Бид дамжуулагчид болохоос дарга нар биш

МАН- ын улс төр монгол орныг малгай толгойгүй болгож байна. Манай сэтгүүл зүй хөлд нь жинхэнэ үрэгдэнэ гээч болж байх юм аа. Үнэхээр асар том хохирол амсаж байна. 

Хэдхэн хоногийн өмнө болсон нэг жагсаалыг сэтгүүлчид зориудаар тарааж, юу ч биш болгон хувиргахыг бүгд харлаа.Жагсагчдыг ичиглэн нэр нүүргүй болгож байна. Ингээд байвал хэн ардчиллын амин сүнс болох, чөлөөтэй байр сууриа илэрхийлэх индэр болдог жагсаалд ирж оролцох юм бэ. Ёстой нөгөө ардчилал маань жинхэнээрээ устана биз дээ. Бас нэг сэтгүүлч байнгын хорооны хурлыг хашгичиж гуагчин түйвээж орхив. Үүнээс нь болж бүх сэтгүүлч тэр хуралдааныг орхихоос арга үгүйд хүрэх шиг болно лээ.Сэтгүүл зүйд учирч бгаа наад захын хохирол нь энэ. Хуралдааныг бичлэгээр биш, бодитоор сурвалжлах ньтуйлын чухал. Хэдийгээр дэлхий нийтээр мөрддөг дүрмүүд бий ч бид тэрнээс онхи хол монголчилсон аргазүйгээр туучин гучныг барлаа. Одоо ёс зүйн дүрмээ нэгтгэж нэг нийтлэг ёс зүйд захирагддаг болоххэрэгтэй байна. Редакц болгонд өөрийн дүрэм бий ч,зарим редакцгүй сэтгүүлчид сэтгүүл зүйн нэр хүндэд халтай үйлдэл гаргадаг тохиолдол хэт хавтгайрч байна. Сэтгүүл зүйн нэр хүндийг бид өөрсдөө л хамгаалж явахёстой болохоос өөр хэн ч санаа тавихгүй гэдгийг ойлгох цаг ирээд байна. Өөр хэн ч энэ салбарын нэр төрийг хайрлаж хамгаалахгүй. Улстөрчид нэн ялангуяа бүр үгүй. Тэд өөрсдийг нь шүүмжилсэн, ухаж төнхсөн сэтгүүлчдэд өс санадаг, ах дүү амраг садан, гэр бүлээр нь хавчиж хяхах ажиллагааг ч өлхөн явуулдаг. Нэг нэгээр нь орон шорон руу чирч, шаазгай болгон шонд өлгөж “Та нарыг ч адилхан болгоно шүү” гэж харуулдаг. Өнөөдөр ч сэтгүүлчдийг ашигладаг, хагаралдуулдаг, сошил гудамж руу хаяж өгч нийтээр нь авлуулдаг хар технологио явуулж л байна. 

Ийм нэгдсэн дайрлага явж байхад манайхан өөр зуураа л хов хог шидлээд, нэг нэг рүүгээ ноцоод “Би цэвэр, тэд нохой шүү” гээд сууцгаах юм. Сүүлдээ зарим нь хадуураад “Редакц л гэх юм.Редакциар яах юм. Сэтгүүл зүй шинэчлэгдсэн шүү. Реел, пост, лайвын эрин шүү. Одоо хүмүүс юм уншихаа байсан” гээд хээв нэг хадуурч байгаа харагдана. Бид дандаа редакцийн тухай хөндөөд байгаа юм бишээ. Үүнийг ойлгох хэрэгтэй. 

Нэгэн жишээ: Манай тулхтай, чансаа өндөр сэтгүүлчийн нэг Дангаасүрэнгийн Нарантуяа байр сууриа ийнхүү илэрхийлж байна. 

“Редакц гэдэг сэтгүүл зүйн цөм байсаар ирсэн, AI-н эринд ч байсаар байх болно. Учир нь энд нийгмийн мэдэх эрхийг хангасан сэтгүүл зүйн зарчимд нийцсэн контент үйлдвэрлэгддэг. Технологийн хөгжил, олон нийтийн сүлжээний тархалтад дулдуйдсан мэдээлэл түгээгч бие хүмүүс гарч ирсэнээр сэтгүүлч хэрэггүй болсон мэтээр ярих болсон нь цаг зуурын үзэгдэл. Сэтгүүлч бол юу болж байгааг, яагаад болж байгааг, юунд хүргэж болзошгүйг мэдээлдэг. Нөлөөлөгчөөр дамжин түгээгдэж байгаа мэдээлэл нь үйл явдлын өөр хоорондоо учир холбоотой баримтуудаас ганц нэгийг нь сугалан авч, дэвэргэн мэдээлдэг учраас нийгэмдээ хор хөнөөлтэй. Үүний ард бодит байдал, учир шалтгаан бүдгэрэн үлдэж байгаа. Ингэснээр уншигч, үзэгч мэдэх ёстой зүйлээ мэдэхгүй үлдэнэ гэсэн үг” гэжээ.  Энэ үнэн.

Сэтгүүл зүй хандалт гээчийн төлөө хазайн давирч, унгшигч үзэгчдийн өмнө сошилд хаа сайгүй хөвж явдаг хов жив, хардалт сэрдэлтийг ямар ч форматгүйгээр хараал ерөөлтэйгөө хутган хашгичин загнан цацаж байх нь түгээмэл үзэгдэл болоод удаж байна. Сэтгүүлч бид энэ нийгмийн даргалагч огт биш билээ. Бид дамжуулагчид гэдгээ ч ойлгоогүй сэтгүүлч нэртнүүд, олон дагагчтай хаяг тордон түүгээрээ орой бүхэн хүмүүсийг чанга дуугаар загнан байхыг, хувь хүн сэтгүүлч алин болохоо тодотгоогүй байр сууринаас адгийн жатга, дур зоргондоо дийлдсэн хараал хэрүүл, хардлагын хордлогоо сараачин суухыг мэргэжлийн ажил гэж үзэх боломжгүй юм.  

Сэтгүүлч Б.Бат-Амгалан мөн өнөөдрийн сэтгүүл зүйн тухай ийнхүү ярьж байна. 

“Улс төр ч яахав, хаашдаа ялзарсан. Харин сэтгүүл зүй гэдэг юм түүнээс дутуугүй ялзарсан нь ойрын энэ хэд хоногт илүү тодорхой харагдлаа. Хөдөлмөр юуны түрүүнд байх ёстой энэ салбарт, ид өрнөж буй өнөөдрийн сэдвээр хийсэн хөдөлмөр гэж огт алга. Микрофон барьж хуйлран гүйх, ямар ч авцалдаагүй, үнэгүй, мэдээжийн, хов живийн юм асуухыг л хөдөлмөр гэхгүй бол. Хөдөлмөр гэх аргагүй, яг энийг бол дугаар хорооны бүх иргэн чадна. Май гээд өгсөн бэлэн юм эвлүүлж цацахыг бас өнөөдөр дунд сургуулийн хүүхэд ч өлхөн хийнэ. Мэргэжлийн сэтгүүл зүйд, юмыг нээн илрүүлэхийг хөдөлмөр гэдэг. Камерын өмнө хөлөө ачиж суугаад, гартаа үзэг бал эргүүлсэн шиг, захиалга өгч төлбөр төлсөн талаа үхэн хатан хамгаалж, нөгөө талыг нь үхтэл гутаан амаа олохгүй чалчихыг сэтгүүл зүй гэж хэлэх огтоос боломжгүй” ... Энэ үнэн. Үнэн учраас гашуун сонсогдож байгаа биз. Өөрсдийнөө үнэнээс хаашаа зугтах вэ дээ. 

Энэ дэлхийн өнөөдрийн иргэд бид өдөр өдрөөр, зарим үед цаг минутаар хувьсан өөрчлөгдөх тодорхойгүй байдал дунд амар тайвнаа алдан, түгшүүр дүүрэн, итгэл найдвараа гээсэн мэт хачирхалтай агаараар хулдуулан амьдарч байна. Ийм үед бидний амьдралмэдээллээс гүн гүнзгий хамааралтай болж байгаа нь ч үнэн. Үүнээс болоод сэтгүүлчдийн хувьд ажил хэргээ явуулахад өдрөөс өдөрт илүү төвөгтэй болж байгаа нь бас үнэн. 

Нэгэн жишээ:

ХБНГУ-ын Бонн хотноо “Global Media Forum” 18 дахь удаагийн медиа хэлэлцүүлэг боллоо. Форумын үеэр DW агентлагийн тэргүүн Питер Лимбургийн тавьсан илтгэлийн хэсгээс та бүхэнд иш татан уншуулмаар байна. Тэрбээр “Авторитар дэглэм тогтооход хамгийн түрүүнд ашигладаг “зэвсэг” нь эвлэл хмэдээлэл бөгөөд хүйтэн дайны үетэй харьцуулахад технологи ашиглан дарангуйлалд илүү хурдацтай, хялбараар шилжиж байна” хэмээн онцолсон байна билээ. Энэ өгүүлбэрийг манайхан анхааралтай унших хэрэгтэй. Ямар болчихсон ертөнцөд ажиллаж байгаагаа бид ойлгох хэрэгтэй байна. Бидний амьдралыг нөмрөн авсан энэ дижитал технологийн эзэрхийллийн сайн муу талыг сайтар таних чухал байна. Мэдээллийн энэ эмх замбараагүй эзэрхэг хаанчлал дунд өөрсдөө тоглогч, хэрэглэгч алин болох зүг чигээ алдчих юм бол юу болох вэ. 

Бид нийгэмд мэдээлэл дамжуулан хүргэгчид атал өөрсдөө хувийн үзлээ ч ялж чадаагүй өчүүхэн “амьтад”болон хувирлаа. Зарим маань хүйсийн атаа хорслоо ч давж чадахгүй сөнөжээ. Бусдын хувийн орон зай, эрх чөлөөг үл хэрэгсэгчид болцгоосон төдийгүй өөрсдөө тэр рүү нь халдагчид болов. Хүмүүсийн хувийн хуудсаараа бичсэн зүйлсийг ичиж зовохгүйгээр “мэдээ” болгон үйлдвэрлэгчид болсон төдийгүй халаасны хулгайчаас өөрцгүй аашлагчид болон хувирцгаав. Үр дүнд нь сэтгүүлчдийг нийтээр нь хэн ч биш, алиалагчид гэж хардаг болтол өөрсдөө туйлцгаав. Хэлсэн, дугарсан нэгнээ нийлж буллиддаг, нэр төрд нь халддаг, худал гүтгэлгээр цовдолдог “сүрэг” болцгоов.

Тамхины цэгийн хов цацагсад болтол доош орсон тэд маань өөрсдийгөө их л мэдээлэлтэй хүн гэж андуурах нь элбэг. Үнэндээ дан хов, дам, батлагдаагүй мэдээллийг хар таамгаараа хулдан цацах нь түгээмэл. Үнэн хэрэгтээ ховыг чалчаа, итгэл үл даах, ам сул, худал яригчдад зориуд сонгож тавьж өгдөг. Харин жинхэнэ мэдээллийг боловсролгүй, нэр хүндгүй, хувь хүнийхээ төлөвшлийг ч олоогүй галзуу амьтанд хэн ч өгдөггүй. Мэдээллийг олж авах нь өөрөө хөдөлмөр бөгөөд, түүнийг олж авах мэргэжлийн технологи, арга замууд бий. Эхлээд жинхэнээсээ хөдөлмөрлөж сурмаар байна. Мэдээж энэ асар хүнд. Хөрөнгө оруулагч байхгүй, дэмжигч байхгүй, ийм сав саарал талд мөнчгөрөөрөө мөлхөх амар биш. Тийм болохоор редакциа чирч яваа хэдэн бүсгүйг үнэхээр хүндэлдэг. Хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлж, цалинжуулж, нийгмийн асуудлуудыг нь шийдэх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа тоотой хэдэн редакц, өдөр тутмын сониныхноо бодохоор яс янгинах шиг болдог. Нэг хэсэг маань ингээд зүтгэж яваа нь өнөөдрийн хамгийн том үнэ цэн юм. Тийм ээ, бүх юм тэгтлээ сүйдчихээгүйг тэднээсээ л хардаг даа.