“Ядуугийн эдийн засаг”
ядуу сэтгэлгээ, шинжлэх ухаанаас хол хөндий байдал нь хөгжилд ямагт саад болж байдаг. Ядуу сэтгэлгээ дандаа богино зайнд хардаг учраас алсдаа нийгмийн хүндрэл болж хувирдаг. Харин улстөрчид, шийдвэр гаргагчид болохоор богино хугацаанд үр дүн гарах зүйлийг л ярьдаг. Хүүхдийн мөнгө, утаагүй түлш, итгэлийн зээл...
2019 оны аравдугаар сарын 14-нд Массачусетсийн Технологийн хүрээлэнд Эстер Дуфло, Абхит Банержи нар эдийн засгийн чиглэлээр 2019 оны Нобелийн шагнал хүртсэнийг танилцуулжээ.
Кембридж, Массачусетс.
Массачусетсийн технологийн хүрээлэнгийн /MIT/ эдийн засгийн профессор Абхит В.Банержи, Эстер Дуфло нарын бичсэн “Poor economics” /орос хэлнээ “Плохая экономика” хэмээн орчуулсан/ номын нэрийг улстөрч М.Энхсайхан “Ядуугийн эдийн засаг” хэмээн монгол хэлнээ буулгасан байна. 2011 онд хэвлэгдсэн энэ ном тухайн жилийнхээ “Оны шилдэг ном”-ын шагнал авснаас хойш олон шагнал хүртсэний эцэст 2019 онд Нобелийн шагнал авчээ.
Номын утга нь өнөөгийн Монголын нийгмийн амьдралтай бүрэн дүүрэн нийцэж буйд асуудал байна.
Сэтгэлгээний залхуурал хөгжлийн гол дайсан болдог
Бодит түүх буюу болсон явдлаас эхэлье.
Өнгөрсөн зун М.Энхсайхан дарга хөдөө мал малладаг дүү нар дээрээ очиж зусчээ. Тэр айлын нэг үнээнийх нь бөгс рүү нөгөө нь эврээрээ сэжээд урчихсан, тэр нь халуунд өтчихсөн байж. Яах вэ, ийх вэ болж байтал нэг нь “Близна /цайруулагч шингэн/ хийчих” гэж, нөгөө нь “Близна хэрэггүй ээ, бензин асгачих” гэсэн байна. Хотын гийчин цочиж сандраад “юу ярьж байна, яаж болдог юм, эм тариа алга уу” гэхэд “өвөлжөөн дээр байгаа” гээд хэдүүл давхиж. Тэнд шуудай дүүрэн эм, тариа байсан, бүгд хугацаа нь дууссан. “Энүүгээр яах гэж байгаа юм?” гэхэд “Юмыг яаж мэдэх вэ, хэрэг болж магадгүй гээд, аптект үнэгүй байхаар нь авчихсан юм аа” гэж. Ингээд тэндээс нь хэдэн ширхэг пинициллин олж үнээнийх нь шархыг цэвэрлэж цацаад хотод орж ирээд Мал эмнэлгийн эмийн сангаар ортол хэрэгтэй бүх эм, тарианууд нь бэлэн байсан. Ийм л юм болсон.
Энэ түүхийг өгүүлсний учир нь Монголын нийгмийн өнөөгийн төрх гэх үү, эсвэл бидний араншин гэх үү. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаггүй, наад захын учир шалтгааныг /логика/ бодолгүйгээр шийдвэр гаргадаг явдал. Ганц айлын ч явдал биш, ер нь дээгүүрээ ч гэсэн асуудалд хандаж байгаа, шийдвэр гаргаж байгаа байдал нэг тиймэрхүү. Дандаа сэтгэл хөдлөлөөр асуудалд хандана, бодохгүйгээр шийдвэр гаргана.
Сая жишээ нь Засгийн газар найман хүн нас барсны дараа сайжруулсан түлшээ шинжилгээнд явуулж байна гэдэг ч түүний л нэг илрэл. Бодлоготой, судалгаатай байсан бол өнгөрсөн өвөл “Ирэх жил түүхий нүүрс хэрэглэхгүй” гэснийхээ дараа л шууд туршаад, шинжлээд үр дүнг нь тайлагначихсан байхгүй юу.
“Ядуугийн эдийн засаг” номд бидний энэ байдлыг “Сэтгэлгээний залхуурал /үзэл суртал, үл ойшоох, инерциэр хандах/ нь хөгжил дэвшлийн гол дайсан” болдог. Ядуурлын эсрэг хөтөлбөр нь судалгаа, тоо баримт дээр түшиглэсэн байх ёстой. Ядуурал нь маш олон учир холбогдлын шалтгаантай. Асуудал тус бүр дээр анхаарал төвлөрүүлж ажиллах шаардлагатай гэсэн байна.
Ядуу сэтгэлгээ дандаа богино зайнд хардаг учраас
алсдаа нийгмийн хүндрэл болж хувирдаг
Бас нэг жишээ...
Өнгөрсөн зун М.Энхсайхан даргын хүүхдүүд хөдөө очиж амарч. “За хэр их юм үзэж, харав даа?” гэж асуухад хамгийн түрүүнд “Хөдөөний хүүхдүүд их жижигхэн биетэй юм аа” гэсэн байна. Энэ ч гэсэн өдөр тутам бидний нүдний өмнө байдаг энгийн зүйл. Аргагүй шүү дээ, хотынхныг бодвол ажил ихтэй. Хар багаасаа малтай хөөцөлдсөөр байгаар сур шиг болчихсон юм. Асуудал нь юундаа байна вэ гэж үү?
Азийн орнууд, ялангуяа монголчууд төмрийн дутагдал гэдэг зүйлээр дэлхийд дээгүүрт ордог гэсэн судалгаа бий. Гэтэл тэр нь ядууралд нөлөөлдөг тухай энэ номд бичсэн байна.
Анагаахын үүднээс, Төмрийн дутагдал тархины хөгжлийг удаашруулдаг. Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширч, ирээдүйд сурлага, сурах идэвх чармайлтанд нь сөргөөр нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар дүгнэжээ.
Гэтэл энэ нь боловсрол олж авах, цалин сайтай ажилд очихтой нь ч бас хамааралтай тухай энэ номд бичсэн байна. Хүнс тэжээл бүрэн авах тухай асуудлыг ядуу хүмүүс үл ойшоодог. Амьдралаа уйтгартай байлгахгүйн тулд телевиз, утас, түргэн хоол /эсвэл архи дарс ч юм уу/ гэх мэт өөр зүйлд зарцуулалт их хийдэг тухай уг номд бичсэн байна. Маргах шалтгаан алга...
2009 онд байна уу, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ядууралтай дайн зарласан” тухайгаа ард түмэндээ зарласан. Уг дайны стратеги төлөвлөгөөнд юу юу багтсан талаар бид одоо санахгүй л байгаа биз дээ. Оюутны 70 мянга гэдэг зүйл лав тэр үед гарч ирсэн байх. Одоо тэр нь байхгүй болсон учраас хожим хүрч болох үр дүнгийн талаар ярих боломжгүй болчихлоо л доо. Аа тийм, Ерөнхий сайд МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 200 мянга болгоно гэсэн...
Хоол тэжээлийг ойлгох нь урт хугацаа шаардсан ажил. Хүүхдэдээ тавьсан анхаарал удаан хугацааны дараа насанд хүрсэн хойно үр дүнгээ өгнө гэдгийг ойлгоход хэцүү гэж энэ номд бичжээ. Угтаа манайхны тухай л хэлээд байгаа юм. Хөгжсөн орнуудад бол байдал өөр. Хүүхэд сургуульд ороод хамгийн түрүүнд уншиж сурдаг зүйл нь хоол хүнсний савлагаан дээрх шошго буюу мэдээлэл. Ямар хүнс ямар хэмжээний илчлэгтэй, уураг нь хэд, нүүрс ус нь хэд, сахарын агууламж ямар хэмжээтэй гэх мэтчилэн...
Ядуу өрхийн хүүхдүүд сургуульд бага явж, илүү их өвддөг. Эрүүл өсөх нь илүү хямд гэдгийг ойлгодоггүй учраас эм, эмчилгээнд хамаг мөнгөө гөвдөг. Эцэстээ эмийн хэрэглээ хэтэрч, эмэнд тэсвэртэй өвчлөлийг бий болгодог. Эм бичиж өгсөн эмчийг сайн эмч гэх хандлагатай, эрүүл хооллолт, хөдөлгөөний дутагдал ярьсан эмчид бол “муу” талдаа...
Үүн дээр холоос жишээ авах ч хэрэг алга. Манай гэрийн хүүхэд ханиад хүрээд эмнэлэгт үзүүлэхэд эмч нь “Хоолойны өвчин гайгүй байна аа. Хөдөлгөөний дутагдалд орчихсон хүүхэд байна шүү дээ. Биеийн тамир сайн хий” гэж. Орой энэ тухай яриа болоход “Эмээ худлаа ярьж байна, эмч надад тэгж хэлээгүй” гээд үгүйсгэх маягтай. Ганц манай гэрийн ч асуудал биш байх л даа. Ерөнхийдөө л одооны хүүхдийг зурагт, таблет хоёроос хөндийрүүлэхэд хэцүү болсон. “Бидний багад гэртээ ор ор гэж загнадаг байлаа. Одоо хүүхдүүдээ гар гар гэж загнадаг боллоо” гэдэг онигоо ч гэсэн угтаа онигоо биш юм.
Дээр нь вакцины ач холбогдлыг ойлгодоггүй. Өвчлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд л вакцин байдаг шүү дээ. Зарим оронд вакцинд хамруулахын тулд хоолоор урамшуулдаг аж. Харин манайд бол эсрэгээрээ, “Монгол хүн дээр туршилт хийж байна” гээд нэмэр болохоосоо нэрмээс болох биз. Тэгээд ч манай дарга нарын толгойноос тийм зарлагатай сайхан сэтгэл заяа нь төрөхгүй л дээ.
Гэх мэтчилэн ядуу сэтгэлгээ, шинжлэх ухаанаас хол хөндий байдал нь хөгжилд ямагт саад болж байдаг. Ядуу сэтгэлгээ дандаа богино зайнд хардаг учраас алсдаа нийгмийн хүндрэл болж хувирдаг. Харин улстөрчид, шийдвэр гаргагчид болохоор богино хугацаанд үр дүн гарах зүйлийг л ярьдаг. Хүүхдийн мөнгө, утаагүй түлш, итгэлийн зээл...
Боловсролын системийг аваад үзвэл, манайх хүүхдийн тооноос хамаарч сургуулиудад санхүүжилт хийдэг. Нэг сурагчийг сургахад жилд зарцуулах мөнгө нь /сурах бичиг, багшийн цалин, өөр юу юу ч багтдаг юм/ 400-500 мянга орчим төгрөг байдаг байх. Жаран хүүхэдтэй нэг анги жилийн 30 сая төгрөгийн зардалтай байх нь. Гэхдээ л сургууль, багш нар үргэлж гомдоллодог.
Гэтэл Кени улс яг манайх шиг хүүхдийн тооноос хамаарч санхүүжилт хийдэг юм байна. Тэгээд боловсролын чанар яагаад дээшлэхгүй байна? гээд шалгаад үзсэн чинь тэр мөнгөний 80 хувь нь замаасаа хулгайлагдаж байж. Ердөө 20 хувь нь л сургууль, багш нарт очдог байсан байгаа юм. Түүнийг нь илрүүлээд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд нь тэмцээд, хяналт тавиад эхэлсэн чинь нэг хоёрхон жилийн дотор сэргээд ирсэн байна.
Үүнийг сонсоод “Манайд ч бас тэгдэг юм биш байгаа” гэж эргэлзэх бодол төрснийг нуух юун. Угаасаа бодуулах гэж энэ номыг бичсэн шүү дээ.
Ядуу орнуудад хувийн сургуульд суралцагчдын тоо өндөр байдгийн учир нь тэнд багш дутагдал улсын сургуулиудыг бодвол бага байдаг. Тэндээс боловсролын чанарын ялгаа гарч ирдэг. Энэ нь өрсөлдөх чадварын ялгааг бий болдог. Өндөр төлбөр төлж сайн боловсрол эзэмшсэн хэсэг нь ирээдүйд бүх баялгийн эзэн сууж, баян хоосны ялгаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Манайд хувийн сургуулиудын тоо жил ирэх тусам нэмэгдэж, төлбөр нь өсч байгаа нь “ядуурал буурч байгаагийн шинж” яавч биш л болов уу.
Ядуурлын шалтгаан нь ядуудаа биш,
азгүй түүх, ядуу сэтгэлгээнд байна
Номын зургадугаар бүлэгт Бизнесийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэргийг Засгийн газрын татаасаар /дотаци/ санхүүжүүлэх нь хөгжилд тус дэм болж магадгүй талаар дурьдсан байна. “barefoot Hedje-Fund Managers” буюу “хөл нүцгэн хэдж менежерүүд” гэх нэршлийг энд ашигласан. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө ажил олгоод явж байгаа жижиг бизнесүүдийн тухай. Ихэнх нь ганц хүнтэй, эрсдэл өндөртэй учир байнгын стресст орж, тэрнээсээ болоод хийж байгаа ажилдаа төвлөрөх бололцоо өгдөггүй, хөдөлмөрийн бүтээмж нь унах нөхцлийг бий болгодог. Тэдний бизнесийг дэмжихийн тулд Засгийн газрын зүгээс татаас олгож, даатгалд хамруулж болох юм гэсэн санаа.
Алдаг оног өм цөм хийдэг жижиг бизнес урт насалдаггүй учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ жижиг бизнес эрхлүүлье гэж бодохоосоо илүүтэй төрийн албанд оруулбал тогтвортой орлоготой гэж боддог. Мөн хот газар луу нүүхийг амьдралынхаа зорилго болгодог.
Өнөөдөр дэлхийд хоёр төрлийн хотжилт байна гэнэ. Европ, Америк маягийн, Африк, Монгол маягийн гэж. Европод болохоор хөдөө орон нутагт хөдөлмөрийн бүтээмж өндөр /техник технологи хөгжсөн/ болсон учраас хүмүүс нь илүүдэл болж хот руугаа нүүдэллэдэг. Монголд болохоор хөдөлмөрийн бүтээмж байхгүй учраас хүмүүс нь амьдралгүй болоод хот руу нүүдэллэдэг. Тэгэхээр бид тэднийг “орк” энэ тэрээр нь дуудаад, хөөж туугаад нэмэргүй, Улаанбаатарын утаа нэмэгддэгээрээ нэмэгдэнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөөгийнхөн хот руу нүүдэллэж байгаа нь тэдний асуудал биш, нийгмийн асуудал болж байна.
Жишээ нь мянган малтай байгаад түүнийгээ зах зээлд үнэ хүргэж борлуулж чадахгүй бол, үр шимийг нь нэмэгдүүлж чадахгүй бол хий хоосон, үр дүнгүй хөдөлмөр болж байна. Хөдөлмөр нь үр ашиггүй байхад ажиллах хүч хөлслөх шаардлага ч алга. Малтай нь малынхаа боол болоод үлдэж, малгүй нь хот бараадаж байна.
Ядуу хүмүүс банкны зээлийн үйлчилгээнээс хол байдаг. Эрсдэл өндөртэй учраас хүү нь өндөр, төлбөрийн нөхцөл хатуу гээд өнөөдрийн бидний л зовлон. Банк итгэхгүй учраас гудамжинд гараад мөнгө хүүлэгчээс /хувь хүнээс/ өндөр хүүтэй зээл аваад түүнийгээ төлж чадахгүй дампуурч, эсвэл “залилан хийсэн” гээд эрүүгийн хэрэгт холбогдох ч бий.
Үүнийг номын зохиогч ядуу хүмүүст дэндүү их хариуцлага ноогддог, стресс ихтэй. Ядуу хүмүүст зориулсан үнэ бүхий зах зээлийн сигмент байдаггүй. Ядуурлын шалтгаан нь ядуудаа биш, азгүй түүх, сэтгэлгээтэй холбоотой гэсэн байна. Азгүй байдал нь сэтгэлгээний ядууралд хүргэж, сэтгэлгээний ядуурал нь хувь хүний хөгжих бололцоог хаадаг. Ингээд чадах, чадахгүй юмаа их хүлээсэн хүмүүс сүүлдээ өөрөө өөртөө аугаа Гэгээнтнүүд болдог. Нөгөө Чингис хаан, Хун тайж хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг хэлж байна л даа.
Энэ тухайд М.Энхсайхан дарга “Улс төрөөс холдуулах гээд улстөрчдийн зургийг оруулаагүй юм шүү” хэмээн тайлбарласан хэдий ч энэ нь бүр үзэгдэл болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Улс төрийн хүрээнд ч гэсэн агуу ихийн хэнээрхэлд автчихсан хүмүүс цөөнгүй. Тэд “Би л Монголыг аварна” гэж итгэдэг авч яаж гэдгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй.
Ядуу хүмүүст хуримтлалын сэтгэлгээ байдаггүй, банкны хадгаламжийг ойлгодоггүй. Мөнгө хадгалахын ач холбогдлыг ойлгодог боловч тэр нь байнгын хэрэгцээнд байдаг. Тоосго тоосгоор хадгалах, эсвэл ББСБ-д хийх, зээлдүүлэгчид мөнгөө өгч үржүүлэх эрсдэлтэй аргыг хэрэглэдэг.
Тоосго тоосгоор хадгалах сэтгэлгээ нь нийгмийн дээд түвшинд буюу чинээлэг хэсэгтээ байшин байшингаар хадгалах сэтгэлгээгээр илэрдэг. Улаанбаатарын гудамжийг гишгэх газаргүй дүүргэсэн өндөр өндөр шилэн барилгын эзэд түүнийг батална. Байшин барих нь амархан ч дараа нь яаж үр ашигтай байлгах вэ гэдэг менежмэнт нь байхгүй. Тиймээс үйлдвэрлэл барья гэж хэзээ ч боддоггүй /уг нь бидэнд хоёр дахь нь илүү хэрэгтэй юм/. Сэтгэлгээний хувьд аваад үзвэл баян ядуу, дээр доорын ялгаа ч алга.
Тэгэхээр бидний ядуу байгаа шалтгаан ядуудаа биш, ядуу сэтгэлгээндээ байгаа бололтой. Тиймээс номын нэрийг монгол хэлнээ “Ядуугийн эдийн засаг” гэж хөрвүүлсэн М.Энхсайхан даргын орчуулга илүү оновчтой болсон шиг.
Номын гол утга нь үзэл суртлаар, эсвэл улс төржсөн том амлалтуудаар ядуурлаас гарахгүй, хөгжилд хүрэхгүй. Чимхлүүр олон жижиг асуудлыг урт хугацааны турш шийдэж байж хөгжилд хүрэх юмаа гэсэн санаа. Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхэлж хөгжүүлж, эрүүл мэнд, боловсролын тэгш боломжийг бий болгож байж хөгжилд хүрнэ гэсэн байна. Үүнийг дэлхий анхаараад эхэлчихсэн учраас “Poor economics” ном хэвлэгдсэнээсээ хойш найман жилийн дараа сая Нобельд хүрсэн байх. Бас нэг ч гэсэн монгол хүн анхаарч, уншаад бусдадаа дамжуулсан нь М.Энхсайхан болов. "Боловсрол төвтэй улс төр" ТББ-аас долоо хоног бүр ийм уулзалт, "номын үдэшлэг" зохион байгуулахаар болсон байна.
Нэг зүйлийг хэлэхэд уг ном монгол хэлнээ хөрвүүлэгдээгүй. М.Энхсайхан дарга зөвхөн өөртөө уншиж олж авсан зүйлээ бусадтай хуваалцсан хэрэг. 600 гаруй хуудастай номыг нэг хүн ганцаараа орчуулаад хэвлүүлнэ гэдэг өөр олон асуудалд анхаарал хандуулдаг хүнд боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ өөр хэн нэг нь, аль нэг хэвлэлийн газар номыг орчуулаад нийтийн хүртээл болговол илүүд олон хүнд хүрэх, тэд нь бас бусдадаа дамжуулах боломжтой болох юм даа.
Зочин
зочин
Зочин
...
Зочин
Unshmaar bna
Зочин