Чили Улсын хилийн дээсийг алхмагц зэс үнэртэж, зэс харагдаж эхэлнэ. Хилийн шалган нэвтрүүлэх албаны түшмэлийн кабины суурь, тавиур хоёрыг цэвэр зэсээр бүрж “Зэс бээр бүх төрлийн нянг устгана” гэж товойлгон сийлжээ. Онгоцны буудлын хаалганы бариулаас эхлээд зоогийн газрын тогоо шанаг, аяга таваг, халбага сэрээ, цаашилбал үйлчлэгч охидын ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, гарын бугуйвч зэрэг цэвэр зэсэн эд зүйлс нүдэнд тусна. Дэлхийн Зэсийн Чуулган заавал Сантъяго хотод жил бүр хуралддагийн учир начир эндээс эхэлж тайлагдах шиг болно.

Энэ дөрөвдүгээр сарын эхээр тэнд зэсийн геологи хайгуул, уурхай, барилга, бүтээн байгуулалт, техник, технологи, олборлолт, үйлдвэрлэл, борлуулалт, тээвэр, судалгаа шинжилгээ зэрэгтэй холбогдох энэ дэлхийн түмэн амьтан хуран цугларчээ. Монгол гэж дуугармагц л нэр асуухаасаа өмнө Оюу Толгойг ярьж эхлэх. Чуулганы гол илтгэгчдийн амнаас дэлхийн зэсийн зах зээлд Оюу толгой жинтэй тоглогч болох тухай сонсдоно, гэхдээ гүний уурхай ашиглалтанд орсны дараа гэсэн тодотголтой. Эс бахархахын аргагүй, Монголын минь нэр сайны жишигт дуудагдаж буй юм чинь. 

Энэ тухай орхиж Чили “зэс амилуулж”, түүгээрээ эдийн засгаа угжиж, өсгөн торниулж, эрийн цээнд хүргэж, улс орноо хөл дээр нь баттай зогсоосон тухай сониноос цухас хуваалцъя.

ЗЭС “АМИЛУУЛСАН” АЛХАМ

“Хүдэр хүний гараар зэс болдог, эс тэгвэл тэр баялаг биш”
-Пабло Неруда (Чилийн нэрт яруу найрагч)

Бурхан зэсийн хүдрийн нөөцийг хуваахдаа Чилид дэндүү өгөөмөр хандсанд атаархах бодол төрөвч Монголыг минь огт хоосон үлдээгээгүйд сэтгэл өег. 

НТӨ 500-аад оны үед Чилийн уугуул иргэд зэс эдлэж хэрэглэж байсантай холбогдох ул мөр цөөнгүй олджээ. Хожим нь Инка угшилтай соёл иргэншилийн үед Чилийн хойд нутгуудаар алт, зэс ашиглаж байсан гэх. Бүр хожим нь Испанийн колончлол дор алт, мөнгө, зэс олборлож, ашиглаж байсан түүхтэй. 

Эдүгээ дэлхийд үйлдвэрлэгдэж буй 3 кг зэс тутмын 1 кг нь Чилийн тамгатай болжээ. Чингэхлээр энэ улс бээр “Зэсийн их гүрэн” хэмээн нэрлэгдэхээс өөр аргагүй. Гэхдээ энэ зиндаанд хүртэх зам нь тийм ч дардан байгаагүй аж. 

1907 онд АНУ болбоос 399 тонн, Чили 27 тонн, бусад улс орон нийт 277 тонн зэс тус тус үйлдвэрлэж байжээ. Тэр үед Чилийн хувьд мөнгө санхүү, техникийн болоод хүн хүчний чадал чинээ, эрчим хүч, зам харгуй, ус цас хомс байж. Харин 1950-иад он гэхэд зэсийн хүдрийг тээрэмдэж боловсруулах технологи гарч ирсэн нь Чилийг зэс олборлолтоор дагнах үүдийг нээж өгчээ. 

Чухам тэр үед Чукикамата, Эль Сальвадор, Эль Тиниентэ хэмээх лунжгар ордуудыг илрүүлжээ. Эдгээр нь онцгой өндөр ашигтай уурхайнууд болж хувирсан бөгөөд 1950-1960-аад онд зэс дангаараа Чилийн нийт экспортын 80 хувийг эзэлж байв. Гэтэл 1960-аад оны эцсээр зэсийн уурхайнуудыг нийгэмчилж төрийн өмчинд авчихчээ. Энэ нь манайд нийт мал сүргийг орон даяар нийгэмчилсэнтэй ижил түүх. Тэгээд 1976 онд төрийн өмчтэй “Зэсийн үндэсний корпораци” буюу “Коделко” хэмээх монополь эрхтэй компани байгуулж зонхилох том уурхайнуудыг атгуулжээ. Сальвадор Альендэ гэгч социалист Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн тэрхүү нийгэмчлэл нь зэсийн салбарт үхлийн цохилт өгч Чилийн эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн цадигтай. Генерал Пиночёт бээр цэргийн эргэлт хийж, Альендэ нь амиа егүүтгэсэн түүхийг бид гадарлана, 1973 оны явдал. Тэр цаг дор манайх Альендэг магтаж, Пиночётыг муулж байсан юм, бид социалист ертөнцийн тасархай байсан учраас тэр. Алс далайн чанад дахь тэр хоёр аваргын зодооны учрыг Зөвлөлтүүдийн амаар ойлгож байсан хэрэг шүүдээ. Тэгэхэд интернетийн үнэр танар ч байгаагүй цаг. Үнэн бодит мэдээлэл нэн ховор байж.

Харин харгис гэгдэх тэр генерал агснаа чиличүүд ханцуйн дотроо магтах шинжтэй. Тэр эрхэм Чилийн өдгөөгийн хөгжил дэвшлийн замын эхлэлийг тавьж өгсөн гэж тэд үздэг аж. Гэхдээ мань генерал улс даяараа цэргийн диктатур тогтоосон намтартай нэгэн билээ.

Тэрхүү цэргийн эрхтэн бээр бүр 1975, дараа нь 1981 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Милтон Фридманаас онол, практикийн зөвөлгөө авч байснаас гадна “Чикагогийн баг” хэмээн алдаршсан Чикакогийн их сургуулийн хэсэг эдийн засагчдыг Чилид чөлөөт зах зээл тогтооход чиглэсэн реформыг төлөвлөх, хэрэгжүүлэх явцад ашиглажээ. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй “тоглоом”-доо мэргэдийн ухаан, чадварыг ашигласан санж. Пиночёт 1982 онд “Чилийн уул уурхайн концессийн хууль”, “Чилийн уул уурхайн хууль”-ийг батлуулсан нь хувийн секторийн хөрөнгө оруулагчдад эрх чөлөө олгож, эрх зүйн баталгаа бий болгожээ. 

Манай хувьд мэдэхгүй, чадахгүй юм энэ ертөнц огт байхгүй учраас тийм эрдэмтэн мэргэдэд үрэх илүү мөнгө одоо ч олдохгүй биз. 

Нэг сонин түүх товч сөхье. Чили, Замби хоёр 1970 онд тус тус 680000 тонн зэс үйлдвэрлэж байжээ. Гэтэл эдүгээ Чили нь Замбигаас 8 дахин их зэс үйлдвэрлэж дэлхийг энэ металлын салбарт тэргүүлж байна. Замбичуудын зүгээс учрыг нь олох гэж ухаж төнхөсөн чинь Чили сүүлийн 10 жилд татварын хуульдаа хоёрхон өөрчлөлт оруулсан байхад Замби бол татварын хуулиндаа 8 удаа томхон гар хүрчээ. Чилид мега төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг анх байгуулахдаа татварын орчныг 20 хүртэлх жилээр тогтворжуулсан нөхцөл суулгаж, түүнийгээ яс хэрэгжүүлдэг байхад Замби нь төстэй нөхцөл оруулдаг ч гэсэн огт мөрддөггүй аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд Чилийн хууль, эрх зүй, санхүүгийнн орчин, ялангуяа татварын нөхцөл нь үлэмж тогтвортойгоос гадна гадаадын хуулийн этгээдийн өмчлөлийн хувь хэмжээг хязгаарладаггүй байна. Өмнөд Америк авилгалд нэвт идэгдсэн тив гэх боловч Чили болбоос “Транспейрэнс Интернационал”-ийн индексээр 168 орноос 23-т жагсаж байхад Замби нь 76-д зогсож байх жишээтэй байсан санж. Үүнээс гадна Чили нь эрсдлийн сан байгуулж ашиг тусыг хүртсэн байхад Замби бараг хоосон сууж байж таарчээ. Чили, Замби хоёр нь нутаг дэвсгэрийн тогтоц байдал, хүн амын хувьд ойролцоо, эдийн засаг нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай, гадаад валютын орлогынхоо дийлэнх хувийг зэсийн экспортоос олдогоороо хоорондоо төстэйг энд дурдъя. 

Харин Чилид чөлөөт зах зээл амжилттай нутагшиж, уул уурхайн тогтвортой хөгжлийн бодлого тууштай хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрэлдэн тогтворжсоны үр дүнд 1997 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт зэсийн геологи хайгуулын салбарт цутгаж эхэлжээ. Ингээд л Чили бээр зэсийн олон орд илрүүлж, тэднээсээ хүдэр олборлож зэс амилуулах зам дээр гарч иржээ. Чили 1995 онд 2.5 сая тонн зэс үйлдвэрлэж байсан бол 2015 онд 5.5 тоннд хүрсэн нь дээрхийг гэрчилнэ. 

Хөрөнгө санхүүгийн хомсдол, техник, технологийн хоцрогдлын асуудлыг үндэсний хэмжээний нэгдмэл үзэл санаа, дэлхийд нээлттэй эдийн засаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогоор тийнхүү амжилттай шийджээ. 

Чингэснээр гадаадын хөрөнгө оруулагчидтай нэгэнт байгуулсан гэрээ, хэлэлцээнийхээ халдашгүй ариун байдал буюу sanctitas-ыг хангаж, хадгалж, хэрэгжүүлэхийн амьд туршлага, жишиг нь Чили гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрсөн санж.

ЗЭС АТГАСАН ТҮҮЧЭЭ

“Айлаас эрэхийн оронд авдраа уудлах нь дээр”
-Монгол ардын зүйр үг

Эдүгээ Чили нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлийг сүүлийн 30 гаруй тэргүүлж, түүний араас Хятад, Перу, АНУ, Австрали цохиж явна. Зуун жилийн өмнө нэг жилд 30000 тонн зэс үйлдвэрлэж байсан Чили улс өнөөдөр дээрх хэмжээний зэсийг хоёрхон өдөрт л бүтээж байгаа гэлцэнэ. Чили дангаараа дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 28 хувийг бүтээж байхад өрсөлдөгч Перу улс бол 12 хувийг л үйлдвэрлэж байна. Харин Хятад дөнгөж 7 хувийг, Австрали 5 хувийг л үйлдвэрлэж байх жишээтэй. 

Зэс он удаан жил Чилийн эдийн засгийн гол салбар болж түүчээлсний хувьд бусад салбарыг нь хөтөлж төрөлжин хөгжих үйл явцад хүчит хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэж иржээ. Тус улсын экспортын 80 хувийг зэс олон жилийн турш бүрдүүлж байсан боловч 2010 оноос эхлэн 50 хувь хүртэл буурсан нь дээрхийг илтгэнэ. Зэсийн салбараас бүтээгдсэн нийгмийн баялагийг эдийн засгийн бусад салбарт чингэж ухаалаг ашигласны дүнд Чили нь эдүгээ Латин-Америкийн чинээлэг орон болж хувирчээ. Өнөөдөр Чилийн Эскондида, Коллахауса, Эль Тэньентэ гурав нь дэлхийн тэргүүлэгч 6 уурхайн тоонд багтаж буй бөгөөд Эскодида нь жилд 1 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг аж. 

Чили нь чөлөөт эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд 7-д, Өмнөд Америкт 2-т ордог бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцлийн хувьд Өмнөд Америкийг бараг тэргүүлдэг байна. 

Тэнд төрийн өмчтэй аварга Коделко, гадаадын хөрөнгө оруулалттай аварга Эскондида хоёртой адил энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв түнжинтэй өрсөлдөж буй уурхай цөөнгүй байна.

Коделко компанийн Чукикамата уурхайд очиж үнэртэж, тэмтэрч, имэрч үзэх завшаан тохиосон юм.

1910 оноос хойш ашиглагдаж буй энэ уурхай нь Атакама хэмээх цөлд байрладаг. Уг цөл нь Андын цэнхэр нуруудын баруунтаа, Номхон далайн эргийн өндөр уулсыг эмжсэн зурвас газар аж. Жилдээ 15 мм тундас унадаг гэх боловч зарим газарт нь 3-4 жил бороо дусаагүй ч тохиолдол тэмдэглэгджээ. Манай Өмнөговь дэргэд нь хангай л гэсэн үг. Нийслэл Сантъяго хотоос 1600 км алсад орших энэ том уурхай нь Чилийн зэсийн салбарын анхны шанг татжээ. Далайн түвшнээс 2870 метр өндөрт оршдог энэ ил уурхай зууван таваг хэлбэртэй бөгөөд 4.5 км урт, 3.5 өргөн, бараг 1 км гүнзгий. Дээр дурдсан 1971 оны нийгэмчлэлд өртөж Чилийн төрийн өмчид орж ирсэн түүхтэй. Түүний ил уурхайн нөөц нь энэ онд дуусч байгаа учраас газар доорх ордуудыг ашиглахын тулд гүний уурхай барихаар шийдвэрлэжээ. Чингэхийн тулд 5.5 тэрбум ам.дол-ын хөрөнгө оруулалт хийж 2014 оноос эхлэсэн бүтээн байгуулалт нь 2019 оны 3-р сард дуусчээ. Чукикаматагийн нас тийнхүү 2058 хүртэл уртассан байна. Тэнд 181 км урт туннель нэвт ухаж гүний уурхайн дэд бүтэц байгуулснаас гадна 1000 метр өндөр босоо ам барьжээ. Олборлолт, үйлдвэрлэл энэ 6-р сард эхэлж, тэр нь жигдрэхэд 7 жил шаардагдах бөгөөд блокчлон олборлох технологи ашиглаж өдөрт 140000 тонн хүдэр олборлох аж. Энэ зэс, моледины ордын нийт нөөц нь 1.7 тэрбум тонн гэнэ. Хүдэрт буй зэсийн агууламж нь 0.7 хувь боловч ил уурхайнхаасаа хавьгүй өндөр гэх. 

Коделко нь дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн бараг 10 хувийг эзлэдэг. Түүний мэдэлд Чукикаматагаас гадна Андина, Эль Тэньентэ, Министро Хэйлес, Сальвадор, Радомиро Томик ба Габриэла Мистраль уурхайнууд багтдаг бөгөөд эдгээрийн нийт нөөц нь 7.2 тэрбум тонн гэнэ. Эдгээр уурхай 2018 онд нийт 1.8 тэрбум зэс үйлдвэрлэсэн нь Чилийн зэсийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг эзэлсэн байна. 

Эль Тэньентэ бээр 100 гаруй настай бөгөөд эдүгээ бараг 2500 км урт туннельтэй дэлхийн хамгийн том гүний уурхай болжээ. 

Манай Эрдэнэс Монгол компани нь нүүрс, алт, зэс зэрэг олон уурхайг толгойлж буйн хувьд түүнийг Коделкотой төстэй сайхан ирээдүй хүлээж байгаа гэж найдна.

Чилид хөрөнгө оруулах орчин нөхцөл тууштай бүрдсэний дүнд дэлхийн зэсийн томоохон аваргууд тэнд он удаан жил тогтвортой, амжилттай ажиллаж байгааг сонирхууштай. Нэг тод жишээ нь Эскодида юм. Түүний 57.5 хувийг BHP Billiton,30 хувийг Rio Tinto, 12.5 хувийг Japan Escondida тус тус өмчилдөг бөгөөд дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 5 хувийг бүтээдэг байна. Өөр нэг нь Коллахуаси гэдэг зэсийн уурхай. Түүний 44 хувийг Anglo American, 44 хувийг Glencore, 12 хувийг нь Mitsui, Nippon хоёр тус тус өмчилдөг аж. Мөн Лос Бронцэс хэмээх зэсийн уурхайг Anglo American (75.5 хувь), Mitsubishi (24.5 хувь) хоёр хамтарч ашигладаг байна. 

Замаг сайтай усанд загас бүхэн хурдаг,зан сайтай айлд хүн бүр буудаг гэдэг. Чили ч аргагүй л зан сайтай, тулхтай, найдвартай бөгөөд хүн чанартай айл юм даа. Олон аварга компаниуд суугуул болж суурьшсан нь дээрхийг нотлох ажгуу. 

Дэлхийн зэсийн салбарын хөгжил, түүний өрсөлдөөнд Чили түүчээлж ирсэн замналтай холбогдох зарим нэг баримт дурдахад ийм байна. Гол нь айлаас эрэхгүйгээр авдраасаа зэс олж, түүнийгээ амилуулж, атган үржүүлсээр айл шиг айл болсон нь сургамжтай.

ЗЭС ЧИЛИЙН ИРЭЭДҮЙД

“Зэс бол Чилийн талх”
-Сальвадор Альендэ (Ерөнхийлөгч агсан)

АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээнд дэлхийн зэсийн нөөцийн 30 хувийг Чили эзэмшиж буй гэжээ. Хятад бол 3.1, Орос нь 7.3 хувь тус тус эзэлдэг байна.Чилийн Зэсийн Комисс(ЧЗК)-ийн судалгаанд ирэх жилүүдэд дэлхийн зэсийн нийт хэрэгцээ жил тутам дундачаар 2.4 хувь өсөх тооцоо гарчээ. Түүний дотор Европын нийт хэрэгцээ 2025 хүртэл 3.8 сая тонноос 4.2 сая тонн хүртэл нэмэгдэх аж. Харин БНХАУ нь өдгөө дэлхийн нийт зэсийн 43 хувийг “залгидаг” хамгийн том хэрэглэгч бөгөөд 2025 он гэхэд тэн хагасыг нь ч аваад эс ханах хэрэгцээтэй болох гэнэ. Чилийн хөрш Бразилийн хэрэгцээ жил тутам бараг 5 хувиар өсч 2025 он гэхэд 780000 тоннд хүрэх төлөвтэй аж. Үүнээс гадна АНУ, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг зэс их хэмжээгээр иддэг улс орнуудын хэрэгцээ ч бас нэмэгдэнэ.Чингэх олон шалтгааны нэг нь цахилгаан автомашинтай холбоотой. Жирийн автомашинд 23 кг зэс ордог бол цахилгаан машинд 83 кг ордог гэнэ. Цахилгаан автобуст бол бүр 369 кг зэс ордог аж. Дэлхийд 2027 он гэхэд 27 сая цахилгаан автомашин үйлдвэрлэдэг тооцоо гараад буй тухай яригдаж байна. 

Гэтэл олон улсын зэсийн зах зээл дээр 2025 хүртэл 2.4 сая тонн зэсийн хомсдол үүсэх судалгаа гарчээ. Эрэлт хэрэгцээ өссөн ч нийлүүлэлт нь дутах начиртай зах зээл тулгарах нь байна. 

Чили энэ хосдмол дээр тоглох бэлтгэл хийж эхлэжээ. Уг улс 2021 он хүртэл уул уурхайн салбартаа 112 тэрбум ам.дол-ын хөрөнгө оруулалт хийхээс 86.7 тэрбум нь зэс, 21.7 тэрбум нь алт ба мөнгө, 3.6 тэрбум нь төмөр болоод бусад чиглэлд зарцуулах юм байна. Зэсийн холбогдолтой тоо нь хамгийн өндөр байгаа биз. Эдийн засгийнхаа тэргүүлэх салбарт чингэж анхаардаг аж. 

Улсынхаа хэмжээнд 2025 он гэхэд 8.0 сая тонн зэс үйлдвэрлэх нь 2010 оныхоос 2.4 сая тонноор нэмэгдэж аж. Үүнд Коделко ч чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Уг компани бээр нийт уурхайгаа шинэчлэх, өргөжүүлэх, автоматжуулах 10 жилийн төлөвлгөөнийхөө хүрээнд 39 тэрбум ам. дол зарцуулах нь бүтээгдэхүүнийхээ хэмжээг цаашид тасралтгүй нэмэгдүүлэхэд чиглэжээ.

“Чили уул уурхай, зэсийн эх орон, цаашид ч урт хугацаанд энэ нэрээ хадгална” гэж Уул уурхайн сайд Балдо Прокурика дээрх чуулган дээр ам бардам мэдэгдсэн юм. Өөртөө болоод улс орондоо итгэлтэй дуугарч байгаа хүмүүний цаана төр, засаг, улс төрийн хүрээнийнх нь алсын хараатай, нэгдмэл хатуу бодлого, мөн хууль, эрхзүйн баталгаатай хэрэгжилт, олон нийтийн цул дэмжлэг баттай байгаа нь шууд мэдрэгдэж билээ. 

Гэхдээ тэр эрхэм эгзэгтэй сорилт, сургамжийн тухайд ч нээлттэй ярьсан юм. Эрчим хүч, ус, хүний капиталын хангамж, үйлдвэрлэлийн бүтээмжийн бууралт, орон нутгийн хөгжил, байгаль орчны сорилт, эдийн засгийн салбаруудын тэнцвэргүй байдал зэрэг цөөнгүй тулгамдсан асуудал Чили улсыг тойрч гараагүй санж. Улсын төсвийн орлогын 10 хувийг бүрдүүлдэг учраас зэсийн үнийг чиличүүд өглөөний цайтайгаа хамт “амталдаг” нь манайхтай төстэй. Тус улсад зэсийн салбараас эдийн засагт оруулж буй 100 ам.дол тус бүр нь өөр салбарт 36 ам.дол нэмж бүтээх боломж бүрдүүлэхээс гадна мөн салбарын нэг ажлын байр нь бусад салбарт 3.7 ажлын шинэ байр бий болгодог гэсэн тооцоог “Олон улсын зэсийн холбоо”-ноос нийтэлжээ. Үүнтэй холбогдуулж манай хувьд шууд хуулах туршлага бол “Зэсийн тогтворжуулалтын сан”(1985 он) гэсэн нэртэй эхлээд эдүгээ “Нийгэм, эдийн засгийг тогтворжуулах сан”(2007) болж хувирсан төрийн нөөцийн сан юм. Зэсийн зах зээлийн үнийн хөдөлгөөнд эдийн засаг нь өртөж хямрал нүүрлэхийн цагт Засгийн газрын хувьд энэхүү сан л амин тариа болдог аж. Уг санд эдүгээ 20 гаруй тэрбум ам дол хуримтлагджээ. Зэсийн зах зээлийн үнэ өсөх үед энэ санд төсвийн ашгийн нэг хувийг шууд шилжүүлдэг аж. Үүнээс гадна “Тэтгэврийн нөөцийн сан” гэж бас байдаг гэнэ. Эдгээр нь жинхэнэ ёсоор бие даасан, улс төрөөс “долоон уулын алс”-ад оршдог үйл ажиллагаатай байгууллагууд гэнэ. 

Нөгөө нэг туршлага нь гадаад худалдаа, түүний дотор экспортыг төрөлжүүлэх бодлоготой нь холбоотой. Эдийн засгийнхаа хөгжлийн ерөнхий стратегитэй уялдсан экспортын бодлого нь мөнөөх “голланд өвчин” гэгчээс сэргийлэх вакцин болжээ. Чингэж дархлаа суулгаж эс чадсан бол зэсийн үнэ нэг америк центээр унамагц Чили улс шууд 120 сая ам. дол алддаг гэж Уул уррхайн үндэсний холбооных нь судалгаанд тэмдэглэсэн байна. Мөн худалдааны түншүүдийн тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогод Чили чухалчлан анхаардаг аж. Чилийн нийт экспортын 25 хувийг Хятад эзлэдэг. Үүний дийлэнх нь зэс. Энэ нь Чилийн эдийн засгийг Хятадын эдийн засгийн өсөлт, бууралттай холбох болчихлоо гэж тэндэхийн Уул уурхайн зөвлөлийн удирдлага ярьж суулаа. Хоёр тивийн зайтай орших боловч Чили, Монгол хоёрт бас төстэй зүйлс энэ мэт байна шүү гэхэд инээлдсэн юм. Зэс бол манай хувьд ч “талх” шүүдээ. 

Зэсийн салбарыг орчин цагийн уурхай, аж үйлдвэрийн түвшинд хөгжүүлж, түүнийг үндэсний хөгжлийнхөө гол хөдөлгүүр болгон ашиглаж эдийн засгаа төрөлжүүлэн чадавхжуулж чадсан Чили 

өнөөдөр чинээлэг үндэстний тоонд түрж оржээ. Тэд өөртөө заяасан, дэлхийд эрэлт хэрэгцээтэй ганц гол “талх”-аа л донжийг нь тааруулж экспортлосоор өндийж, босч, бяр тэнхээ сууж, аваргуудын багт орж чаджээ. 

Эдүгээ уг улс нь уул уурхай, ялангуяа зэсийн олборлолт, боловсруулалт, техник болоод технологийн салбарт шинжилгээ судалгаа, автоматжуулалт, технологийн инновацийн дэлхийн хэмжээний төв болох стратеги зорилтоо хэрэгжүүлж эхэлжээ. Шинэ шатанд гарах зорилт. 

Чили бээр бурханаас заяасан зэсийн баялагийг буян болгон хүртэж буй нь бэлэн туршлага, Замби улсын хувьд хараал болгож хувиргасан нь гашуун сургамж юм даа. 

Чили нь “зэс иддэг ч, бас тарьдаг” аж. Ухаалаг хэрэглээтэй гэх юм уу даа.

Манайх ч гэсэн зэсийнхээ буян зөв хүртэхийн тулд дэлхийн нөгөө үзүүрт орших Чилиэс суралцах нь илүүдэхгүй бизээ. Наад зах нь бусдын алдааг эс давтах нь цаг, мөнгө, хүч хөдөлмөр ч хэмнэх сайн талтай. 

Эрдэнэт, Оюу толгой мэт дөрөв, тавхан уурхай чамбайхан босгочихвол Чилиэс дутахгүй өндийх сайн цаг тийм ч хол биш болов уу. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг дээ. 

Монгол орон минь ч зэсийн хэрэглээний эртний үүх түүх, уламжлалтай. Тэгээд ч 

“Саалийн хувингийн бүс нь зэс,
Сайн гагнуурын оч нь зэс,
Онгон үүрийн туяа нь зэс,
Оройн үүлсийн хаяа нь зэс,
Миний эх орон зэс эрдэнийн билээ”
гэж нэрт яруу найрагч П.Бадарч дуулсан билээ.


2019-04-28