Хөгжлийн урт хугацааны бодлого ба нийгмийн зорилт
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдсны 1 жилийн ойд зориулав
Манай орон Үндсэн хуульдаа төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэхээ тунхагласан улс.
1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуульд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг Монголын ард түмний эрхэм зорилго хэмээн тунхагласан. Үүнээс үзэхэд, онолын хувьд Монгол улс бүх нийтийн сайн сайхан нийгмийн хөгжлийн загвар буюу өнөөгийн Европын нийгмийн хөгжлийн замаар замнахаар бодож, хууль, эрх зүйн үндсэн бүрэлдсэн ажээ.
Нийтийн сайн сайхан нийгэм буюу “Welfare state”-ийн үзэл санаа Монголын урт хугацааны тогтвортой хөгжлийн гүн ухааны үндэс байх учиртай гэж хэлж болно. Энэ ойлголтыг “халамжийн төр”, “ивээлт төр” гэх мэтээр олон янзаар орчуулж хэрэглэх тохиолдол бий. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол энэ нь иргэдийнхээ сайн сайхан амьдрах эдийн засаг, нийгмийн баталгааг ижил тэгш боломжийн үндсэн дээр бүрдүүлсэн төрийг ийнхүү нэрлэдэг. Дүгнэж үзвэл, Welfare state гэдгийг нийгмийн халамжийн тогтолцоог бүх нийтийн сайн сайхан байдлыг хангахад чиглүүлдэг улс гэж ойлгож болно.
Монгол Улс хөгжлийнхөө түвшин, өөрийн орны эдийн засгийн чадавхид зохицуулан нийгмийн зорилтуудыг дэвшүүлэн тавьж ирсэн. Түүний нэг нь “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн Цогц бодлого”-ын баримт бичиг юм. Харин бодлогоо хэрэгжүүлж чадсан эсэх нь өөр асуудал.
Энэхүү бодлогын баримт бичигт нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулах; жендерийн тэгш байдлыг хангах; гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлого; боловсролын хөгжил; эрүүл мэндийн хөгжил; соёл, урлагийн хөгжил; шинжлэх ухаан, технологийн хөгжил; нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн бодлого гэсэн 8 чиглэлээр 23 стратегийн зорилт, 109 дэд зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газар Мянганы хөгжлийн зорилтод өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан нэн ядуу хүний тоог 2005 онд 25 хувиар, 2015 онд 50 хувиар бууруулах, амьжиргааны доод түвшнээс бага орлоготой хүний тоог 2005 онд 50 хувиар, 2015 онд дахин 25 хувиар бууруулах зорилт тавьжээ.
Үндэсний хөгжлийн Цогц бодлогын хэрэгжилтийн талаар 2014 онд хийсэн дунд шатны хөндлөнгийн үнэлгээнээс үзэхэд ядуурал, ажилгүйдлийг бууруулах стратегийн үндсэн зорилт хамгийн хангалтгүй үнэлгээг авсан байна.
Мөн Монголын эдийн засаг сүүлийн 15 жилд үсрэнгүй өсч, нэн ядуу орны ангиллаас гарсан боловч эдийн засгийн өсөлт нь нийгмийн хөгжлийн хүсэн хүлээсэн үр дүнг авчираагүй байна. Монголын нийгэм өнөөдөр нийгмийн гүнзгий ялгаварлалд автаж, нэг хэсэг нь буюу олонхи нь ядуу, цөөнх нь хэт баян гэсэн хэн ч хүсэн хүлээгээгүй нийгмийн ялгаварт тогтолцоонд хүрчээ. ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Aзи, Номхон далайн газрын хэлтсийн дарга асан Стивен Барнетт нэгэн ярилцлагадаа: “... Эдийн засаг өссөн ч ард иргэдийн аж байдал тэр хэрээр сайжрахгүй байгаа бөгөөд баян болон ядуугийн ялгаа бүр ихэссэн” гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Тогтвортой хөгжлийн гүн ухааны үзэл санааны өөр нэгэн эх үндэс бол шударга ёс байх учиртай.Энэ бол нийтийн сайн сайхан нийгмийн хөгжлийн суурь зарчмын нэг ажээ.
Шударга ёс жинхэнэ утгаараа тогтсон тохиолдолд хөгжлийн чиг хандлага, улс үндэстний хөгжлийн загвараа зөв тодорхойлж чаддаг. Нэгэнт зөв тодорхойлогдсон хөгжлийн загвар биеллээ олох нь дамжиггүй. Норвегийн Ерөнхий сайд асанЕнс Столтенбэри (Jens Stoltenberg) “Бид баялагтай баян болохоосоо өмнө нийгмийн шударга ёсыг тогтоочихсон байсан юм” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ардчилал, шударга ёсыг жинхэнэ утгаар нь нутагшуулж чадвалбаян чинээлэг, хөгжингүй Монгол орныг бид төлөвшүүлж чадна. Гэтэл Монголын нийгэмд шударга ёсны зарчим өнөөг хүртэл ноцтой зөрчигдсөөр байгаа нь бодит үнэн.
Монголчууд бид Үндсэн хуулиа хэрэгжүүлэх 25 жилийн явцдаа ийнхүү хөгжлийн зам, загвараасаа хазайж, нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгуурлан эдийн засаг, нийгмийн өндөр хөгжилд хүрч, нийгмийн олонхи болсон дундаж давхаргыг бүрэлдүүлэх зорилгодоо хүрч чадаагүй л явна.
Зарим эрдэмтэн судлаачдын ярьж, бичиж байгаагаар “Манай хяналт тооцоогүй их мөнгөний урсгал, төсвийн алдагдал эдийн засаг, нийгмийг ядуурал, мухардалд хөтөлж байна. Иймээс эдийн засгийг философи, загварынх нь хувьд эрс шинэчлэх шаардлагатай болоод байна”.
Ийм ч учраас 2016 оны 2-р сарын 5-нд УИХ-аар улс төрийн намуудын нийгмийн зөвшилцөлд тулгуурлан батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн гүн ухааны үзэл санаа нь нийгмийн ардчилал болж өгсөн бөгөөд ядуурлын бүх төрлийг эцэс болгох, нийгмийн бүтэцд дундаж давхаргын хүн амд эзлэх хувийн жинг 80 хувьд хүргэх* гэх мэт нийгмийн салбарын зарчмын чанартай, томоохон зорилтуудыг дэвшүүлсэн билээ.
Монгол Улс эдийн засгийн оновчтой бодлогоор үндэсний салбаруудаа, тухайлбал малчин, тариаланчдын аж ахуйн эрхлэлт, үйлдвэрлэлийг эрчимжүүлж; үйлчилгээ, боловсруулах салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж; төрийн албан хаагчдын ажлын байрны тогтвортой, өндөр орлогыг хангах бодлогыг хэрэгжүүлж чадвал ажилгүйдлийг хумиж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, нийгмийн дундаж давхаргын хүрээг тууштай нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Хүн бол аливаа улс үндэсний жинхэнэ баялаг учраас хөгжлийн төвд хүнийг тавьсан ойлголт, хандлага дэлхий нийтэд түгээмэл дэлгэрч байгаа.
Хүн төвтэй хөгжлийн гол зорилтууд нь нийгмийн гишүүн бүр урт насалж, эрүүл энхбайх, чөлөөтэй сонголтоор насан туршдаа сурч боловсрон, өөрийн эрхэмлэн үздэг үнэт зүйл бүхий зорилгодоо хүрэхийн тулд бүтээлч амьдрах, нийгмийн баялагаас тэгш, шударга хүртэж, нийгмийн амьдралд тэр хэмжээгээр тэгш, шударга оролцож, хүн төрөлхтөний амьдралыг тэтгэгч эх дэлхий дээр хөгжлийг тогтвортой хангахад идэвхитэй оролцоход чиглэгдэж байна гэж хэлж болно.
Монгол Улсын 2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан гаргахдаа хүний хөгжил, нийгмийн салбарын ололт, дутагдлыг бодитойгоор зааж, түүнээс үүдэн энэ хүрээний гол зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн билээ.
Дэлхий нийтээрээ хүний хөгжлийн түвшинг хүн эрүүл байж, урт наслах; мэдлэг, боловсрол эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван нөхцөлийг багтаасан хүний хөгжлийн үзүүлэлтээр хэмжиж байна.
Монгол Улсын хүний хөгжлийн индексийн утга 1990 онд 0.552 байсан бол 2014 онд 0.727 болж,хүний хөгжлийн түвшингээрээ 188 орноос 90 дүгээрт буюу хүний хөгжлийн түвшингээр өндөр орны ангилалд багтах болсон. Энэ бол багагүй амжилт хэдий ч сэтгэл ханах үзүүлэлт бишээ.
2030 он хүртэл Монгол Улсын нийгмийн хөгжилд дараах шинэ сорилтууд тулгарч байна.
Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үр дүнд нийгмийн хүрээнд ядуурал бага багаар буурч байгаа ч орлого хуваарилалтын тэгш бус байдлыг илэрхийлдэг Жини коэффициент сүүлийн 5 жилийн дунджаар 0.3 байсаар байна.
Өнөөдөр Монголын хүн амын 21.6 хувь нь ядуугийн түвшинд буюу сард 114 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байна. Нийт өрхийн 42.04 хувь нь бага орлоготой буюу цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч, 634 мянга орчим хүн ядууралд өртсөн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 22 нь зайлшгүй шаардлагатай хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна.
Иймд ядуурлыг эцэс болгож, нийгэмд дундчуудын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар тэгш боломж бүхий орлогын ялгаа багатай дундаж болон чинээлэг дундчуудын давхарга давамгайлсан, эрх тэгш нийгмийг төлөвшүүлэх нь ирэх жилүүдийн нийгмийн тогтвортой хөгжлийн гол сорилт байх болно.
Бага орлоготой иргэдийн эдийн засгийн сонирхол, идэвхийг бууруулахгүй байх зарчимд үндэслэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн ялгавартай бодлогыг хэрэгжүүлэхийн хамт тогтвортой ажил, орлогын эх үүсвэртэй болгох замаар нийгмийн нэн ядуу, ядуу эмзэг бүлгийг дундаж давхаргад шилжих шилжилтийг хөхиүлэн дэмжих хэрэгтэй болно.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, ил тод байдлыг хангах, санхүүгийн нөөц бололцоог тэтгэмжийн бодлоготой уялдуулах шаардлага гарна.
Боловсролын салбарт нийт үзүүлэлт нь харьцангуй сайн харагдаж байгаа боловч Олон улсын чанарын үнэлгээ (PISA)-ний шалгалтад бүрэн хамрагдаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй боловсролын тогтолцоо нь уялдаагүй, насан туршийн боловсролын тогтолцоо хөгжөөгүй, сургуулийн өмнөх насны 100,000 хүртэлх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй зэрэг хүндрэлүүд оршисоор байна.
Нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл нь нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчилж, үндэсний онцлог, хүн амын насны бүтэцд нийцүүлэн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх учиртай.
Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар хөхиүлэн дэмжсэнээр ажилгүйдлийн түвшинг дорвитой бууруулах боломж бүрэлдэх бөгөөд тогтвортой ажил хөдөлмөр нь хүний хөгжлийг түргэсгэх, сөрөг нөлөөлөл, санамсаргүй үр дагаврыг бууруулж байгаагаар тогтвортой хөгжлийн нийгмийн салбарын шинэчлэлийн гол үндэс байх болно.
Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.Энхмандах
2017 оны 2 дугаар сарын 3
Улаанбаатар хот
*”Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, УБ., 2016, 25 дугаар тал
зочин
зочин