“АЯЛАЛ VS АРАНШИН” НОМЫГ ҮЗЭХҮЛ...
Байгалийн гоо сайхан, амьтны элдэв араншин, хүмүүний хүсэл сонирхол, уйгагүй эрэл, бие сэтгэлийн зүдрэл, билгийн хурц хараа хослон нийлж байж, сая дахин үл давтагдах эгшин хором зургийн хальснаа бууж, уран нийтлэлээр амилан, нэгэн давтагдашгүй бүтээл төрдөг ажээ.
“АЯЛАЛ VS АРАНШИН” номыг шимтэн шимтэн уншив. Зарим гэрэл зураг, уран таталбарыг урьд хожид үзэж, уншиж байснаа дахин амтархан үзэв. Хүн хэмээгч нь угаасаа байгалийн амьтан болохоороо, тэр тусмаа миний мэтийн хөдөөний хүн уран байгалийн үзэмж төгс, элдэв амьтны араншин төрх, үл давтагдах торгон агшиныг гэрэл зураг, уран нийтлэлээс “харж хүртэхүйд” сэтгэл хөөрөн баясаж, “тэр ахуй орчноор хэсүүчлэн аялах” мэт мэдрэгдэх ажээ. Яагаад гэвэл тэр торгон эгшин хормыг энгийн нүдээр бид олж харж үл чадах бөлгөө.
Байгалийн гоо сайхан, амьтны элдэв араншин, хүмүүний хүсэл сонирхол, уйгагүй эрэл, бие сэтгэлийн зүдрэл, билгийн хурц хараа хослон нийлж байж, сая дахин үл давтагдах эгшин хором зургийн хальснаа бууж, уран нийтлэлээр амилан, нэгэн давтагдашгүй бүтээл төрдөг ажээ.
Эртний Хятадын умард Сүн улсын үеийн (960-1127) их бичгийн хүмүүн Сү Шы (1037-1101) эртний Тан улсын үеийн “Үзэмж төгс байгалийн аугаа их тэнгэрлэг дууч” хэмээгддэг Ван Вэй (701-761) найрагчийн шүлэг зохиол, уран зургийг “Түүний шүлгийг шимтэн сонсохул, шүлгийн дундаас зураг тодормуй, түүний зургийг шимтэн үзэхүл, зургийн дундаас шүлэг эгшиглэмүй” хэмээн тодорхойлсон байдаг. Тийнхүү шүлгийн уран санаа, зургийн нарийн ур хослон нийлж, харилцан нэвчиж, харилцан сүлэлдэж, эртний Хятадын уул усны шүлэг найраг, уран зураг хосолсон нэгэн дэг сургууль бүрэлдсэн гэдэг. Тиймээс ч Хятадын эртний хийгээд ойрх цагийн их найрагчид нь бүгд нэртэй зураач, нэртэй зураачид нь бүгд гайхалтай найрагч байсан ажээ.
Тан улсын үед (618-907) зураг урлал бүтээх "Байгалиас үлгэр авч, дотоод сэтгэлдээ ургуулан бүтээх" гэсэн нэгэн онол гарсан нь байгаль ертөнцийг байгаагаар нь шууд хуулбарлах бус, хүмүүний дотоод сэтгэл, сэрэл мэдрэмжээр ургуулан дүрсэлж, байгалийн үл ажиглагдах нууц далд арвис нууцыг бүтээлдээ шингээх ёстой гэсэн санаа ажээ. Зураг урлахдаа байгаль ертөнц, араатан жигүүртнийг ажиглаж шинжиж, сэтгэлийн онгодоо хөглөн дуудаж, бүтээл туурвилдаа тэрхүү дотоод сэтгэл, сэрэл мэдрэмжээ шингээн, байгаль, хүн хоёрыг нэгэн цул болгох ёстой гэсэн үг ажээ.
Үүнийг нуршихын учир нь уран зураг, гэрэл зураг хоёр нь угтаа урлагийн хоёр өөр төрөл, нэг нь бийр будгийн шид, ур ухаан, уран гарын увдисаар, нэг нь хүчирхэг дуран авайн ид, гэрэл, сүүдрийн хослол, билгийн хурц хараа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээр, уйгагүй эрэл хайгуулын үрээр бүтэх боловч, цаад уг чанартаа байгаль дэлхийн гоо үзэмж, хүмүүний дотоод сэтгэл, сэрэл мэдрэхүй, оюун билиг, байгаль хийгээд амьтныг хайрлах энэрэх халуун дулаан сэтгэл бүгд нэвчин шингэж байж, сая бүтээл төрдөгөөрөө адил ажгуу.
“АЯЛАЛ VS АРАНШИН” номыг үзэхүл, чухамдаа “Гэрэл зургийн ховор агшин хормын дундаас уран тансаг нийтлэл төрж, уран тансаг нийтлэлийн шад мөрийн дундаас гэрэл зургийн ховор нандин хором агшин тодрох” мэт. Чухамдаа “Шүлгийн дундаас зураг тодорч, зургийн дундаас шүлэг эгшиглэх”-ээс ялгал үгүй мэт.
“АЯЛАЛ VS АРАНШИН” номын гэрэл зураг хийгээд уран нийтлэл нь сүлэлдэн нийлж, амьд ертөнцийн үзэмж төгөлдөр, амьтан жигүүртний араншин төрхийг нээж, ертөнцийн гоо сайхныг мэдрүүлэх ажээ.
МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч М.ЧИМЭДЦЭЕЭ
2022.01.14