УЗБЕКИСТАН БА МОНГОЛ УЛС - ӨНГӨРСӨН, ОДОО БА ИРЭЭДҮЙ
Узбекистаныг хөгжүүлэх гэж очоод өөрөө "хөгжүүлэгдүүлээд" ирсэн, Төв Азийн тэргүүлэх улсын хөгжил дэвшлийн шоконд ороод, шил нь татаад буцсан гэнэн тэнэг монгол залуугийн аян замын тэмдэглэл оршвой!

Оршил
Хэдхэн хоногийн өмнө Ташкент хотноо Узбекистан ба Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг холбох “Road Show Mongolia 2026” нэртэй арга хэмжээ, бизнес форум амжилттай болж өндөрлөв. Монголын талаас банк санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, тээвэр ложистик, мах махан бүтээгдэхүүн, эм, гутлын үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 40 гаруй компанийн төлөөлөл, харин Узбекистаны талаас 100 гаруй компанийн төлөөлөл оролцов. Энэ арга хэмжээг жил бүр тогтмол хийхээр зохион байгуулагч талууд шийдэж байна. Хамгийн анхны энэ арга хэмжээг маш богино хугацаанд амжилтттай зохион байгуулсан "Роүд Шоу" ТББ-ийн үүсгэн байгуулагч, төслийг санаачлагчид болох Х.Ихбаяр, Б.Сумхүү, А.Туяа болон байнгын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсаас Узбекистан Улсад суух Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан нэг дүгээр нарийн бичиг Т.Сугарсүрэн болон Узбекстан Улсын Бизнес, Хөрөнгө оруулалтын холбоонд талархал илэрхийлье!

Төрийг төлөөлж Узбекистаны талаас Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн дэд сайд Ильзат Касымов, Хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, инноваци хэрэгжүүлэх газрын дарга Жамолиддин Бабаханов тэргүүтэй парламентийн гишүүд оролцсон бол Монгол Улсаас Монгол ба Узбекистаны парламентын бүлгийн дарга С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Монгол Улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батбаатар нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцлоо. Яваад ирсэн монгол компаниуд эхнээсээ узбек компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, зарим нэг нь Ташкент хотод салбараа нээхээр шийдсэн байна.

Түүх
Узбекстанд хоёр гуравхан хоноход нэлээд хэдэн монгол үгтэй таарав. Тухайлбал, узбекээр шивтэр, арслан, мянга, алтан, хараа, хар, архи, сүү, ах, төмөр, мал зэрэг үгсийг яг адилхан утгаар хэрэглэж дуудаж байна. Яг бүр Дархан гээд биччихсэн гудамжтай ч таарав. Самарканд хотод очсон монгол хүн бүрийн заавал үзэх зүйл бол Биби Ханум сүм болон энэхүү монгол хатны бунхан юм. Цагаадайн угсааны Казан хааны охин болох монгол хатны нөлөөний билэгдэл болсон энэ газар үнэхээр гайхалтай. Доголон Төмөр хааны хамгийн хайртай эхнэр нь Чингис хааны удмын Сарай-мульк ханым (зарим судлаач Саранмөнх хатан гэж нэрлэх нь байдаг аж) юм. Тэрбээр олон жилээр дайн байлдаанд явсан хойгуур улс орноо удирдахын сацуу Төмөр хааны хамгийн ойрын зөвлөгч нь байжээ. Хамгийн сүүлд хатныхаа зөвлөгөөг бараг анх удаа дагалгүй Хятадыг дайлаар мордохоор явахдаа Төмөр хаан замдаа нас барсан түүхтэй. Доголон Төмөр хаан энэ хатантай гэрлэсний дараа Гурган Тимур буюу Хүргэн Төмөр гэж нэрлэгдэх болж, Чингисийн алтан удмын гэр бүлд багтжээ. Үүнээс өмнө өөрийгөө Хаан гэж хэлүүлж зүрхлэхгүй Эмир цолтой явдаг байв. Монгол хатан нас барсны дараа дурсгалд нь зориулж алдарт сүмийнх нь яг эсрэг талд бунхан барьж оршуулжээ.

Самарканд хот Улаанбаатараас 4600 км зайтай. Огт зогсохгүй алхвал даруй 40 гаруй хононо. Машинаар 60 гаруй цаг явж очно.
Харин шууд нислэгээр 4 цаг гаруй сүнгэнээд очно. Бид Хүннү эйр компанийн анхны туршилтын нислэгийн эзэд болов.
Өдгөөгөөс 808 жилийн өмнө Чингис хаан 450 орчим худалдаачдаас бүрдсэн жингийн цувааг Самарканд руу илгээж, худалдаа наймаагаа өргөжүүлэх, Хорезм улстай эдийн засгийн харилцаа тогтоохыг оролдсон ч харамсалтай нь эдгээрийн тагнуул гэж хардан бүгдийг нь цаазалж амийг нь егүүтгэсэн түүхтэй. Үүний дараа Чингис хаан дахин элч илгээж асуулга тавьсан боловч мөн л амийг нь хөнөөжээ. Энэ нь одоо цагаар бол Монгол Улсаас гадаад улсад суух манай элчин сайдуудын амийг авч буйтай агаар нэг гэсэн үг. Энэ нь тухайн үед Монголын эзэнт гүрний элчийн халдашгүй дархан байдалд халдсан ноцтой доромжлолд тооцогдох тулд Чингис хаан өөрийн биеэр их цэргээ удирдан Самарканд руу хөдөлж, энэ хотыг хэдхэн хоногийн дотор эзэлсэн түүхтэй. Үүний өмнө замдаа нөгөө 450 худалдаачныг хөнөөсөн Отрар хот, Бухар хотуудыг эзлэн авч, газрын хөрстэй тэгшлэн айдас түгээж Самаркандыг бүслэн авсан байдаг. Тухайн үедээ Төв Азийн хамгийн том бөгөөд бат бөх чулуун ханан бэхлэлттэй Самарканд хотыг 5 хүрэхгүй хоногийн дотор монголчууд эзлэн авсан нь цэргийн түүхэнд гайхагдах мастер класс кэйст тооцогддог. Энэ нь Хорезмын хаант улсын задралын эхлэл болжээ. Их Монгол улс байгуулагдсаны дараа ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Самарканд хот ийнхүү монголчуудын мэдэлд орж байжээ.

Самаркандыг эзэлсний дараа Чингис хаан үндсэн хүчээ 3 хувааж цааш хөдөлжээ. Зүчи, Цагаадай хоёрыг цааш явж Үргэнч хотыг эзлэх даалгавар өгсөн бол Зэв, Сүбээдэйг баруун зүг рүү илгээж, өөрөө хүү Тулуйн хамтаар Афганистан, Ираныг төвхнүүлэхээр цаашаа хөдөлсөн байдаг. Хорезмыг эзэлсэн даруйдаа Чингис хаан Самаркандын гар урчууд, эрдэмтэд, инженерүүдийг нь тусгай хамгаалалтанд авч, тэдний мэдлэг, ур чадварыг Монголын Эзэнт Гүрнийхээ бүтээн байгуулалтанд ашигласан байдаг. Тухайлбал, Хархорум хотын бүтээн байгуулалтанд Самаркандаас 30 мянган гар урчууд, барилгачид, уран барималчдыг гэр бүлийнх нь хамт явуулж байсан гэдэг тоо байдаг юм байна. Эдгээр хүмүүс Монголын эзэнт гүрний төв ордон, лалын сүм, Мөнх хааны цэцэрлэгт хүрээлэн, усан байгууламжийг барьсан төдийгүй тухайн үед Хархорин хотод мусульман буюу сартуул иргэд амьдардаг бүхэл бүтэн хороолол оршдог байжээ. Модноос гаргадаг цаасны технологиор Самарканд алдартай байсан тул шууд түүнийг нь ашиглан Эзэнт гүрний албан хэрэг хөтлөлт, захидал харилцааны системдээ ашиглаж эхэлжээ. Самаркандыг эзлэх үеэр Хорезмын султан зугтаж чадсан байдаг. Чингис хаан үүнд сэтгэл дундуур байсан учир араас нь Зэв, Сүбээдэй жанжинг илгээсэн бөгөөд тэд султаныг Каспийн тэнгис хүртэл мөрдөн хөөсөн байдаг. Чингис хаан тэдэнд үүрэг өгөхдөө "Султан Мухаммедыг хаа ч явсан сүүдэр мэт дагаж, барьж автал бүү зогс" хэмээн тушааж, тус бүрд нь нэг түм буюу нийт 20,000 шилдэг морьт цэргийг өгч илгээжээ. Энэхүү мөрдөх ажиллагаа нь дэлхийн цэрэг дайны түүхэн дэх хамгийн урт мөрдлөг гэж тооцогддог. Зэв, Сүбээдэй нар Султан Мухаммедыг Иран, Кавказ даяар олон мянган километр газар амрах чөлөө өгөлгүй мөрдсөн бөгөөд байнга айдас дунд зугтаж цөхрөнгөө барсан Султан Мухаммед 1220 оны сүүлээр Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр өвчинд ороогдон ядуу зүдүү байдалтай нас баржээ.
Узбекистан (Өзбек улс) гэдэг нэр нь түүхэн утгаараа Өзбег хааны нэрнээс үүсэлтэй гэж зарим түүхчид үздэг аж. Монголын эзэнт гүрний алтан ургийн Өзбег хааныг хаанчлах хугацаанд Алтан Ордын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн түрэг-монгол аймгуудыг нийтэд нь "Өзбегүүд" (Өзбег хааны харьяатууд) гэж нэрлэх болсон гэх. Өзбек хаан 1300 оны эхнээс дунд хүртэл Алтан Ордыг захирч байсан хамгийн нөлөө бүхий хаанд зүй ёсоор тооцогдох бөгөөд Исламын шашныг төрийн шашин болгосноороо түүхэнд бичигддэг аж. Орчин цагийн үзбек найзуудтай ярьж байхад öz гэдэг би, өөрөө, өөрийн гэсэн утга, харин beg / bek нь ноён, захирагч гэдэг утгатай буюу нийлээд Үзбек гэдэг нь “Өөрийнхөө эзэн” гэдэг утгатай гэж ярьж байна билээ бас.
Узбекстан Улсыг та бидэнтэй улам бүр ойртуулах бас нэгэн түүхэн баримт бол Бухарын хамгийн сүүлчийн эмир Алим Хан юм.
Чингис хааны угсаатай Зүчи хааны гэр бүлээр дамжин ургийн мод нь холбогддог.

Тухайн үеийн Бухарын эмиратын газар нутаг нь өнөөгийн Узбекистан, Тажикистан, Туркменистан улсуудыг багтаадаг байжээ. 1880 оны 1-р сарын 3-нд Торгоны замын зангилаа болох Бухар хотод төрсөн тэрбээр 13 нас хүрээд Санкт Петербург хот руу сурахаар оджээ. 1920 онд Фрунзээр удирдуулсан Зөвлөлтийн Улаан арми Бухар хотыг эзлэн авах үеэр Афганистан рүү дүрвэн гарсан байдаг. 1917 оноос эхлэн оросуудын эсрэг тулалдан эсэргүүцэж, Исламын шашинтнууд болон үндэсний үзэлтнүүдийн зэвсэгт бослого, партизаны дайн тулааныг алсаас санхүүжүүлэн, Басмачуудын хөдөлгөөнийг албан ёсоор удирдан чиглүүлж, зэвсэг, мөнгөөр хангаж байв. Тэрээр Османы эзэнт гүрний (Турк) дайны сайд асан, Пан-Түрэг үзэлтэн Энвер Пашаг өөрийн цэргийн ерөнхий командлагчаар томилж, Зөвлөлтийн эсрэг дайныг удирдуулжээ. Зөвлөлтийн түүхэнд "Басмачи" нарыг дээрэмчид гэж нэрлэдэг байсан бол өнөөгийн Узбекистан, Тажикистан улсуудад тэднийг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гэж үзнэ.

Зөвлөлт засаг Алим Ханы банкны дансуудыг царцааж, үйл ажиллагааг нь бүх талаар нь зогсоохыг оролдож байв. Тухайн үед Оросын банк дахь түүний дансанд 27 сая рубльтэй тэнцэх алт, 7 сая рубль бэлэн байсан гэдэг. Гэхдээ орос иргэдийн нэр, данс ашиглан 1917 онд буюу хувьсгалаас өмнө Франц болон Англи руу эхлээд 150 сая, дараа нь 32 сая рубль шилжүүлж чадсан. Тэрбээр 1944 оны 5-р сарын 4-нд Кабулд өөд болжээ. Түүний шарил өдгөө Афганистаны нийслэлд буй. Алим Ханы ургийн модыг бүр нарийвчлан задлан, алтан урагтай хэзээнээс хэрхэн яаж холбогдсон холбоосыг ялган гаргавал бүр их сонирхолтой юм. Ийм судалгааны материал, баримт, түүхийн эх сурвалжууд байдаг болов уу? Өнөөдөр Узбекстан Улс энэ эмирээ аялал жуулчлалын түүх, соёлдоо ашиглан, Tourism сэтгүүлийнхээ нүүрэнд залсан байхтай тааран олж авлаа. Ташкент хотын Исламын түүхийн музэйд түүний жаазтай ганц зураг байхаас бус энэ түүхтэй холбоотой үзүүлэн материал байхгүй байна билээ.

Эцэст нь мэдээж Төмөр хааныг дурдахгүй байж болохгүй. Эзэн Богд Чингис шиг Төмөр хаанаа узбекүүд бурханчлан шүтнэ.
Төмөр хааны бунхан Самарканд хотод орших бөгөөд энэ хот сард 1 сая жуулчин хүлээн авдаг.
Чингис хаан нас бараад даруй 100 гаруй жилийн дараа буюу эзэнт гүрний задралын үед Төмөр Барласын эрин эхэлсэн гэдэг бөгөөд түүний хаанчлал 137 жил үргэлжилжээ. Төмөр хааныг Дундад Ази, Ойрхи Дорнодын сэргэн мандлын эцэг гэж нэрлэдэг бөгөөд чухам түүний болон үр ач нарын он жилүүдэд одон орон судлал, математик, урлаг, гоо зүйг хөгжлийн дараагийн шатанд гаргасан түүхтэй. Самарканд хотыг өөрийн эзэнт гүрнийхээ нийслэл болгож, Торгоны замыг хамгаалан, бүс нутагтаа энхтайвныг тогтоохыг эрмэлзсэн түүний хөшөөг Узбекистан Улсын анхны ерөнхийлөгч зарлиг гарган төв талбайдаа залсан байна билээ.
Одоо
Өнөөдрийн байдлаар Узбекистаны 27 аж ахуйн нэгж Монгол Улсад, Монголын 17 аж ахуйн нэгж Узбекистан Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт тогтвортой өсөж, өнөөгийн байдлаар 2023 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад гурав дахин нэмэгдэж 30 гаруй сая ам.долларт хүрчээ. Энэ дүнг ойрын хугацаанд 200 сая ам.долларт хүргэх бүрэн боломжтой гэж ярьж байна.
Мөн өнгөрсөн онд Монгол Улсаас 102,720 толгой амьд бог малыг Узбекистан Улсад амжилттай экспортолсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх хандлагатай байна. Монгол хониор (Баяд хонь) ийнхүү үржил селекц хийж буй бөгөөд цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх аж. Узбекийн хамгийн том хиам, зайдасны үйлдвэр монголоос адууны мах импортоор авч бүтээгдэхүүнээ хийж буйтай очиж танилцан, бүтээгдэхүүнийг нь амтлав. Монголоос мах авах хүсэлтэй нэлээд өндөр байдаг юм байна. Элчин сайдын яамны өгсөн мэдээллээр бол 2024 онд Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улсад 1,140 тонн хонь, ямааны махыг 3.8 сая ам.долларын үнийн дүнгээр экспортолж байсан бол 2025 онд уг үзүүлэлт 3,333 тонн, 12.2 сая ам.долларт хүрч, огцом өссөн үзүүлэлттэй байна. Экспортын чанарын шинэ шатанд шилжсэн бодит жишээ болон 2025 оны онцлох үйл явдлын нэг нь 2025 оны 12 дугаар сараас эхлэн “Mongolian Meat Export Center” ХХК Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүнийг Узбекистан Улсын хамгийн том худалдааны сүлжээ болох “Корзинка”-д тогтмол нийлүүлж эхэлсэн явдал юм. Энэхүү нийлүүлэлт нь “Монгол мах” брэндийг дамжлага багатайгаар эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын стандарт, хэрэглээний шаардлагад нийцсэн урт хугацааны, тогтвортой экспортын суваг бүрдүүлэх ач холбогдолтой алхам болж байна.


Олон улсын зах зээлд гарах хүсэлтэй монгол компаниудын хувьд Төв Азиас эхлэх нь зөв стратеги мэт санагддаг. Учир нь түүх, соёл, зах зээл болон улс төрийн шинэчлэлийн ижил гараа, социализмын үеийн холбоос ба дурсамж, далайд гарцгүй сорилт зэрэг нийтлэг асуудлуудтай. Гэхдээ эдгээр орнууд тус бүрнээ багагүй онцлог ялгаатай. Бидний мэдэх эсгий туургатан нүүдэлчдийн соёл Киргизстан, Казакстан улсуудаар үндсэндээ шувтрах аж. Үүнээс цааш адилхан исламын шашинтай хэдий ч цоо шинэ ертөнц угтах бөгөөд үүний эхлэл нь Узбекистан улс. Узбек залуучуудын яриагаар бол ердөө саяхныг хүртэл энэ орон Хойд Солонгос шиг хаалттай улс байв. Узбекистан улс 1991 онд тусгаар тогтносноос хойш олон жил хаалттай, төрийн хяналттай эдийн засгийн загвараар явсан хэдий ч 2016 онд одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гарч ирснээр эрчимтэй шинэчлэл эхэлж, 2017 оноос эдийн засгаа либералчилж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа, хувийн хэвшлийн өсөлтийг идэвхтэй дэмжиж эхэлжээ.
Үр дүнд нь өнөөдөр энэ улсын эдийн засаг 185 тэрбум ам.долларт хүрээд буй нь Монголын эдийн засгаас даруй 6 дахин том тоо юм.
Узбекстанд 10 гаруй монгол компанийн нэг болох “Улаанбаатар” компани Ташкент хотноо 2 кофе шоп ажиллуулж байна. Удахгүй 3 дахь салбараа нээнэ гэнэ. Кофегоо пакетлаад бас зардаг юм байна. Зорьж очоод сайхан экспрессо уугаад гарлаа. Очно гэдэг сургаар узбек бариста залуу монголоор үгнүүд цээжилчихсэн, Сайн байна уу гээд инээгээд угтаж байна:)

Бид өөрсдийгөө далайд гарцгүй орон гэж тайлбарладаг бол Узбекстан далайд давхар гарцгүй оронд тооцогдоно. Учир нь далайд гарахын тулд дор хаяж 2 улсаар дамжина. Гэвч үүнийгээ байршлын давуу тал болгож Төв Азийг Европ, Хятад, Ойрхи Дорнодтой холбох гүүр болохыг зорьжээ. Тэр дундаа мэдээллийн технологийг стратегийн түвшинд онцлон бужигнуулж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 0, нийгмийн даатгалын дарамт 0, хөрөнгө болон газрын татвар 0, импортоор авч буй үйлчилгээг НӨТ-өөс бүрэн чөлөөлжээ. Мөн гадаадаас ирж ажиллахад ажлын зөвшөөрөл шаардахгүйгээс гадна үнэгүй оффис, үнэгүй тоног төхөөрөмж, компьютер хэрэгслээр жилийн хугацаанд хангаж байна. Үр дүнд нь үнэлгээ нь 1 тэрбум ам.доллараас давсан Узбекийн 2 том компани IT паркаас нь төрөн гарч даль жигүүрээ ургуулан нисээд явжээ. Одоо тэд улсынхаа чухал татвар төлөгч нь болсон байна.
Энэ улсын ICT экспортын хэмжээ хэдийнэ 1 тэрбум ам.доллар давснаас гадна 4.3 тэрбум ам.долларын экосистем бүрдүүлж Төв Азийн тэргүүлэгч улс болжээ.
Арабууд Ташкент хотын яг төвд тэнэг том дата төв барьж байна. Дуусахаар нь Google, Oracle, Meta компаниуд орж ирэх нь баталгаажсан хүлээж байна. Та нарын өмнө тулгамдаж буй хамгийн тос асуудал юу байна гэж асуухад IT парк нь ёстой юу ч байхгүй, бүх юм биднээс шалтгаална, бидний өмнө асар том ирээдүй байгааг харсан тул тийшээгээ зогсолтгүй явж буйгаа бардам хэлж байна.

Узбекстаны хүн ам жилд 1 саяар нэмэгдэж байна. 10 жилийн дараа 50 сая хүрнэ. Төв Азид Хятадууд голлох хөрөнгө оруулалтыг хийж асар их ач холбогдол өгч буй. Хүн ам болон эдийн засгийн хэмжээгээрээ Узбек бүс нутагтаа хэдийнэ тэргүүлж эхэлсэн төдийгүй Европ, Ази, Ойрхи Дорнодыг холбодог төв цэг болохоо зарлажээ. Хормузын хоолойн хямрал яг үнэндээ Төв Азийн улсуудын эх газрын тээвэр, ложистикт эерэгээр нөлөөлж буй. Бүс Зам төслөө Хятад энэ бүс нутагт нэлээд шахаж явуулах болов уу. Азийн Хөгжлийн Банк 12.5 тэрбум ам.долларын гэрээг Узбекстан Улстай зурж, 2030 он хүртэл банк санхүү, боловсрол, цахим хөгжил, чөлөөт бүсийн төслүүдэд зарцуулахаар болж байна. Ингэснээр АХБ-ны Узбек дэх хөрөнгө удирдлагын багц 16 тэрбум долларт хүрч, энэ үзүүлэлтээрээ Төв Азийг тэргүүлээд эхэллээ.
Тун удахгүй Узбекстаны банкууд хувьчлагдаж реформ хийгдэх нь дээ. Монголын банк санхүүгийнхан нэгдэн нийлж консорциум болоод Узбекийн банкуудад хөрөнгө оруулж, менежментийн багт нь ажиллавал...
Узбекстан Улс нийслэл Ташкент хотдоо шинэ онгоцны буудал барьж ашиглалтанд оруулахаа зарлажээ. Барилгын ажил нь нэг сарын дараа эхлэх бөгөөд энэхүү ажлыг хийхээр Саудын Араб, Япон, Солонгос, Узбекстаны хамтарсан консорциум ажиллаж байгаа бөгөөд PPP нөхцөлтэй гэрээ хийгдэхээр байна. Нийтдээ 1300 га газарт баригдах энэхүү шинэ онгоцны буудал нь жилд 20 сая зорчигч, 129 мянган тон ачаа тээвэрлэх бөгөөд шинэ онгоцны буудлаа хурдны галт тэрэгний зогсоолтой холбож, онгоцноос буугаад л торгоны замын алдарт хотууд руу галт тэргээр аялах боломжтой. Энэхүү шинэ онгоцны буудал 2030 онд ашиглалтанд орохоор байгаа бөгөөд хуучин нь өөр зориулалтаар ашиглагдахаар байна. Саяхныг хүртэл таг хаалттай байсан, бараг 40 сая хүний зах зээлтэй, өнө эртнээс худалдааны арвин түүхтэй, Торгоны замын голомт нутаг ийнхүү дэлхийд үүцээ нээж байна! Монголоос Хүннү Эйр компани Улаанбаатараас Ташкент руу шууд нислэг тогтмол үйлддэг болохоор ярилцаж буй юм билээ. Удахгүй эцэслэгдэн шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Хэдхэн хоногийн өмнөөс эхлээд Ташкентаас Хива (Алдарт Хорезмын голомт) хүртэл хурдан галт тэрэг явж эхэллээ. Замдаа Самарканд, Бухар, Үргенч дээр зогсох бөгөөд 1022 км замыг ердөө 7 цагт туулна. Нэг талын билет нь 60 орчим ам.доллар байна. Монголын эзэнт гүрний түүхийн алтан жим шүү дээ!
Ирээдүй
Форумын үеэр 2029 он гэхэд Узбекстан Монголоос 1 сая хонь авах, Узбекстаны ХАА, газар тариалангийн усжуулалтын системийг Монголд нутагшуулах, Узбекүүд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, Узбекстан - Киргизстан - Хятад - Монгол гэсэн авто тээврийн шинэ корридор эхлүүлж, ложистик тээврийн зардлыг бууруулах том ажлууд яригдлаа. Түүнчлэн Орос болон Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Төв Азийн худалдааны корридор стратегийн ач холбогдолтой болж, яг эртний алдарт Торгоны зам эргэн сэргэж буй мэт болж байна. Олон Улсын Валютын Сангийн Ойрхи Дорнод, Төв Азийн хэлтсийн судалгаагаар Ази болон Европыг холбосон худалдааны гол зангилаа зам Төв Ази аль хэдийнэ болжээ. Иймээс Төв Азийн улсууд энэ цаг үеийг “ашиглан” дэд бүтэцдээ хөрөнгө оруулах, хоорондоо улам бүр холбогдох, ложистик тээврээ нэгтгэх ажлууд хийгдээд эхэлж байна.
Узбекстан Улс европ, ази, ойрхи дорнодын худалдаа, ложистик, тээврийн төв болох амбицтай бөгөөд үүндээ Монгол Улсыг урьж байна.

Ташкентэд болж буй бизнес форумын үеэр жишээ нь Афганистаны хил дээр чөлөөт бүсээ Монголд ашиглуулах, энэ бүс нутгийн 80 сая хүнтэй зах зээл рүү хамтдаа гарах бодитой саналыг тавив. Энэ зорилгын төлөө ердөө ганц хоногийн дотор компанийг чинь байгуулаад, тамга гэрчилгээг чинь гарт тань атгуулна гэж байна шүү.

Эх түүх, торгоны замаараа “түрий барьж” маркетинг хийж байсан Узбекистан улс өнөөдөр улсынхаа брэндээ “Land of Talents” буюу эрдэм мэдлэг, авъяас чадварын голомт гэдэг стратеги руу шилжүүлж байна.
Үр дүнд нь дотоодын компаниудаа дэлхийд гаргах, дэлхийн шилдэг брэнд, мэргэжилтнүүдийг эх орондоо суурьшуулах, спорт, урлаг зэрэг зөөлөн хүчний бодлогыг зэрэгцүүлэн амжилттай ажиллаж байна. Uzum гээд технологийн компанийн үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар давж, улсынхаа анхны юникорн компани хэдийнэ болжээ. 2016 оноос хойш төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэхүү эдийн засгийн реформоо өөрөө гардан удирдаж, ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна. Саяхныг хүртэл олон улсын хаалттай байсан Узбекстан улс эдийн засгийн хөдөлгүүр болсон төрийн өмчийн тэргүүлэх 13 компанийнхаа 25-40%-ийг багцлан Үндэсний Хөрөнгө Оруулалтын сандаа оруулж, энэ сангийнхаа 31%-ийг дэлхийн хөрөнгийн зах дээр санал болгов.

Энэ компаниудын багцийг задалж харвал агаарын тээвэр, банк санхүү, эрчим хүч, харилцаа холбоо, телеком, төмөр зам, тээвэр, ус, цахилгаан станц, газ, ХАА-н бирж зэрэг улсын стратегийн ач холбогдол бүхий бүх гол компани багтжээ. Тухайлбал, Uzbekistan Airways компанийн 25%, Uzbekhydroenergo 40%, Uzbektelecom 30%, Railway Infrastructure Company 40%, SQB (Sanoatqurilishbank) 40%, National Electric Grid 40%, Regional Gas Supply Company 40%, Uzbek Commodity Exchange 40%, Thermal Power Plants 25%, Regional Electric Networks Company 40%, Uzbekinvest 40%, Tashkent City Transport Services 25%, Water Supply Company 40%-иа тус тус санал болгож хөрөнгө оруулалтын сандаа нэгджээ. Узбекүүд энэ сангаа 2024 оны 12 сард байгуулсан бөгөөд сангийн удирдлагаар америкийн хөрөнгө оруулалтын удирдлагын мэргэшсэн баг институци болох Franklin Templeton ажиллаж байна. Калифорнид төвтэй энэ байгууллагын дэлхийн 150 улсад нийт 1.74 ихнаяд ам.долларын хөрөнгө удирддаг бөгөөд 1500 гаруй мэргэшсэн хүний нөөцтэй, 75 жилийн туршлагатай байгууллага юм.

Узбекистан руу явж байхад энэ улс анхныхаа юникорн буюу зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар давсан компанитай болсноо зарлаж байв. Ташкент хотод очоод Мэдээллийн технологийн парк дээр нь зочилж байхдаа дахиад нэг юникорн компани төрүүлснийг нь мэдэв.

Харин Монголдоо буцаж ирээд узбек найзууд аль хэдийнэ дээр дурдсанчлан Лондонгийн хөрөнгийн биржид өөрсдийн төрийн өмчийн 13 компанийг нийлүүлсэн хөрөнгө оруулалтын сангаар IPO хийж, улсынхаа төдийгүй Лондонгийн хөрөнгийн биржид сүүлийн хэдэн жил тохиогоогүй түүхэн дэх хамгийн өдөр дүнтэй мөнгө буюу 690 сая ам.доллар босгожээ.
Бид эх түүх, эзэн Чингис гээд урагшаа нэг алхаад хойшоо хоёр алхаж байхад узбекүүд урагшаагаа хар эрчээрээ гүйж байна. “Бид Монгол шиг агуу түүхтэй биш ч гэсэн агуу ирээдүйтэй улс. Иймээс цугтаа урагшлан хөгжиж, агуу ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе” хэмээн Узбекстаны Эдийн Засгийн Чуулганы дарга илтгэл тавьж Монгол ба Узбекстаны бизнес форумыг нээж байх жишээтэй.
Гэтэл Узбекистан Улс одоо хүртэл Дэлхийн худалдааны байгууллагад (WTO) элсэж амжаагүй гээд бодоорой. Узбекстан улсад ердөө 10 жилийн өмнө анх дэлхийн том зочид буудал орж ирсэн нь Hyatt байв. Өнөөдөр энэ буудал 3 дахь салбараа нээх гэж байна. Hyatt-н дараа Hilton, араас нь Intercontinental орж ирсэн бол энэ жил Marriot үүдээ нээжээ. Жил бүр 7-8 сая гадны жуулчин авдаг болж аялал жуулчлалын салбараа огцом хөгжүүлж чаджээ. Нууц нь эртний алдарт торгоны замын өлгий нутаг гэдгээр улсаа ребрэнд хийж, MICE буюу ажил хэргийн аялал жуулчлал дээр онцгой ач холбогдол өгч буй аж. Яг өнөөдөр жишээ нь Самарканд хотод Азийн Хөгжлийн Банкны 59 дэх удаагийн жилийн цугларалт нь болж байна.

“Америк, Монголын худалдааны танхим”-ын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта саяхан Блүүмберг ТВ-д ярилцлага өгөхдөө “2011 онд Монгол Улс Узбекистан, Тажикистан, Киргиз улсынхыг нийлүүлснээс ч өндөр дүнтэй гадаадын хөрөнгө оруулалт татаж байсан. Харин өнөөдөр Узбекистан улс дангаараа манайхаас 8 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байна. Өнөөдөр Монгол Улс Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн бүстээ эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн дор жагсаж, гадаадын хөрөнгө оруулалтын дүн бараг 75%-иар (Оюу Толгойг оруулахгүйгээр) унаж, хувийн хөрөнгө оруулалт Монголоос бүрэн гараад байна. Хачирхалтай нь, эсрэгээр төр болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт 60%-иар тасралтгүй өсч байна” гэж ярьжээ. Бид арай л удаан бас буруу яваад байна аа! Та бид дотроо хоорондоо ярьдаг асуудлууд, проблемүүд үнэхээр жижигхэн, олигтой мөрөөдөж ч чадахгүй тулга тогоо тойрсон хэрүүлээсээ огт хэтрэхгүй байна. Хамгийн гол нь бидэнд мөрөөдөл алга! Мөрөөдөх зориг ч алга! Ийм баймааргүй байна аа хэдүүлээ:(
Дүгнэлт
Узбекистан Улсын плов, самсаа, шорлог зэрэг хоол умдаан, Монголын эзэнт гүрэнтэй шууд холбогдох түүх, эртний алдарт Торгоны замын соёл зэргийг монгол хүн бүр заавал амталж үзэх ёстой гэж бодогдсон. Би лав гадаад улсад биш гэртээ ирсэн мэт дотно мэдрэмжийг алхам бүртээ авсан.

810 жилийн өмнө Чингис хаан өөрийн биеэр зочилж дайлаар мордож байсан Самарканд хотод очвол та цаг хугацааны машинд суусан мэт мэдрэмжийг авна. Хоёр улс хамтраад Торгоны зам болон түүх дээрээ суурилсан аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн гаргавал маш том боломж буй мэт санагдсан.

Төв Азийн орнуудыг саяхныг хүртэл олон улсын зах зээл, дэд бүтцээс хэт хол, улс төрийн дэглэмийн хувьд хатуу чанга, бизнес, хөрөнгө оруулалтын эрсдэл өндөртэй бүст тооцдог байв. Нэлээд хаалттай, манайхаас арай хөгжил дорой, эдийн засаг болон бизнесийн салбарууд нь цэцэглэж олон улсын улсын зах зээлд гарч чадаагүй, хөрөнгийн зах зээл нь болоогүй, гадаадын хөрөнгө оруулалт хангалттай биш гэж бодож очоод Узбекстан улсад хэд хоног ажилласны дараа энэ бодлоосоо ичив. Ийм төсөөлөлтэйгээр Узбекстан улсад очоод буцаад Монголдоо ирэхэд Узбекстаны талаар анх буруу ташаа төсөөлж байсан яг тэр орчин Улаанбаатарт бодитоор угтаж авах юм даа... Бид удаанаас гадна зарим салбарт шал буруу зүгт яваад байгаа бус уу?

Иймээс энэ аяллаа заавал дүгнэх ёстой гэж сэтгээд явсан нөхдүүдийн төлөөлөл CNBC Mongolia-д ярилцлага мэдээлэл өгснийг доорх холбоосоор орж сонирхоорой!


Зочин
Зочин
Батбаатар.Д