Хотын дарга Д.Сумъяабазар бүх шатны шүүхээс давсан захирамжаар газар “дээрэмдэж” байна
Хотын дарга Д.Сумъяабазар бүх шатны шүүхээс давсан захирамжаар газар “дээрэмдэж” байна
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр номын сангийн барилгын ажлын явцад онцгой анхаарал тавьж холбогдох яамдын удирдлагууд, хотын удирдлагын бараг бүх даргатай хамт очиж асуудлыг яаралтай шийдэх гарцыг газар дээр нь шийдэх гэж сүртэй “десант” буулгасан. Номын сангийн барилгад онцгой анхаарсан нь нийслэлчүүдийн ашиг сонирхолд нийцсэн үйл явдал мөн боловч түүний дараах үйл явдлууд арай өөр сэжгийг төрүүлж эхэлсэн. Юу гэвэл, энэ өдрөөс хойш Үндэсний төв номын сангийн дэргэдэх барилга, байгууламжууд, тодорхой хэлбэл “Сант хаан” компаниболон тэдний газар дээр хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилга барьж буй хөрөнгө оруулагч “Харү констракшн” ХХК-ийн эрх ашиг, баригдаж буй 124 айлын оршин суух 16 давхар барилга, худалдан авах захиалга өгсөн иргэдийн эрх ашгийг хөндөж эхэлсэн байдаг юм.
Бодит баримтаар ч, шүүхийн тогтоосноор ч “Сант хаан” компанид СБД-ийн Засаг даргын 2004 оны 234 дүгээр захирамжаар тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0060530 дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2006 оны 4-р сарын 26-нд байгуулсан байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 418 дугаар захирамжаар нэгж талбарын 3010/0093 дугаартай 3254 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/9388, 2018 оны A/52 дугаар захирамжуудаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг тус тус сунгаж, газар эзэмших эрхийн 0003232276 дугаар гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгохоор шийдвэрлэжээ.
Мөн “Сантхаан” ХХК нь Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас A/490-1,46дугаартай архитектур төлбөрийн даалгавар авч, загвар зургийг батлуулсан байдаг бөгөөд 2017 онд барилгын ажлын зөвшөөрлийн 71*/2017 дугаартай гэрчилгээг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн зөвшөөрлийнхөө хугацааг 2021 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл сунгуулсан байна. Шүүхийн үндэслэл болсон энэ баримтууд “Сант хаан” компанийг эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчилж барилга байгууламж барилаа, Барилгын тухай хууль зөрчлөө гэсэн Нийслэлийн Засаг даргын 2018оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 захирамжийн хавсралтын 19 дэх хэсгийг хүчингүй болгоход хүргэсэн байдаг. Гэтэл анхан шатнаас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 9-ний А/1183 дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 9-ний А/1183 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн шийдвэр гарч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хамгийн сүүлийн байдлаар Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс яг энэ шийдвэр баталгаажиж “Энэхүү тогтоолд гомдол гаргах эрхгүй” гээд шүүгчид алхаа цохьчихоод байхад Хотын дарга захирамжаа гаргасан нь санаатай дээрэлхэж дээрэмдсэн хэрэг биш гэж үү?
Улс орны хөгжлийн явцад хуулийн шийдвэр өөрчлөхөө аргагүйд хүрч болох ч Үндсэн хуульд заасан хүний эрх, өмчийн эрх, МАН-ын 30-р Их хурлаар тунхаглаад байсан тэр Хүний эрхийн тухай сайхан үгс хаана очиж хэрэгжих вэ? Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн төлөө газрыг буцаан авахаас аргагүйд хүрсэн бол иргэд, хуулийн этгээдийг хүндэтгэн уулзаж, хохиролгүйгээр үлдээж байж “дээрэмдэх” ёстой. Мөн оронд нь улс оронд хэрэгтэй юуг хийж бүтээх гээд байгаа тайлбар нь ч үндэслэлтэй, баримт нотолгоотой байвал тухайн газрыг чөлөөлж өгч болно шүү дээ.
Одоогоор энэ газрыг Хотын даргын захирамжийн аргаар “дээрэмдэх” нь тодорхой болоод байна. Гэхдээ гурван шатны шүүхийн шийдвэрийг давж шийдвэр гарган яаравчлаад байгаа нь компаниуд, иргэдийн эрх ашгийг үл тоон “дээрэм” хийхээр шийдсэн улайрал хэдийнэ хүчээ авсны цаана ямар том хүч, яарах шалтгаан байгааг үйл явдлууд харуулж эхлээд байгаа юм.
“Сант хаан” ХХК Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/52 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3254 м.кв газрыг 2033он хүртэл эзэмшихээр гэрээ байгуулж гэрчилгээ авсан байдаг. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 23-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Сант хаан” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгоно гэдгээ мэдэгджээ. Уг мэдэгдэлд “2022 оны 3дугаар сарын 27-ны дотор ирж тайлбар хийнэ үү” гэсэнбайдаг. Гэтэл тайлбар хийхээс нь өмнө Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/441 дүгээр захирамжаар хүчингүй болгочихжээ. Хотын даргын энэ шийдвэрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 3 дугаар сарын 29-нд шуудангаар илгээсэн нь 2022 оны 3 дугаар сарын 30-нд тухайн компанийн удирдлагуудын гар дээр очжээ. Хотын даргын захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг цуцалсан шалтгаанаа “мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул…” хэмээн тайбарлажээ.
Гэвч энэ үндэслэл нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар Хотын даргын 2020 оны A/1183 тоотзахирамж буруутай болохыг тогтоож Дээд шүүхээс “энэхүү тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан. Гэтэл шүүхийн ийм шийдвэрүүд байсаар байтал Хотын дарга 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/441дүгээр захирамжаараа ийнхүү “давж” шийдвэр гаргаад байгааг Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, уг газрыг эзэмшигч “Сантхаан” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгынболон Газрын тухай хууль, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна” гэх үндэслэлийг нь яг давтан гурван шатны шүүхээс давсан Захирамж гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийн цаана тухайн газрыг өмчлөгчдөөс нь болон хөрөнгө оруулагчдаас нь “дээрэмдэх” үйл ажиллагаа анхаарал татаж байна.
Эндээс үзэхэд байршил сайтай энэ газрын нөхцөл байдалтай тухайн үед Ерөнхий сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очиж танилцсан үеэс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа руу төрийн байгууллагуудын хууль зөрчсөн шийдвэрүүд “дарамт” болон ирж эхэлсэн байгаа юм.
Хотын даргын энэхүү захирамжийн сонирхол татсан бас нэг тал нь Газрын тухай хуулийн заалтыг огт дурдаагүй байдаг. Энэ нь холбогдох хуулийг төдийгүй Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр учраас Үндсэн хуулийн Цэцэд хандах болно.
Дүгнэж хэлэхэд, тэд нэгэнт шүүхийн захирамжийн давж “дээрэмдэх” нь бараг гарцаагүй болчихлоо. Харин хууль ёсны газрын эзэн болон тухайн газар дээр хөрөнгө оруулсан компанийн хөрөнгө оруулалт, тэнд орон сууцтай болохоор захиалгаа өгсөн 40 гаруй иргэдийн таван тэрбум орчим төгрөг, нийт долоон тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой. Энэ бол ЗААВАЛ!