Р.Болд: УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр огцрох боломжгүй
УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдтой УИХ-ын даргыг огцруулах асуудалд хамаарах хууль, эрх зүйн гаргалгааны талаар ярилцлаа.
-УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй байгаагаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацчихлаа. Та түүний зөвлөхийн хувиар УИХ-ын даргатай яг энэ асуудлаар саналаа солилцов уу. Телевизийн ярилцлагад оролцохдоо хэлснээс өөр шинэ нөхцөл байдал үүссэн үү?
-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бараг хоёр долоо хоног хуралдаж чадсангүй, гацчихаад байна. Гол нөлөөлөл нь эрх барьж байгаа нам доторх улс төрийн нөхцөл байдал, бүр тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс тавьсан “УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэсэн шаардлагатай холбоотой. Энэ талаар УИХ-ын дарга ч өөрөө тайлбар хийсэн. Хуульчид, судлаачид ч тайлбарласан. Би УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхийн хувьд УИХ-ын даргатай энэ талаар санал солилцсон. Зөвлөлдөөд УИХ-ын дарга ямар байр суурь илэрхийлсэн бэ гэвэл УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш гэж үзсэн. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, “ажлаа өг” гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол нэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх нь зүйд нийцэхгүй гэдэг талаас асуудалд хандаж байна.
– УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргахын тулд огцорчихъё гэсэн санал М.Энхболд даргаас гарч байсан удаа бий юу. УИХ-ын дарга биш сул гишүүн л болно шүү дээ. Яагаад ер нь эрүүл мэндийн ч юм уу шалтгаанаар өргөдлөө өгөөд огцорчихож болохгүй гэж?
-УИХ-ын дарга таны хэлсэнчлэн өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн саналыг нам дотроо ч, зарим гишүүнд ч хэлсэн юм билээ. Надтай энэ талаар яриагүй. Яагаад болдоггүйн тухайд УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлөө өгчихвөл цаашид хууль бусаар юу ч хийж, хэнийг ч огцруулж болох юм байна гэсэн буруу жишиг тогтож, газар авах эрсдэл өндөртэй. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл бий. Үүнийг хуульчид, хууль тогтоогчид, иргэд сайн мэдэж байгаа. Энэ таван үндэслэлээр л огцруулна, өөрөөр ямар ч гарц байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хуульд байхгүй зургаа дахь үндэслэл буюу УИХ-ын 40 орчим гишүүн танаас огцрохыг шаардаж байна гээд байгаа юм. Яг тэр 40 орчим гишүүн гарын үсгээ зурсан албан ёсны бичиг баримт байхгүй.
-Тэдгээр гишүүд дахиад албан бичгээ өнгөрсөн даваа гаригт өглөө шүү дээ?
-Тийм сураг байна лээ. Гэхдээ хуульд ийм заалт байхгүй. Жишээ нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурж УИХ-д өргөн барьсан бол түүнийг авч хэлэлцэнэ гэсэн байдаг. Яг үүн шиг , жишээ нь “нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь гарын үсэг зурсан бол ч гэдэг юм уу тийм заалт хуульд байсан бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж болох байсан. Гэтэл УИХ-ын тухай хуульд ч, өнөөх таван үндэслэл дунд ч ийм заалт байхгүй.
-Ер нь ийм боломж нь яагаад хаалттай байдаг юм бэ. Угаасаа байгаагүй юм уу, байсныг нь өөрчлөөд хаалт болгочихсон юм уу?
-Угаасаа байгаагүй. УИХ-ын дарга асан З.Энхболд нэг ярилцлагадаа “УИХ-ын даргыг огцруулна гэдэг ер нь их хэцүү” гэж хэлж байсан удаатай. ОУПХ ч энэ талын хамгаалалтад онцгойлон анхаардаг. Энэ албан тушаалын онцлогийг харгалзаад өөрөө өргөдөл өгөх буюу Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах, эсвэл нас барах зэрэг маш тодорхой шалтгаанаар парламентын даргыг огцруулахаар заасан байдаг.
-Та Цэцийнхэнтэй УИХ-ын даргыг төлөөлж уулзсан уу. Хэзээ шийдвэр гарах бол?
-Би уулзаагүй.
-А.Эрдэнэцогт тэргүүтэй зарим хуульч МАН-ыг татан буулгах асуудлыг Дээд шүүхэд тавьж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг гэж байх эсэх тухай яригдах уу?
-Энэ бол тухайн хуульчид буюу уг асуудлыг тавьсан хуульчийн зүгээс “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархсан учраас МАН-ыг татан буулгах нь зүйтэй” гэсэн агуулгаар Улсын Дээд шүүхэд хандсан юм билээ. “Хууль бусаар авахаар завдсан, санаархсан” гэдгээрээ 60 тэрбумын хэрэг гэгчийн асуудлыг хөндсөн байгаа юм. Гэтэл тэр нь 2016 оноос хойш цагдаа, прокурор, Тагнуулын ерөнхий газар, АТГ-аар тус тус шалгагдаж хамгийн сүүлд прокурорын байгууллагаас “Энэ бол гэмт хэрэг биш” гэж үзээд хаасан байдаг. Хуулийн бүх шатны байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулийн байгууллагын шийдвэрийг л хүндэтгэж үзэх ёстой. Түүнээс биш улстөржсөн мэдэгдэл, хийрхлээр хуулийн байгууллагуудын шийдвэрийг үгүйсгэж болохгүй.
-Хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж “Төрийн албан тушаалыг хууль бусаар худалдах 60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг, “газрын наймаачин” гэдгийг хэлсэн Ерөнхий сайд гэмт хэргийн гэрч биш гэж үү. Мөн УИХ-ын даргыг “эрүүл биш” гэж хэлсэн хүмүүс хариуцлага хүлээх үү?
-“60 тэрбумын хэрэг” хэрхэн шалгагдсан тухай би дээр хэлсэн. Одоо ч дахиад Ажлын хэсэг гараад шалгаж байна. Шалгалтын ажил үргэлжилж, эцэслэн шийдэгдээгүй байхад “60 тэрбумын хэрэг үнэн”, “газрын наймаачин нь үнэн” гэх мэт хариуцлагагүй үгийг Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн хэлж болохгүй шүү дээ.
-Болохгүйгээс гадна хариуцлага хүлээхгүй гэж үү?
-Хэрэв гүтгүүлсэн буюу дээрх үгийг өөр дээрээ хаяглан хүлээж авч буй хүн шүүхэд гомдол гаргаад, хууль, шүүхийн байгууллага шалгаад гүтгэсэн байна гэж тогтоовол хариуцлага хүлээх л ёстой. Өөрөөр хэлбэл М.Энхболд иргэний хувиар гомдол гаргаж Цэцэд хандвал У.Хүрэлсүх гэрч болох магадлалтай.
-Хэрэв хэн нэгэн иргэн хуулийн байгууллагаар шалгагдаж гэмт хэрэг мөн болох нь тогтоогдсон хэргийг “би мэднэ, үнэн шүү дээ” гэвэл гэрч болчихмоор харагдах юм. Улстөрчид хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?
-Зөвхөн УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр халхавчилж амандаа орсныг, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэж, доромжилсон бол хариуцлага хүлээнэ.
-Тэгвэл УИХ-ын чуулганы индрээс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын даргыг ажлаа өгөхийг намын даргын хувиар шаардаж байна” гэж хэлсэн. Энэ үйлдэл хууль зөрчсөн үү?
-Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтална. Үүнд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, үндэсний эв нэгдэл зэргийг тодорхой нэрлэж, мөн “хууль дээдлэх ёсыг чанд биелүүлнэ” гэсэн заалт байдаг Мөн хуулийн 7.1-д “намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно” гэж заасан. Гэтэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ хоёр заалтыг шууд зөрчсөн. УИХ-аас томилогддог Ерөнхий сайд нь УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж байгаа нь намын даргын хувьд байж болох юм. Тэгэхээр хэдийгээр эрх барьж байгаа нам гэдэг утгаараа хандсан байж болох ч тус намын дүрэмд тийм агуулгатай заалт байхгүй.МАН-ын Бага хурлаараа төрийн өндөр албан тушаалтнуудынхаа асуудлыг ярьдаг байхаар намын дүрэмд заасан.Энэ дүрэмд Ерөнхий сайдын асуудлыг шийднэ гэж байдаг болохоос УИХ-ын даргыг огцруулах, томилох асуудлыг шийднэ гэсэн заалт байхгүй. Намын дүрмээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. УИХ-ын даргын талаар заалт байхгүй. Яагаад гэвэл Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын даргыг нийт гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Томилогддог биш сонгогддог албан тушаалтан.
-УИХ-ын дарга “60 тэрбумын хэрэг” гэгчээр дахин хэлэлцүүлэг явуулахыг ТББХ-нд чиглэл өгсөн. Энэ мэтээр хэдэн удаа хэлэлцүүлэг хийж, хэчнээн шалгуулаад ч эцсийн хариу гарна гэж үү?
-УИХ-ын дарга өнгөрсөн баасан гаригт “60 тэрбумын гэх хэрэг” гэгчээр дахин хэлэлцүүлэг явуулах үүргийг Төрийн байгуулалтын Байнгын хороонд өгсөн. Өнгөрсөн намар энэ асуудлыг хэлэлцэхийн тулд “нийтийн сонсгол дээр энэ асуудлыг тавьж хэлэлцүүлж болох уу” гэдгээр хуулийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл хуультай. Гэтэл прокурорын байгууллага зөвшөөрөөгүй юм билээ. Нийтийн сонсгол бол хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг биш шүү дээ. Тодорхой дэг журамтай. Нууцад хамаарах болон гэмт хэргийн эзэн, холбогдогч, шалгагдаж, сэжиглэгдэж байгаа хүмүүстэй холбоотой мэдээллийг хамаагүй дэлгэж болдоггүй. Нэгэнт удаа дараа шаардаад байгаа учраас УИХ-ын дарга уг хэлэлцүүлгийг явуулахаар үүрэг өгсөн. ТББХ энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх байх.
-Бойкот хийж буй гишүүд хариуцлага хүлээх үү?
-УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдэг шаардлага нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шаардлага. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод, Цэц тухайн гишүүний үйлдэл, тавьсан шаардлага Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Хуульчийн хувьд харахад зарим гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өг гэж хууль бусаар шаардаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхүйц алхам юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд ч тавих ёстой асуудал. Анзаараад байхад УИХ-ын зарим гишүүд УИХ-ын даргыг “хурал даргалагч гэж үзээд байх шиг. Хуралдаан даргалдаг нь үнэн. Гэхдээ энэ нь УИХ-ын даргад өгсөн Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1.1-ээс 11.1. 22 хүртэл 22 чиг үүргийн зөвхөн нэг үүрэг нь юм шүү дээ. Үүнээс гадна УИХ-ын дарга бол ҮАБЗ-ийн гишүүн. Тиймээс асуудалд хариуцлагатай хандах ёстой.
-Ээлжит бус чуулган зарлаагүй гэх үндэслэлийн тухайд?
-Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Уг бичиг гурван хувь байдаг, сольж өөрчлөх ямар ч боломжгүй. Өөрчилбөл ноцтой гэмт хэрэг болдог юм” гэдгийг нэг бус удаа тайлбарласан. Анхны 22 гишүүний гарын үсэгтэй албан тоотын тухайд УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болох боломжгүй.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би ч гэсэн УИХ-ын даргын ажлаа өгч байсан. Алдсан юм байхгүй. Та одоо өг” гэдгийг хэллээ. Ингэхэд Ц.Нямдорж даргын ажлаа өгсөн шалтгаан, үндэслэл, одоо М.Энхболд даргыг огцрох өргөдөл өгүүлэх шаардлагын хоорондох гол ялгааг хуулийн талаас нь хэлж өгөөч?
-УИХ-ын дарга бол тодорхой хариу хэлээд байгаа шүү дээ. “Үндсэн хуулийн Цэцээс намайг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна” гэсэн. Одоогоор Цэцийн дүгнэлт гараагүй байна. Таван үндэслэл нь таарч тохирохгүй, огцрох өргөдөл өгөх шалтгаан болохгүй байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаас огцроход хуульд засвар хийсэн гэдгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн л нэг нь шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.