Яагаад Сү.Батболд гэж?

МАХН-ынхан одоо даажигнаад байгаа юм уу хаашаа юм. очиж, очиж Сү.Батболдыг Ерөнхий сайд болгодог нь. “Чингис” зочид буудлыг төгрөг долларын ханшны зөрүүгээр сул шахам авч бизнесээ улстөрөөр угжуулж болох юм гэдгийг анх ойлгосон энэ хүн МАХН-д ердөө саяхан, яг 21 дүгээр зууны босго давахад л элссэн залуу гишүүн. 43 тонн алтны нөөцтэй Бороогийн алтны ордыг сүйтгэсэн. Хамгийн сүүлийн гай нь Нарантолгойн ордыг хятадуудад зарж, цаадуул нь уг ордын алтыг угаах гэж авчирсан мөнгөн усаа “Богд-Ар” хороололд асгаж сүйд хийх шахсан.

Сү.Батболд аймхай, тэр хирээрээ сүрхий мэдрэмжтэй Н.Энхбаяраас хөндийрсөн дүр эсгэж, Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргээс жийгээд, С.Баяртай ойртож шадарласан юм. Одоо тэрээр богино настай Засгийн газрын толгойд гарлаа. Энэ бол хувь заяаны шоглоом, МАХН Ерөнхий сайдаа Оросуудад аманд өгөөш болгосных нь төлөө өрөвдөж л байна. гадаад нөхцөл байдлыг талаар өмнө бичсэн тул товчилж, дотоод хүчин зүйлийг  шинжилье.

МАХН-ын нэр хүнд С.Баярын нэрэн дээр тогтож байсан юм. 2008 онд чухам С.Баяр л МАХН-ыг үхлээс аварч, дараа нь хамтарсан Засгийн газар байгуулснаар хоёр дахь үхлээс нь аварсан. Мөн тэр намаасаа Н.ЭНхбаярын нөлөөг шахан гаргаснаараа экс дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн нэр хүндийг зольж, намаа аварсан билээ. Мөн тэр саяхан Ерөнхий сайдын суудлаас татгалзсанаараа улстөрийн алсын хараатай тоглолт хийж, намаа гурав дахь удаагаа аврахыг оролдож байна. Яагаад авраад байна вэ? гэвэл 2008 онд МАХН ялагдсан бол, 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа МАХН ганцаардсан бол, Н.ЭНхбаяр намаа хуваахыг оролдсон бол энэ нам үхлийн цохилт авах байсан. Харин С.Баяр л нүсэр армиа дагуулан энэ бүх сааль загыг тойрч гараад байна. Үүнийх төлөө лав л МАХН-ын аллагаар нөгөө ертөцөд очигсдын сүнс сүлд түүнд таатай хандахгүй.

Харин сүүлийн үед яагаад Н.Энхбаярыг оролдохоо больчихов? Н.Энхбаярын нөлөөг намдаа бууруулах тэмцэл үүнээс хэтэрвэл МАХН-д хэтэрхий их хохирол авчрахыг тэр харсан байна. С.Баяр Оюу толгойн гэрээг батлуулахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэг хүссэн ба хариуд нь тэр авилгачидтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх, бүр болдоггүй юм гэхэд чимээгүй суух тохиролцоо хийсэн байв. Яагаад гэвэл тэр тэмцэх авилгачид нь хуугаараа МАХН-ынхан. Гэтэл С.Баяр Ерөнхий сайдаас татгалзсанаараа өөрийгөө томоохон үүргээс чөлөөлчихлөө. Ерөнхийлөгч хийдгээ хийсэн, Ерөнхий сайд өртэй байв. Гэвч Ерөнхий сайдаа больчихоор яахав?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дарга Сангарагчааг дуудаж уулзахдаа “Н.Энхбаярыг шалга” гэж шууд шахсаны учир энэ тохиролцоонд байсан юм.

Тасалдал

Эхлээд хоёр тал хэлсэндээ хүрч байгаа мэт харагдаж байлаа. С.Баяр Н.Энхбаярыг дэвшүүлээгүй ба хариуд нь АН Д.Зоригтын эсрэг сул хүн хаяад, оронд С.Эрдэнийг оруулж авчээ. Н.Энхбаяр бүхнийг мэдэж байсан тул бүх хүчээрээ Р.Бурмааг дэмжиж хорслоо тайлахыг оролдов. Р.Бурмаа өндөр рейтингтэй тул ялж магадгүй гэж боджээ, гэвч тэр яг 2009 оны сонгуулийн алдаагаа гаргав. Тэгэхэд МАХН Н.Энхбаярг хаясан бол нөхөнд АН Р.Бурмааг хаячихжээ. Сонгуулийн санал хураалтын өмнөх долоо хоногт Г.Өсөхбаяр аварга цолныхоо найранд урихаар очиход сэтгэлээр унаж, туйлдсан Н.Энхбаяр баахан бичиг цаас урж шидэлж байгааг анзаарчээ. Сонгуульд Д.Зоригт ялав. Үүний дараа МАХН-ын залуучууд Н.Энхбаярыг бүрмөсөн сүйтгэхээр бэлтгэж байв. Хотыхныг эс тооцвол МАХН-д томоохон бүлэглэл үлдээгүй ба шинэ бүрэлдэж буй залуучуудын фракцад гай болох бүлэглэл нь Н.Энхбаярынх байж болзошгүй. Тиймээс намаас  дарсан дээр нэмчихвэл бүрмөсөн дуусна гэж тооцож байжээ.

С.Баяр залуучуудтай тохирсон ёсоор Ерөнхий сайдаа өгөв. Эндээс тасалдал үүсчээ. Яагаад Сү.Батболдыг гэж? С.Баяр Н.Энхбаярыг аварч үлдэхээр шийджээ. Хэрэв тэгэхгүй бол МАХН нэгмөсөн сүйрэх юм. МАХН Н.Энхбаярыг дангаар нь зольж чадахгүй, авилгын хэрэгт үй олноороо хамагдана, нөгөө талаас хэд хэдэн хүндхэн цохилтын дараа Н.Энхбаярын бүлэглэл бүрмөсөн сүйрчээ. Харин залуучуудын бүлэглэл толгойгоо өндийлгөж эхлэв. Тэнцвэр олох хэрэгтэй байлаа. Ийм нөхцөлд дундын Сү.Батболдыг Ерөнхий сайд болгожээ. Сү.Батболд нам ба Н.Энхбаярыг холбож чадах хүн. С.Баяр Н.Энхбаярын хувьд “Одоо болсон” гэж боджээ.  ОХУ-д элчин сайд байгаад ирснээсээ хойш С.Баярын хийж буй алхам бүр зөв байсан, энэ удаад ч зөв гэж МАХН-ынхан бодов.

Одоо бол С.Баярын гол өрсөлдөгч нь Н.Энхбаяр биш, Ц.Элбэгдорж. С.Баяр чөлөөлөгдөж эрүүл мэндээ тордсоноор 2013 онд төрд эргэж ирэх боломжоо харж байна. Олон хүний хувьд “С.Баяр бол Ерөнхийлөгч мөн” гэсэн имижтэй. 2012 онд МАХН ялагдаж магадгүй байна. Хэдийгээр Оюу толгойн гэрээ батлагдсан авч мөнгө үйлдвэрлэх болоогүй байна. Амласнаа өгч чадахгүй. Гэхдээ С.Баяр эрт албаа өгснөөр хожим “Хэрэв С.Баяр Ерөнхий сайд байсан бол өгч чадах байсан” гэх тайлбар ардаа үлдээж байна. Оюу толгойн гэрээний урьдчилгаа 100 сая төгрөгийг тарааж байгаа нь үүний илрэл. Гэхдээ бодох зүйл бий.

Н.Энхбаяр 2003 оны төгсгөлд их өрийг тэглэсэн шоугаараа 2004 оны ялалтаа бататгаж чадаагүй шиг  МАХН Оюу толгойн гэрээг ялалтын “түүз” болгож чадахгүй байж болзошгүй. Тиймээс 2012 онд ялагдах магадлал дэндүү өндөр байна. Ийм нөхцөлд С.Баяр намдаа баттай нэг суудал авчраад, нам нь цөөн суудлаар ялагдсаны дараа 2013 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялах замаар намаа аварч үлдэхийг хичээж байгаа юм. Бас тэр 2012 оны сонгууль дөхөх тусам хамтарсан Засгийн газраас гарахаар цахлан зүтгэж магадгүй АН-ынхны уррвалтаас өмнө Засгийн газраас холдлоо. Одоо тэр нэг жил завсарлаад намаа эмхэлж, дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орох зав боломжоо тооцож байна. Гэхдээ С.Баярт хожоотой нь нам нь 2012 онд ялагдаж гэмээ нь тэр 2013 онд ялах магадлал нь нэмэгдэх юм. Хэрэв тэр нам нь 2012 онд ялагдана гэж бодож байгаа бол ирэх жил болох их хурлаар намынхаа даргыг өгөх болно. Н.Энхбаярыг хамгаалж үлдсэнээрээ МАХН-ыг бэхжүүлж, намын дотоод эв нэгдлийг хангах болно. Чухам иймээс Ерөнхийлөгчийн АТГ-т үзүүлж буй дарамт шахалт илэрхий суларчихаад байна. Энэ зуур С.Баяр Н.Энхбаяртай учраа ололцохыг эрмэлзэж байна.

Улстөрийн хүчний хуваарилалтанд нөлөөлж болох бас нэг хүчин зүйл байгаа нь МАХН-аас Н.Энхбаярыг шахан гаргах, АН-ын удирдлага солигдож, Засгийн газар унах үйл явцын ядаж хоёр нь зэрэгцвэл хүчирхэг улстөрийн хүчин төрж болно. Энэ бол Н.Энхбаяр ба “Алтан гадас” фракц нэгдэж байгуулах улстөрийн нам. Энэ намд магадгүй ҮШН, БНН, МУНН бас цөөнгүй иргэний хөдөлгөөнүүд нэгдэж болзошгүй.

Сэлгээ

Сү.Батболдыг гаргаж ирснээр намын удирдлагын түвшний сэлгээг алгуур хийж байна. Өөрөөр хэлбэл Сү.Батболд бол шинэ хүн. Гэхдээ тэр яг одоо намын эрхийг авах гэж зүтгэж буй залуусын дэргэд өмнөх үед хамаарна. Н.Энхбаяр М.Энхболдыг гаргаж ирэхэд МАХН үе солилоо гэж дүгнэж байсантай С.Баярын алхам яг адил юм.

Сү.Батболд намдаа баггүй, тиймээс улстөрийн хувьд намаасаа бүрэн хараат. Сү.Батболд Ерөнхий сайд болсноор Н.Энхбаярын үеийнхэн улстөрийн дээд эрэмбээс шахагдаж байна. Шазруун, омголон Ц.Нямдорж л өөрийн үеийн ноёрхлыг хадгалахаар зориглон зүтгэсэн авч С.Баярын байгуулсан “хүүхэлдэйн теарт”-МАХН-ын Удирдах Зөвлөл даргынхаа хүслээр Ц.Нямдоржийг даржээ. Ийнхүү завсрын үе гарав. Гэхдээ Сү.Батболд, М.Энхболд нар бол нэг үеийг төлөөлөхгүй, завсрын үеийнхэн бөгөөд тэд ердөө л дамжуулагч, М.Энхболд хэр удлаа даа?, байз. Сү.Батболдын Засгийн газар удаан тэсэхгүй, цаад зах нь ирэх жилийн хаврын чуулганыг хүртэл тэсэх байх.

Олон хүний бодож байгаачлан Засгийн газрын хувь заяа АН-ын урвалтаас шалтгаалахгүй юм. Хатуу гараар барьж байсан улстөр-эдийн засгийн богино настай систем нурж эхлээд байна. Ю.Андропов-Баярын үе дуусч, МАХн М.Горбачёваа хүлээж байна. МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайдаас нэг л бодолтой буусан гэж бардам хэлнэ. “Энэ нурж буй системийг цаашид барьж тогтоох ямар ч боломжгүй юм байна” гэж. Тэр систем нь МАХН биш, харин Монголын улстөр-эдийн засгийн систем юм. Системийн хямрал туйлдаа хүрээд байгаа ба сүйрэл болоход ердөө ганц оч л хангалттай. Харин энэ сүйрэл банкны салбараас эхэлнэ. Энэ бол Сү.Батболдод ирсэн өв, өр юм.

С.Баярын өв.

Хүн цагаа олж өндрөөс буухаар их олон юмнаас зайлж чаддаг. С.Баярын Засгийн газар Сү.Батболдын Засгийн газарт юу өвлүүлсэн бэ? Юуны өмнө Сү.Батболдын Засгийн газар хэвлэлийн хүчтэй дайралтыг лав л он гартал амсахгүй, гэвч тохиолдлоор эдийн засгийн хүндрэл үүсвэл Сү.Батболдын толгойг царан дээр тавиад гүйхийг хүсэхгүй сэтгүүлч гэж байхгүй. Үүгээрээ л С.Баяр, Сү.Батболд хоёр ялгаатай.

Хамгийн том өв бол юу юугүй нурчих гээд байгаа банкны систем юм. Арилжааны 16 банкнаас нэг нь үхэж, хоёр нь залгиулсан ба цаашид үхэх, залгиулахын аль нэгийг сонгох тавилантай хэд хэдэн банк бий. Иргэдийн банкин дахь хадгаламжийг төрөөс баталгжуулах тухай дөрвөн жилийн хугацаатай хууль нь банкуудад дампуурах сонирхол төрүүлж байна. Үүний улмаас чанаргүй зээлийн хэмжээ эрс өснө, яг 1998 оны банкны сүйрлийн өмнөх үе эргэн ирж байна.

Хоёр дахь өв нь төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах төсөл. 200 гаруй тэрбумын өртөгтэй энэ “өрийг” Сү.Батболд барагдуулах ёстой. Эцсийн эцэст хэн бдний татварыг ингэж үрэлгэн зарахыг зөвшөөрсөн билээ? Юуны тулд? Ердөө л МАХН-ын эв нэгдлийн төлөө, хотын бүлэглэлийг тэжээх гэсэн алхам байсан.

Гурав дахь өв нь Таван толгойн гэрээ. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд тул улсын мэдэлд 51 хувь нь үлдэнэ. Харин тус ордыг ашиглахад оролцох хүслээ илэрхийлсэн аваргуудын хэнийг сонгох, тэр тусмаа голлох компанийг сонгох том асуудал бий. Энэ бол асар том дарамт шахалт, лобби, барьцаа, мөнгөний асуудал цаана нь бий. Жишээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев Ерөнхий сайд Путиндаа даалгавар өгчээ. Улсын мэдлийн томоохон компаниудыг хувьчлан задлах тухай энэ үүрэг нь В.Путины Ерөнхийлөгч байхдаа хийсэн бүхнийг буцааж буй хэрэг. Хөөрхий Путин Ерөнхийлөгчөөсөө “айгаад” үүнийг хийх юм гэнэ. Ер нь Медведев тушаагаад л Путин тэрийг нь хэрэгжүүлээд л. Онигоо л байхгүй юу, бид Оросыг мэднэ. Харин Оросууд “Роснефть”-ийг хувьчилчихвал хөөрхий Сү.Батболд яана даа, О.Дерипаскогийн гарт орох л байх даа. Өнөөдөр Оросууд Монголчуудтай зөөлөн аргаар үзэлцэе гэжээ, харин Хятадын зарим хэвлэл даварсан муусайн Монголчуудыг яасан ч яахав гэлцэн галзурч байна. Чухам ийм нөхцөлд өрөвдсөндөө хэлээ хазаад өнгөрөхөөс өөрөөр Сү.Батболдыг өөд нь татах ямар ч шалтаг байхгүй.

Үүний дээрээс томоохон төслүүд батлагдаж, Монголд доллар цутгах гэж байгааг биднээс илүү мэддэг Орос, Хятадууд хэдэн банкийг нь өөрийнх болгохоор үзэлцэж байна.

Сүйрлийн эхлэл

Сүйрлийг эдийн засгийн талаас нь харах ёстой. Өнөөдөр банкуудын байдал туйлын хүнд байна. Засгийн газарт хамтарсан АН-ынхан шахаагаа чангатгаж Монгол банкны дэд ерөнхийлөгчийн аль нэгийг авахыг хичээж байна. Нөгөө талаас банк санхүүгийн систем дэхь АН-ынхны ноёрхол Засгийн газрыг барьцаанд авах хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар санхүүгийн стандарт бус шийдвэрүүдийн хүчинд эдийн Засгийг торгоон барьж байв.

Банкны системд АН үнэмлэхүй ноёрхож байна. Парламенттай зүйрлэвэл бараг л 2000 оны парламент гэсэн үг. Үнэндээ МАХН эрх барьж буй гол хүчний хувьд Монгол банкыг барьж байгаа боловч тэндээс ирж буй мэдээллүүд АН-ынхны хүчирхэгжлийн тухай тун ч таагүй сэтгэгдлийг МАХН-ынханд өгч байна. Хөрөнгийн биржийн захирал байсан Золжаргал дээрээс нь Монгол банкинд очвол аюултай.

“Анод” банкны дампуурал эдийн засагт тун хүнд тусчээ. Засгийн газар банкин дахь иргэдийн хадгаламжийг баталгаажуулах хууль гаргаснаараа хавханд орчихсон байна. Одоо намууд банкуудын төлөө ширүүн үзэлцэж байна. Хэрэв  энэ хуулийг цуцалбал МАХН санхүүгийн системд хүндхэн байдалд орох юм. Тийм ч учраас 28 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа “Зоос” банкыг дампууруулахгүйн тулд бүхнийг хийжээ. Уг нь энэ банк аль сарын өмнө дампуурчих байсан, тэр ч байтугай Монгол банкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж БЭТ томилоод буцааж татсан байна. Тэр үед банкны алдагдлын хэмжээ өөрийн хөрөнгөнөөс нь аль хэдийнээ давчихаад байсан юм.

Үүний өмнө бас нэг жижгэвтэр банк “Анод”-ыг дампууруулсны шанд Засгийн газар 120 тэрбумыг төлжээ. Энэ бол Засгийн газраас хадгаламжийг баталгаажуулсныхаа төлөө төлж буй мөнгө. Ингэхдээ төсвөөс төлөөгүй байна. Хэрэв төсвөөс мөнгө гаргавал төсөв сүйрнэ. Д.Пүрэвдорж “Монгол банк”-ны Ерөнхийлөгч болмогцоо зах зээлд байсан мөнгийг эргүүлэн татсан ба хагас жилийн хугацаанд 800 гаруй тэрбум шахам төгрөг татсанаар төгрөгийн хомсдол үүсч, үүний үр дүнд инфляц огцом тоормослосон юм. Харин энэ тоормос огт гэнэ сэрэггүй явсан эдийн засгийг айхтар шахсан ба дифляци үүссэн. Дифляц нь валютын ханш тогтворжиж буурснаар, эсбөгөөс бараа бүтээгдэхүүний үнэ буурснаар хэмжигдээгүй, өргөн хэрэглээний барааны үнэ буурсан ч хүнснийх өсөж байв. Иргэд мөнгөгүйдсэнээс худалдан авах чадвар нь буурсан ба хүнснийхээс бусад төрлийн худалдаачид сүйрчээ.

Д.Пүрэвдоржийн энэ арга хэмжээ хожим МАХН-д хэрэг болох учиртай байв. “Анод” банкны дампуурлын дараа хувьцаа эзэмшигчид ба хадгаламж эзэмшигчдийг бүртгэж эхэлсэн ба хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг барагдуулж эхэлжээ. 20 орчим тэрбум төгрөгийн хувьцааны тухайд асуудал өөр. “Монгол банк”, Засгийн газар хоёр далдуур зөвшилцөөд эмисс хийж байна. “Анод”-ын 120 тэрбумаас гадна өнгөрсөн 2 дугаар сарын 18-нд Засгийн газрын данс улайхад 60 тэрбумыг Монгол банкнаас зээлж авчээ. Банкууд зээлээ хумьчихаад байсан атал зах зээлд мөнгөний дутагдал гараагүйн шалтгаан энэ юм. Засгийн газар эдийн засгийг иймэрхүү эмиссээр л барьж байв. Харин Д.Пүрэвдорж зах зээлээс төгрөг татсанаар МАХН-ын санхүүжилтийн гол эх үүсвэр болсон барилгын салбарыг бүрмөсөн сүйтгэв. Банкнуудыг гол дээлдэгчид нь барилгыхан бас алтныхан байв. Алтныхныг Засгийн газрын 75 тэрбумын бондоор тэтгэв. Бас М.Энхболдын шахсанаар 200 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас барилгад оруулах болов. Хоёр арга бий, Засгийн газрын баталгаагаар банкнаасзээл олгож болно, ингэвэл эрсдлийг банк биш, Засгийн газар үүрэх юм. Гэхдээ ингэсэн тохиолдолд Засгийн газар хадгаламж дээр зээлийн эрсдэл  үүрэх учраас зээлийн өөр эх үүсвэр татахыг оролдож байна. Хэрэв бүх хадгаламж эрсдэлд орвол Засгийн газар бүтэн жилийн төсвөө тавиад ч барахгүй, тэгэхээр туйлын аюултай алхам хийсэн байгаа биз?

Эмисс хийж буйг мэдсэн банкныхан банкаа дампууруулах сонирхолтой болжээ. Харин Монголбанкны мэдэгдлүүд хоёр тооны хооронд гуйвж байлаа. “Анод”-ыг дампууруулахын өмнө хадгаламжийг 2.6 их наяд гэж байснаа Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө хэлэлцэж байхад 1.3 их наяд болгож бууруулаад Оюу толгойн гэрээ батлагдахын өмнөхөн буцаагаад 2.6 их наяд гэж мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл “Монгол банк” төгрөгийг байх ёстой хэмжээнд хүртэл буулгаж татчихаад буцаагаад эмисс хийж эхэлсэн ба энэ удаад эмиссийг төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдэж бус Засгийн газартай хамтарч хийж байжээ.

Харин Засгийн газар хаанаас ч юм ургаж гардаг мөнгөндөө ташуураад төсвөө ч, орон тоогоо ч, зардлаа ч бууруулахыг хүсэхээ байчихаад байна. “Зоос” банкыг дампууруулах нь бусад банкинд муу нөлөө үзүүлнэ гэсэн шалтгаар УИХ-ын ЭЗБХ-ны хаалттай  хурлаар “Хадгаламж”, “Монгол шуудан” банктай нэгтгэж байгаа тухай мэдээлэв. Өөрсдийгөө яая гэж буй энэ хоёр банк наад зах нь зарлагдсан 28 тэрбумын алдагдлыг даах уу?

МАХН-ынхан 14 тэрбумаар АН-ынхнаас нэг банк, “Монгол шуудан”-г авчээ, Дараа нь АН-ынхан “Зоос” банкыг барьцаалжээ. “Зоос” банкыг дампууруулаад хадгаламж эзэмшигчдэд нь зуу гаруй тэрбумын төлж байснаас “Хадгаламж” банктай нэгтгэсэн нэр хэмээгээд “Хадгаламж”-д зузаатгал хийсэн нь дээр юм. Одоогоос ердөө дөрвөн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас 14.2 тэрбум төгрөг алга болж байсан, тухайн үедээ хамгийн найдваргүйд тооцогдож байсан энэ банк харин өнөөдөр хажуудахаа худалдаж аваад байгаа нь гайхалтай. 14.2 тэрбумыг алдсаны дараа тус банкны харилцахын үлдэгдэл ердөө л 10 жахан илүү тэрбум байсан. тухайн үед нийгмийн даатгалын түгээлтийг байршуулаад аварч байсан, харин өнөөдөр хоёр ч дампуурч буй банкыг өөд нь татах энэ их мөнгө хаанаас гараад байна вэ?

Одоо энгийн тооцоо хийе. Монгол банк оны эхний 6 сард 800 тэрбумын татжээ. Үүний дараа буцааж нийлүүлсэн буюу нийлүүлэхээр зэхэж буй мөнгийг тооцъё. “Анод”-ын хувьцаа, хадгаламж эзэмшигчдэд 120 тэрбум, барилгынханд 200 тэрбум, “Монгол шуудан” банкыг худалдан авахад 14 тэрбумыг хаяжээ. Засгийн газрын өр 75 тэрбум, одоо “Зоос” банкны алдагдал 28 тэрбум. Мэдээж гүйлгээн дунд зарим нь давхцаж буй, цаана нь нууцаар нийлүүлж буй мөнгөнүүд ч байгаа.

МАХН-ынхан өөрт үлдсэн бараг цорын ганц том банк “Хадгаламж”-аар дамжуулж санхүүгийн зах зээл дэхь байр сууриа хадгалж үлдэхийг хичээж байна. Одоо бол тоон утгаараа гурван банктай болжээ. АН-д “Голомт”, “ХХБ”, “Улаанбаатар” зэрэг толгой банкууд бий. “ХААН” банк аль алинд нь тал алдахгүй явж байна. Одоо улстөрийн бодлогоор жижгүүдийг залгиж, томчуулыг тэтгэх болно. АН-ынхан “Зоос” банкны асуудлыг тайван замаар шийдсэнийхээ хариуд бас хэдэн банкыг өөртөө нэгтгэх замаа нээж байна. Монгол банк ч шахаанд орохдоо “Банкуудыг нэгтгэх бодлого” явуулж байгаа гэж нэрэлхсэн билээ. Харин энэ зуур жижиг банкныхан үй олон чанаргүй зээл олгож, муу барьцаа цуглуулж, хадгаламжаа эрсдэлд оруулах замаар хэдэн тэрбумыг өөрөөсөө тоночихоод улсад зарчихыг хичээх болно.

Эцэст нь нэг зүйлийг л анхаармаар байна. Одоогоос гурван жилийн өмнө Оросууд Монголын банк санхүүгийн системийн 40 хувьд хяналтаа тогтоогоод байсан билээ. Аав, хүү Громовын араас орж ирсэн О.Дерипаско хэдэн хувийг хумьж байгаа бол? Хэрэв тэр нефтийн цорын ганц цоргыг маань эзэмшвэл түүнийг дагаж амьдардаг банкууд ч дагаад тэр цоргонд нь орно. Эцэст нь хэлэхэд нефтийн импорт эрхэлдэг, төдийлөн нэрд гараагүй компани л богинохон хугацаанд гурвын гурван банк худалдаад авчихыг бодоход цаана нь нэг асуулт гарч ирнэ. Сүүлийн үед бүх юм стандарт бус болоод байна. Үүнд Засгийн газар, Монгол банк ахиад Оросууд нэмэгдэж байна. Тэд таван толгойн төлөө нэг эвсэл болж, Ерөнхий сайд хүүхэлдэй болж, дараа нь Оросын бүх хөрөнгө оруулалт энэ л банкуудаар орж ирж, МАХН үүрд мандан бадрах учиртай юм болов уу?...