-Гэвч эцсийн дүнд тэрээр Монголын Засгийн газартай эвлэрэх санал тавихаар болжээ-

“Алтандорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок  Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум ам.доллар нэхэмжлээд байгаа. Тэрээр Монгол Улсын зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг Нэхэмжлэгчийн эсрэг ялгаварлан гадуурхах хэлбэрээр хэрэгжүүлж, татвар хураамжаар дарамтлах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн өмч болгох  бодлого явуулж, их хэмжээгээр хохироосон нь ОХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг ноцтойгоор зөрчсөн гэж үзэн уг мөнгийг нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар олон улсын арбитр ХБНГУ-ын Франкфурт хотноо дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 1-нд болсон бөгөөд манай талаас ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл, АНУ-ын өмгөөллийн пүүс болох Милбанк, Твиид энд Маклой компанийн өмгөөлөгчид оролцсон юм. Уг арбитрын хуралдааны шийдвэр 2009 оны эцсээр гарна гэж байсан шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хугацаа нь хойшилсон байна. Тухайлбал, ОХУ-ын харъяат С.В.Паушок Монголд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа аж. Учир нь, тэрээр мөнгө угаах зорилгоор Монголын банкуудаас  их хэмжээний мөнгө ямар ч хүүгүйгээр авдаг байсан бөгөөд энэ явдал банкны олон ажилтныг хэрэгт унагаж мэдэхээр болоод байгаа гэнэ. Алт барьцаалсан гэж байгаа ч энэ нь зөвхөн цаасан дээр л үйлдэгдсэн хуурамч гэрээ, хэлэлцээр байсан аж. С.В.Паушокийн энэхүү луйврыг манай тал илрүүлээд байгаа ба үүнээс үзэхэд хэргийнх нь зүйл анги ч улам хүндрэх бололтой байна. АТГ-аас С.В.Паушокийг сэжигтнээр татан шалгаж, түүний эзэмшлийн зургаан компанийнх нь бүх эд хөрөнгийг битүүмжлэн, санхүүгийнх нь гүйлгээг хүртэл хаагаад байгаа. Арбитрийн шүүхэд ялалт байгуулна хэмээн бардамнаж байсан тэрээр ийнхүү булхай, луйвар нь эхнээсээ илэрсэнд балмагдсандаа тэр үү Монголын Засгийн газартай эвлэрэх санал тавих боломжийг судалж эхэлсэн. Мөн өнөөдрийн байдлаар С.В.Паушок заргаа авахын тулд 11 тэрбум төгрөг зарцуулаад байгаа тухай ойрын эх сурвалж мэдээлж байна.

У.Шагай