Манай улсын эдийн засаг 2010 онд 6.0 тэрбум ам.дол, 2011 онд 8.0 тэрбум, таван жилийн дараа хоёр дахин, 10 жилийн дараа тав дахин өсөж, 40 тэрбум ам.дол болох тухай гадаад, дотоодын судлаачид ярих боллоо. Ирэх жилүүдэд уул уурхайн ашигт малтмалыг олборлох, боловсруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт голлосон эдийн засаг хэвээр байх ч үйлдвэр, үйлчилгээний олон салбар эрчимтэй хөгжих болно. Хэрэв улс төрийн байдал тогтвортой, хууль зүйн эрх тэгш, ойлгомжтой орчинтой, дэд бүтцүүдээ шинэчлэн ашиглалтад оруулж чадвал монголчууд бид аравхан жилийн дотор өнөөгийн Сингапурын төвшинд хүрч, монгол хүн бүр элбэг сайхан амьдрах боломжтой.

Айл бүр шахдаг устай орон сууцтай, хүн амын гуравны хоёр нь орлогынхоо бага хэсгийг өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулж, ихэнхийг нь хуримтлуулж чаддаг болно гэсэн үг. Харин энэ төвшинд очихын тулд монгол хүн бүрийн мэргэжлийн чадвар, бүтээмж нь тухайн салбарын ижил төстэй ажлын байрны олон улсын төвшинд хүрсэн байх ёстой. Хүн амынх нь тал хувь нь 30-аас доош настай, газар дороо дэлхийг гайхуулсан баялагтай, эрх чөлөөт, гадаадын шахалт дарамт байхгүй, дотооддоо шашин болон үндэстэн ястны зөрчил, сөргөлдөөнгүй мэдээллийн эрин үед монголчууд бид энэ төвшинд очиж чадахгүй гэжүү? Гадаадын хөрөнгө оруулалтыг ухаалгаар татаж, газрын доорх баялгаа чадах хэмжээндээ үнэ цэнийг нь нэмэгдүүлж, үр өгөөжийг нь айл бүр мэдрэхүйц байдлаар эдийн засгаа зохион байгуулж, хүн бүрийн хөдөлмөрлөн баяжих хүсэл эрмэлзлийг уул уурхайн орлоготойгоо уялдуулж чадвал Монгол Улс гадаадын хүмүүс амран жуулчилж, ажиллаж амьдрахыг мөрөөддөг орон байж болно.

Бид Улаанбаатарын утааг шийдэж, ус гол мөрнөө үлдээж чадвал хэчнээн сайхан байгаль, нутагтай билээ. Улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд улс төрийн намууд институцийн хүвьд хөгжин бэхжиж, намын гишүүд нь засгийн эрхийг авах нь баяжих хэрэгсэл биш, нийтэд үйлчлэх нэр төрийн үйлс гэж ойлгосон байх шаардлагатай. Энэ нь өнөөдрийн Монголд инээд хүргэм хол сонсогдож байгаа ч нийтийн зохистой засаглалын наад захын нөхцөл билээ. Манай төр засгийг хамтран буюу дангаар барьж ирсэн хоёр нам улс төрийн институцийн хувьд бэхжихийг нь хүлээгээд суух уу, эсвэл цоо шинэ хүч гаргах уу гэдгийг монголчууд бид өөрсдөөсөө асууж эхэллээ. Хэн нь шийдэж, хэн нь хэрэгжүүлэх нь тодорхой биш, хэн нь ч эцсийн дүндээ хариуцлага хүлээдэггүй, нийтийн ззэмшлийн хөрөнгийг хувьдаа ил далд үргэлж хуйвалдан завшиж байгаа өнөөгийн улстөрчдийг толгой дараалан солих түүхэн боломж монголчуудын өмнө байна.

Гэхдээ шинээр гаргаж ирсэн нь хуучнаасаа дээр байх баталгаа бага. Гэсэн хэдий ч өнгөрсөн 20 жилийн хууль журмаа хэрэгжүүлж чадвал нийтийн хөрөнгө завших боломж бүтэн эрэмбээр бууж, нийтийн засаглал бүтэн эрэмбээр ил тод болох ёстой. Эдүгээ монголчууд бид төр засаг юу хийж болохгүйг амьдрал дээр харж байгаа учир шаардлага ч бодитой байх болно. Хууль эрх зүйн тогтвортой, эрх тэгш, ойлгомжтой орчин бүрэн тогтохгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь эрх ашиг, сонирхлын зөрчилдөөн газар авч, хууль журмаа хэрэгжүүлж чадахгүй болсон явдал. Нэгэнт л хууль журам дээд шатандаа үйлчлэхгүй болохоор нийтийн эзэмшлийн газар болон ашигт малтмалын зөвшөөрөл, төслийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх, бараа үйлчилгээ худалдан авахад холбогдох албан тушаалтнууд улс төрийн хань хамсаатнуудтайгаа хамтран нийтийн хөрөнгөнөөс завшиж байгааг Монголын төр засаг зогсоож чадахгүй, гадаад дотоодод гоё сайхан ярихаас хэтрэхгүй болчихоод байгаад л хэргийн учир оршиж байна.

Энэ бүхнийг Монголын иргэд улс, хот, орон нутгийн төвшиндөө хэчнээн шаардаад хэрэгжихгүй байгаа тул сүүлчийн шийдвэр болох сонгуулиар нийтийн хөрөнгө завшсан хүн бүрийг улс төрөөс зайлуулах болно. Цахилгаан станцууд, томоохон авто болон төмөр зам, шинэ онгоцны буудал зэрэг олон чухал дэд бүтцийн төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулах нь эдийн засгийн хөгжлийн суурь шаардлага юм. Гэхдээ манайд засаглал ил тод биш, тайлагнадаггүй учир төсөл бүрийн цаана байгаа улс төрийн эрх баригчид, шийдвэр гаргагчдын өөрсдийнх нь хувийн эрх ашиг, сонирхлыг тохиролцох гэсээр байтал цаг алдаж, энгийн иргэд, улс төрийн холбоогүй бизнесүүд хохирч байна. Ганцхан жишээ дурдахад хаана барихаа ярьсаар хорин жил болж байгаа V цахилгаан станцын хувь заяа. Харин Монголд мэргэжлийн боловсон хүчин олон улсын төвшинд бэлдэх асуудал нэг талаас хувь хүний хичээл зүтгэлтэй, нөгөө талаас бүх шатны сургуулиудын сургалтын чанар, өрсөлдөх чадвартай холбоотой. Монголын боловсролын болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд сайн уялдаж чадахгүй байна.

Монголын сургуулиуд эрэлт хэрэгцээтэй салбарын боловсон хүчнийг гадаадаас авахын оронд дотоодоосоо нийлүүлэх хэмжээнд хүрэхгүй байгаа учир монголчууд нь гадагшаа гарч, хар ажил хийхийн тулд явсаар л байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг дагаад хөгжилтэй орнуудын олон арван мянган хүн ирж ажиллах шаардлага гарч байна. Тэдний хүлээлтийн чанарыг хангасан орон сууц, ажиллаж амьдрах нөхцөл, нийтийн хоол, тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангахын тулд гадаадаас туслах ажилтнууд их хэмжээгээр авах шаардлага гарах бололтой. Уг нь бол гадаадаас өндөр цалинтай олон хүн ирж амьдарснаар үнэ цэнэ нэмэгдсэн үйчилгээ маш олноор нэмэгдэж, үүний дүнд олон арван Монгол компани тасралтгүй бизнестэй болно гэсэн үг. Тэгж байж л бид Сингапур шиг томоохон корпорациудын бүс нутгийн төв, ялангуяа ашигт малтмал, уул уурхайн Азийн төв болж чадна.

Ер нь мэргэжлийн боловсон хүчний дутагдал Монголын хамгийн том эрсдэл болж эхэллээ. Улстөрчдийг хариуцлагатай, нийтийн засаглалыг ил тод болгож, хууль журам тодорхой, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг, сайн чанарын сургуулиудтай болох, эсэх нь иргэд бидний оролцоо, идэвх, шаардлагаас хамаарна. Усанд живж байгаа хүний аврал бол юуны өмнө живж байгаа хүний өөрийнх нь хэрэг гэдэг дээ.