Ё.Отгонбаяр: "Монголын гээгдсэн түүх" цуврал бүтээл
Бодит үйл явдлыг өөрөөр ойлгуулсан, ач холбогдлыг нь даран бууруулсан, мушгин гуйвуулсан, мартуулсан, гөрдөж гүтгэсэн түүхийн олон хуудас өдгөө ил болжээ.
"Монголын гээгдсэн түүх" цуврал бүтээл
Хорвоод хамгийн их мушгигдаж, гүтгэгдэж, хэлмэгдсэн түүхтэй улсын нэг нь Монгол гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Бидний өвөг, дээдэс хэдэн мянган жилийн турш гайхмаар баялаг түүхийг бүтээж, Ази, Европын мянган жилийн түүхийн үйл явцын хэмнэлийг тогтоож ирсэн атал буурал түүхийн хуудаснаа болд илд эргүүлж, бусдын нутгийг булааж, алж хядаж, хүчирхийлж явсан бүдүүлэг нэгэн үндэстэн маягаар дурсагдан хоцорчээ. Эзэн Чингис хааны байлдан дагууллын үеэс Монголчуудын тухай "хар домог" зохиогдож, харгис хэрцгий, зэрлэг догшин үндэстний тухай өвөг, дээдэс маань санаатайгаар няцаан үгүйсгээгүй ч байсаар өнөөг хүрсэн байж болох юм.
Нүүдэлчин уламжлалаасаа болж, түүхээ өөрсдөө бичээгүй тул эзлэгдсэн үндэстнүүдийнх нь түүхчид эерэг тэмдэглэл бага үлдээжээ. Цагийн эрхэнд бусад үндэстнүүдэд уусан, энэ нутаг дэвсгэрт нь эдүгээ шинэ улс гүрнүүд үүсэж, түүхээ үзэмждээ тааруулан туурвих болсноор бидний түүх бүдгэрч, монголчуудыг үзэн ядацгаасан түүх бичлэг ноёрхож байсан цаг саяхан. Тэр ч атугай бусдын бодлогоор биднийг зөвхөн БНМАУ-ын хилээр түүхээ мэдэж байвал барав хэмээн өвөг дээдсийн маань түүхээс хиймлээр салгаж, хэдэн мянган бээрийн цаана таслагдан үлдсэн монголчуудынхаа түүхийг мэдэх эрхгүй болгож байсан нь өчигдөрхөн. Харин сүүлийн үед өнгөрсөн түүхийг элдэв үзэл суртлын өнцгөөс бус, бодит болсон явдлуудын тухай үнэнийг өгүүлэх болсноор бид олон шинэ зүйлс олж мэдэцгээх болсон.
Ё.Отгонбаярын “Монголын гээгдсэн түүх” хэмээх гурван цуврал бүтээл эрхэм уншигч танаа ямар түүхийн баларсан, мартагдсан хуудаснуудыг эргүүлэн сануулах тухай товч танилцуулъя.
Монголын гээгдсэн түүх 1
Их Монгол улсын үед Өмнөд, Хойд Хятадыг нэгтгэж нэгэн улс хожим бий болох суурийг тавьсны, Алтан Ордын нөлөөгөөр Москвагийн эзэнт улс хүчирхэгжсээр Их Орос орон болон хувирсны, Их Монголын эзэнт гүрэн дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг үүсгэсэн гээд өмнө нь дуулаагүй олон шинэ, сонин мэдээлэл бичигдэх болжээ. Монголчууд дэлхийн цэргийн урлагийн түүхэнд онцгой хуудас бүтээснээс гадна олон зуун жилийн турш Ази, Европт мөрдөн дагаж ирсэн төрт ёсны уламжлалыг бий болгож, Дундад Ази, Энэтхэгийн хойгт урлаг, соёлын гайхамшигт дурсгалуудыг үлдээж, дөрөө, дипломат халдашгүй эрх гээд олон зүйлсийг хүн төрөлхтний өвд хандивлажээ.
Монголын гээгдсэн түүх 2
Монголын эзэнт гүрний далайн усан флот Японы арал, Индонезын архипелагт буулгасан тэнгисийн цэргийн десантын үйл ажиллагаа нь хамарсан хэмжээ, цэргийн ажиллагааны түвшнээрээ 700 жилийн дараа Дэлхийн II дайны үед Нормандын эрэгт буулгасан десантаас өргөн том байсан гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. Монголчууд дэлхийн түүхэнд анх удаа хамгийн том чөлөөт худалдааны бүсийг үүсгэж, дипломат элчийн халдашгүй дархан эрхийг илдийн үзүүрээр дархалж, тухайн үедээ харьцуулшгүй хурдан мэдээллийн сүлжээ болох өртөөний албыг бий болгон, гарал үүсэл, яс үндэс харгалзалгүй зөвхөн мэдлэг, чадвар, итгэл даах байдал, зүтгэлд тулгуурласан меритократ зарчмыг төрийн байгуулалтын түүхэн бодитоор нэвтрүүлж чаджээ.
1963 онд Католик шашны лам нар нэрт эрдэмтэн Галилео Галилэйг дэлхий бөөрөнхий гэж хэлснийх нь төлөө шүүж, бурууг нь хүлээлгэж байхад түүнээс 400 жилийн өмнө 1267 онд Хүлэгү хаан ах Хубилай хаанд дэлхийн бөмбөрцгийн загвар бэлэглэж байв. 1445 онд Германы инженер Иоханнэс Гүтэнбэрг анх бараар ном хэвлэснийг дэлхийн хэвлэлийн салбарын эхлэл гэж тооцдог бол монголчууд түүнээс 100 гаруй жилийн өмнө модон бараар ном судраа хэвлэдэг, 1380 онд төмөр бараар хэвлэсэн, дэлхийн хаана ч хөрвөх чадвартай цаасан мөнгийг хэвлэн гаргасан байжээ. Гэтэл цаасан мөнгө Европт бүр XVII зуун хүрч байж эргэлтэд орсон байдаг. Оросын мөнгө буюу деньги гэдэг үг монгол хэлний тамга гэдэг үгнээс гаралтай. Хятадын мөнгөн тэмдэгт болох юань нь Монгол Юань гүрний цаасан тэмдэгтийн нэр болохыг та бид мэддэггүй.
Монголын гээгдсэн түүх 3
Монголын их талаас гаралтай, бидний өвөг дээдэс жужанчуудын үлдэгдэл аваарчууд гурван зууны туршид Дорнод Европыг донсолгож, Дорнод Ромын эзэнт гүрнийг ганхуулж явсан бол Их Монгол улс болон түүний залгамжил улсуудын үед монгол хаадын хатад болсон Ромын гүнж нарын ачаар энэхүү эзэнт гүрэн сүйрлээс хэрхэн аврагдсан тухай бид тэр болгон сонсоогүй буй заа. Зүүн Азийн хувь заяаг шийдсэн атлаа түүхэнд мартагдан орхигдсон Үнэгэн давааны байлдаанд монгол цэргийн байлдааны шалгарсан тактикууд хэрхэн хэрэглэгдсэн, Германы фельдмаршалууд монгол цэргийн байлдааны урлагийг сонирхон судалж байсан, Их Монгол гүрнийг байгуулахад бүх насаа зориулсан ялагдашгүй алдарт Сүбээдэй баатар түүхэнд яагаад мартагдан орхигдсон, Монгол-Бирмийн хэд хэдэн дайн дэлхийн түүхийн хуудаснаа гээгдсэн учир шалтгаан гээд бидний үл мэдэх сэдвүүд олон. XIII зуунд монгол цэргийн хэрэглэж байсан байлдааны стратеги, тактикийг тэртээ хожим ХХ зуунд л онолын үндэстэй болгон боловсруулж, саяхан болтол НАТО буюу Умард Атлантын Гэрээний байгууллагын цэргийн онолын үзэл баримтлал болгон хэрэглэж байсныг бид тэр болгон мэдэхгүй.
Монголчууд тахлыг зэвсэг болгон хэрэглэснээс үүдэн Европт аймшигт хар тахал тархсан мэтээр хэдэн зуун жилээр ташаа ойлголт түүхчдийн дунд үлдсэн, Өгэдэйн улсыг сэргээхээр их хаан Хубилайн эсрэг насаараа тэмцсэн Хайду хан, хээрээр тэнэж явсан дээрэмчнээс Дундад болон Баруун Азийг чичрүүлсэн эзэнт гүрнээ байгуулсан Доголон Төмөр хаан, ах дүү монголчуудаа нэгтгэх гэж ХХ зууны эхэнд хүчирхэг Дундад иргэн улсын эсрэг зэвсэг барин тэмцсэн монголчууд, Өвөр Монголоо тусгаар улс болгохын төлөө Японы Квантуны армитай хамтран ажилласныхаа төлөө хүүгээ цаазлуулж, өөрөө насны эцэс хүртэл гянданд суусан Дэмчигдонров вангийн гунигт түүх, Алтайн казахуудын улс байгуулах гэж тэмцэлдэж яваад баригдаж цаазлуулсан Оспан баатрын тухай өгүүлнэ.
Онлайн захиалга: https://www.nepko.mn/publishing/detail/536
Холбоо барих дугаар: 75339933