгол төр монгол эрийнхээ эрхтнийг хамгаалъя" хэмээн уухайлсан сүрт жагсаал хийжээ.
Тэд "монгол харчуул эр хүнийхээ үүргийг биелүүлэх баталгаа" гаргаж өгөхийг төрөөсөө шаардаад байна. Эцсийн дүндээ эр хүнийг эрхтэнтэй болгож төрүүлсэн албан тушаалтан л бүх хариуцлагыг үүрэх ёстой хэмээн үнэмшилтэй нь аргагүй ухуулцгааж байна. Жагсагчид прокурорт "эр хүн яах гэж эрхтэнтэй төрдөг юм бэ" гэсэн гүн ухааны асуулга тавин мухардуулж байгаад найзыгаа суллуулан авч явсан байна.
Манай Ерөнхийлөгч олимпоос анхны алтан медаль авсан тамирчиндаа хөдөлмөрийн баатар цол олгож баярлуулах мөртлөө "Баатар шиг амьдраарай" хэмээн занасны учрыг бас олохгүй байна. Баатар уржигдар гарлаа гэв үү?
Хоёр дахь алт ба мөнгөн медалийн эзнийг алт авахгүй бол "эргэж ирсний хэрэггүй шүү" гэж занасан гэдгээ өөрөө зурагтаар ярилаа. Хэрвээ тэднийг аз дайраагүй бол манай орны иргэн хоёроор хорогдох байсан байна шүү.
Манай Ерөнхийлөгч 1997 онд Завханд сонгуульд өрсөлдөж байхдаа "Би Завханы хүргэн" гэж ирээд асгаруулан чиг мэлмэрүүлээд байсан юмсан. Сая тэгэхнээ "Би Увсын хүргэн" гэж зурагтаар ярилаа. Авгайгаа солив уу, хадам аа шинэчлэв үү? Хадам нь нутгаа солив уу? Ерөнхийлөгч солигдов уу? Эсвэл аль нутгаас урлаг соёлын авьяастан төрнө, тэнд хүргэний ёсоор очиж байх гээд олон эхнэр авсан юм бол уу? Бөө мэд.
Алтан медаль гэснээс түүнийг авч өгсөн хүнийн тоо хэрээс хэтрээд байна. Юуны түрүүн Ерөнхийлөгч өөрөө ярихдаа олимпийн дөрвөн медаль цэвэр миний зүтгэлээр олдсон. Би дөрвийн дөрвөн уул тахиж байж л авлаа шүү дээ гэсийм хэллээ. Нэгэнт л тэгдэг учиртай юм бол ямар санаатай дөрөвхөн ширхэг уул тахиад больчихдог байна. За тэгээд ховс, засал хийсэн улс маймгүй олон байна. Нэг нөхөр тамирчдын гарын алгаар, нөгөөх нь хөлийн тавхайгаар мэргэлээд өрсөлдөх тамирчин, ялах оноог нь барим тавим хэлж байсан болж таарав. Ингээд бодохоор ямар ч байсан манай тамирчид олимпийн алт, мөнгөн медалийг өөрснөө аваагүй болчих гээд байна.
Цааш нь бодоод байхаар манай энэ хэн...за за Их хурал байгуулагдаад ард бид нар жаргаж байна гэсхийгээд бодохоо больсон нь дээр юм шиг байна.
Ц.Баясгалан