Төрийн луйвар
Жилээс жилд төсвийн алдагдал нэмэгдсээр байна.
Төсвөөр ард түмнээ худалдаж авах нь
Жилээс жилд төсвийн алдагдал нэмэгдсээр байна. Хямрах тусам улам ихийг идэхээр улайрдаг болж. Хорин жилийн түүхтэй нялх ардчиллыг алж байгаа ганц юм энэ. Үүний цаана баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдлээрээ түрээ барьж хяналтгүй мөнгө идэх, сонгогчдыг худалдан авах, сонгуулийн зардал өсөх, зарсан мөнгөө олж авах “шархаа нөхөх” үзэгдэл албан ёсны болж байна. Энэ мөнгө төрийн ажил үйлчилгээний чанарыг муутгахын зэрэгцээ өртгийг нэмж байгаа юм. Жил бүр УИХ-ын гишүүдээр дамжин зах зээлд 76 тэрбум төгрөг орж байна. Төсвийн алдагдлын гуравны нэгээс тавны нэг нь энэ мөнгөнд оногдож байна. Татвар төлөгчид “Энэ бол бидний мөнгийг үрэлгэн бөгөөд дураараа зарцуулж буй хяналтгүй төрийн балаг” гэж үзэж байна. Нэг телевиз гишүүдэд тус бүр тэрбум төгрөг олгож байгааг үхтлээ эсэргүүцэх юм. Гэхдээ нэг л зүйлийг орхиод байна. Энэ албан ёсны хахуулийг санаачлагч нь тус телевизийн эзэн юм шүү дээ.
Засгийн газар Сангийн яам эх толгойгүй аймшигтай муу төсвийн төсөл оруулж ирж байгааг ямааны тархитай гишүүд нь хүртэл мэддэг. Гэхдээ л тэд баталчихдгийн учир Засгийн газар муу төсвийн төслөө хууль болгон батлуулахын тулд хахуулиа нэмдэгт байна. Хахуулийн хэмжээ өсөөд байгаа нь жилээс жилд төсвийн боловсруулалт муудсанынх уу, гишүүдийн шунал сүрхий болж байгаагийнх уу? УИХ ч гэсэн дээ, жил бүрийн намрын сүүлээр нэг их төсвийн төсөл муулдаг ажилтай болдог хэрнээ аргагүй батлаж буй дүр эсгэж, үүнд бид ч дасч. Гишүүд уралдан төслийг бутниргэснээр төсвийн хэлэлцүүлэг өрнөх ба “Яаж сайжруулах вэ?” гэсэн асуултад “Манай тойрогт ахиухан мөнгө төсөвлөвөл сайн төсөв болно” гэсэн ганцхан хариу өгдөг болчихож. Гишүүд ийм ямаан толгойтой болохоор цаадуул нь ч түлхүүрийг нь тааруулчихсан хэрэг, тэгээд анх 10 саяар эхэлсэн албан ёсны хахууль өнөөдөр тэрбум болчихсон цохиж байна.
Анх Н.Энхбаярын Засгийн газрын газар гишүүн тус бүрт 10 сая төгрөг хүртээсэн юм. Тэр үед ардчилсан баримжаатай хэвлэлүүд шүүмжилдэг байлаа, өнөөдөр энэ дүн 100 дахин өсч, шүүмжлэл ч өргөн хүрээтэй болжээ, тэгээд яах юм. Анхны мөнгийг Ерөнхий сайдын нөөц гэгч 8 тэрбумаас өгсөн юм. Энэ нөөцөөс Н.Энхбаяр 55 саяыг радуклитаа засуулахад, Т.Ганди 6 саяыг хордлогоо тайлахад гэх мэтээр тойрон хүрээлэгчид нь, хагас тэрбумыг хэвлэлүүдийг худалдан авахад зарцуулсан байлаа. Гэв гэнэтхэн Ерөнхий сайд “нөөцөндөө” асар их мөнгөтэй болоод түүнийгээ яг хувийн мөнгө мэт цацаж эхэлсэн ба энэ нөөц мөнгөний нөлөөлөл нь түүнийг дарангуйлагч болгох шахсан билээ. Тэр үед Засгийн газар өнөөгийнх шиг онхолдох нь гэж бэмбэгнэдэггүй байв. Харин ч Н.Энхбаяр 2004 онд “хувиасаа” өөрийн намын 72 гишүүн тус бүрт 10 саяыг өгч, цаадуул нь башийж, сүйд майд болж нус нулимстайгаа холилдож арчаагаа алдаж байв. Парламентыг л 760 саяар худалдаад авчихаж байхад найман тэрбум бол дарангуйлагч болоход хангалттай байв. Л.Гүндалай л эсэргүүцэж анхны жилийн мөнгийг аваагүй, худалдагдахгүй гэсэн, тэгээд хохь нь болсон. Өөртөө унагасан ч юмгүй, тойрогтоо ч тал тоосго, тахир хадаас аваачсан юмгүй их хаширсан. Хойтонгоос нь тэр нам жим болсон ба одоо болтол энэ мөнгийг авахгүй гээд гэдийчих сачийтай аавын хүү УИХ-аас гараагүйг бодоход гишүүдэд их ашигтай эд байх нь. Албан ёсны хахууль 10 саяас 100 сая, 250 сая, 500 сая, тэрбум болтлоо өсөж байгаа нь дан ганц инфляциас шалтгаалаагүй байх. Ирэх жил 4 тэрбум, сонгуулийн төгсгөлд 8 тэрбум болбол гайхах хэрэггүй, тэртэй тэргүй хэн ч саад хийж чадахгүй. Тэр цагт гишүүд Н.Энхбаяр болж хувирна. Н.Энхбаяр ганцаар захирахаа болимогц зүй тогтлоор дарангуйлал нэгжих шатандаа оржээ, хаан үхмэгц жалгын феодалууд төрж байна гэсэн үг. Тэгээд бүгдээрээ Засгийн газрын хахуулиар насан туршдаа гишүүн байх, үхэхдээ улсаас оршуулгын комисс томилуулж булуулж, шатаалгах дайны юм бодож байгаа. Монголын парламентад ер салхи орохгүй, сонгуулиар цөөхөн хүн солигддогийн учир, тэр цөөхөн нь нэг их удалгүй урьд шүүмжлээд алчих гээд байсан бусдаасаа ялгарахгүй болчихдогийг учир үүнд л байна. Энэ мөн гайтай тогтолцооёо.
Энэ мөнгөөр өнгөц дүгнэвэл Засгийн газар амиа тээж байгаа мэт харагдаж байгаа байх, жаахан лав бодоод үзвэл парламент, эрх баригчид суудлаа хамгаалдаг юм. Баабар Ерөнхий сайдын зөвлөх байхдаа 4 аймагтай болох нэг сүрхий төсөл хийсэн нь одоо ирээдүй биш түүх болчихоод байна. Харин энэ хахуулиас болоод Монгол Улс яваандаа 21 биш 76 аймагтай болох нь. Төсөв захиран зарцуулагчийн зэрэгцээ УИХ-ын гишүүн гэгч бас нэг нөхөр гарч ирснээр санхүүгийн хосолмол засаглал бий болгож байна. Нөгөө талаас УИХ төр барих эрх мэдлээ арилусаар энэ жил 76 тэрбум төгрөгт хүргэлээ. Энэ нь бүр нарийндаа үндсэн хуулинд заасан засаглалын хэм хэмжээг зөрчих заагт асар хурдан дөхөж буйг анхааруулмаар байна.
Тогтолцооны үндсийг ухаж үзье. Мөнгө хэнд байна, тэр засагладаг гэж нэг үг бий дээ. Хэдийгээр Монгол Улс парламентын засаглалтай, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг байгуулал авч нөгөө С.Баярцогтын чамирхаж хэлдэгээр “де факто” Засгийн газар, Ерөнхий сайд улсыг засагладаг. “Де юре” засаглах учиртай гишүүд хууль батлахаас өөр эрх мэдэлгүй тул нүүрээ барж, мөнгөө зарж ялалт байгуулсан тэдний ачаар сайд болсон тохиолдлын жулдрайнуудыг царайчлах гэж нэг хэсэг махаа идсэн юм. Дараа нь энэ өсөрхлөөрөө үндсэн хуулийг өөрчилж өөрсдөө сайд болох гэж үзсэн. Ингэснээр Засгийн газрыг захианы хэргээр ч болов унагачихдаг болсон. Өнөөдөр ч гэсэн үндсэн хуулийн нэмэлт хэвээрээ байгаа тохиолдолд Засгийг унагах нь УИХ-ын гишүүдийн өдрийн бодол шөнийн зүүд хэвээр байна. Харин Н.Энхбаяр хязгааргүй эрх мэдэлтэй байхдаа таарсан жор тунг олсон бөгөөд өөрийн мэдлийн мөнгөөр гишүүдээ худалдан авч эхэлсэн юм. Анхандаа гишүүний мөнгө парламентын үнэ байсан юм, гэвч одоо бол Засгийн газрын үнэ болжээ. Лав л Сү.Батболдын Засгийн газар 76 тэрбум төгрөгийн үнэтэй юм байна. 2004 оноос хойш парламентад хүчний тэнцвэр ойролцоо болоход Засгийн газар “Ерөөсөө хүссэнийг нь өгөөд аюулгүй суух нь зөв” гэсэн шийдвэрт хүрчээ. Тиймээс мөнгөө заавал сайд болж авъя гэлгүй зүгээр шударга цайралж, хашгичиж байгаад ав гэдэг зарчим тулгасан байна.
Гишүүд ч “Та муусайн сайд нар бидний ачаар сайд болсон, би ялаагүй бол чи сайд болохгүй байсан” гэж дарамлахгүй болсон байна. Энэ мөнгөөр сонгуулийн шархаа нөхчихөж байгаагийн дээр ирэх сонгуульд хувиасаа зарах мөнгөнийхөө ихэнхийг урьдчилаад хийчихдэг болжээ. УИХ гишүүд ч яг цагаа тулахаар өөрийн өчүүхэн эрх ашгийг боддог. Ийнхүү 76 тэрбум төгрөг цэвэр хувийн сонирхолд зориулагдан үрэн таран болоход бэлэн болжээ. Хорт хавдартай, эсвэл ахиж сонгогдох найдваргүй нь энэ мөнгийг тойргийнхондоо биш үр удамдаа зарах байх. Олонх гишүүн тойрогтоо дархлагдсан хулгайч болж хувирсаар. Жишээ нь байнгын хороон дарга байтугай гишүүн болсонд нь гайхдаг, МАХН-ын боловсон хүчний доройтлын бэлгэ тэмдэг Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин Хэнтийн хэдэн тэнэг мэт сайндаа ч биш энэ мөнгөөр л гарч ирсээр байна. Нуршихаас залхууралгүй дүгнэлтээ давтая. Засгийн газар УИХ-ыг, УИХ ард түмнийг худалдан авч байна. Харин мөнгийг ард түмнээс авсан. Нам бол Засгийн эрхийг авахын төлөө үзэлцдэг удстөрийн институци гэдэг утгаараа энэ тогтолцоо нь парламент дахь хүчний харьцааг хүртэл царцааж байна. Өөрөөр хэлбэл мөнгө өгч эхэлсэн 2004 оноос хойш парламентад “25/АН+ИЗН/ : 50 /МАХН/ : 1 /бусад/” гэсэн ерөнхий зүй тогтол хадгалагджээ. Энэ тогтолцооны үнийг тооцъё. 2004-2005 онд 750 сая төгрөг /Л.Гүндалай мөнгө аваагүй/, 2005-2006 онд 7 тэрбум 600 сая, 2006-2007 онд 19,0 тэрбум, 2007-2008 онд 38,0 тэрбумыг зарцуулжээ. Бүх дүнг нэгтгэвэл 65 тэрбум 350 сая төгрөг болж байгаа ба энэ жил өнгөрсөн бүх орлогоосоо давсан 76 тэрбумыг халаасалчихлаа, УИХ-ын гишүүд. Ийм нөхцөлд сонгуулийн өрсөлдөөн шударга явагдах ямар ч нөхцөл байхгүй, энэ утгаараа ардчиллыг баллаж хаяж байна. Одоо энэ мөнгөний төлөө УИХ биш Засгийн газар санаа тавих ёстой. Яагаад гэвэл улстөрийн хэлээр “Гишүүд авахгүй гээд байхад Засгийн газар авахаас аргагүй болгож, хүчээр өгсөн”.
Мөнгө хаанаас олдог вэ?
Шүүмжлэл ширүүсэх тусам Засгийн газар хариу болгож “Энэ мөнгийг татварын орлогоор биш өөр эх үүсвэрээс гаргаж байгаа юм” гэдэг болж. Цаад санаа нь татвар төлөгч та нарт падлийгүй бид олсон юм гэж байгаа хэрэг л дээ. Мөнгө олдог гайхалтай арга нь ихээхэн туршлагажаад байгаа Засгийн газрын бонд гэгчийг зарах юм. Угтаа бол энэ нь өрийн бичиг, сүүлийн үед яагаад ч юм “өрийн бичиг” гэхээ болиод “бонд” гэж аялгуу сайхан гадаад нэрээр нэрлэдэг болсны учир нарийн. Мэдээж олохдоо төсвийн орлогоос гадуур нэмэлт орлого олж байгаа л даа, гэхдээ төлөхдөө тулбал хүүтэй нь ирээдүйд бидний татвараас төлж таарна. Хүү нь мэдээж банкуудын хадгаламжийн хүүний дунджаас өндөр байгаа.
Төсвийн алдагдлыг нөхөх цөөхөн арга бий. Уламжлал болон тогтсон нь гадаадын зээл тусламж. Нөгөөх нь өрийн бичиг гаргах. Бид хоёр тэрбум ам.долларт дөхөж байгаа гадаад өрөндөө л санаа зовдог, гэтэл дотоод өр маань юу болж байгаа бол оо, таминь ээ. Өнгөрсөн жилийн 2 дугаар сарын дундуур төрийн сангийн данс улайхад 60 тэрбум, дэлхийн зах зээлд үнэ нь өсөж байсан алтны үйлдвэрлэлийг дэмжиж, татвараа нэмж олох зорилгоор 75 тэрбумын өр тавьсан. Засгийн газраа авч үлдэхийн тулд хотын фракцыг аргадах гэж 4000 орон сууц худалдан авахад 200 тэрбумын өр тавьсан. 335 тэрбум буюу 223 сая ам.доллар. Нэг жилд гэхэд арай их байгаа биз.
Засгийн газрын өрийн бичгийг биржээс авдаг нь хэдэн банк байв. Гэтэл өнгөрсөн жил банкууд өрийн бичиг авахтай мантай байсан. Гэтэл яагаад ч юм борлогдчихсон л гээд байгаа юм даа. Эрхбиш зээл олголтоо зогсоосон учраас авсан хадгаламжийнхээ хүүг төлөхийн тулд авсан гэж найдахаас. Гэвч энэ байдлаар бол Засгийн газар найдваргүй зээлдэгч. “Анод” банкинд Засгийн газар 40 тэрбумын өр төлөх ёстой байсан. Яагаад гэвэл тус банк өдий хэмжээний Засгийн газрын өрийн бичиг цуглуулсан байв. Дэрээс нь хадгаламжийн баталгааны дагуу 150 тэрбумыг зарлагадсан. Хэдийгээр Засгийн газар Монгол банк хоёр “Би үхэхээр чи үх” гэгчийн үлгэрээр “Анод”-ын хойдохын уншсан ч “Зоос” нэмэгдэж балларсан. Энд ч нэлээд хэдэн тэрбумын өрийн бичиг байх ёстой. Эндээс харвал Засгийн газар өрөө төлөхийн оронд түлхээд унагахыг илүүд үздэг бололтой юм. Засгийн газраас гадна Засгийн газар дахь албан тушаалтнууд “авсан зээлээ үхүүлэхийн тул банкийг нь давхар үхүүлдэг”. Тиймээс Засгийн газар аль аль талаасаа аюултай эд.
Өрийн бичгээр босгосон мөнгийг нь алтныхан авсан ч үүнийг нөхөх татвар төлдөг нь юу л бол. Яагаад гэвэл өнөөх гайт 68 хувийн татвараас болоод алтныхан олборлосон алтаа Монгол банкинд биш Хятадуудад өгөх дуртай болчихсон. Тэгэхээр өнгөрсөн жил алтныхны залгисан 75 тэрбум цэвэр алдагдал болох магадлалтай. “Зоос” банкыг алтны ганцхан компани дампууруулсан байна.
Энэ жил ахиад 100 тэрбумын өрийн бичиг зарна гэж байна. Хэн авах юм. Дээрээс нь алтныхны царайгаар бол 2 дугаар сарын дундуур төрийн сан бас л улайна. Тэр үед ахиад өрийн бичиг гаргах уу? Ер нь дотоод өр багцаагаар тэрбум долларт дөхөж байгаа. Ийм атал өрийн бичгийг шохоорхоод байгааг хардах ёстой. Мөнөөх л урьдын аргаар өрийн бичиг гаргасан нэрээр төгрөгийн эмисс хийж болзошгүй байна. “Анод”-ын 150 саяын төлбөр яг ингэж явсан. Өмнө нь хотынхон Монгол банкнаас эмиссийн зээл авч, арилжааны банкуудаар дамжуулж байсны харгайгаар барилгынхан банкныхан хамтдаа яаж баларлаа. Яг тийм юм Засгийн газрыг хүлээж байна. Манай Засгийн газар алтныхан, барилныхан, банкныхны бүх муу аргуудыг авч хэрэгжүүлж байгаа нь эргээд энэ салбарынхны хууль бус бизнесийг шүүмжлэх ёс суртахуун эрхгүй болж байна. Ер нь шуудхан хэлэхэд алт, барилга, банк, нүүрсний хэдэн луйварчид Засгийн эрхэнд гарчихаад хувийн биенестээ хэрэглэдэг байсан муу аргуудаа засагт ШБОС болгож шахаад байгаа юм.
Н.Энхбаярын үед төсвийг бүхлээр харчихдаг ганц санхүүч нь Базархүү гуай байсан гэдэг юм. Тэр үед УИХ-ын гишүүдийг авилгаддаггүй байсан учраас яг төсөв хэлэлцээд эхэлмэгц Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат вискигээ бариад өрөөнд нь тухладаг байжээ. Төсөв шүүмжлүүлэхгүй гэж тэр. Харин өнөөдөр тэгэх аргагүй болсон, зарим нь камер хараад элийрч эхэлэхэд “Бүлэг дээр юу гэж ярилаа?” гээд амыг нь тагладаг болсон шүү дээ.
Усан живэхдээ дэрс шүүрэхийн үлгэр
Төсвийн алдагдал хагас триллионд дөхлөө. Төсвийн зарлага замаа алдахаар нэмэлт орлого олохын тулд нийгмийн даатгалын хураамжийг нэмэх гэх мэт мангар шийдвэр гаргахыг хүртэл оролдож байна. Нийгмийн даатгал бол татвар биш даатгал юм. Гагцхүү онцлог нь бусад даатгалыг даатгалын компаниуд олж, түүгээрээ зохицуулдаг бол нийгмийн даатгалын хураамж улсын төсөвт шууд ордог. Ингэхээр нийгмийн даатгалын хураамжаар дамжуулж улс даатгалын бизнес эрхэлж байна гэсэн үг. 2005 онд Ардчилсан нам “дөрвөн 10” зорилт дэвшүүлж байсан. Энэ нь ААНБОАТ, хүн амын орлогын албан тавар, НӨАТ мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгох улстөрийн акц байсан юм. Үүнээс нэг нь буюу нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгох зорилт хэрэгжээгүй. Яагаад гэвэл энэ бол татвар биш даатгал байсан, нөгөө талаас хүний ирээдүйд идэх мөнгийг өнөөдөр хасч болохгүй байлаа. Гэтэл энэ жил энэ шимтгэлийг нэмэхийг оролдсон ба нөгөө АН-ынхан МАХН-аа дагаад намирч байв. Тэр ч байтугай МҮЭХ үүнийг нь эсэргүүцэж нэмэхийг нь болиулчихаад байхад 2010 оны төсвийн төсөлд орлогоо тооцохдоо нийгмийн даатгалыг нэмсэнээр тооцоод тусгачихсан байв.
Ийм хий тооцоонууд төсөв дотор цохиж яваа учраас энэ жилийн төсөв гарцаагүй сүйрлийн төсөв боллоо. Жил бүрийн төсвөөс 150 мянган төрийн албан хаагчийг тэжээхэд 950 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Сарын цалингийн фонд нь 60 гарй тэрбум төгрөг болдог. Хямралын үед ажлын байрыг хадгалахын тулд захиаргааны зардал буруулахгүй гэж Сангийн сайд тайлбарласаар. Ингээд гишүүн тэрбумаар эхэлж идээд 150 мянган төрийн албан хаагч шат шатандаа идэхээр энэ төсөв хувхайрдаг юм байгаа биз дээ.
Жишээ нь бас нэг дэрс нь өнгөрсөн жил нийслэлийн орлогоос 50 гаруй тэрбумыг улсын төвлөрсөн төсөвт татаад авчихсан. НИТХ-ын гишүүд гэж хэдэн нусгай хүүхэд юугаа ч мэдэхгүй гүйлдсээр шалдан хоцорсон. Тэгээд улайм цайм “Хотын дарга бидэнд бизнес өгсөнгүй гэсэн шалтгаанаар унагана” гээд нусаа татаж яваа сурагтай. Энэ жил бас хоосортол татна. НИТХ төсөв хэлэлцэх юм гэнэ. Юугаа хэлэлцдэг байна аа? “Манай эдийн засаг ч хямарсангүй шүү гэхэд байхгүй эдийн засаг яахаараа хямардаг юм” гэсэн гэдэг шиг байхгүй төсвийн юуг нь батлахав дээ. Харин тэр мөнгө нь сумаараа нүүгээд орчихмоор сумын том эмнэлэг, аймгаараа ороод хэвтчихээр оношлогооны төв болоод дууссан.
Бүх татвар дээрээ цуглачихаар хот, дүүрэг хоёр төсөвгүй болоод баларч байгаа юм. Түүнийг төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу дээрэмдээд ол гэж тушаана. Тэгмэгц хотын албаны үй олон дээрэмчид тамга, торгуулийн хуудас, замын дохиур, цагдаагийн хүрмээ өмсөөд гудамжинд гарч машинтай жолооч, ТҮЦ-тэй худалдагчаас эхлээд аль тааралдсанаа торгож, хааж, албаар гацаа үүсгэж эхэлдэг юм. 2,7 сая хүнд 100 мянган тамгатай дээрэмчин оногддог улс дэлхийд хаа ч байхгүй. Замын цагдаа л гэхэд торгуулиар 3 тэрбумыг олдог гэж байгаа. Тэгээд сар бүр “Зурагдаагүй цагаан шугам” аян, импортын байгаа “Устай бензиний утаа” аян зохион байгуулна. Мэргэжлийн хяналт бол бүр баллаж хаяна. Ингээд жишээ нь торойх үйлдвэргүй Баянзүрх дүүрэг гэхэд жилдээ 2,5 тэрбум төгрөгийг торгууль чиргүүл, үй олон хураамж, шалгалт, стандарт, жрам заавартаа тулгуурлан огт хоосноос бий болгоод үрж барахгүй жилийн эцэст 1 тэрбумыг улсын санд хураалгасан тайланг нь үзээд мэл гайхаж билээ. Энэ бол амиа авч яваа иргэдийг тонож олсон мөнгө болохоос өөр юу ч биш. УИХ нь бүх татвар 10 хувь болсон, татварын дарамт буурлаа, төсвийн алдагдал ДНБ-ны 5 хувь энэ тэр гэж донгоддог ч доогуураа ийм дээрэм хийдгээс болоод татварын ачаалал огт буурахгүй байгаа юм. Нэг ТҮЦ-нд хороонд цагдаагаас эхлээд хотын үйлдвэрлэл үйлчилгээний байцаагч хүртэл 27 хуулийн этгээд торгууль тавих эрхтэй гээд бод доо.
Ийнхүү В.Т.Лениний хэлдэгээр “Энэ улс орон дээр байгаа хэд нь хахаж үхэхгүй л бол баас болоод дуусах юм байна. Харин ард түмэнд юун дээр нь ялаа шиг шавалдаад” дуусах юм байна. Тэгж байтал Оюу толгойгоос мөнгө орж, Таван толгойг Хятадад зарчихвал бас хэдэн жил тэсэх байлгүй дээ л гэж залбираад нүдээ аниад л хусаад байгаа бололтой юм, энэ хэдэн дарга нар.
Зочин
Зочин
Уншигч
хохирогч
эх оронч
Зочин
Зочин
irgen
Улаан туг
цолмон
ard gegchid
Зочин
Odbayar
Guest
Энээ
Зочин
we
faceoff
faceoffe
Badman
Mongol ulsiin irgediin tuluulul
ard
Ajaa taij
Ajaa taij
Ajaa taij
sukhee
jo
good analysis
бичээрэй, цааш нь, амжилт
ard