Сайранд түлхүүр бий
Тээр жил би албан ажлаар Каир хотод очиж билээ. Элчин сайд Сайраны хүү гээд нэг дэлдгэр шар банди байх. Англи сургуульд сурч буй гэнэ.
Сайран өөрөө их олон хэлтэй. Магадгүй, алтай овгийн ихэнх хэлээр ойлгодог цөөхөн хүний нэг ч байж болох. Жирийн малчны хүү тэрээр өөрийн үндэсний цөөнх болох хасгуудыгаа монголчуудтай холбох, Монгол орныг дэлхийтэй холбох, ойлголцуулах ажлыг гуч гаруй жил гүйцэтгэжээ. Мэдээж Сайран бол хөдөөний хүүхэд болохоор түүнээс хавьгүй илүү, цэвэр монголоор ярьдаг хотын хасагууд олон л доо. Гэхдээ монголчуудтай Сайран шиг төр засгийн шийдвэр гаргагчидтай эвийг нь олоод “тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” нутгаа төлөөлөөд яваа хүн тэр бүр үгүй. Тэрээр Монголын сүүлийн гурван Ерөнхийлөгчтэй бүгдэнтэй нь ойр дотно байж үзсэн магадгүй цорын ганц хүн шүү. Мэдэхийн хувьд хэлж байна. Манай гурав хоорондоо эв түнжин таарууг бүгдээрээ л гадарлах байх. Тэгэхээр энд Сайраны хүний эвийг олдог чадвар харагдаад байгаа биз?
Сайран хөөцөлдөж байж Коран судрыг Гомбосүрэн гуайгаар монгол хэлээр уянга төгөлдөр орчуулуулж авчээ. Энэ судар одоо хэвлэгдэж байна. “Исламын соёл”, “Исламын түүх” гээд зурагтай хөөрхөн хоёр ном монгол хэлээр бичиж хэвлүүллээ. Мэдээж монголчуудыг лалын шашинд оруулахыг зориогүй. Тийм боломж огт үгүй. Гэхдээ лалынхан гэхээр л байшин барилга дэлбэлж, хүн амьтан алаад явдаг юм шиг ойлголт сүүлийн үед их дэлгэрчээ. Лалын соёл иргэншил гэдэг бол нэн эртний гайхамшигт зүйл юм, Коран судар бол машид хүмүүнлэг гэгээрлийн сургаал юм гэдгийг монголчуудад ойлгуулах гэж л энэ бүхнийг хийжээ. Нэг үгэндээ шашны үл ойлголцол буй болохоос урьдчилан сэргийлсэн эм гэсэн үг.
Шашингүй үзлээр гурван үе дамжиж зэрлэгшсэн бидний үеийхнийг эргэж “хүн төрхөө олоход” Сайран их үүрэг гүйцэтгэсэн дээ. Түүнд бололцоо байсан болохоор хамгийн түрүүн Мэкка орж хаж болсон. Дараа нь олон хасаг өвгөчүүлийг дагуулж хаж болгосон. Хөөрхий өвгөчүүл лал шашинтны насны мөрөөдөл болсон энэ ариун газар очих байтугай дурсах ч эрхгүй насны намартай залгасан юм. Сайран хичнээн хүүхэд залуучууд сургуульд явуулсан гэж санана? Хэн ингэж чадсан билээ? Египтэд элчин байхдаа Монголоос 500 гаруй хүнийг тэдний зардлаар аваачиж сургалтанд хамруулсан байдаг. Цагдаа шүүхийнхэн хүртэл Каирт курст сурсан. Египт бол ядуу орон, гадны тусламж дэмжлэг их хүртдэг газар шүү дээ. Ерээд оны дундуур Монгол нэн ядуу байлаа. Юун гадагш нь өөрийн зардлаар хүн сургах. Гэтэл Сайран чадсан л байгаа юм даа. Элчин байхдаа өөрийн хөөцөлдлөгөөгөөр ийм олон хүн тухайн орондоо зардлаар нь аваачсан өөр дипломатч нэг ч байхгүй, үүнийг бардаагаар хэлж болно.
Сайран Монголын Ерөнхийлөгч болгоны Ойрхи Дорнод болон Арабын орнуудад хийх айлчлалыг зохион байгуулсан. Бүгд очоод л тэвэр дүүрэн бэлэгтэй, бөөн амлалттай ирдэг байлаа. Эрдэнэт Дарханы хатуу хучилттай замын мөнгийг хөөцөлдөж Кувейтийн сангаар гаргуулсан хүн нь Сайран. Тэрээр арабын олон язгууртан, ихэс дээдэстэй хувийн сайн найз нөхөр юм. Кувэйтийн ханхүүг тээр жил мань Сайран Монголд урин авчирч Дундговьд хээр газар майхантай хэд хонуулжээ. Ханхүүд тэр эгэлгүй уудам тал, зэрлэг онгон байгаль учиргүй таалагджээ. Буцахдаа Сайранаас эх орондоо юу хүсэж байгааг нь асуусан байна. Төрийн ордон Дунд Азийн хэд хэдэн оронд барьж өгсөнийг нь санасан тэрээр Монголын парламентийн ордон гуйжээ. Баян орны эрх мэдэлтэй хархүү тэр дор нь аав руугаа утасдаад таван минутын дараа 15 сая доллар шууд амлах нь тэр. Хожим тооцоо бодож үзээд өртгийг нь 20 сая болгосон байдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Катартай яриад сая баррель газрын тосыг тэдний онцгой квот гэгчид оруулж бэлэглүүлэхээр ярьчихсан байсан нь айлчлалын нэг том сюрприз байлаа.
Монгол орон өнөөдөр баяжиж байна. Манай газар шороон дор бараг триллион долларын баялаг байна. Үүнийг гаргаж бүтээгдэхүүн болгоход олон тэрбум доллар хэрэгтэй. Ганц уурхайд төдийгүй дагасан дэд бүтэц нь ланжгар юм болно. Бод л доо, Оюутолгой, Тавантолгойн баялагийг гадагш гаргахад хэрэгтэй төмөр замын төсөл гэхэд тэрбум доллар болж байна. Эдгээр уурхайг цахилгаанаар хангах станцын өртөг 3 тэрбум доллар болж байна. Тува, Шинжаан хоёрыг Монголоор дайруулж төмөр зам болон авто замаар холбох эдийн засгийн нөхцөл шаардлага бүрдчихээд байгаа боловч үүнд тэрбумаараа хөрөнгө хэрэгтэй.
Дэлхий даяар эрчим хүчний хямрал эхэллээ. Дагаад хүнсний үнэ галзуурч байна. Энэ нь юун түрүүн ядуу орнуудад хүндээр тусч өлсгөлөнгийн аюул учруулна. Иймээс бид юун түрүүн ядуурлаас яаралтай гарах хэрэгтэй байна шүү дээ. Бушуухан талхны мөнгөтэй болоё. Бидэнд байгаагаас байгалийн баялаг л байна. Ашигт малтмал газар дороо баялаг биш, гарч бүтээгдэхүүн болж байж мөнгө болно. Энийг буй болгохын тулд эхлээд бас л мөнгө хэрэгтэй. Мөнгөөр зодож байж мөнгө буй болгоно. Дэлхий дээр сул мөнгө хаа байна, Арабын орнуудад л байна. Яагаад? Баррель нь Югославын дайны үед буюу арван жилийн өмнө 8 доллар байсан нефть одоо 130 доллар гарчихлаа. Оны эцсээр 200 хүрнэ гээд байна, цаана чинь! Энэ их сул орлогыг газрын тос үйлдвэрлэгч хэдхэн орнууд хуваагаад өвөртөлчиж байгаа юм. Гэхдээ тэд сул мөнгөтэй гээд хамаа намбаагүй цацаад унадаг тэнэгүүд биш. Тэдэнтэй эвийг нь олж харьцвал мөнгийг нь зээлж болно. Усанд унасан шоргоолж дүүгээ гаргаж авахын тулд хөөрхий царцаа олон газраар хэсэж явсаар олс олж томоод дүүгээ авардаг үлгэрийг санаж байна уу? Бид тийм аврагч олс олохын тулд хүнээ олж мөнгө зээлэх хэрэгтэй. Тэднийг манай Сайран танина. Бүр сайн найз нөхөр. Тэднээс бишгүй нэг юм салгаж байсныг нь ч бид мэднэ. Нэг үгэндээ Сайранд түлхүүр нь байгаа. Ингэхээр түлхүүртэй Сайраныг цөмөөрөө ийм юманд нь зарвал ямар вэ? Хэрэгтэй л хүн дээ!
2008 оны 5 дугаар сар 9
Зочин
Иргэн
Зочин
ами
JS