Мянганы зам Мянгуужингийн үлгэр биш байж
Анх энэ төслийг эхлүүлж байхад итгэж, дэмжихээсээ элэглэн шоолж, доог тохуу хийх нь дийлэнх байснаа эргэн нэг санацгаая! Монголын цуутай нийтлэлч нэгэн эрхэм хүртэл “Мянганы зам Мянгуужингийн үлгэр” гэж бичиж байсан юм шүү дээ.
Арай бараг л галаар төөнөж буй мэт, амьсгал бүгчимдсэн зуны аагим халуун энэ өдрүүдийн цаг дор чухам цээж тэнийлгэн сэрүү татуулж, сэтгэл бодлыг баясган ундаалсан, түүхэнд тод тунгалаг бөгөөд гэрэл гэгээтэйгээр тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдлын мэдээ монгол хүн бүрийн чихнээ чимэг болов оо!
Хэдхэн хоногийн дараа Монгол орон даяар тэмдэглэх Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын босгон дээр эл мэдээ давхцаж, баяр дээр баяр нэмж байгаагаараа гүн бэлгэдэлтэй бөлгөө.
Одоогоос яг 21 жилийн өмнө тэр үеийн МАХН-аас тунхаглан зарлаж эхлүүлсэн Монгол Улсын бүх аймаг, хотын төвийг нийслэл Улаанбаатартай холбох, нийт 7 мянга гаруй км үргэлжилсэн хатуу хучилттай авто зам бүхий “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалтын нүсэр үйл хэрэг амжилттай хэрэгжиж дууссаныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр зарлан мэдэгдлээ.
Анх энэ төслийг эхлүүлж байхад итгэж, дэмжихээсээ элэглэн шоолж, доог тохуу хийх нь дийлэнх байснаа эргэн нэг санацгаая! Монголын цуутай нийтлэлч нэгэн эрхэм хүртэл “Мянганы зам Мянгуужингийн үлгэр” гэж бичиж байсан юм шүү дээ.
Эдийн засаг, мөнгө санхүү сулаас сул, дорой атлаа асар уудам нутагтай, байгаль, газар зүйн маш хэцүү тогтоцтой, уул нуруу, хад чулуу, ус намаг, элс цөл гээд бэрхшээл саад мундахгүй, хоорондоо хэдэн зуун км-ээр алслагдсан 21 аймгийн засаг захиргааны тархай бутархай төв, сумдыг нийслэлтэй холбоно гэдэг үнэхээр бидэнд үлгэр шиг дэндүү фантаазтай санагддаг байж л дээ. Үлгэр үнэн байгаад зогсохгүй биелэдэг, биеждэг аж. Бидний улсын бүх зүйл уруугаа харчихсан юм бас биш байна гэдгийг энэ өдөр мэдэрч байна. Том мөрөөдөж, томоор зураглаж, том зорилт дэвшүүлж, тодоор амбийцлаж байж том бүтээн байгуулалтыг хийдэг гэдгийг “Мянганы зам “ төсөл харууллаа. Улс орныг удирдан жолоодож, урагшлуулан хөгжүүлэхэд төр, засгийн бодлого нэн том, тодорхой байж, залгамж болж үргэлжлэх аваас амжилтад заавал хүрдэг болохын жишээг бид эндээс харлаа. Итгэлээ, үнэмшлээ. 21 жил гэдэг урт хугацаа ч, 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгийг эдийн засгийн хямрал,бэрхшээл удаан үргэлжилж буй энэ хүнд үед хатуу хучилттай замаар холбож, улмаар Азийн улс орнуудын авто замын нэгдсэн сүлжээнд нэгдэж чадсан маань монголчууд бидний том бахархал яах аргагүй мөн билээ. Үүнийг л бахархал гэхгүй юм бол өөр юуг бахархал гэх юм. Энэ амжилт, бахархал нь 2001 оноос хойшхи үе үеийн Засгийн газар, ерөнхий сайдуутай холбоотой гэдгийг ч мартахгүй байх учиртай. Та бүхэнд баярлалаа.
100 жилийн өмнө ердөө 19-хөн чиглэлийн шороон замтай, улс даяар 10-хан модон гүүртэй байсан бидний улс “Мянганы зам” төсөл их бүтээн байгуулалтын дараа 21 аймаг, 108 сум нь нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбогдож, улсын хэмжээнд 1000 гаруй буюу 64171.8 метр бетон ган хийгээд модон хийцийн гүүр, зам,гүүрийн тулгуур байгууламжийг барьж байгуулсан улс болсон маань хөгжил юм. Зам дагаж хөгжил ирдэг нь жам ёсны зүй тогтол.
21 жил үргэлжилсэн ”Мянганы зам” төслийн төгсгөлийн бариаг хийж, Завхан аймгийн төв Улиастайг Тосонцэнгэлтэй холбосон 67 км замыг барьж байгуулж, ашиглалтад оруулснаар ийнхүү амжилттай хааж байна. Энэ хэсэг замыг тавихын тулд 7 жилийг зарцуулсан нь ч учир шалтгаантай. Монгол Улсын баруун бүсийг Улаанбаатараар дайруулан зүүн бүстэй холбох хэвтээ тэнхлэгийн гол замын 114 км нь Монголын алдартай даваануудын нэг болох Загастай болон Тарвагатайн нурууг дайран гарах болсонтой холбоотой юм.
Загастайн даваа нь далайн түвшнээс дээш 2500 м өндөрт оршдог, хад асга, хясаа, цул чулуу ихтэй уулын бүсийн хамгийн хүнд зам учраас өндөр өртөг шаардаж байсан нь гол бэрхшээл байв. Энэ даваа бол давахад хамгийн хэцүү 3 давааны нэг. Замын ажлын явцад 5 км шахуу үргэлжилсэн чулуун уулыг бутласан гээд бодохоор үнэхээр нүсэр, няцмаар санагдана.
Ямартай ч энэ бүхний эцэст гарч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Мянганы зам” төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилт Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг ашиглалтад оруулснаар амжилттай хэрэгжлээ.
Энэхүү өндөр өртөг шаардсан 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК шалгарч 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр харьяа яамтай 20.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй гэрээ байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны зургадугаар сард эхлүүлж байж.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын төслийн 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг. Зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальт бетон хучилттай, 20 см зузаантай буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй бөгөөд нийт хучилтын хийцийн зузаан 65 см ба давааны оройн цэвдэгтэй болон намагтай газруудад нийт 3,0 км урт, 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе хийж, 2 талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэй, ус зайлуулах 132 байгууламжтайгаараа онцгой болсон гэж байна.
Мөн Загастайн гол, Хатавчийн гол дээр тус тус 19, 10 метр урт төмөр бетон гүүр барьжээ. Тэрчлэн Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахын тулд 20 км үргэлжилсэн хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, замын тусгай тэмдэг 1000 гаруй ширхэг байршуулсан аж.
Тус замын хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, ажлын туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд ажилласан байна. Эдгээр компаниудад баярлалаа.
Замын барилгын ажлын нийт хугацаанд өндөр хүчин чадал бүхий технологийн 200 гаруй машин, механизм, 400 гаруй хүн ажилласан гэнэ.
Мөн авто замын барилгын ажилд 6 материал бэлтгэлийн үйлдвэр болон материалын чанарын хяналтад зориулан, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий хөрсний шинжилгээ, цемент бетон болон асфальт бетон хольцын бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай 2 хээрийн лаборатори шинээр байгуулан ажиллуулсан нь зам гүүрийн салбарт гарсан бас нэг шинэ дэвшил болжээ. Монголчууд нэгэн үе огт итгэхгүй байсан “Мянганы зам” хэмээх том бүтээн байгуулалтынхаа ард гарч чадлаа. Мянганы зам маань Мянгуужингийн үлгэр болсонгүй ээ! Бид хичээж, зорьвол, зоригловол бас бүтээж босгож чаддаг ард түмэн юм санж. Алдаж онож байгаад ч болтугай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 км, Зүүнбаян-Хангийн 226 км төмөр замаа өөрсдөө тавьчихлаа. Болж л байна шүү дээ. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлан тунхаглаж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах их бүтээн байгуулалтыг энэ зунаас эхлүүлж байгаа нь “Мянганы зам” төсөл их бүтээн байгуулалт амжилттай дууссан хаалтын үйл явдалтай давхцсан нь бэлгэшээлтэй төдийгүй Монголчууд та бидэнд илүү итгэл, урам, бүтээн босгох, хөдөлмөрлөх эрч хүчийг өгөх буй за. Энэ Засгийн газарт “Алсын хараа-2050” , “Шинэ сэргэлтийн бодлого” гээд урт хугацаа шаардсан том амбийц, том төсөл, том бүтээн байгуулалт, том зорилтууд бий.
Болохгүй, бүтэхгүй, үлгэр, домог гэж бүү бас! Бүү ам гар! Хамгийн гол нь энэ том бодлого, зорилтууд дараа дараагийн Засгийн газруудад уламжлал болон өвлөгдөж байх ёстой. Ингэж байж Монгол төрийн бодлого гуйвшгүй, үнэ цэнтэй, итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй, бодитой,үнэн байх болно. “Мянганы зам” төслийн амжилт үүнийг бидэнд тов тодорхой нотлон харууллаа.