МАХН хуваагдаж байгаа бололтой юм, хоёр тал болоод биенээ хэлэх хэлэхгүйгээр доромжилцгоох болов. Өөр өөрсдийн зөвийг батлахын тулд тэртээ 100 жилийн өмнөх асуудал руу орцгоолоо. Түүхийн баримт түшин, хэл шинжлэл, философи, улс төр судлал, түүх архелоги, бараг л палеонтологийн жишээ татацгаана. Харамсалтай нь одоохондоо л зөв харагдаж ялсан болж байвал түүхийн үнэн баримт, болсон үйл явдлын логик уялдаа, утга санаа, эх орны бахархал болгоныг нулимна. Түүхч, философийн багш, хэл шинжээчдийг татан оролцуулж өөр өөрийн зөвийг батлах гэж мурчийх боловч цаадуул нь үнэний талд биш үзэл суртлын талд буйгаа ёстой л үнэнчээр илтгэнэ. Манай бүхий л түүх цадиг үзэл сурталд таарч өөрсдөө домог зохион сүүлдээ түүнээ үнэний хэмжүүр нотолгоо болгож явсаар ирсэн. Маргалдагч талууд “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Намрын халуун өдрүүд” зэрэг үзэл суртлын домгон киноны хэмжээнд мэтгэлцэж өнөөх кинонуудаа түүхийн баримт сэлт болгон ишилж, уухайлж, сүржигнэцгээв.

    Хаант засгийг эсэргүүцэж, Манжийн дарлалыг устгах гэсэн Хятадын Синьхайн хувьсгал 1911 оны 10-р сард Учуаний бослогоор эхэлсэн. Бослогийг доктор Сунь Ятсэний удирдсан Гоминдан нам толгойлжээ. Энэ нь “Үндэсний нам” гэсэн үг бөгөөд ханзаар нь салгах юм бол “улс”, “ард түмэн”, “нам” гэсэн гурван хэсгээс тогтоно. Улс, ард түмэн гэсэн хоёр ханз нийлэхээрээ “үндэсний” гэсэн утгийг илэрхийлдэг аж. Энэ намын нэрийг англиар шууд орчуулан Хятадын Үндэсний нам гэж буулгадаг. Хувьсгал Хятадын өмнөдөд ялсан боловч хойд хэсгийг нь захирч байсан маршал Юань Шикай (монголчлоод Ёншгойт гэх нь бий) өөрийг нь ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй бол хойд Хятад тусгаарлана гэж айлгажээ. Өмнөдүүд буюу Гоминданыхан үүнийг зөвшөөрч Юань Шикай бүх хятадын Ерөнхийлөгч боллоо. Гэвч эвлэрэл удаан үргэлжилсэнгүй, Хятад орон хэдэн зуун бие даасан генералуудын мэдэлд мөн л хэдэн зуу болон хуваагдаж өөр хоорондоо тэмцэлдэж эхлэв. Ингэж Хятадын иргэний дайн эхэлсэн ба энэ нь 1949 онд Мао Зэдунг гарч ирэх хүртэл бараг хагас зуун жил үргэлжилсэн юм. Гоминдан нам бүр хожим 1925 онд маршал Фэнгийн тусламжаар Бээжинг эзэлж төрийн эрхэнд гарсан, Сунь Ятсэн Ерөнхийлөгч болсон боловч тэр дороо нас барж төв засгийн эрх Чан Кайшигийн гарт орсон билээ.

    Юань Шикай хожим нь өөрийгөө эзэн хаан хэмээн зарласан боловч тун удалгүй 1916 онд үхснээр Хятад албан ёсны удирдлагагүй боллоо. Хойд Хятадад Японы тал бариталсан маршал Жан Золин Манжуурыг тэр чигээр нь атгаж байсан бол Бээжинг тойроод Аньхуй, Жилин гэгч хоёр том цэрэг - улс төрийн бүлэглэл бүрэлдэн өвөр хоорондоо үхэх сэхэхээ үзэх болов. 1919 онд Бээжинд хяналтаа тогтоож чадсан Аньхуй бүлгийн нэг том төлөөлөгч Сю Шүжан гэгч генерал Умрыг тохинуулна хэмээн хэсэг цэрэг захиран Гадаад Монголд орж иржээ. Тэрээр Монголд сургууль байгуулна, боловсон эмнэлэг буй болгоно, төмөр зам тавина, уул уурхайг хөгжүүлнэ, хилийг хяналтандаа авна гэх мэтийн найман зүйлийн төлөвлөгөө боловсруулан тунхагласан боловч мөнгө байхгүй шалдан нэгэн учир Гурван улсын гэрээгээр буй болсон Монголын автоном эрхийг сүр бадруулан устгаж хүчингүй болгож л дөнгөжээ. Үүнийг тэрээр дагуулж ирсэн цэргийн хүчээр үйлдсэн юм.

Сю Шүжан өөрийн цэргээ “Гөмин бан” гэж нэрлэх ба энэ нь хувьсгалт цэрэг гэсэн утгатай. “Гө” гэдэг нь хувьсах өөрчлөгдөх, “мин” гэдэг нь ард түмэн гэсэн утгатай ба энэ хоёр ханз нийлэхээрээ “хувьсгалт” гэсэн утгыг илэрхийлэх аж. “Бан” гэдэг нь цэрэг, бүлэг, салаа гэх мэт, харин сүүлийн ханзыг монголчууд цэрэг гэж орчуулаад “Гөмин цэрэг” гэсэн шинэ ухагдахуун буй болгожээ. Үүнийг монгол бичгээр “гэмин” гэх маягтай бичих ба гадаад үг учир мөн “гамин” гэж ч уншигдахаар аж. Ийнхүү “гамин”, “гэмин” гэж аль алинаар нь хэлэгдэн явсаар кирилл бичиг буй болсон хойно ч монголын утга зохиолд аль алинаар нь хэлэгдэж бичигдсээр иржээ. Монгол бичгийн “а”, “э” авиа хэрэв арын үед нь “и” авиа залгагдвал танигддаггүйн олон жишээ бийн нэг нь “танхим”, тэнхим” гэсэн үг байна. Хувьсгалт цэргийн хувьд гэвэл тэр үеийн хятадын генерал болгон хувьсгал мөрөөдөж байсан ба зөвхөн өөрийн хувьсгалыг л жинэхэнэ нь гэж тунхаглаж байв. Сю Шүжан гэхэд Гадаад Монголд жинхэнэ хувьсгал хийнэ гэж хамгийн чанга зарлаж байсан хүний нэг.

    Ингэхээр “гамин нам” гэдэг бол “ардын нам” гэсэн үг гээд байгаа нь худлаа, харин хэрэв ийм нам байдаг бол “хувьсгалт нам” гэж орчуулагдана. Гэхдээ Хятадын түүхэнд гөмин нам гэж ерөөсөө байгаагүй байх аа. Өвөр Монголд Хувьсгалт гэсэн нэртэй хүн цөөнгүй бий, голдуу 1966-67 онд буюу Соёлын хувьсгалын үед төрсөн байх юм билээ. Тэд албан бичигт монгол биш хятад нэрээр явдаг ба паспортыг нь үзвэл Гөмин гээд биччихсэн байдаг. Нэг үгэндээ манайхаар бол Гамин нэртэй хүн байх нь л дээ.

    Гөмин цэрэгт эзлэгдэж автономоо устгуулсан монголчуудын хилэн бадран тэмцлийн янз бүрийн арга эрэлхийлэв. Тэмцлийн нэг хэлбэр нь нууц бүлэг байгуулан хэлэлцэх явдал ба үүнийгээ “дугуйлан” гэж нэрлэнэ. Манжийн үеэс тогтсон тэмцлийн нэг хэлбэр. Цэцэг нуурын дугуйлан гэх мэт түүхэнд алдаршсан дугуйлангууд ч бий. Гөмин цэрэг орж ирснээс болж Нийслэл хүрээнд биенээсээ үл хамаарсан хэд хэдэн дугуйлан үүссэнээс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь “ноёдын”, “консулын”, “зүүн хүрээний” гэх мэт болой. Язгуур угсаа сурвалж болон хөрөнгө мөнгө, цаашлаад нас зүсээрээ ялгардаг феодлын уламжлалт ард түмний хувьд монголчууд эдгээр ялгаагаараа тус тусдаа дуйгулан бүлэглэл байгуулах нь мэдээж хэрэг юм. Консулын бүлгийнхэн язгуур сурвалжгүй харц ардууд байсан бол Зүүн хүрээнийхэн нь голдуу төрийн албан хаагч түшмэдүүд байлаа. Ноёдууд бол цагаан ястнууд. Эртнээс тайж язгууртныг “цагаан ястан” гэж дээдлэн нэрлэж байсан ба харин язгуурын гарал үгүй бол үүнийг сөргөцүүлэн “хар яс” гэж нэрлэж байсан нь аяндаа харан – аран – арад гэж хувирчээ. Энэ тухай академич Дамдинсүрэнгийн бичсэн тусгайлсан судалгааны өгүүлэл бий. 

    Ноёдууд Гөмингийн харгислалыг зөөлрүүлэх, цаг хожих, гаднаас тусламж гуйх, Хятадын бусад генералын бүлэглэлд матах зэрэг аргаар улс орноо чөлөөлөх арга саам хайж байв. Ерөнхий сайд Бадамдорж, Гадаад яамны сайд Цэрэндорж нар Сю Шүжантай шууд хэлэлцээрт орж автономыг устгах жад тулгасан ширүүн шаардлагын өмнөөс элдэв үл бүтэх нөхцөл тавин цаг хожих арга баримталж байлаа. Автономыг устгавал Богд болон Эх дагинад үлэмж шан харамж өгөхийг шаардан амалсныг нь голж ихээхэн цаг хожсон байдаг. Үүнийг нь хожим эх орноосоо урвагч болгон харуулж түүхийн бас нэг худал домог үүсчээ. Бадамдорж нь аль 1895 онд Орос орж Александр хаантай уулзан Монголын тусгаар тогтнолыг дэмжихийг гуйж явсан хүн. 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний голлох архитеторын нэг, Богд хааны хамгийн ойр шадар зүтгэлтний нэг байлаа. Нас дээр гарсан Ерөнхий сайд хэд наслана гэж олон жил тэмцэж явсан хэргээсээ гэнэт урван хэдэн зоосонд хальтран унана гэж байх билээ дээ. Харин Бадамдоржийн Дорнын нарийн арга баширыг үл ойлгосон ардууд болон зарим хурц тэмцэгчид тухайн үедээ түүнийг урвагчаар зарлан шившиглэсэн нь цаашид марксист түүхчдийн домог зохиох нэгэн баримжаа болсон юм. Энэ хооронд ноёдууд зарим төлөөлөгчдөө сэмээр Бээжин, Хаалган руу илгээн Япон, Америкаас тусламж гуйж байв. 

    Консулын бүлгийнхэн оросуудтай холбоотой байж, тэдний зуучлалаар Буртман гэгч большевик Хүрээнд ирж мань хэдтэй уулзжээ. Дэлхийн хувьсгалын өвчинд автчихсан цаад орос нь Эрхүү орж баахан дэвэргэж яриа биз дээ. Монголчууд цаана чинь хувьсгал хийх гээд нууц бүлгэм байгуулж, бид тэнд нь очиж сургалт явуулаад малчин ардуудад коммунизм байгуулаад өгье гэх мэтээр. Эрхүүгийн большевикууд газар дээр нь асуудлыг судлуулахаар 1920 оны хавар Сороковиков гэгчийг илгээв. Тэр Хүрээнд ирээд хоёр бүлгийнхнийг цуглуулж уулзжээ. Гаминг хөөхөд оросуудаас тусламж авахын тулд мань хэд өөрсдийгөө мянган хүнтэй, тэр дундаа зэвсэглэсэн цэрэг 500 бий гэж наасан юм билээ. Харин жинхэнэдээ хоюулаа нийлээд 16-уулаа байсан байна. Үүнийг хожим Чойбалсан Москвад байцаагдаж байхдаа ярьсан байдаг. Сороковиков эргэж Эрхүү ороод 1920 оны 6-р сард Хүрээнд дахин иржээ. Ингэж хоёр бүлгийг нийлүүлж нам байгуулсан юм. Монгол ардын нам 1920 оны 6-р сарын 25 –нд Богд уулын Залаатын аманд Данзангийн гэрт анхлан мэндэлсэн.

    Нэрийн хувьд Монгол ардын нам гэж өгсөн нь их учиртай. Консулынхан ард харц гаралтайгаараа цугласан бол, Зүүн хүрээнийхэн төрийн албан хаагч гэдгээрээ нийлцгээсэн. “Ард” гэсэн үг бол язгуур угсаагүй хүнийг хэлнэ. Орос большевик хүнд энэ нь “пролетари” гэсэнтэй төстэй сонсогдоно биз. “Ард” нь “түмэн” гэсэн үгтэй нийлж байж ард түмэн гэсэн өөр утга гаргана. Дангаараа бол одоо ч бидний ярьдаг “хөдөөний ард”, “малчин ард” гэсэн тэр л утгыг агуулна. Одоо ч орос хэлэнд “арат” гэсэн үг монголын ядуу малчинг хэлдэг гэсэн тодорхойлолттойгоор толь бичигт оржээ. Ингэхээр Сороковиковын хувьд өөрийнх нь ойлголтоор монгол пролетарийг нэрлэдэг “ард” гэсэн үг таалагдсан бололтой. “Нам” гэсэн үгийн хувьд улс төрийн бүлэглэлийг нэрлэдэг тухайлсан нэршил тэр үед монгол хэлэнд байсангүй. Иймээс “нам хэлэлцэж сэм хуйвалдана” буюу нууц байгууллага гэсэн утгаар “нам” гэж нэр шинээр бодож олсон байна. Ингэхээр “Монгол ардын нам” гэдэг нэр  нь монгол оросууд нийлж байгаад цоо шинээр бодож олсон ололт болохоос энд ямар нэг хятад хэлний болон хятадын нөлөө огт байгаагүй. Ардын намынхан ч Гоминдан мэтийн бүгд найрамдах засаглал тогтоох улс төрийн зорилго бүхий улс төрийн байгууллага буй болгоогүй, тэд ердөө л эх нутгаасаа харь хятадуудыг хөөж гаргахын тулд гадны тусламж эрэлхийлж, өөрийн эрхгүй хоорондоо нийлэлдсэн эх орончид билээ.

    Оросын большевикуудаас тусламж гуйн зэр зэвсэг олж ирэхээр долоон хүнийг томилон явуулахаар шийдэв. Богд хаан эдгээр бүлгийн тухай сайн мэдэж байсан төдийгүй замын зардлыг нь гаргасан бололтой байдаг. Монголын төрийн өмнөөс Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт тэрээр төрийн тамгаа даржээ. Гэтэл энэ нь Бодоод таалагдсангүй. Нэгд тэрээр Ардын дугуйлан үүсгэгч ба нэгдсэн нам болсон хойноо Ардын нам гэж нэртэй болсон учир үүнийг заавал тодотгох хүсэлтэй байлаа. Хоёрдугаарт тэдний дугуйлан Хүрээний большевик оросуудтай сайтар холбоотой байсан учир нэлээд большевик маягийн монгол ойлголттой болсон нэгэн тул нэг үгэндээ ангич, намч, үзэл сурталч авир гаргасан хэрэг. Ингээд тэрээр өөрөө Монгол ардын нам гэсэн тамга сийлж өвөртөлсөн байна. Тусламж гуйсан бичгийг ч бас нэг хувь үйлдэн өнөөх тамгаа дарж орхисон нь Зүүн Хүрээний түшмэдийн бүлэглэлийнхний сэтгэлд нийцсэнгүй. Энэ асуудал сүүлдээ хожмын хэрүүл дайсагналцааны нэг том сэжим болсон юм.

    Асуудал цааш хэрхэн өрнөсөн, мөнөөх Монгол ардын нам яаж яваад МАХН болж, дэлхийн коммунист хөдөлгөөний салшгүй нэг хэсэг болсон тухай дараагийн долоо хоногт ярьж өгөмц.

2010.11.18.