Мөнгөөр тархиа орлуулахуй
Форэст Гамп гэж аугаа кино бий. Үзээд ханашгүй. Мань Гамп нэлээдгүй зүүлэг нэгэн. Оюуны хомсдолтой биш гэхэд юутай ч дутагдалтай. Гэхдээ их зөв сайхан хүн
Баячууд, ядуучуудын хооронд мөнхийн зөрчил байсан. Өнө эртнээс хэн баян байв? Мэдээж эрх барих язгууртнууд. Цэргийн эрхтэн нар. Эд бол цаанаасаа баян байх учир жанцантай улс. Хүлээн зөвшөөрөгдсөн. Гэтэл худалдаачид гэж өөр нэг баян давхрага байв. Урьдын цагт үйлдвэр, үйлчилгээ гээд өнөөгийнх шиг юм байсангүй. Мөнгөний эргэлт хийж болох ганц салбар нь арилжаа наймаа. Иймээс чухамхүү худалдаачдыг бүгдээрээ үзэн яддаг байлаа. Нийтээр шүү. Есүс тэднийг сүмээс хөөхийг шаардаж байв. Күнз, Будда, Мохамэд нар ч тэдэнд талтай хандаж байсангүй. Чухамдаа худалдаа наймаа их эрхэлдэг учраас жүүд үндэстнийг бусад нь гадуурхана. Маркс мөнгөтэй хүмүүсийг хүйгээр нь устгахыг шаардаж байлаа. Онолыг нь дагасан манайд өнөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйг панзчин авгай л гэхээс өөрөөр нэрлэж байсангүй.
Мөнгөтэй хүмүүсийг оюунтнууд үздэггүй байлаа. Өрөндөө баригдсан Бальзак “Гобсэк” зохиолоо өлөн нойтонгоороо туурвина. Дантэ, Гоголь нар тэднийг хуйхалж байлаа. Аугаа эрдэмтэн Галиллэй, да Винчи, зураач Рэмбрандт, ван Гог, хөгжмийн зохиолч Моцарт, Бетховэн, сэтгэгч Вольтэр, Диогэн, Достоевский гээд үе үеийн оюунтнууд ядуу зүдүү, мөнгөний мөнхийн гачаалтай, хөөгдөж туугдсан, гадуурхагдсан хүмүүс байлаа. Оюуны гайхамшигт тэсрэлт мөнгө болж хувирдаггүй байв. Да Винчиг ХIХ зуун болтол хүмүүс мэддэггүй байлаа. Бүтээл нь хэдхэн баячууд язгууртны хүрээнд эргэлдэнэ. Копэрник нарыг зогсоож дэлхийг эргэлдүүлсэн нь эргээд ямар ч баялаг болсонгүй, харин ч гай гамшиг дагуулав. Вольтэрийн хэрүүл түүнийг эх нутгаасаа амь тэмцэн зугтаахад хүргэжээ. Лобачевский геометрйн бүхэл бүтэн цоо шинэ огторгуй нээснээрээ юун мөнгө олох, галзуугийн больницод хүргэгдсэн. Хорвоог оюунтнууд хөтөлдөг, гэвч тэд гуйлгачин явах заяатай аж.
Оюун эзэмшигчдийн зүгээс мөнгө эзэмшигчдийг хүлээн зөвшөөрсөн эхний сартваахи нь Адам Смит байлаа. Чөлөөт худалдаа нь нийгмийн хөгжлийг урагшлуулах мотор мөн болохыг тэрээр нээжээ. Ингэхээр худалдаачид гэдэг тийм ч муу хүмүүс биш бололтой. Магадгүй сайн ч хүмүүс байх. Торгоны зам, Бритиш Ийст Индиа компанигүйгээр дундад зууны хөгжил байх ч байсан юм уу? Наймаачдыг учиргүй хүндэтгээд байхаа байг гэхэд чөлөөт худалдааг өөрийг нь боож хаагаад байхгүй бол энэ нь Үндэсний баялаг болдог аж. Ингээд чөлөөт худалдаа буй болсноор Аж үйлдвэржилтийн хувьсгал боллоо. Нийгэмд гагц арилжаа наймаа төдийгүй үйлдвэр үйлчилгээ гээд үй түмэн бизнесийн салбар шинээр нээгдэх нь тэр. Мөнгөтэй хүн олширлоо, мөнгийг хэн ч эзэмшдэг болов. Харин ч цаанаасаа мөнгөтэй байх заяатай язгууртан, сүм хийдийнхэн, цэргийн эрхтэн дархтанууд удаа дараагийн хувьсгалаар түлхэн унагагдав.
Хэзээ ч мөнгөн утгаар үнэлэгддэггүй байсан оюун ухаан “зах зээлд” гарлаа. Дюма, Толстой нар зохиолоороо амьддаа асар их мөнгө хийсэн анхны оюунтнууд байв. Пикассо бүтээлээ тэр дор нь толгой эргэм мөнгөөр зарна. Кэйнсийн зөвөлгөө ямар их үнэтэй байсан гэж санана. Эдисоны загвар, шинэ санаачлага дор бүрнээ л үйлдвэрлэлд шилжиж байв. Оюунтнууд өөрснөө бизнес эрхлэгчид болох нь ховор зүйл биш болжээ. Харри Потэрийн ээж Ровлин тэрбум доллар хийсэн анхны зохиолч боллоо. Спилбэрг аугаа найруулагч уу, мөнгөний машин уу? Дундад зууны үед нийгмийн зиндаагаар дөнгөж гудамжны янханы дээр л тооцогддог байсан жүжигчид өнөөдөр алтан жорлон сандайлсан, тэнгэрийн одыг бүдэгрүүлэгчид болжээ. “Миний нээлт бүтээлийг хойч үе л ойлгоно” гэх маягийн хэллэг зөвхөн шизотой хүмүүст л хамаарах болов. Зах зээл шилдэг бүхнийг өөрөө шүүн илрүүлж ховх сорон дор нь баялаг болгоно. Аугаа оюунтныг байтугай олигтой оюутныг ч урдуураа гаргахгүй олж илрүүлэн мөнгө болгодог өнөөгийн прагматик ертөнц!
Мөнгө бол нийгмийн эд эс болгонд хүрч шим тэжээл өгөгч цус. Мөнгөгүй нийгэм байгуулах гэсэн Кампучийн туршилт сүйрлээр дууссан. Орчин үеийн Америкийг босгож ирсэн Рокфэллэр, Карнеги, Морган гурав энэ бүхнээ мөнгөний асар том цутгалан эргэлтээр бүтээжээ. Чухам тэр их мөнгө нь Фордын конвейрийн машинаар эргэлдсэн юм. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно, тэрбайтугай оюун ухааныг худалдан аваад өөртөө зарцалж болно. Мөнгө, мөнгө, мөнгө!
Гэвч ямар ч их мөнгө оюуныг орлож чадахгүй. Мөнгөөр ухаан ч олдохгүй, авъяас ч олдохгүй. Мөнгийг зах зээл буй болгодог бол оюуныг Бурхан бүтээдэг юм. “Тийм л их ухаантай юм бол яагаад мөнгөгүй байгаа юм?” гэсэн америк маягийн ёжлол бол бүдүүлгийн туйл. Их сайн цайруулж бодоход энэ нь авъяас чадвараа борлуулах хэрэгтэй л гэсэн сануулга байх. Мөнгө бол тэжээл болохоос тархи биш. Прагматик нь хэтэрсэн америкчууд “Баян аав, ядуу аав” гэсэн ном бичиж зах зээлд гарган их мөнгө олжээ. Оюуныг басамжилж, наймаачдыг аминдаа их л өндөрт өргөсөн байх юм. Худалдаачид мандтугай, Адам Смитийн зөв. Гэхдээ хөл доороо, тархи дээрээ байдаг хорвоогийн жам хэвээрээ шүү дээ. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр Адам Смит нийгмийн жам яриадахсан чинь оюун ухааныг “ядуу аав” гэж басамжилдаг байх нь! Рокфэллэр мөнгөний тулам болох бололцоог Бэнжамин Франклин сэтгэж байж буй болгосон нь мартагдах нь.
Орчин үеийн Солонгосыг “Самсунг”, Японыг “Сони”, Америкийг “Форд” босгож ирсэн нь үнэн. Тэд нийгмээ урагш чирж, бусдыгаа хооллож яваа нь ч үнэн. Гэхдээ энэ бол хөл, тархины зөв хослол. Эс болгонд цус хүрэлцэн очиж хүчилтөрөгчөөр хангадаг боловч энэ бүхнийг тархинаас зохицуулдаг. Мөнгийг үзэн яддаг дундад зууны сэхээтний үзэл нэг талын хэтрүүлэл боловч оюуныг басамжлах гэсэн өнөөгийн улаан нүдтэнгүүдийн увайгүй оролдлого үүнээс ч муухай огиудас хүрэм туйлшрал. Форэст Гамп тэрбум доллар олчиж чадсан боловч тэр хэзээ ч эрдэмтэн болж чадахгүй. Шоглоомтой нь луйварчин, хулгайч, зальхай амьтад бас мөнгөтэй болчиж чаддаг. Тэр дундаа хөндий тархиа хэтэвч болгочихсон, төлөвших яагаа ч үгүй манай хагас луйварчид хүндэтгэл хүлээхээсээ ой гутаана. Тэдэнтэй хөл толгой заавал залгагддаг тухай битгий хэл ердийн шудрага ёс, моралийн талаар ярилцаад ойлголцох уу? Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл...?!
DR. ADITY
DR. ADITYA
DR. ADITYA
Зочин
Баабарт
Баабарт
Болор