Г.Батхүүгийн гурван найз буюу төрийн өмчийн “гурван өндөрлөг”
Компанийн захирал дөрвөн найзын нэг нь л төрд гарахад үлдсэн гурав нь төрийн өмчийн “гурван өндөрлөг” болчихдог орчин цагийн “гоё модель”-ийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Гэвч өөр оронд бол ийм тохиолдолд бүгд өөдлөн дэвшдэг байхад манайхан болохоор нэг нь буруутахад хормойноос нь зууралдаад харилцан таталцаж унадаг онцгүй жамтай.
Компанийн захирал дөрвөн найзын нэг нь л төрд гарахад үлдсэн гурав нь төрийн өмчийн “гурван өндөрлөг” болчихдог орчин цагийн “гоё модель”-ийн тухай энд өгүүлэх гэсэн юм. Гэвч өөр оронд бол ийм тохиолдолд бүгд өөдлөн дэвшдэг байхад манайхан болохоор нэг нь буруутахад хормойноос нь зууралдаад харилцан таталцаж унадаг онцгүй жамтай.
Ардчиллынхан засгийн эрхэнд гарсан, эсвээс зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах үед Г.Батхүү эрх мэдэлд заавал очиж, Б.Цогоо, Л.Пүрэвбаатар, Ю.Идэрцогт гэдэг гурван хүнд гол объектыг хариуцуулдаг “жамтай” болчихоод байгаа юм. Тээр жил гэхэд эртдэж, саяхан гэхэд оройтох байх, 1999-2000 онд Г.Батхүү Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайд байх үеийнхийг ярихаа больё. Одоогоос арван жилийн өмнө буюу 2004-2006 онд Г.Батхүүг Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байхад гэхэд л эдүгээ Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байгаа Б.Цогоо МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв шүү дээ. Дампууруулсан гэхэд хаашаа юм бэ, ямартай ч айхавтар ашигтай ажиллуулсан гэж дуулдаагүй ажлаа өгмөгцөө Орос руу одсон гэдэг. Түүнээс хойш арваад жил өнгөрөхөд нар дахиад л найз Г.Батхүү дээр нь тусаж, сонгуульд ялагдсан ч эрийн сайнд зүтгэсээр байгаад УИХ-ын гишүүн, дэд дарга болтлоо томорч чадсан юм. Мөнөөх л гурван найз дагаад “дээшлэв”.
Б.Цогоо дарга өмнөх дарга Д.Зүмбэрэллхамын адил шулуун шударга ажиллаж, ЗГХЭГ руу заргын бичиг шидээд байж чаддаггүй нь ч язгуурын нэг тиймэрхүү барьцаа аятай харагддаг. Тэгээд ч хүү нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байхад аав нь бусдыг хардаад хаяагаа хадраад байвал муухай л даа.
Харин Г.Батхүүг ЗТАЖ-ын сайд байхад нь “Монгол шуудан” компанийн захирлаар Жасрайн Жанцан агсныг айхавтар гүтгэн байж зайлуулсаар томилогдсон Ю.Идэрцогт эдүгээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж буй. Саяхан Багануур, Багахангайн залуус түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулсан гэж гайхашруулсан. Ирэх сонгуулиар НИТХ-д нэр дэвшихийн тулд ийм эрт эхлэх хэрэг байсан эсэхийг бүү мэд. Сонирхолтой нь Ю.Идэрцогт 2004 оны сонгуулиар Эх орон-Ардчилал эвслээс “Мөнх пресс” компанийн захирал гэсэн хаягтайгаар нэр дэвшиж байсныг бодвол арван жилийн дотор тун олон дэмжигч хуримтлуулж “баялаг бүтээж” чаджээ. Гэхдээ нэг таагүй дурсамж гэвэл Ю.Идэрцогт Ж.Жанцан агсныг 1.4 тэрбум төгрөгийн маркийг 80 мянган ам.доллараар зарсан, өөрийгөө 50.2 сая төгрөгөөр шагнасан гэхчлэн буруутгаж огцруулан оронд нь суусан. Гэвч шүүхээр дээрх хэрэг нотлогдоогүй. Ингээд 2005 оны аравдугаар сарын 14-нд гарсан шүүхийн шийдвэр бүтэн хоёр жилийн дараа буюу 2007 оны наймдугаар сарын 2-нд биелж Ж.Жанцан агсан “Монгол шуудан” компанийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон юм. Гэхдээ Ю.Идэрцогт хэсэгхэн хугацаанд тус компанид ажиллахдаа тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын номыг хэвлэж 270 сая төгрөгийн ашиг олсон гэх мэдээлэл зургаан жилийн дараа илрэх юм гэж тэгэхэд хэн ч төсөөлөөгүй.
Одоо гурав дахь “компанийн захирал”-ын тухай маш богинохон өгүүлбэр урсана. Учир нь эдүгээ “УБТЗ” ХНН-ийн даргаар ажиллаж буй Л.Пүрэвбаатар 2004-2006 онд Г.Батхүүг ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад огцроход нь зэрэг огцорч “Мастернэт” компанийн захирлаар ажиллаж байсан гэж намтартаа бичсэн байдаг юм. Нууцлаг компани, эсвэл тийм жижигхэн компани байсаны аль нь болохыг бүү мэд. Ямартай ч эдүгээ өмдний өлгүүр, гутлын хэрэгт орооцолдон баларч яваа нэгэн. Тэгснээ Г.Батхүүг УИХ-ын дэд дарга болмогц дагаад өндийсөн нь нэлээд “амь нэгтэй” юм уу гэлтэй. Г.Батхүү гишүүн ч 2013 оны аравдугаар сарын дундуур ОХУ-ын Төрийн Дум дахь Монголын парламенттай харилцах бүлгийн зохицуулагч С.М.Миронов, Төрийн Думын Тээврийн асуудал хариуцсан Байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга В.Б.Ефимовтой уулзахдаа ч Төмөр замын инженерүүдийн холбооны дарга Л.Пүрэвбаатараа сүүдэр мэт дагуулж явсан нь хожмын учиртай байсан бололтой. Харин өнөөдөр Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн дарга болсон. Харамсалтай нь түүний талаарх эвгүй мэдээлэл гарахад зарим газар хэлтсийн орос дарга нар нь “Чи хэвлэлд мэдээлэл өгсөн үү” гэж манай монгол ажилчдыг хардаж зовоодог болсон аж. Монгол бол Оросоос илүү ардчилалтай орон юм шүү дээ.
За одоо хамгийн том компанийн захирал, “шадар гурван цэргийн жанжин” УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн тухай цөөн хэдэн үгийг хэлье. Ерээд оны эхээр өмд, гутлын наймаагаар бизнесийн гараагаа эхэлж хүй цөглөсөн газрынхаа нэрээр “Шунхлай” компаниа байгуулсан Өвөрхангайн босоо улстөрч өвдөг шороодсон ч найраагаар давж төр түшээд байдаг. Сүүлдээ буруу түших нь мэр сэр харагдах ч түүний тухай мэдээлэл вэб сайтад нийтлэгдэхэд хакердаад сурчихсан болохоор бараг өнөөдөр л уншаад өнгөрөх байх. Г.Батхүү үүнд ямар хамаатай юм бэ гэж өөдөөс минь сөрвөл дэндүү гэнэн хэрэг болно. “Энержи ресурс” гэдэг айхавтар том айл анх 14 хүүхэдтэй, хүүхэд болгон нь өөрийгөө аав гэж боддог байсан бол одоо MCS, Шунхлай, Петровис гурав л үлдсэн гэдэг. Тэгэхээр Г.Батхүү Тавантолгойд хамаагүй гэвэл худлаа. Харин “Шунхлай”-ийн охин компани “S Development” компанийн “River Stone хотхоны барилга дээрээс 2014 оны есдүгээр сарын 7-нд гурван залуу унаж амиа алдсан хар түүх бий. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ажлаа зогсоох акт өгсөөр байтал даанч яав даа гэж халаглах хүн олон байсан. Одоо ч гурван залуугийн ар гэрийнхэнд тэр сайхан харагддаггүй л байх. Үүнээс болоод дээрх компаниас байтугай “Шунхлай”-аас зугтах шахан тэвдэж байсан хүн бол Г.Батхүү. Гэхдээ тэр найзууддаа бол байр байшин, хотхон хорооноосоо харамлаагүй шүү. Энэ тухай жич бичнэ.
Г.Батхүү хоёр хөршид үнэхээр том найзуудтай. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ян Жэчи Монголд ирж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулан 2010 онд УИХ-аас баталсан төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд хүрэв. Зэрэгцээд ОХУ-аас “РЖД”-ийн ноёнтон В.Якунин ирэв. Мэдээж тэрбээр зохих зохицуулалтыг хийж санасандаа хүрээд буцсан. Дараа нь юу болсныг товч дурдваас 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд В.Якунинаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэсэн захидал хэвлэлд дэлгэгдэж шуугиан тарилаа. Гол агуулга нь “РЖД нийгэмлэг Шинэ төмөр зам төсөлд оролцвол Монголын Засгийн газрын санал болгосон хэлбэрээр оролцохоос татгалзаж байна. Учир нь наад зах нь 2009 оны наймдугаар сарын 25-нд байгуулсан ОХУ, Монгол Улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг зөрчиж байна. Нарийн цариг барих шийдвэр алдаатай байсан гэж үзэж байна” гэхчлэн хатуу хөтүү үгсээр дүүрэн байв. Арга ч үгүй юм, 85 мянган км төмөр замын сүлжээг бүхэлт нь атгаж суугаа ноёнтоноос энэ зэргийн үг гаралгүй яах вэ.
Нэг иймэрхүү л “ажиллагаа”, эсвэл “андуудын нөхөрлөл” маягийн улс төр, бизнесийн шинэ маягийн модель үүсчихэж. Хамгийн сонирхолтой нь энэхүү хөзрөөр барьсан байшингаас зөвхөн нэгийг нь, эсвэл Г.Батхүүг үлээхэд л тэр байшин нурна гээд бод доо. Гэтэл цаана чинь ийм байшинг барихдаа хана хэрэм, цайз мэтээр барьж байна. Хоцрогдож дээ, манай үеийн “аалзны тор” оо гэж...