Татварыг ажил хийдэг хүн бүр урсгасан хөлсөөрөө төлдөг. Татварын хэмжээ ихэдсэн нь хаягдсан үйлдвэр, өрөндөө зарагдсан ферм, ажил хайж гудамж элээн өлсөж яваа бүлэг хүмүүсээр харагдана”. Ф.Рузвэлт. 1932.  

Иргэдийн эрх, эрх чөлөө, хөрөнгийг хамгаалж, нийгмийн хөгжлийн хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангахын тулд төр засаг иргэдээсээ татвар авдаг. Татварын орлогоор үйл ажиллагааны зардлаа нөхөөд, үлдсэнээр нь хувь хүний хараахан хийж чадахгүй улс орны хөгжил дэвшилд хамаатай төслүүдийг хэрэгжүүлэх үүргийг төр засаг хүлээдэг.  Төр засгийн эрхэнд сонгогдон гарсан тодорхой этгээдүүд татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй болдог ч юунд, яаж зарцуулснаа тайлагнах сонирхол ардчилал бүрэн бэхжээгүй оронд бага байдаг. 

Тийм учраас татвар төлөгчид эвсэн нэгдэж төр засгийг татвараа бага байлгах, авсан татвараа нийтэд ашигтайгаар зарцуулахыг шаарддаг. Дэлхийн анхны татвар төлөгчдийн нийгэмлэг 1919 онд Австралид, дараа нь 1921 онд Швед улсад байгуулагдсан.  Улмаар Европын орнуудад шил шилээ даран үүссэн энэ хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, эдүгээ хамгийн эрчимтэй хөгжиж байгаа, хамгийн том сонирхлын бүлэг болжээ.

Монголд ч энэ хөдөлгөөн ардчиллын давалгаанаар түрэгдэн эхэлсэн бөгөөд  хамгийн сүүлд нэр нь өөрийгөө тод илэрхийлсэн “Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө” төрийн бус байгууллагыг бизнесийн салбарын хэсэг хүмүүс санаачлан байгуулжээ. Энэ байгууллага дэлхийн болон тивийн холбоонд нэгдэн орж, саяхан Сингапурт болсон Ази, Номхон далайн татвар төлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.


Засгийн газраа зардал багатай, үйл ажиллагааг нь ил тод байлгах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрчимтэй өсөлтийн үндсэн нөхцөл болохыг ардчилсан орны иргэд бүрэн ойлгодог учраас Татвар төлөгчдийн холбоо, эвсэл маш хурдан өсөн бойжиж байгаа юм.


Татвар төлөгчид засаг, төрдөө ийм байхыг шаардах хууль ёсны эрхтэй  хүмүүс бөгөөд тэд эвсэн, дуу хоолойгоо нэгтгэсэн улс орнуудад  төр, засаглал харьцангуй ил тод, иргэдээсээ сонгогдсон удирдлага нь хариуцлага хүлээдэг, улмаар эдийн засаг нь хурдан өсөж, хүмүүс нь сайн сайхан амьдардаг.

Татвар бага орны бизнесийн салбар ч өрсөлдөх чадвар илүүтэй байдаг. Татвар бага байх нь бас улс орны бүтээмжид эергээр нөлөөлдөг.


Монголын ажил олгогчид сайн чанарын боловсон хүчинтэй болохын тулд өндөр цалин олгох болдог, өндөр цалингийн татвар өндөр байдаг учраас манайд хөдөлмөрийн хөлс хэт доогуур байгаа билээ. Гол шалтгаан нь ажил эрхэлж буй хүн бүр олон төрлийн татвар төлбөрт дараатай, түүний дотор эрүүл мэнд, нийгмийн даатгал, орлогын татвар төлдөг.


Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр барууны оронд Бизнес удирдлагын мастер зэрэг хамгаалсан хүнийг сарын хоёр сая төгрөгийн цалингаар авахын тулд ажил олгогч нэмж 600 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгал, хүн амын орлогын татварт төлдөг. Энэ хүнийг авах ажил олгогчийн бодит зардал 2.6 сая төгрөг болж байна гэсэн үг. Гэтэл олон улсын болон гадаадын байгууллагууд ямар ч татвар төлдөггүй учир нөгөө хүнийг 2.0 саяар авдаг.

Цалин тухайн хүний бүтээж байгаа үнэ цэнийг бүрэн илэрхийлж чадахгүй бол эдийн засагт гажилт бий болдог. Манай улсад хөдөлмөрийн үнэлгээ илт доогуур. Жирийн ажилчин хүн хоёр автобус дамжин ажилдаа очдог бол сард гар дээрээ авч байгаа цалин нь нийтийн тээвэр, өдрийн хоолны зардлыг нь бараг даахгүй, гэр бүлд нь юу ч үлдэхгүй шахуу. 


Чухам тийм ч учраас жишээ нь, манай ажиллах хүчний бараг 10 хувь нь гадагшаа гарчихсан, хэрэв виз олдвол 90 хувь нь явахад бэлэн байгааг та бид сайн мэднэ. Дарга нар үүнийг засаж, иргэд нь эх орондоо амьдрах, ажиллах хэвийн нөхцөлийг бий болгохын оронд манайхаас улам олон хүн аваад өгөөч хэмээн очсон орон бүрээсээ гуйгаад явж байгаагийн цаад бодлого ер нь юу байдаг юм бол. 

Татвар бага байж, хувь хүн хийсэн бүтээснээсээ өөртөө үлдээх хэсэг нь их болбол бизнесээ өргөжүүлэн тэлэх боломж, хүсэл зориг нэмэгдэнэ. Тийм учраас татварыг бага байлгах, зөв зохистой зарцуулж байгаа эсэхийг татвар төлөгчид нийлж хянах шаардлага тулгарч байна. Төр засгийн дарга нар үнэндээ татварын мөнгийг юунд зарцуулж байгаагаа нуун хаацайлж, та бидний мөнгөөр тансаг машин унаж, эрүүл мэндийн өөрсдийн даатгалтай болчихсон байгаа.


Бидний сайн сайхан амьдралын баталгаа бол төр засаг биш, бид өөрсдөө.

Бид хийсэн бүтээснээ хураалгуулж байгаагийн хувьд төр засгаас шаардах эрхтэй, шаардах хэрэгтэй.

Татвар төлөгчид нэгдэгтүн.

2009-10-28