Он гарснаас хойш хоёр дүүрэг, нэг аймгийн Засаг дарга суудлаасаа ганхсаныг эс тооцвол улс төрийн амьдралд халаа сэлгээ болоогүй. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг өөрөө өргөдлөө өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай мэдээлэл бараг бүх хэвлэлээр нэгэн зэрэг гарсан. Гэтэл энэхүү мэдээллийг зохион байгуулалттай нисгэсэн “бор шувуу” гэж прокурорынхон мэдэгджээ. Ерөнхий прокурор М.Алтанхуяг Солонгост арав хоног эмчилгээ хийлгээд өнөөдрөөс эх орондоо ирж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Түүнийг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үгүйг өөрийнх нь амнаас сонсохоор хэвлэлийнхэн хөөцөлдөж явна. Харин ойрмогхон Монголбанкны зарим удирдлагыг өөрчлөхөөр ярьж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг албан тушаалаас нь өөрчлөхгүй байхаар тогтсон байна. Томилогдоод удаагүй байгаа болохоор ажил хийж тодорхой үр дүн гаргах цаг хугацаа олгох ёстой гэдэг дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хатуу байр суурь баримталж байгаа юм билээ. Харин тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг өөрчлөхөөр АН, МАХН-ынхан тохиролцжээ. Монголбанкны одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуягийг “Анод”, “Зоос” банкны дампууралд буруутгаж, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргалыг албан үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна гэдэг үндэслэлээр халаа сэлгээ хийхээр болсон бололтой юм. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох ёстой хэмээн хэд хэдэн удаа шахалт үзүүлснийхээ хариуд тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал дээр өөрийнхөө намын хүнийг томилуулах тохиролцоо хийсэн тухай шуугиж эхэллээ. Б.Энххуяг, Д.Энхжаргал нарын оронд Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан Х.Золжаргал, Банкны холбооны тэргүүнээр ажиллаж байсан Г.Цэрэнпүрэв нарын нэрийг АН, МАХН-ын удирдлагуудын төвшинд ярилцаж байгаа юм байна. Хамгийн гол нь гэнэтийн энэ томилгоо Монгол Улсын банкны салбарт үүсээд буй савлагааг зогсоож чадах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Юутай ч УИХ ойрын үед Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийг шинээр томилох нь тодорхой болжээ.

Харин ИНЕГ-ын одоогийн болон өмнөх дарга нарын дунд хэвлэлээр дэгдээд буй дажин хэзээ төгсөх нь тодорхойгүй хэвээр. Шинэ дарга нь албаа өгөхгүй хэмээн гэдийж, өмнөх дарга нь болохоор хуучнаа санагалзан гэгэлзсээр байгаа бололтой юм билээ. Гэхдээ зарим эх сурвалжийн өгүүлж буйгаас үзэхэд ИНЕГ-ын одоогийн дарга Давааг албан тугаалаас нь өөрчлөх, өмнөх дарга С.Батмөнхийг дахин томилох кампанит ажлын нууц ноёнтон нь Шадар сайд М.Энхболдыг гэлцэж байгаа юм. Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргаар С.Батмөнхийг дахин томилно гэсэн яриа ч Төрийн ордонд таржээ. Харин салбар хариуцсан сайд Х.Баттулга ИНЕГ-т халаа сэлгээ хийх бодолгүй байгаа юм билээ. Юутай ч ойрын өдрүүдэд халаа сэлгээ, шинэ томилгоо хийгдэх нь.    

Б.Түвшинтөгс