Э.Энэрэл: Бид сониноороо түүхийг бүтээж яваа хүмүүс
Монголын 2015 оны шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч Гран при хүртсэн Энхцагийн Энэрэлтэй ярилцлаа.
Монголын 2015 оны шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч Гран при хүртсэн Энхцагийн Энэрэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө оны Шилдгийн шилдэг сэтгүүлч болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Шагнал хүртэж, урам авч байгаа ямар ч хүнд тухайн шагналыг ирэх болсон нөхцөл шалтгаан, түүнийг бүтээхэд дэм болсон бүхэнд талархах сэтгэл хамгийн түрүүнд эрхгүй төрдөг юм байна. Тиймээс сэтгүүлч нэрийг зүүж, ажиллах боломж олгон, залан чиглүүлэлцэж өдийг хүргэсэн “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.
-2015 он амжилт бүтээл арвинтай сайхан жил боллоо. Удахгүй шинэ он гарах гэж байна. Эргээд харахад энэ он өөрийн тань хувьд илүү эрч хүч, үр бүтээлтэй жил байв уу даа?
-Ажиллаж, бүтээж өнгөрүүлсэн он жил бүхэн өөрийн амжилт бүтээл, алдаа оноотой байдаг. Гэхдээ эрч хүч, үр бүтээл нь дандаа илүү байсан, давж гарсан гэсэн бэлгэтэй сэтгэгдлээр бид хуучин оноо үдэж, шинийгээ угтдаг шүү дээ. Өдөр тутмын сонинд ажиллана гэдэг амаргүй. Хагас цэрэгжилтийн нөхцөлд ажилладаг гэж бид ярьцгаадаг. Үйл явдлын мэдээлэл дунд цагтай уралдаж ажиллаж байгаа хүн жинхэнэ эрч хүчийг тэжээж амьдрахгүй бол тэсч үлдэж чадахгүй. Яах ийхийн зуургүй долоо хоног өнгөрч, сар жил ард үлдээд байх шиг. Энэ онд мэргэжлийн байгууллагынхаа хамгийн том шагналыг хүртсэн болохоор миний хувьд сайхан амжилтаар шагнуулсан онцгой жил байлаа. Гэхдээ энэ жил л ингэж гойд сайн ажиллаад шагнал хүртсэн гэж онцлоход хэцүү. Урьдынхаараа л байлаа. Хийж бүтээхийг эрмэлзсэн завгүй он жилүүдийн маань хөдөлмөр, уран бүтээлүүд нийлж өнөөдрийн энэ үнэ цэнтэй шагналыг хүртэх боломжийг нээж өгсөн юм болов уу гэж санаж сууна.
-Сурагчийн формтой байхаасаа “Ардын эрх” сонинд дадлага хийж байсныг тань сониныхон мэднэ ээ. Тэр үеийн гэгээн дурсамжаа сөхөж яриач. Ер нь яагаад сэтгүүлч болохоор шийдсэн юм бэ?
-Би сэтгүүлчийн мэргэжлээ нэлээд эрт сонгосон хүн л дээ. Тэгэх болсон шалтгаан нь ээжтэй маань холбоотой. Миний ээж Д.Чулуунцэцэг насаараа Монголын радиогийн “Монголын дуу хоолой”-д ажилласан сэтгүүлч хүн. Монголынхоо сурталчилгааг олон жил гадныханд хийсэн хүн олж ир гэвэл миний ээж л гэж би хэлнэ. Ээж маань надад хийж байгаа нэвтрүүлгүүдээ их уншиж өгдөг байлаа.Сонсоод үзэхээр яаж байна, хаана нь засмаар байна гээд нэг үгээр хэлбэл намайг сориод суучихдаг байсан. Би ч өөрийгөө гололгүй энэ үгээ ингээд соливол яасан юм, ингээд засчихвал зүгээр ч юм уу гэх жишээний том, том дуугарна. Тэгэхэд “Чи хоосонгүй шүү. Яг үнэн байна” гэж урам өгөхөөр их баярладаг байлаа. Ингээд л нэг мэдэхэд сэтгүүлч болно гээд хэдийнэ шийдчихсэн нэг сурагчтай болчихсон байлаа, манайх гэдэг айл. Бас ойр зуурын юм бичээд эхэлчихсэн, радиогийн М.Баттөмөр ахаар ганц нэг уншуулж үзүүлж байлаа. Тэр үед “Ардын эрх” сонин дэргэдээ “Шавь сургалт” нээх гэж байгаа талаар дуулснаа М.Баттөмөр ах ээжид хэлж. Тухайн үед сэтгүүлчээр МУИС-д хоёр жилд нэг удаа элсэлт авдаг болохоор боловсон хүчин баахан тааруу байсан бололтой. Ер нь юм бичих дөртэй, өөр мэргэжлийн хүмүүсийг онолын мэдлэгтэй болгож, сонины гал тогоонд нь гардаж мэргэшүүлж сэтгүүлч болгох зорилготой “Шавь” сургалтыг эхлүүлсэн байдаг. Үүнийг “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан санаачилж, сэтгүүлч С.Жамбалдорж багш, тухайн үеийн “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин багш нар маань гардан хариуцаж байлаа. Шалгалт нь гэж чамгүй чанга, төлбөр нь бас багагүй их байсан санагддаг. Аав маань сэтгүүлч болно, төлбөр хэрэгтэй гэсэн охиныхоо шаардлагыг биелүүлэх гээд эгчээсээ мөнгө зээлж аваад өгч байлаа. Ингэж л монгол хэлний багш, франц хэлний орчуулагч, нийгмийн даатгалын ажилтан, биеийн тамирын багш, цэргийн офицер, эмч гээд сэтгүүлч болох хүсэлтэй олон хүний дунд сурагчийн формтой нэг хүн нэмэгдсэн нь би юм. Биднээс дээд боловсролтой хүмүүсийг гурван сар, бусдыг нь зургаан сар сургаад сэтгүүлч гэсэн улаан үнэмлэх өгч байлаа. Энэ үеийг дурсах үнэхээр гэгээн сайхан байдаг.
-Манай сэтгүүлзүйн хуучцуул Э.Энэрэл формтой жаахан байхаасаа л сэтгүүлзүйд орж ирсэн гэж их ярьдаг л даа. Тэдэн дундаа их содон байсан бололтой. Аравдугаар ангиа төгсөхдөө шууд сэтгүүлчээр ажиллаж болохоор байжээ?
-Тийм ээ. Тэр үедээ өдөр хичээл тарангуут шууд “Шавь” сургалтынхаа хичээлд ирэхгүй бол амждаггүй байсан болохоор голдуу формтойгоо гүйчихсэн байдаг байж. Тэрийгээ ч мэдэхгүй мэдээ авахаар “Ардын эрх” сониноос явж байна гэж албан байгууллага руу ороод, байр байдлаараа үл итгэгдэж л явлаа. Утсаар тодруулга авах гэж ярихаар хүүхэд утсаар тоглолоо гэж ойлгох нь ч байсан. Ээжээрээ яриулж тодруулгаа авч байсан удаа бий. Намайг дааж авсан багш маань “Ардын эрх” сонины Орон нутгийн амьдрал хариуцсан албаны дарга С.Батбаатар багш байлаа. Одоо “Үндэсний шуудан” сонины эрхлэгч шүү дээ. Тэгэхэд Ц.Балдорж эрхлэгч, Ө.Энхтүвшин багш, Б.Пүрэвдаш гуай, Э.Сонинтогос эгч, Цэдэн-Иш ах гээд тухайн үеийн сэтгүүлзүйн ланжгарууд багшилж, гарын шавь нараа бэлдэж байсан даа. Харин тэр үед сэтгүүлзүйн А ч мэдэхгүй тал талаас цугларч байсан тэр ангийнхан энэ цагт сэтгүүлзүйн ачааг нуруун дээрээ өргөлцөж яваа нэгэн үеийнхэн болсон гэхээр үнэхээр нүдээ олсон шийдвэр гаргаж, “Шавь” сургалтыг байгуулж байжээ гэж бодогддог юм.
Манай ангид “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо, “Үндэсний мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Ш.Даваадорж, “ММ”-ийн гэдгээр нь олон түмэн андахгүй Ж.Алтангэрэл, сэтгүүлч Г.Мөнхнасан, “Өнөөдөр” сонины тоймч, Балдорж шагналын эзэн Д.Оюун-Эрдэнэ, орчуулагч сэтгүүлч А.Баасандорж агсан гээд олон мундагчууд суралцаж байлаа. Нээрээ л би аравдугаар ангиа төгсөхдөө сэтгүүлч мэргэжилтэй гэсэн улаан үнэмлэхтэй төгссөн. Томчууд маань шууд “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажилд орж байлаа. Харин би бага байсан болохоор энэ мэргэжлээрээ цааш элсэн суралцахаар шийдсэн. ХИС-д нээгдээд удаагүй орчуулагч сэтгүүлчийн ангид анх орж байлаа. Одоо сэтгүүлзүйн гал тогоонд манай сургуулийнхан улам бүр өргөжин тэлсээр байна. Тухайн үед би Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины нэр дээр суралцах эрхийн бичигтэй сүрхий оюутан байлаа. Сургалтын төлбөрөө төлүүлж, зун бүр ирж дадлага хийж ажилладаг байв. Энэ тооллоор нь үзвэл хуучны хүмүүс намайг анддаггүй, миний сэтгүүлзүйд хөл тавьсан он тоолол хорин жил давчихаад байдаг юм л даа. Намайг сургуулиа төгсөхийг ч сонин маань хүлээгээгүй, гуравдугаар курст байхад “Ардын эрх”-ийн албан ёсны ажилтан болгосон. Сонинд ажилд ороход, сонины коллегиор батлуулна гэж хэцүү, одоо ч амаргүй даваа байдаг даа. Харин намайг Ж.Мягмарсүрэн эрхлэгч маань “Энэрэлийг хүүхэд байхаас нь мэднэ. Энэ хүнийг сонины зөвлөлөөр хэлэлцүүлээд байх шаардлагагүй шууд авах манай хүн. Би ерөнхий эрхлэгчийн хувиар өөрөө батлан дааж шийдвэр гаргалаа” гээд хурал дээр зарлаж байгаад тушаал гаргуулж байж билээ. Тухайн үедээ сонины зөвлөл гэж аймаар юм байдаг тухай сонсчихсон хэрэндээ бэлдэж байсан надад энэ гайхалтай бэлэг байсан санагддаг. Бас их итгэж, найдаж байгаагийн илрэл байсан юм. Радиогийн М.Баттөмөр ах анх “Шавь” сургалтын талаар мэдээлэл хүргэж байхдаа “Тэнд манай найз Ж.Мягмарсүрэн гээд маш авьяастай сэтгүүлч байгаа. Тэрийг дагаад сэтгүүлч болоорой” гэж байсан нь тухайн үедээ дагалдахаар хуваарилагдаагүй ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд хамт байж дагаж сэтгүүлч болсоор яваа нь сайн үг биелсний илрэл юм даа.
-Хамгийн анх өөрийгөө тоосон, урамшуулсан бүтээл гэвэл юуг нэрлэх вэ?
-Эхэндээ ороод юу хийхээ мэдэхгүй, яаж бичихээ олж чадахгүй үе байдаг шүү дээ. Тэр үед би арын нүүрэнд сав шимийн ертөнц гээд амьтдын тухай бичдэг байлаа. Хичээлтэй оюутан учраас өглөөний хурал дээр сайлуулж, шүүмжлүүлж байгаагаа мэдэхгүй. Ер нь хийж байгаа маань болоод байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд. Тэр үед одоо news.mn-ий Ш.Мягмарсамбуу ах “Миний дүүгийн бичсэнийг хөөрхөн болж байгаа гэж байгаа ш дээ, мэдэж байгаа юу” гэж анх хэлж билээ. Өөрийгөө тоож урамшуулж байсан бүтээл гэхээсээ сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд намайг их шатаасан нэг ярилцлагаа мартдаггүй юм. Улсын начин Ц.Бэгзсүрэн микротой хүмүүсийг буудсан дуулиан ид гарч, дүү Ц.Цэрэнпунцагийг нь хүртэл хүмүүс буруутгаад эхэлчихсэн, хохирогч нэг эмэгтэй Ц.Цэрэнпунцагийн арьсыг авч нөхүүлмээр байна гээд зарлачихсан үе л дээ. Ц.Цэрэнпунцаг гарьд нэг ч үг дуугараагүй хүмүүсээс дөлөх маягтай. Энэ үед би түүнтэй таарч ярилцлага авмаар байгаагаа хэллээ. “Бодъё” гэж байна. Тэр үед манай сонины Н.Саранчимэг эгч маань бас түүнээс ярилцлага авахаар хөөцөлдөж байж л дээ. Сараа эгч бол туршлагатай, мундаг бичдэг, спортоор бол мэргэшчихсэн сэтгүүлч. Тэгсэн нөгөө хүнээсээ надад өгөх гэж байгаа талаар нь дуулсан бололтой, “тэр бацаан хэн бэ, юу вэ” болоод явчихлаа. Айж байсан ч дотроо шар хөдлөөстэй. Яалт ч үгүй Ц.Цэрэнпунцаг гарьд надад яриагаа өгөх болсны дараа “За тэгвэл хоёулаа хамтдаа хийгээд цугтаа автороо тавиад явъя” гэж гуйсан. Мэдээж туршлагатай сэтгүүлч надаас илүү хийнэ гэдгийг мэдэж байсан ч тухайн үедээ мэргэжлийн амбиц, хор шар хөдөлсөн ч юм уу. “Үгүй” гэв. Сонины шалгарлын өрсөлдөөн ийм байдаг л даа. Тэгээд л ярилцлагаа буулгах гэж их шатсан даа. Босч суугаад л, байж ядаад л. Унтаж байгаад гэнэт сэрж юмаа бичээд. Яг тэр үед би сэтгүүлчийн хор шар, уран бүтээлчийн шаталт гэж юу байдгийг мэдэрсэн санагддаг юм. Намсрайн Саранчимэг, Бадамдоржийн Ганчимэг гээд жинхэнэ сэтгүүлчийн амбицтай тэр хүмүүсийн уран бүтээлч өрсөлдөөн бидний үеийнхнийг бас ирлэж, хурцалж өгсөнд талархаж явдаг.
-Их олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан даа. Санаанд үлдсэн дурсамжтай яриа, эсвэл түүхэн үйл явдалд оролцож байсан үе ч олон нь ойлгомжтой. Энэ тухай яриач...
-Уулзаж байсан хүмүүс, оролцож байсан үйл явдлуудыг дурдана гэвэл тоймгүй биз ээ. Бид өөрсдөө ч мэдэлгүй түүхэн үйл явдалд оролцож, түүхийг бүтээж яваа хүмүүс. 2008 оны долдугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-ыхоо дугаарыг би удирдсан юм. Хоёрны өдөр уншигчдад хүрэх дугаар. Дугаар удирдагч гэдэг бол тухайн өдрийн үйл явдлыг бүхлээр нь базаж, юуг голлож, юуг онцолж гаргах вэ гэдгийг мэддэг гол хүн л дээ. Би бас сониныхоо улс төрийн мэдээний албаны даргын албыг хашдаг учраас тэр өдөр МАХН-ын цагаан байрны гадаа жагсаал эхлэх үеэс очиж, нэлээд сүүлхэн болтол байсан. Дугаар удирдагч учраас 16 цаг өнгөрөөгөөд харьцангуй эрт тэндээс явсан л даа. Үйл явдал тэгж өрнөнө гэж мэдээгүй учраас би өдөр нь ирэхдээ машинаа цагаан байрны үүдэнд нь шахуу тавьсан байсан. Гэтэл өдөржин миний машинаа тавьсны тэнд нэг машиныг орой нь шатаахыг хараад бас эвгүйцэж байлаа. Бас нэг сэтгүүлч маань дотор С.Баяр даргын хийх хэвлэлийн хурлыг сурвалжлах гэж ороод хоригдчихсон гарч чаддаггүй утасдаад байдаг. Гадаа нь сурвалжлага хийж байгаа хоёр гурван сэтгүүлч, гэрэл зурагчид чулуу нүүлгээд байна яах вэ гэдэг. Намайг тэнд байхад л намын байр, жагсагчдын дунд зогсч байгаа сэтгүүлчид чулуун бөмбөгт оногдчих гээд хэцүү байсныг мэдэж байгаа болохоор ойлгоод байдаг. Үйл явдлын дундуур хүмүүсээ татна гэдэг байж боломгүй. Нэг тийм өдөр өнгөрч билээ. Шөнө дунд онц байдал зарласан мэдээллийг сониндоо тусгаад 02.00 цагийн үед манайхан тарсан юм. Тэгэхэд ажил дээрээ хоночихоод өглөө харина гээд үлдсэн нэг залууг жигтэйхэн шоолсоор үлдээж, бусдыг нь замдаа буулгаад харьж билээ. Тэгэхэд онц байдал зарлахад юу болдгийг мэддэг байсан бол юу гэж тэр хар шөнөөр залуучуудаа зам дээр буулгах вэ дээ, харин бүгдийг нь ажил дээрээ үлдээх байсан. Энэ мэтээр бид сониноороо түүхийг бүтээж яваа хүмүүс л дээ.
-Өөрийн чинь гадаадаас бичсэн сурвалжлага, томилолтыг амтархан уншдаг хүний нэг нь би. Ховор сонин улс оронд очиж, ховор нандин хүмүүстэй уулзаж явсан тухайгаа сонин болгон хуучлаач...
-Сэтгүүлчээр ажиллаж байгаа хүний хувьд олон сайхан оронд очиж, амьдрал ахуй, зон олных нь онцлогийг олж харах боломж тохиож байлаа. Энэ бол мэргэжлийн маань давуу тал юм даа. Мэдээж, Ватиканы хэдэн зуун жилийн үүх түүхийг нь өгүүлэх зузаан саарал хана, кардиналуудын нь хээнцэр өмсгөл бас тэнд орохоороо лагс удаан алхаагаар алхах ёстой уламжлал сэлт нь одоо цагаас өнгөрсөн үед ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эсвэл иргэншсэн Австралийн гудамд хаанаас ч гараад ирсэн нь мэдэгдэхгүй хэдэн аборген нөхдийн нэгэндээ агсам тавьж байгаа нь Хар хорины дэргэдэх өвгөнтийнхнөө харж байгаа мэт танил санагдах нь бий. Ром хот бүхэлдээ музейд явж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг бол бид ч дэд бүтцээ шийдэж чадвал Давосийн энэ нам гүм ууланд ажин түжин атлаа тохь тухтай аж төрж байгаа шиг амьдарч болно шүү дээ гэж бодогдмоор. Олон улс үндэстний амьдрал ахуйг харьцуулан харж явлаа. Гэхдээ хамгийн гол нь хүн хэлэх гэснээ хэлдэг, үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг энэ нийгэмд амьдарч байгаа нь хамгийн үнэтэй юм гэдгийг дандаа мэдэрч байдаг. Узбекстанд жирийн амьдрал цаана нь буцлаад байгаа нь сонстоод байгаа ч харж чадахгүй явсаар ирсэн. Шинэхэн будагтай хашааны цаана юу өрнөж байгааг мэдэхийг үнэхээр их хүсч байлаа. Гэвч тэнд очсон сэтгүүлчдийг аль болох юу ч мэдэж, үзэх боломжгүй болгохоор харж “хорих”-оор бэлтгэгдсэн хэсэг залуусыг харахад харамсалтай санагдаж байсан. Гэхдээ би үзэж харснаа уншигч олонтойгоо сониныхоо хуудсаар хуваалцчихдаг болохоор илүү юуг ч ярих билээ дээ.
-Сэтгүүлч Р.Эмүжин цахим хуудаснаа “Хүнээрээ үлдсэн цөөн сэтгүүлчийн нэг нь Энэрэл. Бичсэнээс нь сэтгэл үнэртдэг” гэж бичсэнийг уншихад сайхан санагдаж байлаа. Ер нь амьдралдаа баримталдаг зарчим, итгэл үнэмшил юу вэ?
-Р.Эмүжин маань бусдад таарсан үгийг оноож, олж өгч, урам өгч чаддаг гайхалтай эмэгтэй. Энэ үеийн чадалтай чансаатай уран бүтээлч, сэтгүүлзүйн тод төлөөлөгч. Үнэхээр бичиж байгаагаас маань сэтгэл үнэртэж мэдрэгддэг гэсэн нь надад сайхан санагдалгүй яахав. С.Жамбалдорж багш маань “Сэтгүүлч гэдэг үгийн язгуурыг та нар хар. Сэтгүүлч хүн гэдэг хамгийн түрүүнд сэтгэлтэй байх ёстой, сэтгэдэг байх ёстой. Гаансны сэтгүүр шиг аливааг сэтгүүрдэж гаргаж ирдэг байх ёстой” гэж хэлж байсан. Би үүнийг дандаа санаж явдаг. Ярилцлага авч байгаа хүнээ дандаа хайрлаж байх ёстой. Авна гэж өөрөө санал тавьж авчихаад тэр хүнийгээ асуудалд, байдалд оруулж ердөө ч болохгүй. Бидний мэргэжил хүмүүсийг дандаа баярлуулж, аварч байдаг, бусад мэргэжлээс өөр. Шүүмжлүүлсэн хүмүүс гомдолтой үлдэж л таарна. Гэхдээ нийгмийн сайн сайхны төлөө, илүү олон хүний эрх ашгийн төлөө бид үгээ хэлж, авран шүүмжилдэг. Ингэж ч өөрсдийгөө цагаатгадаг. Гэхдээ бидний бичсэн үзэгний мөр бүр бусдын зүрхэн дээр сийлэгдэж, цаана нь хүний амьдрал байдаг гэдгийг цаг мөч бүрт бодож явах хэрэгтэй байдаг юм.
-Сүүлийн үед дуртай болгон нь “сэтгүүлчдийг худалдагдсан, хэн нэгний захиалгаар бичсэн” гэх мэтээр хэлдэг болсон. Үүнд эмзэглэдэг үү?
-Харамсалтай санагддаг. Хамгийн их тэгж хэлж байгаа хүмүүс өөрсдөө хамгийн асуудалтай гээд ойлгочиход буруудахгүй. Тэр хүмүүсийн хувьд уснаас хуурай гарах гэж оролдож байгаа арга нь тэр юм даа. Захиалгаар бичигдэж байгаа бол тэр нь нийгмийн захиалгаар бичигдэж байгаа юм. Цэцэрлэг барихгүй өөр зүйлд мөнгө үрлээ гэж бичсэн бол гэртээ цоожтой үлдэж байгаа тэр хүүхдүүдийн захиалгаар бичиж байгаа хэрэг.
Бондын мөнгийг үр ашигтай зарцуулсангүй гэж шүүмжилсэн бол эргээд зээл нь дарамт болж ирэх ирээдүй үеийнхний захиалгаар бичигдсэн байж таараа. Гэхдээ нийгэмд ийм ойлголт төрүүлж, сэтгүүлчдийн нэр хүнд унахад хүргэсэн зарим бодит шалтгаан байгааг үгүйсгэхгүй. Сэтгүүлчид бид өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй, илүү мэргэжлийн байж чадвал аяандаа хойд гэрийн хар овоохой гэдэг шиг хандах байдал алга болж чадна.
-Улстөрчидтэй даацтай ярилцлагууд хийж, нийгмийн тулгамдсан асуудлуудаар олныг шуугиулсан нийтлэл бичихийн зэрэгцээ жендерийн асуудлаар бичдэг цөөн сэтгүүлчийн нэг нь өөрөө. Энэ тийм сонирхолтой сэдэв гэж үү?
-Сонирхолтой юу гэж яривал хамгийн сонирхолгүй нь ч байж магадгүй. Гэхдээ хамгийн хэрэгтэй сэдэв гэвэл мөн. Жендер бол эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн юм уу, тэдний эрх ашгийг хамгаалсан явдал биш. Харин хүйсийн тэгш байдлын асуудал. Аль нэг хүйс давамгайлж биш харин тэгш байдал нийгмийн бүхий салбарт тусгалаа олж байх нь бид сайн засаглалыг бий болгож, зөв голдрилоор замнах эхлэлийг бий болгох учиртай. Харин ийм нийгмийг бий болгохын тулд сэтгүүлзүй нь, сэтгүүлчид нь жендерийн мэдрэмжтэй байх учиртай болдог. Бидний хувьд шинэ ч гэсэн бага багаар, алхам алхмаар ийш мэргэших нь чухал байна.
-Зохиолч, сэтгүүлч Б.Золбаярыг таны хань гэдгийг хүмүүс мэднэ. Сэтгүүлч бидний ажилд цаг нар гэж байдаггүй. Ингэхэд хэр сайн эзэгтэй вэ. Гэр бүл, үр хүүхдэдээ хэр цаг зав гаргаж байна даа?
-Миний ханийг бүтээлээр нь хүмүүс надаас илүү мэддэг. Монголын уламжлалт амьдрал, хөдөөгийн эгэл энгүүн ахуй, байгалийн, хүний, амьдралын сайхныг Золоогийн уран тансаг илэрхийлэл, нарийн мэдрэмжээр буулгаснаар олж харах нь гайхалтай санагддаг. Сургуулиа төгсөөд тал талаас ирсэн залуусын дотроос бид хоёр “Өдрийн сонин”-д анх танилцаж, гал голомтоо бадрааж байлаа. Сониндоо хамтдаа арваад жил ажиллаж байгаад нөхөр маань өөр албанд томилогдож байсан. Саяхан манай гэрийн дөрвөн хүн гэр бүл зохиосныхоо 15 жилийн ойгоо хамтдаа даруухан тэмдэглэлээ. Дөрвөн хүн гэж Золбаяр бид хоёр тэгээд хүү, охинтойгоо л доо. Бид хоёр нэгнийхээ анхны уншигчид нь, гайхалтай зөвлөгчид нь бас зэвүү хүрмээр шүүмжлэгчид нь байдаг. Нөхөр маань сонины ажлын онцлогийг мэддэг болохоор их тус дэм болдог. Гэхдээ зав зай муутай ч гэсэн гэр бүл, үр хүүхдэдээ цаг гаргалгүй яах вэ. Гэр бүл бол хамгийн гайхалтай халуун дулаан орчин, хайрлаж хамгаалах цайз маань.
-Өвөө тань Ардчиллын анхдагчдын нэг байсан. Өвөөгийн тань дайчин, тэмцэгч, тууштай зан чанар өөрөөс чинь мэдрэгддэг. Өвөөгийнхөө талаар сайхан дурсамж хуваалцаач?
-Би бол өвөө, эмээгийн хүүхдүүд ямар байдгийг хамгийн сайн мэддэг хүн. Би ээжийнхээ ээж дээр 20 нас хүртлээ өврөөс нь гаралгүй эрхэлж хайрлуулж өссөн. “Эмээгийн гэрэл дор” гэж бичиж байсан нийтлэлээ нэг сайхан ном болгоно доо гэж мөрөөдөж явдаг. Аавын маань аав, ээж болох өвөө, эмээ хоёр маань ганцхан миний ч биш ардчиллын өвөө, эмээ байсан юм. Өвөөгийн маань тухай ардчиллын дууч С.Цогтсайхан “Гурваа дарсан гэзэгтэй гудиггүй хөх өвгөн” нийтлэлдээ товч тодорхой бичсэн байдаг. Ардчилсан хувьсгал ид өрнөж байх үед бүхэлдээ ахмадууд буруушаасан, зөвхөн гэнэн томоогүй залуусын дэггүйтэл гэж ойлгож, ойлгуулах гэж байх үед өвөө маань тэднийг дэмжиж, тэдний дэргэд бараа болж байсан нь ардчилсан хувьсгалд оруулсан том гавьяа нь байжээ. Гэхдээ үүнийг ач охины хувьд би хэлж байгаа юм биш, С.Цогтсайхан агсан нийтлэлдээ хэдийнэ тэгээд биччихсэн юм шүү дээ. Далаа шүргэсэн үсээ сураар сүлжиж, шоголтой ном өвөртөө хийсэн тэр өвгөний дүр нь өөрчлөлт шинэчлэлийг зөвхөн залуучууд ч биш, Монголын нийгэм тэр аяараа хүсч байжээ гэдгийн баталгаа болж харагдаж байсан гэж би боддог. Зөвхөн энэ оролцоогоороо гэхэд миний өвөө Н.Суурь Монголын ардчилалд гавьяа байгуулсан хүн гэж ойлгодог. Өвөө маань шулуун шударга, хэлэх гэснээ хэнээс ч айдаггүй хэлчихдэг нэгэн байлаа. Одоо байсан сан бол ардчиллын энэ залууст хэлэх үгээ хэлж, бас алгадах хэрэгтэй бол алгадчихаад л алхаж байх байсан даа. Өвөө маань намайг өөрийгөө их дуурайсан гэдэг сэн. Бас Ханд вангийн удмын хүмүүс эх оронч, шулуун шударга байх ёстой гэж байнга ярьдаг байсан. Хэнээс ч эмээлгүй, хэлэх гэснээ хэлчихдэг чанар сэтгүүлч хүнд байх ёстой чанар мөн юм даа.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
"ӨДРИЙН СОНИН"
"ӨДРИЙН СОНИН"