Амьдралын утга
“Амьдралын утгыг арайхийн ойлготол өөрчлөгдчих юм.” /Рэйнхолд Нибүр, Америкийн нийгмийн философич, теологич/
Амьдралын утга
Саяхан би хэдэн номоо савлаж далд хийх зуураа Онч үгс гэж гарчигласан хуучин дэвтрээ оллоо. Нэг хуудсан дээр нэг философичийн богино эшлэл бичээд, ихэнхийнх нь дор гаргацгүй шахам тайлбар сараачсан байв.
Эрхгүй инээмсэглэлээ. Энэ багахан цуглуулгаа бараг мартжээ. Тавиад жилийн өмнө тэмдэглэж авсан эхний хэдэн эшлэлийг дунд сургуулиа төгсөхөд аав ээжийн бэлэглэсэн үзгээр бичихдээ энд тэнд нь бэх нялж, толботуулсан байв. Тэр үед би арван ес, хорин настай байсан байх. Коллежид философийн чиглэлээр суралцана гэж дөнгөж шийдчихээд байлаа.
Аугаа гүн ухаантнуудаас хамгийн сайхнаар аж төрөх зөвлөмж авч чадна гэж найдсандаа энэ дэвтрийг хөтөлж, бас философич болохоор шийдсэн байв. Коллеж төгсөөд цаашид яахыгаа мэдэхгүй байсан үе. Ямар ч байсан эмч, хуульч, бизнесмен болмооргүй байсан минь намайг ангийн цөөнхийн тоонд оруулж байв. Философиор суралцвал цаашид учир нь олдоно гэж бодсон хэрэг. Дэвтрийн дунд хавиас тэмдэглэлээ балаар бичиж эхэлсэн ба философичдын эшлэлүүдийн доор “илүү дээр арга байх л ёстой”, “туслаач!” зэрэг цөөн үгээр тэмдэглэл хийдэг байв. Хамгийн сүүлд теологич Рэйнхолд Нибүрийн “Амьдралын утгыг арайхийн ойлготол өөрчлөгдчих юм” гэсэн эшлэл байлаа. Дор нь би “Мэдэх юм алга!” гэж бичжээ. Онч үгс дэвтэртээ хамгийн сүүлд тэмдэглэл хийхдээ нас маань гуч гарсан байсан байх.
Хэдэн арван жилийн дараа энэ дэвтрээ гүйлгэж хараад ямар гэнэн байгаа вэ гэж бодож, эхэндээ нүүр хийх газаргүй мэт санагдаж билээ. Олонх нь хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан философичдоос аж төрөх ухаанд суралцана гэж бодсон юм байх даа? Би ер нь юу бодож байсан юм бол?
Оюутан байхад уншиж байсан философийн бичвэрүүдэд амьдрах зөвлөмж, сургаал хаа нэг таардаг байсан. Хариултыг нь эхлээд олох ёстой өөр бусад асуултууд байсан л даа. “Үнэн гэдгийг яаж мэдэх вэ?”, “Ес зүйн зарчмуудад рационал үндэслэл бий юү?”, “‘Утга’ гэдгийн утга нь юу вэ?” гэх мэт. Ер нь “утга” гэж ямар утгатайг мэдэхгүйгээр өөрийн, эсвэл өөр нэгний амьдралын утга учрыг олно гэдэг утгагүй хэрэг байлаа.
Үнэн шүү. Харин тэр хооронд нэг л мэдэхэд төгсөх дөхөж, эрийн цээнд хүрсэн амьдрал маань жинхэнээсээ эхлэх дээрээ тулж, би гэдэг хүн цаашид юу хийх тухайгаа санаа оноо олж авах гэж цөхрөнгөө барж байлаа. Дараагийн хэдэн жилд нь философийн ганц хоёр дээд сургуульд нэг орж, нэг гарахын хажуугаар телевизийн тоглоомын шоуны таавар асуулт, үзүүлбэр, бас стэнд-ап хошин шогийн хөтөлбөр, ээдрээт роман бичиж мөнгө олно. Энэ үедээ бас их аялсан. Аялж явахдаа биедээ хэдэн ном авч явдаг байсан нь голдуу л гүн ухааны ном байдаг байлаа. Жаргалтай сайхан аж төрөх арга ухаан хайсаар л байсан минь энэ л дээ.
Үнэхээр хэрэг болмоор санагдах санаанууд хаа нэг таарч байсныг нь навсайсан дэвтэртээ бичиж авсаар л байв. Тэгээд гэнэт л нэг өдөр эрэл хайгуул маань гэнэн санагдаж Онч үгс дэвтрээ хуучин сурах бичгүүдийнхээ дунд хайрцагт чихэж орхисон юм. “Өөр төлөвлөгөөнүүд зохиогоод завгүй байх зуур чинь чамд тохиолддог зүйлсийг амьдрал гэнэ” гэсэн Жон Лэнноны алдарт үгийг сонссон тэр үед ч байж магадгүй.
Яавал аль болох сайхан аж төрөх вэ гэсэн асуулт хэзээ нэг цагт философийн гол асуулт байсан үе бий. Аристипп, Эпикүр, Сократ, Платон, Аристотэл зэрэг сэтгэгчдийн нэн түрүүнд тунгаан боддог зүйл нь энэ асуулт байсан нь тодорхой. Дараа дараагийн зуунд нь гуманистуудаас эхлээд дэистүүд, экзистенциалистууд гээд янз янзын философичдын хувьд ч үндсэн асуулт хэвээр байсан.
Гэвч сүүлийн үеийн Барууны гүн ухаанд энэ асуулт нь эпистемологийн (Бодит, үнэн гэдгийг яаж мэдэж болох вэ?), бас логикийн (шалтгаан ба рационал ярианы зайлшгүй шаардлагатай зарчмууд юу вэ?) асуултуудад шахагдах боллоо. Талархмаар цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол орчин үеийн академич философичид аж төрөх арга ухааны бизнесийг тэр чигт нь телевизийн өдрийн цагийн ток шоуны хөтлөгчид, хээнцэр хувцасласан урам зоригтой илтгэгчид, нөмрөг хийсгэх дуртай олонд шүтэгдсэн гүрү нарт үлдээсэн юм. Аж төрөх арга ухааны асуулт өөрийгөө хүндэлдэг орчин үеийн ямар ч философичийн ажил лав биш гэж эрдэмтэд үздэг бололтой.
Хуучин дэвтрээ гүйлгэж харах зуур харамсалтай л юм гэсэн бодол төрсөн. Эхэндээ залуу насны гэнэн зангаа дооглож байсан ч, яаж аж төрөх ёстой вэ гэсэн асуулт сэтгэлийн минь гүнд одоо ч байсаар байгааг ойлгосон юм. Цаг хугацаа урсан өнгөрч, амьдрал өгсөж уруудаж жам ёсоор өрнөж ирсэн ч амьдралын талаарх философилог санааг сонирхож дурлах хүсэл маань огтхон ч бүдгэрээгүй аж. Үнэндээ бол найм дахь арван жилийнхээ өнцгөөс амьдралыг харах хэрээр энэ санааг сонирхох тэмүүлэл маань улам нэмэгджээ. Миний хувьд тоглоом хожуу үедээ орсон ч үлдсэн сүүлийн жилүүддээ чадахаараа сайхан амьдрахыг хүсэж байна. Үзэж туулсан амьдралын замаа сүүлийн удаа нэгд нэгэнгүй эргэн хармаар санагдах амьдралын тийм үе шатанд би хүрсэн бололтой. Тэгээд ч сайхан амьдрал гэх хэмжээсний альхан хэрд нь хүрснээ мэдэх сониуч зан хөдөлж байна.
Ингээд Онч үгс-д хамгийн сүүлд эшлэл тэмдэглэж бичсэнээсээ хойш 40 жилийн дараа аль эрт хуулж бичсэн философичдын эшлэлүүдийн тухайд төрөх шинэ бодлуудаа дэвтэртээ тэмдэглэж эхлэв. Шинэ эшлэлүүд ч цуглуулж, босон суун эргэцүүлж суудаг боллоо. Ингэх нь надад үнэндээ сайхан байлаа.
Зарим эшлэл нь хэрхэн аж төрөх тухай философийн бүхэл бүтэн байр суурийг нэгтгэн дүгнэсэн байхад зарим нь сонирхлыг минь санаснаас тэс өөр зүгт хөтөлж байв. Гэхдээ амьдралын энэ өндөрлөгөөс тунгааж харахад бүгд биширмээр санагдах аж. Цөөн хэдэн шилмэл үгээр ингэж уран яруу, урам ормоор илэрхийлж чадах аугаа философичдын чадварыг би дахин бишрэн гайхаж байв. Төгсгөлд нь хүрэхэд эхлэлийг нь санаж байна гэдэг миний насан дээр философийн товч мэдэгдлийн нэг авууштай тал нь байдгийг бас ойлгосон билээ.
Элдэв хувцастай олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гүрү, эсвэл урам дүүрэн илтгэгчид миний хувьд ямар ч асуудалгүй. Тэд хүмүүст хэрэг болох хариулт өгөх гэж чин сэтгэлээсээ хичээдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ сайхан амьдралын тухай үнэхээр цаг хугацааны шалгуур давсан, хурц санаануудыг зарим аугаа философич дэвшүүлдэг бөгөөд ийм гайхалтай санаа поп овоо лоозон, эсвэл үгийн утгын нарийн (эзотерик) гүн ухааны овоолоостой анализын дор дарагдаж алга болбол ичмээр хэрэг болох буй заа.
Тиймээс л хэрхэн аж төрөх талаарх философийн товч зөвлөмжүүд цуглуулж, тус бүрийнх нь дор хувийн тайлбараа оруулсныгаа та бүхэнд толилуулж байна. Ойлгоход бага ч болов дэм болох гэж тайлбар нэмж оруулсан хэдий ч өөрийн дур зоргоор, хаа хамаагүй чиглэлд гажсан тохиолдол бий. Ингэж хадуурсныгаа тайлбарлах олигтой шалтаг одоогоор санаанд орохгүй байна.
Онч үгс-ээ бусадтай хуваалцахаар шийдсэнийхээ дараа би эрэмбэлэх арга ухаан хайсан. Бичиж тэмдэглэсэн он сарын дарааллаар уу? Хэтэрхий дур мэдсэн болмоор санагдлаа. Аз жаргалтай, тааламжтай амьдрал, Утга учиртай эсвэл утга учиргүй амьдрал, Сүнслэг амьдрал, Сайн, шударга амьдрал гэж ангилах уу? Философичдын үй олон санааг ямар нэг гарчгийн дор багтаах боломжгүй байсан болохоор ангилах амаргүй байлаа. Ингээд нэг санаанаас өөр нэг санаа руу голдуу л саваагүйтэн хөтлөгдөн орсон дарааллаар, өөрөөр хэлбэл ер нь л өөрийн дураар явахаар шийдлээ.
Ингээд миний шинэ, хуучин Онч үгс залуу, хөгшин үеийн эргэцүүллийн минь хамт танд хүрч байна. Хариултаас олон асуулт эндээс сөхөгдөж болох ч ямар сайхан асуултууд байх бол.
Даниэл Клэйн