Засгийн газар замын нээлт хийлээ, зам тавина гэлээ, төмөр зам барина гэлээ…гээд харааж, шүүмжлэхийн дон шүгэлчихсэн юм шиг бархирцгаах юм. Нээг л дээ. Барьж байгуулж байг л дээ.

Хятадууд “Том замтай бол том баяждаг” гэж ярьцгаадаг. Энэ үнэн л дээ. Зам бол ерөөсөө л хөгжил. Ямар ч улс орны хөгжлийг тухайн оронд зам тээвэр хэрхэн хөгжсөн байна вэ гэдгээр нь тодорхойлон дүгнэж болно.

Өнөөдөр Монголын 21 аймаг хот муу сайн ч хатуу хучилттай замаар холбогдож чадсан байна.Үгүйсгээд хэрэггүй. Ойролцоогоор манай улс 7000 орчим км хатуу хучилттай замтай болжээ гэсэн үг. Тавьсан замын чанарын тухайд мэдээж асуудалтай. Гэхдээ л монголчууд огт оргүй байснаа бодоход ийм хэмжээний замыг муухан ч болов тавьж энэ уудам нутаг орноо холбосон автозамын сүлжээтэй болоод л авлаа. Урьд өмнө 7 хоног явж хүрдэг байсан Алтайдаа өнөөдөр би өдөртөө л хүрчихэж чаддаг болчихлоо.

Гэхдээ хөгжингүй орнуудын замыг харж байхад яаж чанартай тавих вэ? Тэр нь улс орны эдийн засгийн потенциалтай хэрхэн уялдах вэ гээд том судлагдхуун, шинжлэх ухаан болчихсон байх юм.

Юуны өмнө дэлхийн хаана ч явж байсан зуны дэлгэр цагт манайх шиг зам засварын ажил гээд шороо тоос манаргадаг газар огт алга. Энэ нь тавьсан замын чанартай холбоотой асуудал байж таарна. Тиймээс дараа дараагийн зам тавихдаа нэг, хоёрхон жилийн дараа дахин хуулдаг шүү дээ гэдгээ сайн ухаарч, чанартай гүйцэтгэдэг болох ёстой юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх зорилтынхоо хүрээнд Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх гол тулгуур хүчин зүйлийн нэгд зам тээвэр, ложистикийг эрэмбэлсэн нь маш сайн хэрэг гэж би хувьдаа боддог. Хараагаад, зүхээд байх хэрэг огт алга. Замтай болсноор бид ямар их зүйлийг хожиж, бидний амьдралд ямар том өөрчлөлт орж байгаа билээ дээ.

Хорин жилийн өмнө “Мянганы зам” төслийг эхлүүлж байхад үл итгэгчдийн нэг байснаа бодохоор жаахан ичмээр ч юм шиг санагддаг. Одоо бол огтхон ч эргэлзэхгүй ээ! Бид аль болох маш их, сайн чанартай автозам, төмөр зам барих хэрэгтэй. Сайн замтай болсны ач холбогдлыг тоочих нь дэмий. Цаг хугацаа хэмнэгдэнэ, бизнесийн хурд нэмэгдэнэ, аялал жуулчлал өснө, экологийн орчин сэргэнэ….гээд бидний толгойн өвчин болсон олон асуудал энд шийдэгдэнэ. Дахин хэлье! ЗАМ бол-ХӨГЖИЛ.

Тиймээс би Л. Оюун -Эрдэнийн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод маш их найддаг.

Үхсэн, юунаас нь эмээж, зүрх алдах гэж.

Өндөр хөгжсөн, одоо ид хөгжиж байгаа улс орны зам тээврийн хөгжилтийг хараагүй хүмүүс энэ том бүтээн байгуулалт, зорилтын ач холбогдлыг огт ойлгодоггүй, өөрсдийн өнөөгийн байдалдаа хэт дассан, хэтэрч сэтгэж боддоггүй байдал харагддаг. Тийм болохоор шүүмжилж, хараахаас өөрийг хийдэггүй л дээ. Бид нар дэлхийн жишгээр хөгжих гээд байгаа юм бол дэлхийн жишигт нийцсэн замтай л болъё. Тэгэхийн тулд замын стандартыг хатуу чанд тогтоож, тэр хэрээр 20-50 жилийн настай сайн зам тавья.

Тэгээд хөндлөн босоо тэнхлэгийн сайн чанарын автозам, дээр нь нэмээд төмөр замтай болчих юм бол арай өөр тулхтай зүйлийг барьж байгуулж болно оо доо. Барьсан зам маань аандаа л хөгжлийн зүг хөтлөөд явчихна.Энэ маань л нөгөө хилийн бүх боомтуудаа хатуу хучилттай замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбох гээд байгаа зорилт юм.

Монгол Улсын Засгийн газар Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг сая эхлүүллээ.

Ингэснээрээ Монгол Улс зөвхөн Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байгаа юм. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ. Тун удахгүй ердөө ирэх сард Гашуунсухайтын боомтын төмөр зам өшиглалтад орох гэж байна. Ковидтой өнгөрсөн хоёр жилд автозам, төмөр зам ямар чухал болохыг эрхбиш бид ухаарч ойлгосон байх. Тэр тусмаа хилийн боомтуудынхаа ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадлыг үтэр түргэн нэмэгдүүлэхгүй бол улс орноороо жинхэнэ сүйрч, алингаа алдаж болох аюултайг харлаа шүү дээ. Дахин хэлье! Зам мандтугай! Монгол Улс Мянганы төмөр замтай болох болтугай!