Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү...
Сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...
Вашингтоны төв дүүргийн нэгэн гэр бүлийн дотор ийм нэгэн яриа хэдэн сар үргэлжлэв. Америк аавтай, монгол ээжтэй энэ айл ам бүл тавуулаа юм. Монголоос очиж хамтдаа амьдрах болсон эмээ, 13 настай охин хоёр бол энэ гэр бүлд шуугиантай. 15 настай хүү нь бол даруухан юм аа, хөөрхий. Гэрийн эзэн бол үндсэн америк эр. Харин эзэгтэй Америкт сурахаар очиж тэндээ шингэсэн монгол эмэгтэйчүүдийн нэг. Мэдээж тэдний амьдрал хэвийн. Дундаж америкчуудын олдог орлогыг олж, тэдний стандарт, хэв шинжит амьдралаар амьдарна. Гэрийн эзнийг Жон гэж дууддаг, эзэгтэйг Лхамаа л гэнэ.
Эдний гэр бүл дотор нэг сэдэв боссон нь зуны амралтаар хүүхдүүдээ Монгол руу явуулж амраах. Мэдээж хүүхдүүдэд ээжийнх нь эх орон сонин, очихын хүслэн. Гэвч сүүлийн хоёр жил корона бүгдийг царцаасан. Энэ зунаас ирэх хүсэл дийлж буй учраас ээж нь, тэдэнтэй хамт байх болсон монгол эмээ нь Монгол руу үргэлж чих тавиастай. Өдөржин гэртээ шахуу байх эмээгийнх нь хийдэг ганц ажил фэйсбүүк ухах. Эмээ шиг Монголын талаар төгс мэдээлэлтэй хүн тэднийд байхгүй. Ээжийнх нь, эмээгийнх нь бүх ах дүү нар Монголдоо байх учраас бас мэдээлэл дамжуулагсад маш олонтой.
Ингэсээр тавдугаар сар гарч 13 настай Сарана охиныг, ахтай нь хамт Монгол руу явуулах ажилдаа эрчимтэй орлоо. Америк амьдралын хэмнэл бол өөр. Аливаад заавал бэлдэнэ, магадгүй Монголд очоод ингэх тэгэх ёстой гэсэн сургалтад ч хүүхдээ хамруулж бэлддэг улс. Америк аавынх нь Монголын төсөөлөл маш бага учраас ээж, эмээ хоёрт нь найдах. За ер нь эмээгийн л амыг бүгд харна. Фэйсбүүкчин эмээ нь өдөрт л нэг юм ярина. Тэдний хоорондын яриаг хүргэе.
Эмээ: За Монголд коронагийн дараа юу нь ч мэдэгдэхгүй ханиад гарч, хүүхдүүдэд илүү их хүрч эмнэлгийн ор битүү, шалан дээгүүрээ хэвтүүлж, сүүлдээ барахаа байгаад хүүхдүүдээ өөрсдөө л анхаарч, аварч үлд гэж дарга нар хэлж дээ, муу охиноо аваачаад ханиаданд үйчих юм биш байгаа.
Ээж нь: Төр засагтай улс байна эрхбиш анхаарч л байгаа байлгүй дээ. Тэгээд ч зуны сайхан цаг, бүгд л агаар салхинд гараад Улаанбаатар гайгүй болчих биз.
Эмээ: Тэгж ч магад, за би Маралаагаас дахиад сайн асууя, цаад Сарана чинь Монгол явна гээд өдөр шөнөгүй яриастай, санаа амраахгүй нь...
Ээж, охин хоёрын дунд ийм яриа эртдээ болсон хэрэг. Харин эмээ, ач охин хоёрын дунд бол Монголын талаар сайхныг ярина. Эмээ нь залуу насаа хэлний багш чиглэлээр ажиллаж туулсан болохоор ач охин, хүү хоёртойгоо хачин сайхан ойлголцдог.
Ач охин: Эмээ би Монголдоо очоод морь унана, миний Боржи нохой шиг жижигхэн хонь байдаг гэсэн үү... гэхчлэн ярьцгааж эмээ нь бүгд бий, миний охин тэр амьтдыг Монголд л жинхэнээсээ барьж үзнэ... гэхчлэн ярьцгаана.
Орой хоолны ширээний ард дахиад Монгол руу хүүхдүүдээ явуулах яриа өрнөнө.
Лхамаа: За ээж ээ, цаагуур чинь юу байна, Маралаатай ярив уу?
Ээж: Ярилаа, Монголд чинь хүүхдийн хүчирхийлэл дийлдэхээ байсан гэнэ дээ, саяхан хаана гэв дээ дунд сургуулийн охиныг буудсан гэж байна ш тээ.
Лхаа: Юу... яахаараа тэгдэг юм, худлаа байлгүй дээ, Монголд чинь буу энд байдаг шиг элбэг биш шүү дээ.
Ээж: Найз залуу нь буудсан юм биш үү.
Лхамаа: Юун найз залуу вэ, дунд сургуулийн охин гэсэн биз дээ...
Америк нөхөр нь эхнэрээсээ юу болов гэхэд байдлыг тайлбарлав. Нөхөр толгой сэгсэрч Сарана охин руугаа сүрхий нухацтай харах нь нэгийг мэдрүүлэх. Тэр хооронд эмээ гар утсаа сунган энийг хар даа гэсэн нь Монголын сайтууд дээр “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн дотуур байранд амьдардаг охиныг...” гэсэн айхавтар мэдээ харагдана. Монгол руу явж амрахын бөөн хүслэн болсон Сарана охинд энэ мэт мэдээг ойлгож тайлбарлах нь утгагүй болохоор дэмий л хоорондоо яриад өнгөрнө.
Амралтын өдрөөр найзуудтайгаа өнжсөн Сарана охин Монгол руу явж гоё амрах гэж байгаа талаараа бахдал хөөр дүүрэн ярьснаа илэрхийлэн гэртээ орж ирлээ. Эмээ нь тэгэлгүй яахав, миний охин Монголд гоё байна аа, эмээ нь Маралаа эгчтэй нь ярьсан... гэсээр угтлаа.
Гэвч ээлжит сенсаци мэдээг эмээ нь Монголоос авчээ. Фэйсбүүкээ ухаж суусан эмээ “Хүүе, Лхамаа энэ мэдээг хар даа, манай Монголд чинь хоёр хүн тутмын нэг нь сүрьеэтэй гэсэн судалгаа гарсан байна ш тээ” гээд үргэлжлүүлээд “Манай хөдөөнийхөн бүтэхгүй ээ, аяга шанага нь холилдсон, айраг цагаагаа нэг саваар уусан ахуй муутай улс, сүрьеэ айхавтар халдварладаг өвчин, бүгд авах нь тодорхой л доо” хэмээн үглэж сайтын мэдээг улам лавшруулан, баталгаажуулна.
Лхамаа: Наад Сарана чинь явна гэсэн бөөн хөөр... сүрьеэ чинь тэгээд хаана ч хамаагүй байдаг гэсэн үг үү... хэмээн лавлалаа.
Эмээ: Энэ фэйсбүүк, сайтуудад бичиж байгаагаар бол Монголд битүү сүрьеэ байгаа юм биш үү, яамаар ч юм бэ дээ... гэсээр өрөө рүүгээ орлоо. Энэхүү гэр бүлд өрнөж байгаа энэ бүх яриа, сайтын мэдээллүүд Монголоос очиж байгаа. Шөнө унтахын өмнө эмээ утсаа барьсаар тэдэн рүү дөхөж ирээд “Монголд дөрвөн хүн тутмын нэг нь тэмбүүтэй гэсэн байна” гэв. Энэ удаад эмээгийн шар мэдээний сенсацийг гэрийн эзэгтэй нөхөртөө дамжууллаа. Америк нөхөр аа яаяа гэж халаглан охин руугаа нөгөөх л Монгол руу явж болох юм уу гэсэн хандлагаараа харлаа. Сарана охинд энэ мэт мэдээлэл ямар ч ойлгомжгүй, ойлгох ч үгүй болохоор урдаас нь Монгол руу явахаа л ярина...
Цаг хугацаа явсаар зургадугаар сар руу дөхсөөр, эмээгийн Монголоос авч байгаа элдэв мэдээлэл бүр ч идэвхтэй. Нэг өглөө “Хүүе, Лхамаа” л боллоо, бас яачихав аа ээж ээ... гэвэл “Монголд айхавтар хачиг хүн хазаж бүр нас барсан байна” хэмээв, Африкийн орнууд биш дээ, наадах чинь сүртэй юм байхгүй байх аа. Бид бага байхдаа эмээ өвөөгийнд зун хачиганд хазуулдаг л байсан шүү дээ... хэмээн охин хэнэггүйтэв. Эмээ: “Чи хар даа Говь-Алтай аймагт бүр нэг эмэгтэй хачиганд хазуулж хүндрээд нас барсан байна” хэмээн шогширлоо.
Бас нэг орой эмээ гар утастайгаа зууралдсаар орж ирээд “Манай Нэмэхээ чинь архи уудаг билүү” гэж охиноосоо асуув. /Эмээд холбоочин болдог Маралаа охиных нь нөхөр бололтой/ “Та юу яриад байгаа юм бэ, тэр чинь нисгэгч хүн юу гэж архи уудаг юм” гэв. Эмээгийн асуусан учир нь “Монголд архины хамааралтай хүний тоо маш их өссөн, архи уудаггүй хүн айл өрх бүрт байхгүй” гэсэн мэдээ байсан юмсанж.
Удаахь орой нь эмээгийн ээлжит Монголын талаарх мэдээлэл нь хүний наймаа, хүүхэд хулгайлах гэмт хэрэг Монголд өдөр бүр гарч байгаа гэх үймүүлэлт байлаа. Энэ бүгдийг Лхамаа нөхрөөсөө нуух болов. Монгол хүн болсон хойно өсч торниж яваа хүү, охин хоёроо эх орондоо амраах, эх оронтой өсгөх туйлын далд хүсэл Лхамаа бүсгүйд байсаар байгаа учраас ээжийнхээ өдөр шөнөгүй хэлэх хар бараан мэдээллийг тэгж ингэж өнгөрөөсөөр байв... Улмаар Вашингтоны төв дэх монголчуудын өв соёлын жижиг сургалтад охиноо хамруулж, хэрдээ явах бэлтгэлийг нь алхам алхмаар хангасаар байлаа.
Сүүлдээ Лхамаа бүсгүйн зүгээс эр нөхрөөсөө эх орныхоо муу муухайг нуух байдал руу орлоо. Монгол тийм л хэцүү болчихсон юм байх даа гэх бодол түүнд үе үе орж ирнэ. Учир нь тэрээр эх орондоо ирэлгүй арав гаруй жил өнгөрчээ. Монголд байх найзуудтайгаа ярихаар бүтэлтэй юм бас ярихгүй, “Хүүе ээ, Лхамаа нөгөө манай сургуулийн тэр чинь одоо дэд сайд хийж байгаа шүү дээ, түүнд ер нь бар хэсэх, охид эргүүлэхээс өөр ид шид байсан юм уу, сүүлд Турк рүү нэг сургуульд явлаа гэж сонсогдсон, тэгснээ Туркийн дэлгүүрээс бараа хулгайлсан хэрэгт холбогдоод хөөгдөөд ирсэн гэдэг биз дээ. Тэгсэн одоо сайд гээд явж байна ш тээ” хэмээн шоолон инээлдэнэ. “Лхамаа, чамайг эргүүлдэг байсан Буянаа чинь гайгүй бизнес эрхэлдэг байсан, одоо мөрийтэй тоглоомонд донтоод бүх зүйлээ зараад, одоо бүр гудманд гарсан гэнэлээ” гээд найз бүсгүйчүүд нь ярьцгаах...
Нэг орой эмээ, Сарана охин хоёр зэрэгцээд гар утас руу толгойгоо шаачихсан пүү паа болцгоосон нь нэг охины толгой дээр бас нэг охин халуун кофе цацаж байгаа бичлэгийг үзэцгээж байв. Үүнээс залхсан Лхамаа “Боль боль, ээж одоо ийм юм хүүхдэд битгий үзүүлээд бай” гэж уцаарлалаа. Гэвч ээж нь Монголын болохгүй бүтэхгүй бүгдийг дамжуулсаар... Лхамаад, мөн америк нөхөрт нь энэ бүгд яршигтай, заримдаа ч улиг мэт санагдаж байтал харин нэг мэдээлэл тэднийг яах аргагүй гүн шоконд оруулсан юм. Тэр нь Монгол дахь Олон улсын нэгэн судалгааны байгууллагаас гаргасан нас биед хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл байв. Тэр мэдээнд охин хүүхдийг төрсөн эцэг нь тэдэн хувь, хойд эцэг нь тэдэн хувь, төрсөн ах нь, үеэл ах нь нууцаар хүчирхийлдэг гэх судалгааны дүн, хувь процент бүгдийг гаргаж, түүнийгээ Монголын сошиал ертөнц, сайтуудад дэлгэжээ. Бузар булайгийн үүр, охин үрдээ монголчууд чинь яаж хандаад байгаа юм бэ гэх уулга алдалт... тэнд бий боллоо. Энэ муухай мэдээллийг ээж, охин, америк аав... тэвчин хүлээж авч чадсангүй. Лхамаа бүсгүй эрс шулуунаар “За за Саранаг Монгол руу явж амраах асуудлыг одоо хая, ийм балайр болчихсон газар руу яаж хүүхдээ явуулдаг юм, ёстой новшийн болжээ” хэмээн ширээгээ түгхийтэл тогшоод бослоо. Сарана охин сайхан Монгол орныг үзэх хүслээсээ ийнхүү мултарч байгаагаа ойлгон “Эмээ монгол тийм муухай юм уу” хэмээн хошуугаа цорвойв. Эмээд хэлэх ч үг олдсонгүй. Яагаад гэвэл тэр бүгдийг дамжуулсан хүн нь эмээ өөрөө, нүдээр харж, биеэр үзээгүй ч сошиалын хар бараан мэдээнд бүрэн автагдсан түүнд “Үгүй, тийм биш ээ, Монгол” гэж хэлэх чадал байсангүй.
Тийм болохоор Монгол эх орны чинь зүгээс Америкт төрж өсч байгаа 13 настай Сарана охинд хэлье. Миний дүү, Монгол тийм биш ээ. Монгол эх орон чинь уул устайгаа, ургамал цэцэгстэйгээ, хүн ард, мал ахуйтайгаа амгалан тайван оршсоор байна. Монгол бүсгүй Лхамаад бас хэлье, Хан Алтай чинь ханхалзан байгаа, Халхын тал чинь цэлийн байгаа. Ээжийн чинь ярьж, сошиал орчноос харж дамжуулж байгаа энэ бүхэн амьдрал дээр бүгд худлаа шүү. Гурван сая хүний дотор байтугай гурван айлын дунд үе үе асуудал гарч л байдаг, намжиж л байдаг. Өнөөдөр хүн бүр утаснаасаа дуулсан сонссон юуг ч шуугиан болгож болох, түүнийг нь дор хаяж таван мянган хүн харж цааш ярих тийм цахим нийгэмд амьдарч байна. Дээр нь монголчууд бидний эх орондоо хайр найргүй ханддаг бэртэгчин үзэл бодол ч улам их нэмэр болж байгааг хэлье. Үүнд Америкт байгаа монгол бүсгүй та нэмэр болоод яах вэ, зүгээр л хүү, охин хоёроо Монгол руу, ах дүүс рүү нь ирүүлж амралтыг нь өнгөрөө.
Мөн эмээ, ач охин хоёрт онцгойлон хэлье. Та хоёр зуны сайхан цагаар эх орондоо ирцгээ. Монгол Улс, монголчууд бол энэ дэлхий дээр хамгийн их ёс жудгаа дээдэлж ирсэн, хойдох, урдахаа бодож амьдардаг, ядарсан нэгэндээ үнэн сэтгэлээсээ тусалдаг ард түмэн байсаар байгаа. “Миний арга үнэхээр тасарч байна, монгол түмэн минь” гээд хүнд өвчтэй хүүгээ тэврээд, нулимс дуслуулан зогсоо эр хүнд хагас тэрбум төгрөгийн хандивыг хоёрхон өдрийн дотор тал талаасаа хамжаад босгоод өгчихдөг сайхан сэтгэл нь хэвээрээ байгаа. Бусдын төлөө нулимс унагаж, сэтгэл гаргаж чаддаг, дэлхийн хаана ч байхгүй сайхан ард түмэн, Монгол Улс минь хэв хэвээрээ. Ганцхан энэ бүх сайхныг муухай болгож харагдуулдаг бидний сошиал хэв маяг алж байна.
Магадгүй дуусгачихаж ч мэдэх нь. Түйтрийн мэдээг сэтгүүл зүйн мэдээ болгон хүлээж авах буруу боловсролд бид шилжлээ. Сайн муу бүх мэдээлэлд баталгаа өгдөг ганцхан зарчим бол найдвартай эх сурвалж, редакци байдаг тухай ойлголт сошиалын шар үгс дотор живчихлээ. Уг нь бол социалист нийгэмд ажиллаж, амьдарч төлөвшсөн Сарана охины эмээд энэ бүх төлөвшил байгаа ч бусдын адил цаг үедээ нэрвэгдэж, өөрөө хүртэл худал мэдээ дамжуулагч нэгэн болон хувирчээ. Үүнд нь итгэн Монголд ирэх мөрөөдөлд автсан хөөрхий Сарана охины хүсэл зоригийг будаа болголоо. Энэ бол эмгэнэл.
Гэтэл монголчуудын бодит үнэн ямар билээ, хар даа. Сарана шиг охин үрээ монголчууд бид нүдний цөцгий мэт хайрладгаараа хаана ч байхгүй ард түмэн. Аавуудын хаан бол охин үр нь. Охин үрийнхээ дэргэд ямар ч эр хүн номхон дөлгөөн байдаг. Энэ ертөнцийг элээж дуусах үед охин минь зөөлөн гар дээрээ тааваар үднэ гэдгийг монголчууд яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Ийм нандин амьтдынхаа өөдөөс муухай харах уу. Нандинаас нандин, аз жаргал нь болсон охин хүүхэд минь монголчууд бидний хувьд дээд шүтээн минь билээ. Сарана, Эмээ, Лхамаа, бас тэр америк аав дөрөвт хэлье, Монгол минь та нарын бодож байгаа шиг биш ээ. Төрсөн цагаасаа эхлээд хамгийн их эрх чөлөөг мэдэрч өсдөг хүмүүс бол монгол охид байдаг юм. Ийм эрх дураараа хүүхдүүдийг Монголоос өөр хаана ч харахгүй. Монголын нэг сая хавтгай дөрвөлжин км нутаг бол бидний үр хүүхдийн эрх мэдэлд бүрэн чөлөөтэй байдаг юм. Тэд Монголын хаана ч очсон эрх дураараа тоглоно. Америк шиг нэг алхаад хүний эдлэн рүү орчих тухай ойлголт байхгүй. Та бүхэн Саранаг, ахтай нь зун хөдөө байдаг ах дүүгийндээ авчраад “хаячих”. Эхний хоёр өдөрт эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах гэж дүрэмдэх байх. Тэгдэг л юм. Монголын минь хөдөө харагдах байдлаараа хэцүү хэцүү, ахуй муутай л гэж харагдана. Гэвч тэр бүхэн чинь дэлхийд байхгүй оргиналь нь, эко орчин юм аа. Хөгжсөн орны хүүхэд бүрийн, эцэг эх бүрийн хүсдэг орчин ч байж магадгүй. Малын хотонд зуныг өнгөрөөсөн хүүхдэд ямар ч харшил насан туршид нь үүсдэггүй наад захын дархлаа тэнд бий болдог. Ингээд яривал их юм бий. Эцэст нь хэлэхэд, сошиал орчин, цахим сүлжээ, зурагтын мэдээнүүд... энэ бүгд Монголыг гутаасан мэдээллээр дүүрэн байгааг ойлгоорой. Монголын цөөнгүй иргэн Монголыг муу муухай харагдуулахад идэвх зүтгэлтэй оролцдог юм, битгий хууртаарай. Сайхан Монгол орондоо тавтай морил, Сарана. Нутгийн зуны сайхан улирал хаяанд ирлээ...