“Баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя” хэмээх үгийг “Макс”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар амнаасаа зүгээр ч нэг унагаагүй байх. Хийе гэвэл хувийн хэвшилд хангалттай нөөц боломж, хөрөнгө оруулалт нь бий болсныг илтгэх бодитой байр суурь. Гол нь тэдэнд хоёрхон баталгаа хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүй, татварын таатай орчин, нөгөөх нь улс төрийн тогтвортой байдал. Ерөнхий сайд нь ч улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн нь хувийн хэвшлийнхээ талд зогсож ажиллахаа мэдэгдсэнтэй агаар нэг.
ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх дархлаа нь Оюу Толгой болсон юм. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс мөнхийн хоёр хөршөөсөө мөнхийн хамааралтай бидэнд улс төрийн болон нийгмээс ирэх ил болон далд нөлөө, аль нэгнээс нь дэглэлттэй эсэргүүцэл их.
Өнөөдөртөө тэр хүний, өөрийнгүй тэмцэж байгаа нь үнэн ч ээлжит тэмцлийн чиглэлийг хот руу залуурдсан нь “Ардын Нам” гэсэн авлигын аварга том царс модны өмнө хүссэн ч, эс хүссэн ч тулж ирлээ. Хэрхэхийг ёстой л цаг хугацаа харуулна.
Төсвийг хэлэлцэх үеэр тойргоо тойрч тойглох гэж улайрдаг УИХ-ын гишүүдийн далд араншин энэ удаад бараг сэдрэхгүй байж болох. Ярьсан, тохирсон төсөл, хөтөлбөрөө төсөвтөө тусгаад явах магадлал нь өндөр. Адаглаад "Айрагны өргөө" байгуулна гэж мугуйдлах нэгэн гарахгүй.
Төрийн албыг наймаалцах алдарт “60 тэрбум”-ын схем гэх хэрэг бодитоор хэрэгжсэн байж болох фактыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Ганхуягаар төлөөлүүлж шүүх танхимаас мэдэгдсэн нь бас нэгэн шуугиан тарьж мэдэх нь.
Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.