“Ярилцъя” энэ удаагийн зочноо холоос урьлаа. Намжилсүрэнгийн Оюунтунгалаг гэх энэ бүсгүй Швейцарийн холбооны улсын Женев хотноо үйл ажиллагаагаа явуулдаг ДЭМБ-д ажилладаг. Түүнийг манай үеийнхэн “Хөх тэнгэр”-ийн Оюунтунгалаг гэх нэрээр нь бүгд мэддэг.

-Өөрийг тань бидний үеийнхэн “Хөх тэнгэр”-ийн Оюунтунгалаг гэж нэрлэдэг . Тэр үед “Хөх тэнгэр” та хоёр үнэхээр алдартай байсан. Бараг оюутан байхдаа энэ ажлыг хийж байсан байх аа?

-“Хөх тэнгэр- монголын радиогийн хоёрдугаар суваг” бол манай анхны FM радио л доо. 1994 оны 12 сарын 15-нд анх нээгдэж байлаа. Би сургуулиа төгсчихөөд бас ч үгүй их сургуульд англи хэл заах санаатай хэдэн сар ажиллачихаад байж байсан. Тэгсэн монголын радиод ажилладаг манай нэг найз радиод хэд хэдэн удаа шалгалт явуулаад хүн аваагүй байгаа гэдэг юм байна. Би ч очоод шалгуулъя гээд зогсчихсон. Тэгээд чүү чай тэнцээд гурван сар дадлагажигчаар  ажиллачихаад  жинхлэх гээд байж байтал “Хөх тэнгэр” нээгдэж билээ. Би тэр өдөр жинхэлсэн санагдаж байна.

-Жинхлэнэ гэдэг ч том даваа шүү. Сонин ч ялгаагүй. Ингээд “Хөх тэнгэр” та хоёр учирчээ?


-Жинхлэнэ гэдэг үнэхээр том даваа. Одоо харин ямар болсныг мэдэхгүй юм. Би Монголын радиогийн Хурд агенитлагт гадаад мэдээний редактороор орсон юм. Тэр үед Монголын радиод миний насны хүн бараг байдаггүй байсан. Ажиллалаа. Ингээд явж байтал мэдээнээс гадна гадны радионуудтай хамтарсан соёлын нэвтрүүлгүүдийг надад өгдөг боллоо. Би болоогүй ээ,  туршлагагүйгээ мэдэхгүй өөрөө бэлдсэн юм болохоор нэвтрүүлэгч нартаа хэдийнэ шаардлага тавиад эхлэчихсэн байлаа. Гэтэл нэг өдөр найруулагч маань чи ер нь наадхиа өөрөө хөтөл, олон гадаад үг хэллэгтэй төвөгтэй юм гэдэг юм байна. Тэгж байтал тэр нэвтрүүлэг дарга  нарын сонорт хүрсэн бололтой, манай У.Сарантуяа дарга ирээд сонсоод суучихдаг болов. Тэгээд нэг л өдөр надад мэдээний редакторынхоо ажил дээр хөтлөгч редакторийн ажил ав гэж үүрэг буулгасан даа. Хоёр ажилтай, хоёр даргатай, хоёр цалинтай боллоо.

-Нэлээн хэдэн жил ажилласан байх шүү?

-Дөрвөн жил болсон. Хөх тэнгэр, Монголын радиод байсан үе миний анхны ажил, амьдралынхаа гараагаа эхэлсэн цаг үе л дээ.  Тэр утгаараа үргэлж сайхнаар дурсагдаж явдаг.

-Сонин, телевиз ч биш радио руу та яагаад тэгтлээ тэмүүлдэг байсан юм бэ ?

-Радиогийнхаа ажлаас улбаалаад телевиз, рок поп, реклам гээд олон л салбарынхантай хамтарч ажиллах болсон. On and Off-ынхон намайг рок поп, реклам сурталчилгаа руу үндсэндээ чирээд орчихсон. Тэр үед гарч байсан янз бүрийн хувийн телевиз, радио бүгд санал тавьдаг байлаа. Би тодорхой төслүүд дээр л хамтарч ажиллахыг зөвшөөрөхөөс, ажлаа солихгүй л гэдэг байсан. Нэг удаа Улаанбаатар телевизэд яг орох дөхсөн. Хүүгээ гаргачихаад буцаад радиодоо орох гэтэл Балхаа ах ятгаад болдоггүй. За, гэчихээд буцаад явж байтал Монголын радиогийн П.Баярсайхан дарга дуудлаа.  Очтол UNESCO –гийн төсөл орж ирээд байна, шинэ студи өгөх гээд чамайг л ажиллуулахгүй бол мөнгө нь өөр тийшээ явах гээд байна. Ажилдаа ор гэдэг байгаа. Өөр газар орохоор шийдсэн гэж хэлж  чадалгүй гарчихаад Балхаа ах руугаа уучлаарай гэсэн дээ. Дээр нь телевизэд ажиллана, олны нүдэн дээр байна гэдэг надад нэг л таалагддаггүй байсан.

-Гэхдээ л телевизээр анхны ток шоунуудаас хөтөлж л байсан шүү дээ?


-Тэр яахав дээ. Ганц хоёр хүсэлт ирээд хийж байсан.

-Дараа нь олон улсын хүндтэй байгууллагад ажиллаж байснаа бас л “Инфо” гэдэг радио байгуулж ажилласан. Харин яагаад орхисон бэ?

-Тийм шүү. Инфо 105,5 FM бол миний биеэ дааж шинэчлэл нэвтрүүлэх гэж оролдсон бас нэг төсөл. Анхны бүрэн компьютержуулсан, жинхэнэ news радио хийе гэж бодсон юм. 2001 он шүү дээ. 1994 онд анхны FM нэвтрүүлгүүдийг хийж байхад, Монголын радиогийн өргөн нэвтрүүлгээс ялгарахын тулд нэвтрүүлгийн бүтэц, эхлэл төгсгөл бүх юмыг цоо шинээр сэдэх болж байсан. 2001 он бол FM-ийн зах зээл хэдийнэ тогтчихсон үе. Харин мэргэжлийн төвшин нь нэг тиймхэн болчихоод байсан. Би 1996 онд Германд компьютержсэн радиогоор дадлага хийж ирээд Монголын радиод хэрэгжүүлэх боломж байгаагүй. Тэгээд л шууд Э.Бат-Үүл ахын төсөлд энэ санааг хэрэгжүүлж болох юм гэж бодсон. Би инфо-доо бас дуртай байсан. Уг нь анх үндэсний том радиогийн төслөөр хийсэн юм. Сүүлдээ тийм радио болоод,  би ч тэгээд сургуульд явах болоод орхисон. Харамсалтай нь надаас хойш үргэлжлүүлж чадаагүй юм шиг байна лээ. Харин Инфогийн дараа Монголын радио маань намайг том шинэчлэл хийх төсөлд чи зөвлөөч гэж санал тавьж байсан. Би маш их дуртай байсан ч чадаагүй дээ. 

-Монгол дахь олон улсын хамгийн нэр хүндтэй байгууллагад та ажиллаж байсан. Тэнд ажиллаж байсан үеийнхээ тухай, олсон бас алдсанаа эргэцүүлбэл ?

-Монгол дахь НҮБ уу. Тийм ээ, миний хэвлэл мэдээллээс урвасан гол шалтгаан. Маш олон сэдвээр, илүү гүнд нь орж ажиллах боломж олгодог ажил. Суурин төлөөлөгч Дуглас Гарднер гуай намайг их дэмждэг байсан. Гайхамшигтай хүн шүү дээ. Би одоо ч НҮБ-ын байгууллагуудаас түүн шиг удирдагч олж хараагүй л явна. Тэгээд бодохоор тэр хүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан маань маш том сургалт, бас их аз завшаан байсан. Намайг хэлний сургууль төгссөн болохоор бас давхар орчуулга хийлгэнэ. Бүр өөр орчуулагч авахгүй гээд ажлуулдаг байсан. Тэр хүний ачаар маш их юм сурсан. Бас надад Монгол орныхоо бүх бүсээр явж хүмүүсийн ахуй амьдралтай танилцах боломжийг өгсөн. Төвийн хэвлэл мэдээлэлд ажиллахад томилолт тэр бүр хангалттай олдогүй шүү дээ.

-Тийм шүү. Та англи хэлний гайхалтай мэргэжилтнүүдийн нэг. Хаана сурсан бэ ?

-Баярлалаа, гэхдээ би хэл заах аргаар сурснаас яг хэл шинжлэлээр огт ажиллаагүй. Англи хэлээр бол бүр ч сүртэй сургалтанд яваагүй. Гарднер дарга намайг Америкийн ерөнхийлөгч нарын шууд орчуулга хийдэг мэргэжилтнээр долоо хоног хичээл заалгуулсан. Тэрний үр дүнд шууд орчуулга хийх, бас дээд хэмжээний уулзалт орчуулахтайгаа болсон. Гэхдээ иймэрхүү ажлыг нарийн хийж сурахад байнгын дадлага, туршлага хэрэгтэй. Тэр үед надад монгол сургууль төгссөн, дээр нь хэвлэл мэдээллийн хүн учраас орчуулга хийхэд арай дөхөм байх шиг санагддаг байсан.   

-Хүмүүс монголд оролдоод дэмий, явж орчинд нь сурах хэрэгтэй гэсэн зөвөлгөөг их өгдөг. Та харин ямар зөвөлгөө өгмөөр байна ?

-Англи хэлийг бол би болоод манай үеийнхэн монголдоо л ихэвчлэн гартаа баригдсанаа уншиж орчуулж сурсан. 90 –ээд оны эхэн үед бидэнд бараг заах багш ч байгаагүй. Энэтхэг, Бирм, Орос гээд зүсэн зүйлийн багш нараар заалгадаг байснаа яриад манай ангийнхан баахан инээлддэг юм. Өнөөдөр нэлээдгүй нь манай урдаа барьдаг мэргэжилтнүүд болсон. Одоо бол мэдээж хүмүүст ном, сэтгүүл, интернет, сургууль гээд бүх зүйл нээлттэй. Гэхдээ уйгагүй л оролдохгүй бол ямар ч мундаг багш шидтэн биш шүү дээ.  

-Монголын шоу бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай байсан ч бас л орхиод Швейцари яваад өгсөн. Аль хотод ямар мэргэжлээр мастер хамгаалсан бэ?

-Би 2003 онд Женевийн Олон Улсын Их Сургуульд хэвлэл мэдээллийн чиглэлээр хамгаалсан. Одоо Женевийн Улсын Их сургуульд менежментээр сурч байна. 2012 онд дуусах байх.

 -Та Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа. Яг ямар чиглэлээр ажиллаж байгаагаа сонирхуулаач?

-Би Дох-ын хэлтсийн хэвлэл мэдээллийн хэсгийн дарга хийж байгаа.

-Монгол улс саяхан ДЭМБ-ын удирдах зөвлөлд гишүүнээр элссэн. Үүний ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч?


-Удирдах зөвлөл 34 гишүүнтэй. 193 гишүүн орноос сонгогдож ажилладаг. Зөвлөлийн гишүүн байх энэ хугацаанд манай улс олон улсыг хамарсан эрүүл мэндтэй холбоотой бодлогод удирдах үүрэгтэй оролцоно гэсэн үг. Мэдээж нэр төртэй, хариуцлагатай үүрэг.

-Та энд байхдаа ч Дох-ын чиглэлээр ажиллаж байсан. Монголд бол одоо Дох-ын тохиолдол бүртгэгдвэл байдаг л нэг үйл явдал шиг их хэвийн хүлээж авдаг болсон ?

-Дох бол амьсгалын замаар ч юм уу, эсвэл цөмийн цацраг шиг үл үзэгдэх замаар тардаг өвчин биш. Хувь хүн бүхэн ухамсарлавал бүрэн сэргийлэх боломжтой халдвар. Бүх хүмүүс гурван зүйлийг л санах хэрэгтэй. Өсвөр насныхны хувьд бүрэн мэдээлэл, дадалтай болохоосоо өмнө харилцаанд орохгүй байх. Тогтвортой үнэнч харилцаатай байх, тэгээд бэлгэвч хэрэглэх. Монгол харьцангуй залуу хүн амтай. Дээр нь нийгэм эдийн засгийн онцгой хувирлын үед яваа улс. Ийм тогтворгүй байдал эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Дох-ын тохиолдлоо тоолж зарлана гэдэг мэдээж олон нийтэд сэрэмж авахуулахд зохимжтой арга ч , яг халдвар авсан хувь хүмүүс дээр ньолны  анхаарлыг хандуулж, тэднийг янз бүрээр дайрах, сэтгэл санааны дарамт үзүүлэх маягаар  хандах нь зохистой биш. Би сүүлийн найман жилийн тэн хагасаас илүүг нь Дох-ын талаар дэлхий дахинд мэдээлэл  түгээх ажилд зориуллаа. Африк, Зүүн Европ, бас Азийн олон орнуудад энэ өвчинтэй тэмцэж байгаа, мөн энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүстэй ажиллаж байна. Хүний зовлон бол зовлон шүү дээ. Өвчинд нэрвэгдсэн хэн ч авъя гэж аваагүй байдаг. Миний уулзсан хүмүүс бараг бүгд энэ өвчнөөс бусдыг сэргийлүүлэхийн төлөө өөрсдийнхөө амь наснаас илүү санаа зовж яваа нь мэдрэгддэг.  

-Энэ өвчний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, шинэ нээлтүүд юу байна вэ?

-Сайн мэдээнээс эхлэе л дээ. Би анх 2003 онд ДЭМБ-д ороход Дох-ын эмчилгээний түүхэн том кампанит ажил яг нээгдэж байхтай таарсан юм. Би тэр кампаний радио, телевиз, интернет хариуцах албыг дааж ажилласан. Тэр үед хөгжиж байгаа орнуудад 400 мянгахан хүн Дох-ын эмчилгээнд хамрагдаж байлаа. Их үнэтэй, дээр нь нарийн цаг хуваарьтай энэ эмчилгээг ихээр нэрвэгдсэн Африк, Азийн хүн амд өгвөл орхигдуулаад мөнгөний гарз болно гэсэн үзэл хандивлагч орнуудын дунд байсан байна л даа. Одоо энэ эмчилгээ 13 дахин нэмэгдэж бараг зургаан сая хүн энэ эмчилгээний ачаар эсэн мэнд явна. Өнгөрсөн жилээс харамсалтай нь дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан энэ эмчилгээний хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг саарч эхэлсэн нь санаа зовоож байгаа. Гэхдээ одоо зургадугаар сард Дох өвчнийг анх тодорхойлсны 30 жилийн ой, НҮБ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар олж чадсан амжилтаа хараад бүх орнууд Дох-ын төлөө тэмцлээ улам эрчимжүүлэх шийдвэр гаргана гэсэн итгэлтэй байгаа.

-Эх орноо холоос харах ямар байх юм бэ. Одоо бид чинь их л моодонд орж байх шиг байна. Баялгаараа дэлхийнхнийг даллаад л ?

-Монгол миний хувьд хол биш. Жил болгон л очдог. Гэр орныхон, найз нөхөдтэйгөө байнга холбоотой байдаг. Эзгүй байсан энэ 10 жилд улс орон маань асар ихээр хувирч байгааг нь байнга мэдэрдэг. Эдийн засаг хүчтэй болж байна. Монголжиж байна. Нөгөө талаар нийгмийн асар их ялгаа гарч байгаа нь нүдэнд илт. Манай соёл иргэншил даан ч өвөрмөц, бусдаас онцгой. Нөгөө талаар бид нар хоёр их гүрний дундах, жижигхэн хүн амтай улс. Нийгмээ нийтээр нь өөд нь татах нь одоо манай эрх баригчдын амин чухал зорилт байх ёстой. Гэхдээ Монгол хөгжингүй, баян, тайван амгалан улс болно гэдэгт бүрэн итгэдэг, Тийм болгохын төлөө ажиллах нь бүх монгол хүний зорилго байх ёстой шүү дээ. 

 -Стратегийн гэх ангилалд байсан том ордуудаа бүгдийг нь задлах гэж байна. Ингэж л нэг улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргая гэж шийдэцгээсэн.  Нөгөө талд нь иргэний нийгмийн байгууллагууд “Баялгийн хараал” туссан орнуудын жишээг чадлаараа хашгирч байгаа. Энэ талаар юу юу харагдаж, сонсогдож байх юм бэ дээ?


-Улс оронд нэг үзэл бодол давамгайлаад ирэхээр л их сэжигтэй болоод ирдэг. “Баялгийн хараал”-ын талаар ярьж асуудал дэвшүүлж байгаа нь маш зөв, маш эрүүл алхам. Бид чинь байгаль дэлхийгээ шүтэж ирсэн малчин хүмүүс. Гэнэт уурхайчин болоод ирнэ гэдэг өөр хүн болж сэрэхтэй адил. Энэ том сонголтыг  нийгмээрээ ойлгох, ухаарах бүрэн бэлтгэл арга байна. Хэдэн жилийн өмнө би Канадын нэг байгаль орчны чиглэлээр бичдэг сэтгүүлчтэй ажилладаг байлаа. Тэрнээс Хорт Бобын (Toxic Bob хочтой Robert Freedland) тухай сонсчихоод маш их бухимдаж билээ. Монголд байгаа бүх найзууд, хэвлэл мэдээллийн нөхөд рүүгээ түүний тухай “алтан хошуу” өргөсөн.

-Та Улаанбаатарт очоогүй удсан байх. Манай соёл урлаг, таны ихээхэн найзладаг байсан рок попын тухай яръя л даа. Дэлхийхнээс хаах нь тууж явах шиг байна вэ?

-Би хамгийн сүүлд 2000 оны Пентатоникт оролцсон. Түүнээс хойш би жирийн үзэгч. Монголын рок поп дэлхийн рок поп хоёр миний бодлоор алим, нимбэг хоёр шиг  ондоо зүйл л дээ. Би дуучид уран бүтээлчдийн талаар бол үнэлэлт дүгнэлт өгөхгүй. Харин шоу, менежмент, энээ тэрээ гэвэл телевизээр ганц хоёр юм харсан. 2000 оны Пентатоникоос дээрдээгүй санагдсан. Өдийд үсрээд өөр тавцанд очсон байх болов уу гэж бодсон. Үгүй юм шиг байна.

-Таны дуу хоолойг “Мобиком”-ын утасны хариултаар өдөр бүхэн, дээр нь хааяа Балхжав тоглолтоо хийх үеэр нөгөө алдартай дөрвөн мөртөөр сонсох юм. “Мобиком”- той та ийм удаан жилийн гэрээ хийсэн юм уу?


-Мобиком бид хоёр гэрээгүй. Аль 1999 он билүү тэр үед л хийсэн бичлэг. Мобикомын захирал миний найзын найз юм билээ.Миний хувьд НҮБ-д ажилладаг реклам, шоунаас холхон байх хэрэгтэй байдаг. Гэтэл манай найз гуйгаад салдаггүй. Тэгээд Мобикомынхон бид  Япон явах онгоцонд өгч явуулах гээд байна. Таны хоолой гэж мэдэгдэхгүй цэвэршүүлнэ гээд байхаар нь телевизийн студид яаруу сандруу бичүүлж байлаа. Манай радиогийнхон хоолойны өнгөнд дуучид шиг л шаардлага тавина шүү дээ. Ийм удаан хэрэглэгдэнэ гэж мэдсэн бол чанартай юм хийлгэдэг байж гэж боддог юм. Мобиком тэгж байгаад шагнах биз. Тэгэхээр нь нэг буяны байгууллагад хандивлана гэж бодоод байгаа. Балхаа ах бид хоёрын дөрвөн мөрт яах вэ, Балхаа ахад зориулсан миний бэлэг. Би тоглолтыг нь Б.Бадар-Ууган гуайтай хөтлөх ёстой байсан. Миний шүтэн бишэрдэг хүн. Яг тэгж байтал өнгөрчихөж билээ. Би ч ажлаар Хөвсгөл явах болоод хөтөлж өгч чадаагүй. 

-Монголдоо ирж ажиллах бодол байна уу. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс наашлах хандлага их илэрч байгаа ?

-Миний хувьд энэ асуултад хариулахад бэлэн биш байна.

-Баярлалаа, танд амжилт хүсье?

-Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.