Монгол Улс ч өөрөө татвар төлөгч…
Дэлхий дээр жилд 450 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн олборлохоос гадна нийт уурхайнуудын 2500 орчим нь металл,
Тэгвэл дэлхийн бөмбөрцөг дээрх үй түмэн уурхайнуудаас Монголын Оюутолгой чухам юугаараа гайхамшигтай орд вэ. Ердөө л бүх төрлийн ашигт малтмалын нөөцөөр цаглашгүй баян атлаа бараг юу ч үйлдвэрлэдэггүй Монгол Улсад олдсоноороо л энэ орд ер бусын үнэ цэнэтэй юм.
Тэгэхээр Оюутолгойгоо олборлож, баялгийг нь эргэлтэд оруулах замаар дахин баялаг үйлдвэрлэж, монголчууд хөгжих эсэх асуудлын зангилаа болоод буй энэ ордыг цаашид хэрхэх нь зөвхөн бидний л хувь заяаны хэрэг юм. Түүнээс биш нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох, хүдрийн агуулга өндөртэй Оюутолгойн ордыг одоо л ашиглахгүй бол дэлхийн хүн ам өлсч туйлдах гээд, эсвэл өрнөдийн томоохон компаниуд баялгийг нь зарж баяжих гээд буй хэрэг огтоос биш билээ. Гэвч Монголын улс төр сүүлийн хэдэн жил энэхүү ордыг ашиглах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож чадахгүй, булуу хураасан нохой шиг архиран хэвтсээр өнөөдрийг хүрэв. Өнөөдөр харин уг ордыг ашиглах тухай гэрээг хөрөнгө оруулагчидтай байгуулах эсэхийг шийдвэрлэх УИХ-ын ээлжит бус чуулганы байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
Өөрөө мэрж дийлэхгүй хэрнээ өрөөлд өгөхгүй хий л харамласаар өнөөдрийг хүргэчихсэн ордоо одоо яах вэ. Бидэнтэй хамтарч ажиллая гэсэн хөрөнгө оруулагчдыг “ингэх үү” гэхээр нь “үгүй, тэгнэ” гэж адарч, “тэгэх үү” гэхээр” нь “үгүй, ингэнэ” гэж зөрсөөр бид өөрсдийнхөө юу хүсээд буйг ч нэг цэгт уулзуулж чадахгүй энэ хүрсэн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид (бидний нэрээр голдуу иргэний хөдөлгөөнийхөн ярьж байсан) Оюутолгойн ордоос шунасан, хөрөнгө оруулагчдаас хүссэн хүлээлтээсээ нэг зүйлийг тун тодорхой болгоод байгааг ч хэлэх хэрэгтэй биз. Тэр нь Оюутолгойн ордыг ашиглах компанийн тодорхой хувийг, тэгэхдээ аль болох өндөр хувийг эзэмших эрх бөгөөд өнөөдөр тохиролцсоноор компанийн 34 хувь, цаашид 51 хувийг монголчууд эзэмших эрх юм.
Энэ нь ил ба далд аргаар олборлох Оюутолгойн ордод ашиглалт явуулах төвөгтэй, эрсдэлтэй үйл ажиллагааны 34-51 хувийг бид үүрнэ гэсэн үг хэдий ч энэ талаар санаа тавихгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад нэгэнт хүлээлгээд буй. Гэхдээ Монголын тал Оюутолгойд ашиглалт явуулах компанийн нэг хэсэг мөн юм.
Энэ утгаараа тэрхүү компанийн ашиг орлого, ажил явуулах боломж бололцоо, бизнесийн таатай орчин, төлөх татварын их, бага гээд бүх зүйл нь бидэнд хамаатай байх учиртай. Хэдий ийм ч Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хандаж буй УИХ-ын байр суурь нэг л өөриймсөж өгөхгүй өнөөг хүрсэн нь гайхалтай юм шүү.
Гэрээг хөрөнгө оруулагчидтай байгуулахаар хэлэлцээ хийж буй Засгийн газар хоёр талдаа бололцоотой тохиролцоо хийх бүрт парламент түүнд нь боолт хийсээр гэрээний төслийг нэг бус буцаачихаад байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын хаврын чуулганаар “компанийн 34 хувийг Монголын тал эзэмших, үгүй бол татварын бүх хөнгөлөлтөөс татгалзах” гэсэн хоёр хувилбарыг талууд хэлэлцүүлсэн. Харин Их хурал “компанийн 34 хувийг ч авна, татварын хөнгөлөлтүүдээс ч татгалзана” гэсэн тайлбар таталсан юм. Үүнээс хойшх хугацаанд Засгийн газар, нөгөө талаас хөрөнгө оруулагч болох “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компани дахин хэлэлцээрийн ширээнээ сууж, улмаар тохиролцсоноор 68 хувийн татварыг тэглэх, Алдагдлыг ирээдүйд шилжүүлэх саналыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр болоод буй. Энэ саналыг хүлээж авч, хуульчлах эсэхийг ээлжит бус чуулганаар шийдвэрлэнэ.
Шийдвэр гаргах гишүүдийн санаа бодол яг одоо алагтай, цоогтой байна. Зарим нь Засгийн газрыг зэмлэн “Хуульд нийцсэн гэрээ хийгээд ир гэхээр хуулийг нь хүчингүй болгох санал гаргалаа” гэж шүүмжилж байна. “Хэрэгтэй” гэж үзвэл хуулийг өөрчилж, цуцалж яагаад болохгүй гэж. Уг нь “Ингэх ч ёстой, тэгэх ч ёстой” гэх сургааль, цэцэрхэл баримтлахаас илүү “юу хэрэгтэй вэ” гэдэг прагматик байдлаар асуудалд хандах нь бидний хөлийг өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийн хурдтай илүү ойртуулах болов уу.
Хөрөнгө оруулагчдын тавиад буй саналыг ээлжит бус чуулганаар хүлээж авах эсэх нь Оюутолгойн ордыг одоо ашиглах уу, хойш тавих уу гэдэг асуултын хариу болно. Хөрөнгө оруулагч гэдэгт Монгол Улс өөрөө ч багтаж буй. Тийм болохоор өөрөө өөртөө бололцоо нээх үү, эс бөгөөс сууж буй мөчрөө хөрөөдөх үү гэдэгт ээлжит бус чуулган хариу өгнө.