Бараа таваар арилжих явдал бараг хүнтэй хамт үүсээ биз. Хонио ямаагаар, үхрээ сүхээр, тэрнээс өмнө бол өрөөсөн талдаа ирмэгтэй чулуу гурвыг өгч байж хоёр талдаа ирмэгтэй ганц чулуугаар арилждаг байсан байх даа. Дараа нь алт, тэгээд мөнгө, эцэст нь зоос цаасан мөнгө гэсэн универсал солилцооны эд түүхэн олон мянганыг дамнан байж төгөлдөржсөн хэрэг.  Ингэхээр үнэ гэсэн ойлголт хар аяндаа буй болно. Солилцоо хийгч хоёр этгээд эсрэг талаа аль болохоор “шулахыг” бодох нь хүний натур. Хүний нийгэм бараа үйлчилгээг солилцон арилжихгүйгээр тогтох үндэсгүй. Өнгөрсөн хэдэн арван мянган жилд арилжаа солилцоо хамгийн бүдүүлэг хэлбэрээс сүпэр орчин үе хүртэл хийгдээд байсныг бодоход шулна шулуулна гэдэг нь харьцангуй ойлголт.
    Үнэ яаж бүрэлддэг вэ? Кг хонины мах одоо 3500, хавар бүр 7 мянга хүрч байсан. Яагаад 500 төгрөг, эсвэл 10 мянган төгрөг байж болдоггүй юм? Компютэр, гар утасны үнэ үйлчилгээ буугаад л байхад мах талхны үнэ өсөөд л байдаг нь ямар учиртай юм? Сони зурагтны үнийг хэн зохиосон болж байна? Эдийн засгийн ухаан гээч тусгай салбар судлал гарч ирснээр эрдэмтэд энэ асуултад хариулах гэж дор бүрнээ мурчийжээ. Үүний хариултыг олсон эхний хүн бол Английн эдийн засагч Дэвид Рикардо. Тэр их хялбар хариу олсон. Бараа үйлчилгээнд зарцуулсан хөдөлмөрөөр үнэ тогтдог гэнэ. Энэ хариу хожим Маркст их таалагдаж үүнийг бүр номлол болгосон. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдэхэд их л хөдөлмөр орсон бол төдий их үнэтэй байх ёстой аж. Энэ бол “шудрага” гэдэг талаасаа  зөв л байх л даа, гэтэл амьдрал дээр тийм байдаггүй. 3-р хорооллын байр хэрэндээ хөөрхөн үнэтэй. Яг адилхан байшингуудыг оросууд Шивээ Овоо, Багануурт үлдээсэн боловч тэр бол ямар ч үнэ цэнэгүй эд. Хана туургыг нь ховх татаж үнэ хүрэх газар руу нь зөөх нь тэндээс олж болох хамгийн том ашиг. Гараараа үхтлээ хөдөлмөрлөж байж харахад үнэн тансаг жинс хийдэг хүмүүс олон байлаа. Энд орсон хөдөлмөрийн өртөг яаж ч бодоод үйлдвэрээс хэдэн саяараа гарч буй Лэвайс жинснээс илүү өртөгтэй боловч зах зээлд хүрэх  үнэ нь хагаст нь ч хүрэхгүй. Ровлин хатагтайн бичсэн Харри Потэрийн тухай 5 роман эзэндээ тэрбум доллар олж өгсөн бол түүнээс хэдэн зуу дахин  их хөдөлмөр зарцуулсан 12 жилээр хийсэн бандгар романууд эзэндээ бөөн гарлага, цөхрөл авчирсан. Авъяас гэдэг хэтэрхий бага хөдөлмөрөөр хэтэрхий их мөнгө олохыг хэлдэг ажгуу. Хотын дотор байгаа “өмхий цагаан” гэгдэх асар их хөрөнгө оруулалттай байшинг хэн ч тоохгүй мөртөө хавьгүй хямд өртгөөр боссон Зайсангийн байруудыг ам метрийг нь 2500 доллароор булаацалдаад авч байгаагийн учрыг хэлж өгөөч, тэнгэр минь?
    Энэ хачин учир нь олддоггүй зүйлсийг түүхэнд Австрийн эдийн засагчид гэгддэг хэсэг эрдэмтэд тайлбарлажээ. XIX зууны сүүлч ХХ зууны эхээр Венна хот нь хөгжим вальс төдийгүй шинжлэх ухаанаар оройлж байсан цаг. Үйлдвэрлэлийн процессын бүтэц, үнэ тогтоолтыг хөдөлмөр зарцуулалтын хугацаа юмуу үйлдвэрлэлийн өртөг биш, харин эцсийн эрэлт зохицуулна гэсэн бүтээлч үйл ажиллагаан дахь хэрэглэгчийн эрхэм үүргийг Карл Мээнгэр болон австрийн бусад эдийн засагчид тодорхойлсон билээ. Австричууд энэ онолоо “шүүлтийн онол” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгээ нь худалдаж авч буй зүйлийн үнэ оновчтой эсэхэд эцсийн шүүлт дүн тавина гэсэн үг. Австричууд хэрэглэгч ба үнийн хоорондын шүтэлцээнийг тодорхойлж чадсанаар марксист социалист тэрс үзэлтнүүдийн амыг нэг мөсөн хаасан юм.
    Унацын таашаал (мааржин ч гэдэг) гэсэн ойлголтыг мөн тэд гаргаж ирсэн. Энэ нь худалдан авагч худалдаачин хоёрын хоорондын ашиг-өртгийн зөрөө. Тухай бүтээгдэхүүнийг өртгөөс нь давуулж зарснаар худалдаачинд унац ирж тэндээсээ таашаал олдог бол худалдан авагч бүтээгдэхүүнийг хямд авсандаа сэтгэл цадаж таашаал олно. Хоёр талаас таашаал олох тэр цэг дээр үнэ бүрддэг аж. Ингэхээр үнэ гэдэг нь арилжаа хийж буй хоёр талын сэтгэл санаанаас хамаардаг туйлын субъектив хүчин зүйл аж. Австричуудаас өмнө олон эдийн засагчид “үнийн тогтмол хэмжигдэхүүн” хайж байсан нь үнэндээ мөнхийн ус хайсантай адил хий мөрөөдөл, үр дүнгүй оролдлого байжээ. Үнэ нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн хүслээс бүрэн хамааралтай, ингэхээр ажлын хөлс, түрээс, мөнгөний хүү, ашиг гэх зэрэг нь бүгд хэрэглэгчийн субъектив үнэлгээгээр тодорхойлогдоно гэдгийг Мээнгэр ба түүний залгамжлагчид нээн илрүүлсэн юм. Хэдийгээр эдийн засаг нь харах өнцгөөсөө хамаардаг нийгмийн ухаан боловч үнэ бүрэлдэх тухай энэ хууль нь хэн ч маргаж гөжиж болдоггүй хатуу үнэн. Яг л Ньютоны хууль, Авагадрын тогтмол гэдэг шиг.
    Хожим мөн л Австрийн аугаа гүн ухаантан Хаек үнийн тухай орчин үеийн том тодорхойлолт оруулж ирсэн юм. Үнэ яаж тогтож буй нь тухайн бараа үйлчилгээний тухай хамгийн үнэн мэдээллийг агуулж байна гэсэн үг. Хаекийн авсан жишээг хэлье. Зүүн Европод хойтон жил ган болох төлөвтэй гэж цаг уурчид прогноз гаргаж ирэнгүүт нефтийн үнэ унаад эхлэх ба үүнийг дагалдаад үй түмэн янзын бараа үйлчилгээний үнэд зохих өөрчлөлт гарна. Учир нь далаад оны үед зөвлөлтүүд үр тариагаа баруунаас нефтиэр сольж авдаг байсан тул хойтон тэнд ган болбол ургац муу байна гэсэн үг, тэгвэл тэд баруун руу газрын тос ихээр экспортлох болно, эндээс нефтийн үнэ унана гэдгийг жилийн өмнөөс мэдэж болно гэсэн үг.
    Манай орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ороод даруй хорин жил өнгөрч байгаа боловч үнийн тал дээр захиргаадлын эдийн засаг бүрэн биш гэхэд хагас хэлбэрээр ноёлсоор ирлээ. Тухайн бараа үйлчилгээ ямар ч үнэтэй бай борлогдсоор байгаа бол энэ нь үйлдвэрлэгч худалдан авагч хоёрын таашаал байсаар байна гэсэн үг. Энэ нь хоёр талын “тохиролцоо”, Мээнгэрийн үгээр хэлэх юм бол “унацын таашаалаар” бүрддэг болохоос хэн нэгний гомдол, амьдрал тааруу цалин бага гэсэн гутрал, эсвэл аль нэг нийгмийн зүтгэлтний ард түмэндээ таалагдах гэсэн сонгуулийн кампанит ажлаас хамаардаггүй. Бүр хатуу ийм хуультай. Энэхүү гомдол хий сагсганалдаа төрийг татан оруулж албадаад эхэлбэл улс орны эдийн засгийг сүйрүүлэх хамгийн үр дүнтэй арга энэ болой. Эцсийн бүлэгт чөлөөт зах зээлийн утга учир явж явж үнэ гэсэн тэрхүү субъектив хүчин зүйл дээр дэнжигнэн тогтдог юм шүү дээ. Коммунист үзэл суртал, социалист эдийн засаг гэгч явуургүй болж сөнөсний гол утга жанцангийн нэг нь төрийн монопол мэдэлд байсан үнийн хатуу систем. Үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алин нь “унацын таашаал” авахгүй болохоор бараа үйлчилгээний чанар, тоо, ерөөс нийт үйлдвэрлэл зөвхөн албадлагын журмаар явж эцэст нь тамирдан сөхрөнө. Түүхээр батлагдсан ердийн үнэн.
    Үнийг төрөөс татвараар дамжуулан зохицуулдаг явдал бий. Архи, тамхи, үнэртэн гээд зарим бараанд аль ч төр өндөр татвар тавьдаг нь хортой хэрэглээний эсрэг авч буй арга хэмжээ. Европын орнууд нефть шатахуунд төрийн татварын бодлогоор үнэ зохицуулдаг. Япончууд тариачдаа дэмжих зорилгоор гаднаас орж ирэх будаанд өндөр татвар ноогдуулан үнэ барьдаг. Египтчүүдийн гол хүнс нь гамбир юм билээ, иймээс төр будаанд зориуд татаас өгч хагасыг нь төр төлж үнийг бага байлгадаг. Төр ч гэж дээ, Кэмп Дэвидийн хэлэлцээрээр америкчууд жил бүр гурван тэрбум доллар өгдөг, тэрүүгээр нь гамбирны үнийг барьж шанд нь ард түмэн нь бослого гаргахгүй, ингэснээр Израилийн эсрэг араб түмний дажинд египтчүүд оролцохгүй, гамбираа идээд л сууж байна. Логик нь ойлгогдож байна уу? Харин үүнээс болж гамбир тойрсон авилга хээл хахууль ямар мундаг гэж санана. Үнэгүй юм гэж хорвоод үгүйн нэг жишээ.
    Өнөөгийн Монгол улсад инфляци тодорхойлдог 200 гаруй бараа байдаг боловч шатахуун, гурил, мах гэсэн гуравхан бараа инфляцийн гол үзүүлэлт болдог. Иймээс ард түмнийхээ амьдралыг бодсон аль ч Засгийн газар энэ гурван бараан дээр анхаарал төвлөрүүлэх нь зүй ёсны хэрэг. Мах ч яахав өөрснөөс хамаарна, харин шатахуун 100 хувь, үр тариа 30 хувь хойд хөршөөс хамаарна. Ингэхээр энд улс төрийн бодлого туйлын чухал. Үүнийг үгүйсгээгүй л байна л даа. Гагцхүү урагшгүй ноёнд ухаангүй зарц гэдэг үлгэрээр мах, шатахуун буудайны үнийг өсгөгч нь ухаангүй зарц нар нь болчихоод байна.
    Данзанг алдаг, хөрөнгө хураадаг, хамтрал байгуулдаг, сүм хийд нураадаг хамаг заваан ажлыг Эвлэл хэмээх залуучуудын комсомол байгууллагын хийтэй нөхдөөр хийлгэсэн. Хариуцлага хүлээх чадваргүй эргүү тэнэг ийм нөхөд улс орныг сүйтгэхэд мөн ч их нэмэр болсон доо. Тэднийг ашигладаг юм. Инфляциас сэргийлэх ажилд хуучин комсомолчдыг ашиглажээ. Хувьсгалт залуучуудын эвлэлийн хамгийн сүүлчийн даргыг Шудрага бус өрсөлдөөнтэй байлдах штабын даргаар тавьчихаж. Өнөөдөхийнх нь даалгавараа ойлгож байгаа ч гэж жигтэйхэн. “Гурилын үнийг би тогтоодог” гэсэн ярилцлага нь сонинд гарсан гээд бод доо. Орой болгон зурагтаар агсан тавина. Хөдөө аж ахуйн яамныхан хөөрхийгөөр тоглож байгаа бололтой. Атрын гурваар далимдуулж баахан мөнгө цуслаад түрүүчээсээ шорон шааж байгаа этгээдүүд шүү дээ. Хэргээ булахад ийм өвчтэй нөхөр хэрэгтэй бололтой.
    Нэг хүнд нэг шуудай гурилыг 480 төгрөгөөр өгнө, тэр тэр цэг дээр ядуу улсууд цуглаарай гэсэн зар зурагтаар гаргаж байна. Нөгөө солиот энийг нь суртчилан эх орончийн эрэлхэг зүрхээ Данко маягаар сугалан байн байн бөмбөлзүүлэн харуулна. Үнэндээ Хаекийн хэлээр үнэ мэдээлэл дамжуулдаг юм бол гурилын үнэ энэ өвөл хадандаа гарна гэдгийг энэ өвчит л хамгийн чангаар зарлаж яваа нь энэ. Нэг хүнд нэг шуудайг өгнө гэдэг чинь ховордсон барааг картанд оруулж байгаа хэрэг мөн биз? Бид энэ жил 300 мянган тонн будаа хураах юм бол дотоодын хэрэгцээгээ хангах л байх л даа, оросоос ч гуйхгүй. Гэтэл ийм цочрол үүсгэж комсомолын кампанит ажил явуулахаар хүмүүс өөрийн эрхгүй гурил хэмжээнээсээ хэтэртэл жоорлоод унана. Энэ нь аль нэг компани гурилын үнээ тав арван төгрөгөөр нэмснээс хэдэн зуу дахин их мэдээлэл цочирлыг нийгэмд өгнө. Урагшгүй ноёнд ухаангүй зарц. Чөлөөт худалдаанд зуучлагчийн үүрэг аугаа. Ерөөс зуучлагчгүйгээр зах зээлийн эдийн засаг оршин тогтнох аргагүй. Тэднийг чэнж гэж нэрлэн яаж ч адлаад тэд л бараа үйлчилгээний урсгалыг явуулж байдаг юм. Дэлгүүр хоршоо ч зуучлагч чэнж шүү дээ. Гурилын үнэтэй тэмцэх компанит ажлын хүрээнд төрийн цалинтай ажилтнууд гэр хорооллоор тарчихсан гурилын худалдаа хийгээд сууж байна. Ил задгай машин дээрээс картын үеийнх шиг гар дээрээс худалдаа хийнэ. Тэдний цалин ердийн худалдагчийнхаас хэд дахин их шүү дээ. Зах зээлийн бус системтэй Хойд Солонгост л иймэрхүү хөгийн юм олж харж болох байх даа.
    Санхүүгийн хямралыг Фридман кино театрт түймэр гарахтай зүйрлэсэн байдаг. Театрт түймэр гарвал эгнээ эгнээгээр нь сэмхэн мэдэгдээд заалнаас гаргавал хэн ч хохирохгүй. Харин заалаар нэг орилбол бүгдээрээ хаалган дээр овоорч хэн ч гарч чадахгүй байсаар бүх үзэгчид угаарт цохиулж үхнэ гэжээ. Ингэхээр ийм комсомолчдыг утаанд бүгд хордож үхэх зориултаар тавьдаг. Үүний цаана хожигсод үргэлж байдаг. Сүүлд нь хамаг хэргийг солиотод тохоод л өнгөрнө. 1950 оны эхээр америкчууд атомын нууцаа зөвлөлтүүдэд алдчихжээ. Коммунизм аюул болов. Сенатор Маккарти гэгч солиот гарч ирж зөвлөлтийн тагнуул туршуул барьдаг кампани дэгдээв. Хичнээн олон гэмгүй хүнийг хэлмэгдүүлэв. Америкийн ардчилалын түүхэнд гарсан хамгийн том эмгэнэл. Эцэст нь Маккарти руу хамаг бурууг чихэж толь бичиг болгонд маккартизм гэсэн булай нэр оруулжээ. Сэнатор Найдэр гэж байв. “Ямар ч хурдтай явсан аминд осолтой” гэдэг түүний нэрд гарсан ном тэр чигээрээ америкийн үндэсний бахархал болсон автомашин үйлдвэрлэлийг гоочлогдоход зориулагдсан байлаа. Ард түмэн ч үүнд нь автагдсан. Энэ дундуур Японы автомашин үйлдвэрлэгчид шургаж 1980 он гэхэд автомашин үйлдвэрлэлээр Америкийг ардаа орхисон. Найдэрын буян. Одоо Обама үндэсний үйлдвэрлэлээ аврахын тулд япончуудыг гутаах ядарсан арга хэрэглэн Тоёото, Мицубиши компаний машиныг гүтгэн эргэж татуулах ичгэвэртэй арга хамжээ авч л байна. Үр дүн гарахгүй л дээ. Ингэхээр ийм комсомолчид нийгмийн байгууллаас үл хамаараад хаана ч байдаг бололтой.  
2010 оны 8 дугаар сар 23