Утаанаас салах ч гэсэн шинжлэх ухаан
Өнөөдөр бид зөвхөн угаартаж нас барсан хүний тоог л ярьж байгаа. 2017 онд түүхий нүүрс түлдэг байхад жилд 17 хүн угаартаж амиа алдсан бол өнөөдөр 100 гараад талийсан, жил бүр нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоо. Эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барчихвал тоолдоггүй гэж байгаа. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гээд тайландаа тусгачихсан. Эрүүл мэнд болоод эдийн засагт учруулж байгаа хохирол нь ийм том. Энэ жил Улаанбаатар хот анх удаа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тэргүүлсэн. Энэ маягаараа манайд суугаа гадаад улсын ЭСЯ-дууд удахгүй хүмүүсээ буцааж татах байх.
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нэг том зорилт бий. “Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох” тухай. Мэдлэгт суурилах гэдэг нь шинжлэх ухааныг танин мэдэх, техник технологио хөгжүүлэх гэсэн агуулгатай. Ер нь л бараг сүүлийн 30 гаруй жил яригдаагүй сэдэв. Соц системээс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэн “шилжилтийн” гэгдэх жилүүдэд шинжлэх ухааны салбараа арай ч нэг гадаа гаргаад хаячихаагүй, багахан төсвөөр чирсээр ирсэн боловч тэргүүлэх чиглэл болгож явсан нь үгүй.
2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, тухайн үед Боловсрол шинжлэх ухааны салбарыг тэргүүлж асан Л.Гантөмөр сайд “боловсрол, шинжлэх ухаан бол улсын хөгжлийн суурь, тэргүүлэх чиглэл юм шүү” гэж нэг удаа зарласан. Боловсролын салбарт тодорхой хэмжээний шилжилт хийх гэж үзсэн. Багшид суурилсан биш, хүүхдэд өөр дээр нь төвлөрч сургах сургалтын арга зүй боловсруулж, “цөм хөтөлбөр”-ийг санаачилж, туршиж байлаа. Боловсролын сайд нь санаачлаад Япон улсад 1000 инженер бэлтгэж авсан ч төгсөж ирээд Монголдоо ажилласан нь, ажиллуулсан нь хэд хичнээнийг бид мэдэхгүй.
Товчхондоо 2016 оны сонгуулийн дараа гарч ирсэн шинэ Засгийн газар бүгдийг нь улаар нь эргүүлээд, нураагаад, тараагаад явсан л даа. Сүүлийн найман жилд гарсан бүх ухралтыг өнөөдөр “нэг улс төрийн хүчин үнэмлэхүй олонхи болсны гай түйтгэр” хэмээн үнэлж, үр дагаврыг нь нийтээрээ амсаж яваа. Ёстой нөгөө "дөргүй" бух шиг явсан даа. Энэ шалтгаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цөөнх суудал авсан улс төрийн намуудыг Засгийн газартаа урьсан ч байж болох юм. Тэгээд хамтарсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийсэн нэг өөрчлөлт нь шинжлэх ухаан, технологийн бодлогыг Боловсролын яамнаас Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн явдал.
Энэ тухай түр орхиод манай шинжлэх ухааны салбарт юу тохиолдсон бэ гэдэгт эхлээд анхаарал хандуулья.
1990 онд монголчууд шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ийхээ 1 орчим хувийг зарцуулдаг, 6500 орчим эрдэм шинжилгээний ажилтантай, 120 гаруй ЭШХ, лабораториудтай шилжилтийн үетэй залгажээ. Сансарт хүнээ нисгэчихсэн, “Монел” брэндийг гаргачихсан, электрон бүтээгдэхүүн экспортод гаргах хэмжээнд хүрчихсэн, лабортатори, тоног төхөөрөмж нь тухайн үедээ л дэлхийн түвшинд суурилагдчихсан байсан гэдгийг салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд ярьдаг. Манайхан дотроо яриад зогсохгүй 2003 онд ЮНЕСКО-гоос ирсэн шинжээчдийн баг хүртэл тэгж үнэлсэн юм билээ. Энэ бааз сууриа хадгалаарай, битгий сөнөөгөөрэй гэж зөвлөсөн.
Гэтэл өнөөдөр манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарт төсөвлөж байгаа мөнгө нь ДНБ-ийхээ дөнгөж 0,15 хувьтай тэнцэж байна. Энэ төсвийн 70 хувь нь ажилчдын цалин, дулаан, цахилгаан гэх мэт урсгал зардалдаа явчихдаг. Судалгаа хөгжүүлэлт буюу яг шинжлэх ухаанд зарцуулдаг нь 10 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгийг ШУА-ийн хүрээлэнгүүд дээр ажилладаг 1300 эрдэм шинжилгээний ажилтан, их сургуулиудын хүрээлэнгүүд дээр ажилладаг багш, судлаач нартаа /нийлээд 5000 орчим/ хуваагаад “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” явж ирсэн хэрэг. Дунджаар нэг судлаачид нэг жилд олгогдож байгаа зардал нь 2 сая төгрөг.
Гэтэл өнөөдөр дэлхийн бусад орнуудын шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа зардлын дундаж нь ДНБ-ийхээ 2 хувиас давчихсан. Израиль улс гэхэд бараг 6 хувьд хүрч, Өмнөд Солонгос 5 хувьтай, АНУ 3,5 хувьтай. Харин манай улсын хувьд дэлхийн дунджаас 20 дахин бага. Манайхтай ойролцоо хөгжилтэй, буурай орнууд жишээ нь ДНБ-ийхээ 0,5 хувьтай, 1 хувь руу дөхөж яваа гэх мэтчилэн.
Ингээд Боловсрол, шинжлэх ухааны яам гэж байхад энэ яамны дагавар хүүхэд шиг явж ирсэн Шинжлэх ухаан, технологийн газар хамтарсан Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яаманд нүүж иржээ. Учир нь тус яам нь Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсруулах, УИХ, Засгийн газарт танилцуулах ерөнхий чиг үүрэгтэй бодлогын яам учраас тэр. Энэ шинэчлэлийг хийхэд өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлт /шинэчилсэн найруулгаар баталсан/ гол дөхөм болсныг хэлэх нь зөв байх.
Уг хуулийг өөрчлөхдөө шинжлэх ухааны салбарыг “Мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн чиг баримжаа бүхий шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, салбараа хэрхэн хөгжүүлэх тухай биш, харин улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус нэмэртэй байх тухай. Энэ ч гэсэн оргүйгээс гаргаад ирсэн зүйл биш. 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн 38.2.2-т Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлохдоо “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлнэ” гэсэн байна. Шинжлэх ухаан бол улсын хөгжлийн суурь юм гэдгийг тэртээ 32 жилийн өмнө Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Харамсалтай нь үе үеийн Засгийн газрууд үүнийг үл хараач, үл мэдээч болж явж ирсний горыг бид өнөөдөр нийтээрээ, амь амьдралаараа амсч байна л даа.
Бэлээхэн жишээ... Өнгөрсөн долоо хоногийн турш Монголын төр засаг тэр аяараа утаарсан, утаагаар амьсгалсан. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хотын удирдлагууд гээд бүгд л утааг тойрч маргасан, мэтгэлцсэн, энд тэндгүй ажлын том том хэсэг томилогдож, хаа сайгүй хянаж шалгахаар чанга чанга дуугарцгаасан. Атал гарсан үр дүн юу байв? Нөгөө л арав гаруй жилийн өмнө ярьж байсан утаагүй зуух, түлшээ тойрч маргасаар. Улсын Ерөнхийлөгч нь “Намайг Ерөнхий сайд байхад түлшний чийглэг 6 хувьтай байсан” гээд, компанийн ерөнхий технологич нь “Үгүй, 12-13 хувьтай байсан, бид буулгасан” гэж хэвлэлээр маргаад. Ингэхэд утаагүй зуух гэж байдаг юм уу, эсвэл түлш нь утаа гаргадаггүй байх ёстой юу? Энэ маргаан төрийн тэргүүн, компанийн технологич хоёрын хэлэлцэх ёстой зүйл мөн үү, эсвэл арай өөр мэдлэгийн түвшин хэрэгтэй юу?
Сүүлийн хоёр жилийн хувьд иргэдийн зүгээс “түүхий нүүрсээ түлдэг байхад арай ч ийм байгаагүй, ингэж олноороо үхэж байгаагүй. Ерөөсөө нүүрсээ түлье” гэдэг дээрээ тулаад байна. Тэгээд хэдэн зуу, хэдэн мянгаараа үхсэний дараа арай гэж “Шахмал түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ” гэнэ, УОК-оос гаргасан хамгийн "мэргэн" шийдвэр нь энэ. Үйлдвэрлэгч компанийн технологич болохоор “Шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш технологийн ямар ч өөрчлөлт хийгээгүй, түлшний түүхий эдийг солихгүй бол утаа буурахгүй” гэсэн. Шахмал түлшийг нэвтрүүлээд 4-5 жил болж байхад стандарт нь байхгүй, батлуулаагүй. Товчхондоо айлын гэрт хүний амиар туршилт хийгээд явж байна гэсэн үг биз дээ. Энэ чинь л өөрөө бид шинжлэх ухаанаас, техник технологиос хэр хол хоцорсон, хэр их зэрлэгшсэний баталгаа.
Жишээ нь, ШУА-ийн нөхөд, химийн хүрээлэнгийнхэн АПУ-д ундааны патент зарж байхынхаа оронд утаагүй түлшний технологи дээр ажиллах ёстой биз дээ. Тийм болтлоо энэ салбар ядуурсан, хийх ажилгүй хийцгүйрсэн байна. Яагаад гэвэл шинжлэх ухааныг, мэдлэгийг эдийн засаг болгодог, нийгэмшүүлдэг тийм тогтолцоо манайд байхгүй учраас тэр. Төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэр нь дандаа улстөрчдийн, намын шийдвэрээр явдаг, шинжлэх ухааны, мэдлэгийн өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ тэнд тусахгүй болтлоо харанхуйлсан учраас тэр.
Тэгсэн хэрнээ яам болгон дотроо судалгааны төсөвтэй. Саяын төсөв дээр Ерөнхий сайдын багцад 400 тэрбум төгрөг дангаараа “судалгаанд” гээд хаяглачихсан явж байгаа тухай чих дэлссэн. Энэ мөнгө хаашаа очдог вэ? Нөгөө нэг “цүнхний” компаниудаар дамжаад улс төрийн санхүүжилт болоод гараад явчихдаг. Шинжлэх ухаанд ингэж хандахаар бид яаж урагшилж, яаж хөгжих вэ дээ.
Өнөөдөр бид зөвхөн угаартаж нас барсан хүний тоог л ярьж байгаа. 2017 онд түүхий нүүрс түлдэг байхад жилд 17 хүн угаартаж амиа алдсан бол өнөөдөр 100 гараад талийсан, жил бүр нэмэгдэж байгаа. Энэ бол зөвхөн гэртээ, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хүмүүсийн тоо. Эмнэлэгт очоод эмчлүүлж байгаад нас барчихвал тоолдоггүй гэж байгаа. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гээд тайландаа тусгачихсан. Эрүүл мэнд болоод эдийн засагт учруулж байгаа хохирол нь ийм том. Энэ жил Улаанбаатар хот анх удаа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор тэргүүлсэн. Энэ маягаараа манайд суугаа гадаад улсын ЭСЯ-дууд удахгүй хүмүүсээ буцааж татах байх.
Тиймээс үнэхээр л шинжлэх ухаанаа хөгжүүлж байж иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна, эдийн засаг, нийгмийн өсөлтийг бий болгоно гэж байгаа бол, энэ нь төрийн бодлого мөн юм бол энэ салбарт хөрөнгө оруулах нь төрийн үүрэг. ДНБ-ийхээ 2 хувьд хүргэж чаддаггүй юм гэхэд ядаж 1 хувь рүү ойртуулах ёстой. Тэгж байж академи, хүрээлэнгүүд чинь нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг болно. Тэгэхгүйгээр хууль баталж, бүтцийн өөрчлөлт хийгээд орхих юм бол бас нэг хэрэгждэггүй хууль, хоосон тунхагтай л үлдэнэ.
inews.mn
Зочин