МАНДАЛ ХАЙРХНЫ ЗҮРХЭН АНИР
Мандалын зүрхэн анир, сүр сүлд, өршөөл, өнгө, үнэрийн ивгээлд наадуулж, цэнгэг агаар, амьд рашаан, зэрлэг тошлой, үхрийн нүд, чацарганы дээжээр тэтгэж өсгөсөн аав, ээжийнхээ ач буянд залбирч баршгүй.
Баруун Алтайн алдарт Их Улаан давааг давж, Үенчийн үзэсгэлэнт хавцлыг туулж Мандал хайрхны баруун сугад хүрэхэд бараг гурван цаг жолоо мушгина. Тэгээд Хайрхны ноён оргил дахь тахилгын овоо хүртэл мориор 4 цаг гаруй зүтгүүлнэ. Энэхүү хайрхны тэргүүн нь 3400 гаруй метрийн өндөрт үүлстэй наадаж оршдог. Захчин түмний түүхт “Харуул овоо”-г энгэр биедээ чандлан тэвэрч, торгон хилийн Байтаг богдын зүг соргог ширтээстэй дүнхийх нь нэн сүрлэг.
Их хайрхны оргилоос эх авч ар руу нь эрчлэн буух гол дагаж Баянсалаан ам руу хад хүрэм, ой мод, булаг горхи туулан уруудсаар Улиастайн их гол руу орно. Уг голын урсгал дагаж хатируулсаар Улиастайн амны Хар үзүүр өнгөрч Чацарганы өргөн шаргал хөндийтэй золгоно. Чацарганад манай хөгшин аав Мягмарын Самбуугийн өвөлжөө одоо ч байдаг, Мандал хайрхны баруун хойд хормойг эмжин сунайж цэлийсэн, ус ургамал тэгш баян нутаг. Тэнд аав, ээж минь айл гэр болж, намайг төрүүлж, хүмүүний дайд хүргэсэн юм.
Мандалын зүрхэн анир, сүр сүлд, өршөөл, өнгө, үнэрийн ивгээлд наадуулж, цэнгэг агаар, амьд рашаан, зэрлэг тошлой, үхрийн нүд, чацарганы дээжээр тэтгэж өсгөсөн аав, ээжийнхээ ач буянд залбирч баршгүй.
Хайрхны тэргүүн дэхь тахилгын овоо
Ертөнцийн жам хүмүүний амьдралыг эс тойрдог учиртайг ухаардаг боловч ээж минь мөнх бусыг үзүүлнэ гэж төсөөлөхгүй явжээ.
Мандал хайрхан амьтай Өрлөг Ээж минь саяхан тэнгэрт дэвшлээ. Энэ хорвоод буян тээж ирээд, буян хураан дэлгэрүүлж өнө амьдраад, дундаршгүй буян үлдээж өөд болов. Мандал хайрхныхаа зүрхэн анирт ээж минь амарлингуй нойрсов. Хүмүүний орчлонгоос бурхны орчлонд дэвшсэн ээждээ сүсэглэн сөхөрч мөргөсү. Цаглашгүй энхэр далай цагаан сэтгэлийг тань ачлан мэхийе.
Аав бурхны оронд заларснаас хойш ээж минь өрх гэрээ тэргүүлэх амаргүй үйлсийгамьдралын ухаан, сэтгэлийн хат, зориг, тэвчээр, шамдангуй хөдөлмөрч чанараараа давж
үр хүүхдүүдээ өсгөн торниулж, амьдралд сургасан эгнэшгүй мөнхийн ачтан. Цэцгэн хайр дэвсэн биднийгээ эрхлүүлж, өвийн дээд зохионгуй болгоныг хурайлж амьдарсан Аав, ээж хоёр минь үрсийнхээ мөнхийн шүтээн.
Ээж минь нутгийнхаа үндсэн шүтээн Майдар бурхан, Мандал хайрхнаа сэтгэлдээ үргэлж тээж амьдралын замнал туулахдаахорвоогийн 90 намрын алтан нар мандахыг харсан юм. Ховдын Булган голын Чонотын хөх тохойд эгэл ард Сэржээнд мэндэлж, 18 настайдаа Ойрдын Захчин Гүний хошууны захирагч М. Түвшээн зээ хүү С. Галсаатай гэр бүл болж дөрвөн охин, хоёр хүү төрүүлж, нэг охин үрчилж өсгөсөн Алдарт эхийн одонт эрхэм нэгэн монгол эх.
Ээж минь охид, хөвүүдийнхээ дунд. Баянсалаан ам. 2014.09.12
Үрсээ эрдэм, номд шамдуулах, ажил хөдөлмөрт сургахаас гадна мандолин, баянхуур, шанзыг өөрөө зааж, ёочин ба хуучир хөгжмийг охиддоо хүнээр багшлуулан сургаж байсны учир начирыг бид хэзээ хойно нь ухаарч билээ. Орчин цагийн хэлээр бол алс холын хараа, бодол, мөрөөдөлтэй байж дээ, ээж минь. Уран зохиолын ном өөрөө их уншихын зэрэгцээ одон бөмбөг, гар бөмбөг, унадаг дугуйн спортыг сонирхон сурч сум, аймгийн чанартай тэмцээнд орж шалгарч явсан удаатай. Ном, сэтгүүлд биднийг шимтүүлж, эдгээр спортод дур сонирхолтой болгож өсгөхийн тулд тийнхүү үлгэр дууриалал үзүүлж байжээ. Хүүхдүүдээ олон улсын харилцааны эдийн засагч, эмч, эм зүйч, санхүүч, гадаад худалдааны эдийн засагч, хуульч мэрэгжил тус тус дотоод, гадаадад сурч эзэмших их аянд тийнхүү бэлтгэжээ, аав, ээж хоёр минь.
“Хуучнаа хатгасан хүн уран, хойтхоо бодсон хүн цэцэн” гэж сургадагсан. Аав, ээжийнхээ мэргэн сургаалд бид үргэлж бишрэн залбирч амьдардаг.
Улаанбаатарт 1960-1961 онд Үсчин, гоо сайханы курс, дадлага хийж дүүргэснээсээ хойш ээж минь Үенчдээ ирж орчин цагийн анхны Үсчин, халуун усны газар нээн ажиллуулж, дараа нь шинэ зочид буудлын эрхлэгчийн алба олон жил хашсан. Аав минь ч 1960-1961 онд Архустын жолоочийн сургууль төгсгөж Үенчдээ 30 жил тээврийн тэрэг барьсан хүн. Аав, ээж хоёр минь 1955-1990-өөд онд Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бөгөөд хичээл зүтгэл нь төр, засгаас үнэлэгдсэн юм. Чингэж Үенчийнхээ социализмын үеийн хөгжил дэвшилд гар бие оролцож нэг насны зүтгэлээ харамгүй шингээсэн нь манай Үенчийн өнөөгийн төрх, амжилтын үндэс суурийг тавилцсан хэрэг байв. Нэр төртэй, үлгэр дуурайлтай, өнөр өтгөн айлын гал голомтыг бүрнээ бүтээж амьдарсан аав, ээж минь бидний болоод нутгийнбахархал.
Анх 1978 онд Хар далайн алдарт Одесса хотод хүүгийнхээ урилгаар зочилсноос эхлээд ээж минь Москва, Бээжин, Варшав, Берлин, Вашингтон, Нью-Йорк, Принстон, Оттава, Кбевек, Монтреал,Торонтод аялж, мөн Хайнань, Лас Вегас, Гранд Каньон, Ниагарийн хөндийд тухалж үзсэнээс гадна Эрдэнэзуу, Утайд мөргөж, Гүмбэнд хурал хуруулан нутаг ус, түмэн олноо даатгаж буян үйлдэж явсан юм. Хорвоо дэлхийд гэгээн зам мөрөө яруусгаж үр хүүхдүүд хийгээд бусдын сайн сайхны төлөө өгөөмөр амьдарсан буянтан билээ л.
Өвөг дээдэс, нутаг ус, зон олныхоо бурхан шүтээний уламжлал, өв соёлын жинхэнэ тээгч байсан учраас Ойрдын захчин гүний хошуунд 250 жилийн турш оршиж, шүтэгдэж байсан бөгөөд бусдын гарт орж төөрч одсон Майдар бурхныг Цастын оронд шинээр бүтээлгэж Үенчдээ эргүүлж залсан,түүхийн ээдрээт цагийн шуурганд өртөж сүйрсэн Үенчийн Улаан үзүүрийн хийдийг сэргээсэн Баянмандал хийдийг шинэчлэн барих буянтай үйлсийг ээж минь санаачилсан юм. Эдгээр нь Үенчийн захчидын эдүгээ цагийн түүх, шашин, соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж нэгэнт цоглосон бөгөөд аавын минь буян, ээжийн минь оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, алсын хараа, мятрашгүй зүтгэл шингэж мөнхөрсөн түүхэн гэрэлт өв болой.
Ээж минь ах дүү, танил тал, нутаг усныхандаа цаг үргэлж харамгүй сэтгэл, өгөөмөр зүтгэлээр санаа тавьдаг нэгэн байлаа. Тэд таныг дурсан гүнээ эмгэнэж буян үйлдэж байна.
“Эх орондоо олон сайхан хүүхэд өсгөж өгсөн гайхамшигтай ээж юмсан. Хүндэт буурай минь тэнгэрийн цээлдээ амгалан орших болтугай” гэж нийслэлд болоод нутагтаа нэр цуутай Монгол Улсын гавьяат багш Бадрахын Сурмаажав бичиж ирүүлжээ.
Ээжийн минь хойшдын буянг арвижуулахуй дор нутгийнхан маань бэлгэ дэмбэрэлт 108 зулыг Баянмандал хийдэд өргөн залбирч буй болно. Ээжийгээ алдсан хүнд хэцүү цагт хол, ойроос эс шалтгаалан биднийг хүмүүний сайхан сэтгэл, халуун дотно ивээлээр түшиж үл мартагдах буян үйлдсэн нийт хүмүүст хязгааргүй их талархалтай.
Мандал хайрхны зүрхэн анир, Майдар бурхны зүрхэн тарни Элбэрэлт ээжийг минь үүрд түших болтугай.
Арвин их буян, хувь тавилантай, энхрий нандин, ашидын гэрэлт ээж минь амгалан мөнхийн хутгийг олох болтугай.
Таныгаа үр удам чинь өр зүрхэндээ үүрд хадгалах болно.
Ум мани бадмэ хум. 2021.12.22 Г. Батсүх