Засаглал гэж юу вэ?

1980-аад оноос “засаглал” гэх үг хаа сайгүй хэрэглэгдэж эхэлсэн. Сонин хэвлэлүүд компанийн засаглалын стандарт уналаа хэмээн харуусаж, Европын холбоо Засаглалын цагаан ном ч хэвлүүлсэн. Цаг уурын өөрчлөлт, шувууны ханиадууд ч мөн даяаршлын засаглалын асуудал болон хувирсан. АНУ-ын Ойн албыг хамтын ажиллагааны засаглалаа илүү сайжруул гэж шүүмжилцгээсэн. Ингэхэд засаглал гэж юуг хэлээд байгаа юм бол? Засаглал засгийн газраас ямар ялгаатай вэ? Товчхондоо гэвэл, нийгмийн онолууд өөрчлөгдөн хүмүүс дэлхийг өөрөөр харж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү шинэ засаглал дэлгэрчээ. 

Сүүлийн үеийн шинэ онол, практикууд засаглалыг дан төртэй холбож ойлгохоо байж, хувийн хэвшил, сайн дурын байгууллага, олон нийттэй мөн холбож үздэг болсон байна. Засаглал нь төр засаг, зах зээл, ажил төрлийн хэлхээ (нетворк буюу сүлжээ), гэр бүл, омог отог, албан болон албан бус байгууллага, газар нутгийн хууль, хэм хэмжээ, хүч чадал, хэл яриагаар удирдан засаглах бүх үйл ажиллагааг хэлж байгаа юм. Засаглал нь төр болон түүний инстүүцүүдээс илүүтэйгээр нийгмийн практик, үйл ажиллагаа руу илүү анхаардаг гэдгээрээ засгийн газар буюу төрөөс ялгаатай. Засаглалыг ойлгохын тулд эхлээд шатлал, зах зээл, ажил төрлийн хэлхээний тухай онолуудыг танилцуулах юм. Түүний дараа энэ ном зах зээл, компани, ажил төрлийн хэлхээ, төрийн алба, даяаршлын бодлого руу яриагаа чиглүүлэх болно. 

Юуны өмнө засаглал гэдэг бол үр ашигтай цогц уялдаатай ойлголт юм гэдгийг ойлгох хэрэгтэй. “Засаглал нь засаг төрийг л хэлж буй орлуулга үг. Тэгээд ч засаглал гэдэг үгийг хаа хамаагүй бүх зүйлд улиг болтол их хэрэглэж байна”. Зарим хүмүүс засаглалыг хий хоосон моод төдий зүйл гэж шүүмжилдэг. Засаглалыг хөгжил судлал, эдийн засаг, газарзүй, олон улсын харилцаа, төлөвлөлт, улс төрийн шинжлэх ухаан, нийтийн алба, социологи зэрэг янз бүрийн салбарт авч үзэж байна. Тийм атал засаглалыг ойлгомжтой тодорхойлж, тайлбарлах талаар хийсэн зүйл тун бага ажээ. 

Засаглал нь төр засгаас онолын хувьд ч, практикийн хувьд ч ялгаатай. Онолын хувьд засаглал нь засаглах үйл явц, процесс юм. Төр засаг иргэдээ засагладаг. Тэгтэл төрөөс гадна компаниуд болон бусад байгууллага, аливаа инстүүц ч ажилчид, гишүүдээ ийнхүү засагладаг. 




Засаглалыг заавал ч үгүй удирдлага, ажилтны харьцаа мэтээр ойлгож болохгүй. Зах зээл, ажил төрлийн хэлхээнүүд ч бас зохицуулалт үүсгэж, шийдвэр гаргах замаар засагладаг. Төр гэдэг бол улс төрийн инстүүцүүд юм. Харин засаглал хаана тохиолдож байгаагаас үл хамааран дүрэм журам, дэг жаяг байдаг. 

Практик утгаар засаглал нь 1980-аад оноос төрийн байгууллагуудад гарсан өөрчлөлттэй холбоотой. Төр засгуудын ертөнц тэр үед эрс өөрчлөгдсөн юм. Төр засгуудын удирдлага зохицуулалт, үйлчилгээ улам бүр хувийн хэвшил, сайн дурынхнаас хамааралтай болсон. Төр жишээ нь шоронг ажиллуулах, ажилгүйчүүдэд сургалт явуулах ажлуудаа гэрээгээр бусдад өгч хийлгүүлдэг болсон. Түүнчлэн зам, төмөр зам барих, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг ч бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг болсон. Төр хангалттай их алба, хүн хүч, аппараттай хэдий ч ийнхүү шинэ маягаар засагласнаар илүү их зах зээл, ажил төрлийн хэлхээнүүдэд хүрдэг болжээ. 

Засаглал онолын хувьд хийсвэр ч практик ач холбогдолтой бодит зүйл. Хийсвэр онол болохынхоо хувьд засаглал нийгмийн байгуулал, нийгмийн зохицуулалтыг илэрхийлдэг. Нийгмийн байгуулалд гэхдээ хяналт, удирдлага шаардлагагүй, тэр дундаа төрийн оролцоо шаардлагагүй тул засаглал энд төр гэсэн утгаар байгаа юм биш шүү. Зах зээл, ажил төрлийн хэлхээнүүд төр оролцоогүй байсан ч засаглал үүсгэж чаддаг. Ийнхүү “засаглал” хэмээх хийсвэр ойлголт нийгмийн мөн чанар, зохион байгуулалт, зохицуулалтыг онолын түвшинд тайлбарлаж чаддаг. 

Бодит практикт засаглал нь компани, төрийн байгууллага, дэлхий даяарх тогтолцоог илэрхийлдэг. Шинэ засаглал ямар хүрээг хамрах вэ, төр үүнд ямар үүрэг рольтой вэ гэдэг асуудал бүрмөсөн эцэслэн шийдэгдээгүй хэдий ч энэ процесст улам олон оролцогч оролцож, илүү олон янзын зохион байгуулалтын хэлбэр хамардаг болсон нь тодорхой болжээ. Тэр тусмаа ажиглагчид засаглал одоо эрэмбэлэгдсэн шатлалт засаглалаас илүүтэй зах зээл, ажил төрлийн хэлхээ рүү шилжиж байна гэж дүгнэдэг болоод байна. Засаглалын тухай сүүлийн үеийн онолууд практикт асуудал үүсгэж байгаа юм. Эл өөрчлөлт үр дүнтэй байдал, ардчилсан үнэт зүйлсийг шинээр харахад хүргэж байна. Үүнээс болоод засаглал хэмээх үгийг нийгэм, улс төрийн янз бүрийн асуудалд авч хэрэглэдэг болжээ. Сайн засаглал гэдгийг жишээ нь зээл тусламж, хөгжлийн тухайд өргөн хэрэглэж байгаа ч сайн засаглал гэж юу вэ гэдэг асуудал өөрөө маргаантай хэвээр байна. 

Онол, практик, засаглалын проблемууд цөм бодит зүйл юм. Онол хүмүүст шинэ асуудлуудад шинэ арга барилаар хандахад тусалдаг. Практик харин эдгээр онолын нэр томьёог ойлгохыг шаардсан бодит проблемууд үүсгэдэг. Проблемуудыг шийдвэрлэхэд онол, практик үйл ажиллагаа шаарддаг. 

Шинэ онол, практик, проблемууд төр бол нэг бүхэл, цул, зүйл гэсэн ойлголтыг арчин хаяж байна. Жишээ нь, засаглалын тухай онол төрийн хар хайрцгийг ихэнхдээ задлахад хүргэдэг. Засаглалын онолууд өөр өөр ашиг сонирхолтой оролцогчид хэрхэн бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдгийг, тэр бодлогынх нь үр дагавар, хоорондын харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг. Төр, нийгэм хоёрын харилцаа ч ХХ зууны сүүлээр ихээ өөрчлөгджээ. Шинэ засаглалын орчинд улс төрийн инстүүцүүд зохион байгуулалттай нийгмийн оролцогчдод улам бүр хүлэгддэг болсон байна. Төр, олон улсын байгууллагууд улам бүр хувийн компани, ТББ, ашгийн төлөө бус байгууллагуудтай хамтран ажилладаг болжээ. Төр, нийгмийн эл шинэ харилцаа харилцан адилгүй түвшинд байгаа ч ерөнхийдөө дэлхий даяар ажиглагдаж байна. Засаглалын шинэ хандлага хөгжингүй, хөгжиж буй улсаас ч харагдаж байна. Дэлхий дахиныг хамарсан улс дамнасан зохицуулалт, стратегиудаас ч тодхон харагдаж байна. Эцэст нь, эдүгээ тулгарч буй нийгмийн бэрхшээлүүдийг аль нэг төрийн агентлагт дангаар нь хариуцуулах юм уу аль нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй болжээ. Нийгмийн проблемуудыг шийдвэрлэхэд төрийн олон янзын шат дамжлага оролцсон, гол оролцогч (стэйкхолдер) нарыг хамруулсан, олон агентлаг, байгууллагуудын хамтран ажилласан цогц арга барил, стратеги шаардагддаг болжээ. 


НЭПКО хэвлэлийн газар