Урд хөршийн удирдагч Си Зиньпин гэгч хэн бэ? Хэдэн жилийн өмнөөс л БНХАУ-ын тавдахь үеийн залгамжлагчаар тодроод байсан мань эрийн үг үйлдэл бүхэн ажиглагчдын анхааралд байсаар ирсэн.

Си овогт одоо хятадад заавал хийх ёстой улс төрийн шинэчлэлт, авлига зэргийг хэрхэн шийдэх бол? Ер нь Си Зиньпиний оронд өөр хэн ч байлаа үүнийг хийхээс өөр аргагүй. Хэрэв хятад улс авлигаа дундлахгүй бол шийдвэрлэх ёстой олон асуудал улам ужигирч, нийгмийн бухимдлыг овооруулна. Түүнчлэн хятадад эдийн засгийн саарч буй өсөлтийг барьж байхад улс төрийн уян хатан шийдвэр тун чухал байгаа учраас улс төрийн шинэчлэлтийг хийх л ёстой.

Си Зиньпин бол хаа очиж эдгээр асуудалд, ялангуяа авлигатай тэмцэх тал дээр зарчимч байр суурьтай явж ирснийг 1985 оноос Фузень мужийн Сямэнь хотын дэд даргын албан тушаал хашиж байхаас эхэлсэн нам төрийн ажлын туршлагаас нь харж болно.

Хожим 2000 онд Си Зиньпин Фузень мужийн дарга болсон тэр жилд хяналт шалгалтын байгууллага авлигатай холбоотой 1993 хэрэг шинээр илрүүлж, 1196 хүнийг шийтгэсний дотор 155 төрийн албан хаагч багтсан байдаг.

Дашрамд сонирхуулахад хятадад алдартай Лай Чансин гэгч контрабандчины авлигын хэрэг гэж бий. Ядуу тариачины хүү, бага ангийн боловсролтой Лай Чансин 80-аад онд бизнесээ эхлүүлж, 90-ээд он гэхэд долларын тэрбум болсон байв. Тэр хятадын түүхий нефтийн зургааны нэгийг контрабандаар оруулж ирдгээс болж хятадад нефтийн үнэ хэлбэлзэж, улсын эрчим хүчний бодлогод хүртэл нөлөөлж байсан гээд бод доо. Татвараас 30 тэрбум юань бултуулсан хүнд гар юм. Түүнийг баривчлахад ойр дотныхон нь гээд 84 хүн, холбоо сүлбээтэй 200 гаруй хүн шүүхэд дуудагдсан ба намын хороо, гааль, банк, цагдаагийнхан гээд ер бизнестээ холбоотой байж болох бүгдийг нь хахуульдаад авчихсан байж. 2000 онд хэрэг нь илэрэхэд Лай Чансин ах дүүтэйгээ Канад руу дүрвээд гарчихсан юм. (ноднин баривчлан хятадад авчирсан) Нийтдээ 600 гаруй хүн холбогдож ял авсан хамгийн том авлигын сүлжээг илрүүлж устгасан түүхэнд бичигдсэн дуулиант хэрэг гэдэг. Цуутай контрабандчин Лай Чансиний хэрэг Си Зиньпинийг Фузень мужийн дарга байх үед илэрсэн байдаг. Си Зиньпин уг хэргийн гардан илрүүлсэн гэхэд юу юм гэхдээ ядаж л энэ том хахуульд автаагүйг бодоход хангалттай.

2007 онд Си Зиньпин Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар гуравдугаар сард томилогдсоны дараа мэдээллийн хэрэгслээр түүнийг авлигын хэрэгтэй эвлэрч яваагүй, авлига, ялзралтай амжилттай тэмцэж чадах хүн хэмээн үнэлж байлаа.

Си Зиньпинг мөн улс төрийн шинэчлэлтийн талын хүн гэж үзэх үндэстэй. Ингэж үзсэний учир нь түүний эцэг Си Жунсуньтай холбоотой. Си Жунсунь 1980-аад оноос хятадад улс төрийн шинэчлэл хийхийг дэмжиж байсан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобантай санаа нийлсэн нөхөд байжээ. Эцэг Си нь 1990 онд БХАТИХ дээр Дөн Сяопин, Ян Шанкунь нарын нэрийг цохож 1989 оны оюутны бослогыг Тень Аньмэний талбайд зэвсгийн хүчээр дарсныг ил тод шүүмжилж байв. Си Зиньпин эцгийнхээ нөлөөг авсан байх тун магадтай ба орон нутагт алба хаших хугацаандаа ч, илүү өндөр албан тушаал хашиж байхдаа ч нээлттэй ил тод байдал, ард түмэнд эрх олгох тухай үгс хэлдэг байснаас үүнийг нь харж болох юм.

2003-2007 оны гуравдугаар сар хүртэл Си Зиньпин “Жө Синь” хэмээх бичгийн нэрээр “Жөзяны өдрийн сонин” дээр нийтлэл хэвлүүлдэг байсан тухай мэдээлэл бий бөгөөд түүний нийтлэлүүдийг улс төрийн хүчирхэг удирдан дагуулах чадвар шингээсэн хэмээдэг аж. Уг нийтлэлүүдэд суурь шатны удирдах албан хаагчдад зориулан “бидний сэтгэл зүрхэн дотор олон түмэн хэдийн чинээ том зай эзлэнэ, эргээд олон түмний сэтгэл зүрхэнд төдий чинээ байр суурь эзлэх болно”, “ард түмний дуу хоолойг зүрхээрээ сонсож, санаа бодлыг нь сэтгэлээрээ шинжиж байгууштай” гэх мэтээр бичиж байжээ.

Си Зиньпин гэж ямар хүн бэ гэдгийг хэвлэлээр цацагдсан мэдээллээс нэгтгэж харвал улс төрчийн дүр төрх нь дараах байдлаар бууж байна.

Дундыг баримтлагч:

Түүнчлэн Си Зиньпинийг “түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө” гэсэн үзэлтэй гэж дүгнэсэн байдаг. Си Зиньпин орон нутагт дээд удирдлагад байх хугацаандаа хятад даяар шуугиан дуулиан тарьсан хоёр хэрэгтэй тун ойрхон байсан. Нэг нь Лай Чансиний контрабандын хэрэг, нөгөө нь Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Лянюйгийн хэрэг. Энэ хоёр том хэргийн дараа Си Зиньпин голомтод нь байсан удирдагчийн хувьд тайван байдлыг эрхэмлэн, нөхцөл байдлыг ажиглаж дэврээхгүй байхыг чухалчилж байв. Аливаа эргэлтийн гэж болох иймэрхүү чухал мөчүүдэд Си Зиньпин алтан дундажийг бармталж, гуйвж дүйвдэггүй хэмээн үнэлэгддэг хувь хүний зан чанар нь хятадын тогтолцоонд яг тохирно гэгддэг байна.

Прагматик:

Си Зиньпин ажил хэрэгч зан чанартай, газар дээр нь асуудлыг шийдвэрлэдэг, иргэдийн санаа бодлыг сонсдог нь түүний онцлог тал хэмээн Шанхайд томилогдон ажиллаж байх үедээ үнэлэгдэж байв. Соёлын хувьсгалын хүнд үеийг туулсан нь ч түүнд романтиклаад суух биш асуудлыг бодитоор харах чанарыг суулгаа биз дээ.

Гаднаа зөөлөн, дотроо хатуу:

Си Зиньпин 2009 онд Мексикт хийсэн айлчлалын үеэрээ барууны сэтгүүлчдийн тавьсан Хятадын хүний эрхийн талаарх асуултад “Хятад улс нэгд хувьсгалыг экспортлоогүй, хоёрт өлсгөлөн ядуурлыг тараагаагүй, гуравт та нарыг хоргоогоогүй байгаа шүү” хэмээн эрс хариулсан нь зарим шинжээчийг ингэж дүгнэхэд хүргэсэн байдаг.

Харизматик:

Идэр залуудаа Си Зиньпин Шаньси мужийн Яньчуань тосгонд ажиллаж байгаад 1975 онд Цинхуа их сургуульд суралцахаар явах болсонд бүх тосгоноороо түүнийг үдэж хамтдаа 5, 6 км газар явжээ, зарим залуус бүр 30 гаруй км хүртэл газарт үдэж өгөхдөө хамт авахуулсан зураг нь байдаг. Тиймээс түүнийг хүнтэй эвтэй, бусдыг татаж чаддаг, харизматик чанартай гэж дүгнэж болох юм.

Саяхан намын даргын суудлаа аваад тайзнаа анх гарч ирэхдээ ч тэр, Ху Зиньтао шиг хөшүүн биш, инээмсэглэсэн, итгэл төрүүлэхүйц төрхтэй харизматик улс төрч гэж түүнийг олон хүн сайшаасан байдаг.

Ингээд харвал Си Зиньпин “хунтайж” гаралтай гэгддэг ч соёлын хувьсгалын хэлмэгдүүлэл, хүнд он жилийг залуу насандаа биерээ амсаж өнгөрүүлсэн. Эсэргүүний хүүхдийн хувиар хөдөө тосгонд очиж ажилласан туршлага нь түүнд асуудлыг бодитоор харах прагматик, ажил хэрэгч шинж чанарыг суулгасан бол түүний улс төрийн шинэчлэлийн үзэл санаа эцгийнх нь итгэл үнэмшил хийгээд өөрийнх нь ажлын туршлага болох нээлттэй хөгжингүй бүсэд ажилласан он жилүүдтэй холбоотой байж болох юм. Тиймээс Си Зиньпинийг шинэчлэгч байр суурьтай удирдагч байх болно гэж үзэж болно.

Си Зиньпиний тухай албан болон албан бус мэдээллүүд дотор дуулиан тарьсан үйл явдал нэн ховор бүү хэл нэг ч байхгүй гэхэд болохоор учраас түүнийг хий гаргадаггүй улс төрч гэж болно. Тэрээр хорь гаруй жил орон нутагт дээд удирдлагын алба хашсаны эцэст ажил хэрэгч, идэвхтэй, хянуур, прагматик, шударга, бас тун даруу хэмээн үнэлэгдсэн байдаг. Ийм нэгэн улс төрч урд хөршийг ирэх 10 жилд залах нь ээ.

"Үндэстний Тойм" сэтгүүлийн №44 дугаараас Г.Долгионы "Си Зиньпин гэгч хэн бэ" нийтлэлийг мөн уншиж болно.


 回应人权指责 习近平:中国又没折腾你们!
http://www.aboluowang.com/news/data/2009/0213/article_69472.html