Наадам болохгүй, найр болно
Солонгос, япончууд казино ажиллуулж байгаад баригдчихжээ.
2000 онд шинэхэн Ерөнхий сайдад хайртай гээд нэг хүүхэн сонинд ярилцлага өгчихжээ. Эх дагина боож үхэх шахаад шинэхэн Хуулийн сайд руу утас цохив. Нөгөө сайд нь садар самуун суртчилахыг хориглосон хуулийн заалт барьж байгаад сонинг хаалгаж орхив. Уг нь хуулиар тус яам сонинг хүссэн ч хүсээгүй ч байгааг нь бүртгэж авдаг газар болохоос дуртайгаа зөвшөөрч дургүйгээ хаадаг газар биш л дээ. Хүүхэд төрөхөд иргэний мэдээллийн газар “муухай хүүхэд байна, бүртгэхгүй” гэдэггүйтэй л адил. Хоёр дугаарт мээм нь гарсан хүүхнийг ганц тэр сониноос төдийгүй зурагт, интернэт гээд хаанаас л бол хаанаас харж болно. Ингэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд Монголын нутаг дээр иргэн хүн садар самуун зүйл харахгүйн тулд нүдээ аньж байгаад шээх ёстой гэж зарлигдаад ч яах юм билээ? Иймээс хянаж бололцоогүй, тодорхойлох аргагүй юман дээр хууль тогтоож болдоггүй. Үүнийг эртний Ромд мэддэг байжээ. Тодорхой бус хуультай байснаас хуульгүй нь дээр гэсэн аксиом эртний герег ромын хуулийн нэг гол зарчим байв. Учир нь ийм тохиолдолд хууль нэг мөр хэрэгжих биш тухай үед шийдвэр гаргагчийн үзэмжээр шийдэгдэх болчихдог. Эх дагинын хардлага бидний амьдарч байгаа нийгмийн зохицолдооны үндсэн зарчмыг алдагдуулчиж болж байгаа биз?
Сонгуулийн хууль гэж нэг марзан юм гарчээ. Яах ёстой, яавал хууль зөрчих, яасныг нь шийтгэх зэргийг Бурхан л ойлгох байх. Сонгуулийн хугацаанд Бурханыг Баттулга гэж нэрлэж байх бололтой. Сонин гар. Уржнангийн Хөвсгөлийн сонгуулийн дараа “таныхаа даалгаварыг биелүүлчихлээ” хэмээн одон горьдсон царай гарган рапортолж байсан нэгэн. Ер нь ардчилсан сонгууль хийдэг болсноос хойш Сонгуулийн хороон дарга гэж заавал марзан нөхөр байх ёстой нь хуульчлагдсан юм болов уу? Тээр жил үхсэн хүн сонгочихоод ичих ч үгүй өөрийгөө зөвтгөөд байсан нэг сайхан гар байв. Бие засах гэж байгаа юм шиг дүлээд алга болчихдог нэг дажгүй нөхрийг ч хошин шогийнхон амлаад авчихсан одоо болтол орлого олсоор явна. Иргэний бүртгэлийнхэн өдгөө 120 орчим мянган давхардсан хаягтай сонгогчийг илрүүлээд байгаа. Юутай ч эднийг 2005 оны сонгуульд хэрэглэсэн ба мань дүлэгнүүр үүнийг гарынхаа салаагаар хараад өнгөрсөн юм.
Баттулга Бурхан хэлж байнаа, Лувсанвандан сангийн суртчилгаа бол Лу. Болдын суртчилгаа мөн, Алтайгийн үүргэвчтэй аялал бол суртчилгаа биш. Бүр улаан цагаангүй зурагтаар тэгэж заралсан. Болд, Алтай хоюулантай нь би найз л даа. Энд зүгээр зарчим л ярьж байна. Мөн бишийг нь ялгаж чадаж байгаа, хариуг нь дор нь хэлж чадаж байгаа бурханы авъяасыг магтму. Булганы хөгжил ч гэх шиг бусад сангуудыг яах вэ? Герег ромын хуулийн зарчмаар бол хоёр хүн хоёр өөрөөр тайлбарлаж болохуйц тодорхой бус асуудлыг ерөөс хуульчилдаггүй аж.
Одоо яах вэ? Сонгуулийн хугацаанд нэр дэвшигч хоёроос илүү хэвлэлийн хуудас суртчилгаа гаргавал хөөгдөх бололтой. 24 хуудас өдөр тутмын сонины нэг хуудсанд суртчилгаа гарвал бүх сонингоор нь тооцох уу, тэр хуудсыг нь тооцох уу? Сэтгүүл их гаргацгааж байна, тэнд буй баавгайны үлгэр, технологийн ололт гэсэн хуудсууд суртчилгаанд тооцогдох уу? Гадаад ном орчуулж тарааж байна, орчуулсан тэр гэсэн хуудас нь тооцогдоод бусад нь гадагад эрдэмтний суртчилгаа баймаар юм? Урлагийн суртчилгаа хийвэл алуулах бололтой, гэтэл нэр дэвшигч зааланд хүн цуглах хооронд Ариунаагийн дууг тавьбал суртчилгаа болох уу? Горилогч нарын хэн ч заргаан сарын нэгэн хүртэл олны дунд ярьж болохгүй боловч горилогсодын ихэнх нь төрийн алба хааж байгаа учир өөрийнхөө уйтгартай ажлаа тайлагнаж байгаа байдлаар өнөөдүүл чинь зурагтаас салахаа болилоо. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх нь ром герегийн байтугай талын нүүдэлчин бидний ч хуулийн үндсэн зарчим биш бил үү?
Нэг увс нөхөр аймагтаа баруун солгойгүй мөнгө тарааж байна. Зурагтаар сайхан тод гарч байнаа. Үүнийг юу гэх вэ? Баттулга Бурханы тайлбар л мэднэ. Мань увсыг үлдэн хөөе гэтэл цаана нь яг адил зүйл ангитай бусдыг нь зурагтаар гарч баригдаагүй гээд зүгээр өнгөрөөх болж байна уу? Мөнгө болон эд хөрөнгийг ямар ч хэлбэрээр тараах түмэн арга бий. Гэрт нь мартаад явсан ч болно. Айл болгоноос нэг зүү хорин мянгаар худалдаж авсан ч яадгийм. Үнийг Засаг тогтоодог ч юм биш.
Сонгуулийн нэр дэвшигч болгон хууль зөрчигч боллоо. Хавтгайдаа! Энэ болгон нь өрсөлдөгчийн зүгээс баримтжина. Хууль нь тодорхой биш, эсвэл тодорхойлох аргагүй учраас хөдөлгөөн болгон хуулинд харш. Энэ нь аль ч ялагдсан өрсөлдөгчид хангалттай тайлбар болно. Энэ сонгуулийн ханш тэнгэрт хадсан. Ингэхээр хэн ч асар их мөнгө зарчихаад ялагдахыг хүсэхгүй. Сонгуулийн дүн гарсны маргааш бүгд шүүхдэнэ. Өнөө тодорхой биш хуулийг нь өрсөлдөгч нь зөрчсөн ч юм шиг, зөрчөөгүй ч юм шиг материалыг шүүхийн ширээ даахгүй болтол овоолно. Жагсаал цуглаан, суулт өлсгөлөнг зарлаж өгнө дөө. Үүнд хөлсөөр ажиллах сургуулилсан баагийнууд ажлаа хүлээгээд сууж байгаа. Сонгуулийн дүн гарахгүй, хэн ялсан болон ялагдсан нь ёстой ойлгомжгүй болно. Түрүүчийн их хурал тарж өгдөггүй, дараагийн хурал буй болж өгдөггүй. Шинэ Засгийн газрын тухай санаад ч хэрэггүй.
2004 онд нэлээд төстэй юм болсон. Сонгуулийн дүн гарах шөнө бүх холбоог тасалж, гэрэл унтраалаа. Будилаантуулах гэж тэр. Үүнийг гардсан хүмүүс ямар ч зэм хүртээгүй чимээгүй өнгөрсөн. Ерөнхий сайдын нам ялж чадаагүй учир хэд хоног чимээгүй байж байгаад нэг тэнэгээрээ “манай нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй” гэж албан ёсоор мэдэгдэл хэлүүлдэг юм. Тагнуулын газраар “Ардчилсан намын нууц төлөвлөгөө” гэдгийг зохиолгуулаад мэдээллийн хэрэгслэлээр тараав. Тэр нь аймаар, нуль хүчирхийлэл, төрийн эсрэг төлөвлөгөө. Ялагдсан Ерөнхий сайд уг төлөвлөгөөний дагуу эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн арга хэмжээ авахаар бэлдэв. Шинээр буй болж буй парламентийг Ерөнхийлөгч зарлах хууль бий. Гэтэл ялагдсан Ерөнхий сайд намаа хуралдуулан Ерөнхийлөгч Багабандийн ёс зүйг авч хэлэлцэн огцруулах шийд гаргахаар зүтгэв. Хуулиар хүчин төгөлдөр бус болсон парламент үүнийг хийх гээд байгаа хэрэг шүү дээ. Багабанди Ерөнхийлөгч шинэ их хурлыг зарлах гэхээр ялагдсан Ерөнхий сайдын нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гээд хөндлөн хэвтчихсэн. Эцэст нь яахав дээ, албан тушаалын хорхой өвчтэй Ардчилсан намын хэсэг нөхөд нэг нэгээрээ биенээсээ нуугдан Энхбаярт хадаг өргөн дагаар орсоор асуудал шийдэгдэх шатандаа орж мань хүн өөрөө шоронд биш Их хурлын даргын суудалд баталгаатай болж аваад арай гэж сонгуулийн дүнг хэсэгчлэн зөвшөөрсөн юм. Хэсэгчлэн гэдэг нь дөрөв таван тойргоос бусдыг нь байж болох хэрэг гэж ивээсэн хэрэг. Зарим мэдээгээр тэрээр төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан авч Ардчилсан намынхан жагсаал зохион байгуулж Зурагтыг эзэлснээр энэ төлөвлөгөөнд нь өөрийн эрхгүй засвар орсон гэдэг. Дөрвөн он найман оны бэлтгэл туршилт байлаа.
Одоо, сарын дараа сонгууль болсны маргааш бөөн маргаан улс даяар өрнөнө. Шинэ их хурлыг зарлан дуудах ёстой Ерөнхийлөгч маань энэ үүргээсээ татгалзана. Учир нь харсаар байтал энд тэндгүй хууль зөрчсөн баримт овоолоотой байхад хөөрхий тэгэх нь аргагүй, ард түмэн ч түүнийг ойлгон дэмжинэ. Ялангуяа хөлсөөр жагсагчид суугчид маш их ойлгон уухайлна. Сонгуулийг заавал шудрага л явуулна гэсэн 100 орчим олон нийтийн байгууллагад 360 орчим иргэд нэгдчихээд байна. Эдний ганц аврал нь, үнэнийг шүүгч нь Ерөнхийлөгч байх болно. Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ нэгдэнэ. Ингээд шинэ парламент бүрдэл болж чадахгүй гацна. Тэгээд яахав гэж үү? Үүнийгээ Ерөнхийлөгч маань хэдхэн хоногийн өмнө зурагтаар зарлаж орхисон. Бүх ард түмний санал асуулга явуулаад Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэж хоёргүй нэг утгаар мэдэгдсэн. Мань хүнийг энэ сонгуульд Хувьсгалт намыг ялагдуулахаар ажиллаж байгаа гэж олон ажиглагч гүтгэн хардаж байгаа юм. Энэ худлаа байх. Өөрөө ч үүнийг эрс үгүйсгэсэн. Тийм ч увайгүй хүн биш шүү гэж анхааруулсан. Мань хүн Монгол төрийн тогтолцоог ялагдуулах гэж байгаа өөр зорилготой. Тэрээр аль нэг улс төрийн намтай зөрчилдөөд байгаа юм биш, Монгол төртэй нэгийгээ үзэх гэж байгаа. Энэ сонгууль л түүнд магадгүй хамгийн сүүлчийн алтан бололцоог гаргаж өгч байна. “Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор БИ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхгүй, тэр нь өөр хүн байна” гэж зурагтаар ярина билээ. Субьект ярьж байгаа юм байх гэсэн чинь шулуухан өөрийгөө яриад унадаг байх нь!
Ваймэрийн бүгд найрамдах засаг ингэж л унасан юм даа...
J