Арван наймтай хөвгүүний ам тойрсон армаг, тармаг шиг дөнгөж таваглаж буй нялх ногоо их говийн өнгөнд хэдийнэ чимэг нэмжээ. Таанын үзүүр үл чичигнэх, нар хурцаар шарсан талаар туулан давхих машины их тоос хаашаа ч үл замхран яг тэр хэвээрээ тэнгэрийн заадас мэт суунаглан царцсан мэт ард үлдэнэ...


Бөртийх ч үүлгүй тэнгэрийн хаяа чиглэн өмнө зүг барин довтолгох  бидний чанх урдаас гэнэт л бараан үүл босоод ирвэй... Үүнийг түр орхиод өгүүлэх нь.


Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Буяннэмэх, авто замын хяналтын улсын байцаагч Т.Батбаатар, жолооч н.Тайван бид Тавантолгойн уурхайгаас БНХАУ руу нүүрс тээвэрлэж буй хүнд даацын тэргэнүүд Өмнөговь аймгийн байгаль орчинг хэрхэн сүйтгэж буйг харахаар яваа нь энэ. Сүүлийн жилүүдэд Монгол орны байгаль орчин хүний хүчин зүйлийн нөлөөгөөр хэрхэн сүйрч буйг уйлдаг инээдэг, цусан зүрхтэй хүмүүн тавиланд төрсөн хэн боловч сэрхиймээр жишээ баримт үй олноор бий боллоо. Тэдний нэг, бүр ноцтой гэмээр байдал Өмнөговь аймагт үүсчээ. Үүнийг гамшиг гэж нэрлэхээс өөр үг олдсонгүй ээ!


Өмнөговийн төв Даланзад­гадаас 100 гаруй км давхиад Ухаа худаг, Тавантолгой хүрнэ. Энэ бол тус бүс нутгийг сүйрүүлж буй гамшгийн төв. Энд дэлхийд нөөц, чанараараа нэгд орох нүүрсний орд буй. Үүнийг Монголын ирээдүй, хөгжлийн төв, аз жаргалтай амьдралын үүд хэмээн гадна, дотногүй нэрлэж буй цагт эсрэгээр ийн зөрж буй даа эргэлзэх юм алга.


Аливаа их үйлс зайлшгүй золиос дагуулдаг гэдэгтэй эвлэрэх аваас Өмнөговийн ард иргэд, унаган байгаль үнэхээр золиослогдож байна. Үүнийг би гамшиг, Өмнөговьд нүүрлэсэн эмгэнэл хэмээн нэрийдлээ.


...Цэлмэг тогтуун өдөр гэнэт л өмнөөс бараантан босч ирсэн үүлийг хараад бороо орох нь дээ хэмээн бодож явтал “Угалз” айсуй хэмээн жолооч хэлээд Тавантолгойн уурхайн зүг хурд нэмлээ. Юун борооны үүл, эрчилсэн их үерийн ус цутгаж байна уу гэлтэй угалзран боссон тэр бараан зүйл говийн нөгөө алдарт шуурга бололтой.


Хэрэв ганцаараа ийм үзэгдэлтэй тулах аваас зүрх алдмаар аж. Угалз ойртохтой зэрэгцэн салхи исгэрч, юу юугүй шороо тавьж, удалгүй харанхуй нөмрөх нь тэр.


Зогссон машин дайвалзан хөдлөхөөс өөр мэдрэгдэх юм алга. Арав орчим минутын дараа гэнэт нөмрөөд ирсэн шигээ шуурга өнгөрч, орчны бараа тодормогц залгаад бороо хэсэгхэн шивэрлээ.

Бив битүү машины хаагуур нь орсныг бүү мэд, бид хэд гурилд дүрүүлсэн мэт цагаан шороонд хучигджээ. Говийн угалз гэдэг тэр чигээрээ хайрга шороо, элс агаад машины будгийг нарийн ширхэгтэй зүлгүүрээр зүлгүүрдсэн мэт арилгадаг хэмээн бусдын ярихыг сонсож байсан ч сая өнгөрсөн шуурга тэр угалз нь биш бололтой. Харин тун нарийн бүр дээд гурилын ширхэгээс ч бага ширхэгтэй тоос байсан ажээ.


Үүнийг монголчууд түйрэн гэх агаад эдүгээ дэлхий даяар “Азийн шар шороон шуурга” буюу “Монголын аюул” ч хэмээн нэрлэх болсон. Байгаль орчин сүйрч, цөлжилт тэлж буйн жишээ болсон энэхүү түйрэн Монголын бүх нутгаар үе үе босч, говьд бол өдөр болгон дэгддэг болсныг ийн харлаа.

Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэл 257 км. Энэ хооронд 18-24 метр урт, 3.10 метр өргөн, 4.2 метр өндөртэй 100 тонн хол давсан ачаатай хүнд даацын 1000 гаруй  машин өдөр шөнөгүй нүүрс зөөн хөлхөлддөг. Гэхдээ тэд хаа дуртай газраараа давхилдаж талыг ч ёстой там болгож байгааг харахад зүрх өвдөж, сэтгэл эмзэглэв.


Уг нь Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд сайжруулсан шороон зам бий хэдий ч тийм урт, өндөр, хүнд даацын тэрэг явахад хэцүү болж. 100 гаруй тонн нүүрс ачсан машин цоо эрүүл газраар нэг л удаа яваад өнгөрөхөд говийн сул хөрсөн дээр 4-5 жил зогсолтгүй тэрэг давхилдсан зам шиг тод ул мөр  үлдэх юм. Тэрхүү сайжруулсан шороон замаар жийп машин явахад зарим газар тэнхлэг нь шүргэм гүн ховил үүссэн болохоор нүүрс тээвэрлэж байгаа машинууд жаахан савлагаанд л онхолдчихдог юм байна. Биднийг тус замаар 100 гаруй км явах хооронд ийм осол гурав таарсан гээд боддоо.


Ийнхүү жолооч нар тус тусын зам гаргасаар гол замын хоёр талаар салаалсан 15-20 зам үүсч Өмнөговийн тэр хавийн нутагт тэнгэрт тулам нунтаг улаан тоос манардаг болжээ. 20 км/цаг хурдтайгаар хоорондоо 4-5 метр зайтай яваа машин бие биеэндээ үл харагдана.


Энэ их тоос бороо, цас үл орох аваас хэзээ ч үл дарагдана. Яг ийм орчинд Өмнөговь, Дундговийн бэлчээр хөөсөн малчид, иргэд амьдарч байна. Түрхэн орсон борооны дараа тал хөндийг битүү  бүрхсэн шороо дарагдах зуурт өмнө хойно яваа нүүрс тээвэрлэсэн хэдэн зуун машин, замын дагуух айл, тэртээд бэлчих мал сүрэг, уулсын сүүмэлзэх барааг олж харахад түгжирсэн амьсгал онгойх шиг өөрийн эрхгүй уужрах аж.


Тэр өтгөн тоосонд дарагдсан таана, хөмөл, бударгана бороонд угаагдан хэдхэн хормын өмнө бургилсан цагаан цөл мэт байсан орчинг өнгө оруулан өөрчилсөн нь онцгой содноор нүднээ тусна. Бид замаас 12 км зайтай зусаж буй малчин айлд дөрөө мулталлаа. Гэрийн гадна тоос шороонд хутгалдаж, нүд нь час улаан болсон, үс гэзэг нь сэгсийсэн эзэн, эзэгтэй  гурван хүүхдийнхээ хамт тосон зогсох нь балар эртний өвөг дээдэс маань нэг иймэрхүү л байсан болов уу гэсэн төсөөлөл, бодлын очыг гялсхийлгэв.


Түүнийг Ё.Отгонбаатар гэх агаад Дундговь аймгийн Хулд сумын малчин гэнэ. Аймаг, сумаар нь хэдэн жил дараалан ган, зуд болж буй учир Өмнөговийн нутагт орж ирэн энэ хавиар зусдаг болоод хоёр жилийн нүүрийг барж байгаагаа тэрбээр ярилаа.

-Энэ их тоос шороон дунд амьдрахад хэцүү биш үү. Өөрсдийнхөө эрүүл мэндийн талаар санаа зовох юм уу?

-Үгүй тэгээд зовлоо гээд яах ч арга алга. Амь зуухын төлөө л гэж ингэж явна.


-Уушиг лав эрүүл байх үндэс алга. Та өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эмнэлэгт үзүүлсэн үү?

-Үгүй ээ! Яаж ч бодсон олигтой л гарав гэж. Энэ замыг дагаад говийнхон зусдаг, жаахан ногоо цухуйдаг нутаг л даа. Даанч сүүлийн жилүүдэд бэлчээр бүр ч хомсдлоо. Одоо хааш хаашаа 1-2 км-т л жаахан ногоо байна. Үүнээс цааш юу ч байхгүй. Өдөр шөнөгүй цувж байгаа машин тэрэг хил хүртэлх нутгийг улаанаар нь эргүүлчихсэн л дээ. Аймаг, орон нутгийн захиргаа төр, засаг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу! Бүү мэд.


-Та бүхэн сум орон нутгийнхаа төр, захиргааны байгууллагаас эхлээд шат дараалсан газруудад амьдрах орчин нөхцлийнхөө талаар асуудал тавьж үзэв үү?

-Байнга л ярьдаг хэлдэг юм. Хад чулуунаас долоон дор дүлий хүмүүс л байдаг. Болох ёстой юм болж байна л гэж боддог шиг байгаа юм. Тэд газар орчныг сүйтгэж байгаа аж ахуй, компанийн нөхдүүдээс их мөнгө аваад сайхан амьдарч байдаг болохоор мань мэтийн хүний үгийг тоов л гэж. Өнгөрсөн жил нутгийн малчид гар гараасаа хөтлөлцөн энэ замбараагүй давхилдаж байгаа машинуудын замыг хааж, өмнүүр нь хөндөлсөн хөдөлгөөнийг арай гэж цэгцэлсэн болсон. Амь насаараа дэнчин тавьж байж шүү дээ. Тэрнээс хойш машинууд сайжруулсан шороон замаа дагадаг болсон ч нөгөө амлаад байсан өдөр болгон зам усалж байна гэсэн нь ганцхан өдрөөр л шувтарсан даа. Ядаж л өдөр болгон замаа услаад байвал энэ их тоосжилт, багасмаар.


Бид ийн ярилцлаа. Тэрбээр нэн даруй хатуу хучилттай замтай болохын чухлыг онцолж байсан.

Тэндээс хөдлөөд өөр нэгэн айлд буусан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин О.Бямбажавынх аж. Өнгөрсөн жил нутгийн малчдыг уриалан зам хааж, хөдөлгөөнийг цэгцлэхэд хөлдүү чихтэй, хүнд сурталтай дарга нарыг хөдөлгөхөд хүргэсэн гол хүмүүсийн нэг нь гэнэ. Бямбажав гуай аймаг, орон нутгийнхаа унаган төрх аймшигтайгаар өөрчлөгдөж буйд тун ч зовниж явна.


Аргаа барахдаа л сумынхаа малчдыг цуглуулан тийм үйлдэл хийхэв.  “20 км тутамд нэг услагч машин гаргаж замыг чийглэж байна” гэж Цогтцэций сумын засаг дарга н.Цог-Өрнөх амалсан юм. Мөн Хятадын “Пүүшин-транс”, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн “Таван толгой-транс” компанийн захирлууд ирж бидэнтэй уулзсан ч ярьсан хэлсэн нь нэг удаагийн зам услалтаар үлгэр болж бидэндээ молиго үмхүүлчихсэн.  Цагаан хад, Таван толгойн уурхайн хоорон дахь 60 гаруй км нутагт л лав хүн, мал амьд явах баталгаа алга. Өдөр болгон мал дайруулж үхэж байна. Өнөөдөр гэхэд л энүүхэн цаана машин осолдсон байна лээ. Өмнөх газар нэг хоёр метрээс цааш харагдахгүй,  харанхуй тоосон дунд л амь зуулгын төлөөх амьдрал буцалж байгаа хэмээн өгүүлээд “Улс оронд ордог мөнгө нь их байдаг биз.


Хэдий тийм ч энэ замаа засаж, хатуу хучилттай болгомоор юмсан. Ядаж л услагаатай болгох хэрэгтэй. Бид сум орон нутагтаа хандана. Тэд аймагт гээд тэндээсээ цаашаа төв рүү энэ асуудлыг байнга ярьж хэлдэг ч дээшээ очоод мухардчихаад байх юм даа” гээд гүнээ санаа алдав. Ядаж л төвөөс тэр УМХГ-ын дарга нар ирж газар дээр нь шалгалт хийхийг харахсан, тэд ирж нүдээрээ үзээсэй. Үүнийг сониноороо уламжилж өгөөч гэж надаас мөн хүслээ.


Тоос шороон дунд амьдарч буй малчдын амьдрал үнэхээр хэцүү ч өөрсдийнх нь ярьж буй шиг амь зуухын төлөө эрүүл мэндээ ийнхүү золиослон буйг яалтай. Үүнийг хэрхэн яаж зохицуулах ёстой юм бэ?

Тэр их нарийн тоосонд дарагдсан өвс идсэн малын гэдэс хүндэрч, нэн ялангуяа хээлтэй мал сүргийн хөл гүйцэхгүй унаад өгдөг гэнэ. Энэ хавар тун ч олон мал нүд аньсаныг задлаад үзэхэд муу сархинаг, гэдэс гүзээ нь тэр чигээрээ шавар, шороогоор дүүр­сэн байжээ. За! мал ч өнгөр­чээ, энэ нүүрсний замыг дагасан хоёр аймгийн малчин иргэ­дийн эрүүл мэндэд тэгвэл яагаад анхаарал тавихгүй байна. Хүний уушиг, дотор эрхтэн энэ их тоосжилт дунд яаж тэсэх билээ.


Эмч, эмнэлгийнхэн ч тэднийг анхааран үзэж, хянасан юм алга, өөрсдөө ч эрүүл мэндээ гаргуунд нь гаргаад амь зууж буй өмнөговьчуудын төрх байдал нэн эмгэнэлтэй.


Мөнгөн ус, цианитын хордлого, хөрс, усны бохирдол, бэлчээрийн нөөцийн хомсдол, цус ойртолт гээд энэ бүс нутагт болж буй бүхнийг гамшиг гэхээс өөрөөр юү гэж хэлэх вэ? Одоогийн байдлаар тус аймагт хилийн хоёр боомт бий. Гашуун сухайт нь байнгынх. Харин Шивээхүрэнгийн боомтыг энэ зундаа байнгын ажиллагаатай болгох юм гэсэн. Түүнчлэн дөрвөн боомтыг шинээр нээх төлөвлөгөө Засгийн газарт байгаа юм билээ. Яг үнэндээ одоогийн нөхцөл байдлыг  сайжруулахгүйгээр, хилийн боомтууд дээр шинжилгээний лаборатори, янз бүрийн хорио, цээрийн сэжиг бүхий зорчигч, ачаа барааг саатуулах байр, ариутган халдваргүйжүүлэх цэггүй байгаа шигээ нэмээд боомт нээвэл өмнөговьчууд төдийгүй Монгол Улсын аюулгүй байдалд цаашдаа хэн ч санаа зовох шаардлагагүй болно. Учир нь санаа зовох, сэрэмжлэх аюулгүй байдал гэж бидэнд нэгэнт байхгүй болох учраас тэр.


Зургаан боомтоор нэвтэрч буй бүх хөдөлгөөнд хяналт тавих, хүн хүчний бололцоо ч тэнд алга. Эрхбиш үүнийг шийдвэр гаргагчид тунгааж суудаг биз дээ.


Х.Баттулга сайд төмөр зам тавих тухай ярьж л байгаа сурагтай. Түүнээс өмнө хүнд даацын замтай болгохгүй бол нүүрс, зэс сахисан уурхайчдаас бусад нь эндээс дайжихаас аргагүйд хүрнэ хэмээн нутгийн иргэд ярьж байсан. Монголчууд бид хоёр саяулхнаа. Бид асар баялагтай атлаа ядуу. Гэлээ гээд баяжихын төлөө тэр их онгон байгаль, 40 гаруй  мянган хүнийхээ аж амьдрал, эрүүл мэндийг ингэж золиослож болно гэж үү. Өмнөговийн тусгай хамгаалалттай, зарлигаар дархлагдсан дархан газруудад ч хууль бус үйлдэл цэцэглэн аль эрт алт ухаж, мөнгөн ус, цианитаар хордуулж, ховор ан амьтан үхэж үрэгдэн, дайжиж, хүн амьтангүй нутаг болон хувирч байна.


Ашиг хөөж болноо. Үүний төлөө заавал ийм их хор хөнөөл, гамшиг сүйрэл даллах шаардлага бидэнд алга. Хүн ардаа, байгаль дэлхийгээ бодолцсон төрийн бодлого дутаад байх шиг. Тэнд Монголын хөгжлийн том түлхүүр байгаа нь нэгэнт л үнэнээс хойш дорвитой, зоригтой төслөөр эхлээд дэд бүтцээ яаралтай шийдэх ёстой баймаар. Гадна, дотны хөрөнгө оруулагчид үүнд бэлэн л гэдэг юм билээ. Тийм ээ, үнэхээр төр, засгийн зоримог, хурдан оновчтой шийдвэр, түүнийгээ ажил хэрэг болгох ухаалаг менежментийн ур чадвар аль ч салбарт үгүйлэгдэж буйн харамсал Өмнөговьд ажиглагдаж байна.


Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд авсантай холбогдууж тус ордыг ашиглах, ашигт малтмал олборлож тээвэрлэх үйл ажиллагааг хангах зорилгоор Даланзадгад-Тавантолгой-Оюутолгойн чиглэлийн 125 км хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих шийдвэрийг УИХ-аас аль эрт 2008 оны тавдугаар сарын 21-нд гаргасан тухай албан тоотыг тухайн үед ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гарын үсгээ зураад Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас яаралтай замын асуудлыг шийдвэрлүүлэх талаар илгээсэн хүсэлтэд хариулт өгсөн байдаг. Гэвч тэр бичгээс хойш нэг см ч зам тавигдаагүй  өдий хүрсэн нь Монголд ажил хэрхэн явагддагийн сонгодог жишээ буюу.


Гэтэл “Айвенхоу Майнз” компани Оюутолгойгоос Гашуун сухайт хүртэл 80 км замыг өөрийн хөрөнгө оруулалтаар барих санал гаргаж зураг төслөө хүртэл боловсруулсан бол “Чинхау Мак Нарийн сухайт” компани Шивээхүрэн-Нарийн сухайтын хоорондох 56 км хатуу хучилттай замыг барихаар ажлаа эхлүүлсэн ч төр засаг шийдвэр гаргалгүй, дэмжихгүй байгаагаас өдий болтол хүлээсэн хэвээр.

Эдүгээ Тавантолгойгоос Гашуун сухайтын хооронд 1000 гаруй тээврийн хэрэгсэл бүхий 22 аж ахуйн нэгж тээвэрлэлт хийх эрх аваад байна. Гэвч энэ олон аж ахуйн нэгж ашгаа л бодохоос бусдыг умартаж байгаа нь харамсалтай. Тэд Байгаль орчин, газар дэлхийтэй туйлын зэрлэг харьцаж байна. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой-Транс” компанийн үйл ажиллагааны талаар өмнөговьчууд сайнаар ам нээхгүй байгааг онцлон уламжилъя.


Яг энэ бүс нутагт Монгол Улсын хууль тогтоомжийн үнэ цэнэ алдагджээ. Тэртээ олон жилийн өмнөх Америкийн алт олборлогчдын тийм нэг замбараагүй, хуульгүй, зэрлэг амьдрал Өмнөговьд биелэж байна уу гэх бодол өөрийн эрхгүй төрлөө. Хэн хаана, юу хийж, яаж байгаа нь мэдэгдэхгүй, тэнд төр, засгийн бодлого, шийдвэр хэрэгждэг юм уу гэж асуумаар захгүй, замбараагүй байдал ноёолжээ. Өмнөговийг үе үе харанхуйлан босох нүд чихгүй түйрэн, улаан шороо шигээ тэнд хүмүүсийн амьдрал баримжаагүй, булингартай байна.

Хүн ард нь шуурганд төөрсөн мэт хэрхэх чиг баримжаагүй болсон мэт ээ! Тавантолгой, Оюутолгой гэж эцэс төгсгөлгүй ярих улстөрчдийн урт сунжирсан мэдэмхийрэл Монголыг тэртусмаа Өмнөговийг жинхэнэ баллаж байна. Монголд хийж бүтээх хүсэл алга болж, эрх баригчдын уран гоё амлалтын биелэлтийг хүлээж амаа ангайгаад бүгд зогсчихлоо доо.

Энэ бүхний эцэст хөгжил, цэцэглэлт ярих нь өвсөнд авалцсан түймрийн эсрэг гар хоосон дайрч орохтой төстэй тэнэглэл шиг санагдах юм. Өмнөговьд лав гамшиг болж байна.

Ш.ДАВААДОРЖ (2009-06-25)