Б.Цэнддоо “Манай гудамжийг уруудаж явсаар” нэртэй  яруу найргийн ном гаргажээ. Түүний шинэ бүтээлийн талаар нийтлэлч Артанъян блиц ярилцлага хийснийг дор нийтлэв.

-Та яруу найргийн ном гаргасныг харж байна
-Инээдээ барьж чадахгүй байгааг  чинь би ч бас харж байна.

-Яагаад ингэж бодов.
-Фельетон бичиж байснаа шүлэг гаргана гэдэг бол бөхчүүд уран нугараад эхэлсэнтэй адил наргиантай санагдсан болтой дог

-Миний царайг уншиж байна уу?
-Шүлэг царай хоёроо харилцан уншилцаж байна л даа.

-Яагаад  шүлэг бичив?
-Яасан гэж шүлэг бичихдээ тулав, юу дутав гэж үү?

-Ингэхэд  энэ  маань ярилцлага уу,  харилцан асуулцлага уу?

-Зарим яриа асуултыг асуултаар  хариулаад явдаг. Заримдаа ямар ч асуултгүйгээр ам уралдан хариулцгаах нь ч бий.  Харин энэ яриагаа ядаж,  “хариулт төст” яриа болгохын тулд асуухаас чинь өрсөөд ганц нэг юм ярья

-Томуу төст өвчин гэдэг шиг үү

-Ингэхэд надад  хариулах боломж олгох, олгохгүй алин болох?

-олгох болох!
-Нэгдүгээрт, би шүлэг бичихдээ одоо л тулаад байгаа юм биш.Угаасаа шүлэг бичдэг нэг хоёрын зэрэг ном гаргасан, зүйрлэвэл бүр цайрсан гар. Хоёрдугаарт, шинээр бичээд унасан юм биш, урьд гарсан гараагүй юмаа эмхлээд гаргасан юм. 1980-аад оны сүүлээр “Амь халуун” нэртэй ном гарч байлаа. 1990 онд Улсын хэвлэлийн газраар “Үдийн мөргөл” гэдэг ном гарах гэж байгаад гараагүй. Хамгийн сүүлд 1993 онд “Ил товчоо”-д хэдэн шүлэг гаргасан юм байна.

-1990 онд гарах гэж байсан тэр ном гологдоод гараагүй гэж таамаглавал та гомдох уу?
-Чи эндээс баяр хөөр олж чадаж байгаа бол би гомдохгүй байж чадна.

-Аа гомдолгүй байх нь. Сэтгэл хангалуун үлдсний нууц юу вэ? Хүмүүс мууг минь мэдээгүй өнгөрсөн учраас гэх мэт.
-Ядаж л шагналынх нь урьдчилгааг авчихсан байсан учраас.

-Та шүлгийн ном гаргасан зорилго
-Наанадаж, Зүүн хойд Азийн хямралыг намжаах, Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр зохицуулах. Цаашлаад...

-Галзуу хариулт байна.
-Ингэхэд чи асуух юм уу, дүгнэх юм уу?

-Дүгнэлтэн асуулт тавьж байна?
-Ер нь бол чи ярилцлага авах гэхээсээ маныгаа галзуурч үү үгүй юу гэдгийг харах гэж ирсэн, тийм үү?

-Дэг ээ баръя!
-Асуултан хариултаа зогсооё гэж үү

-Наадах хариултанд чинь асуухгүй!?

-Би өөрөө л таашаал авах. Авсан таашаал мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж шүлэг бичдэг. Яруу найраг бол яг л уран зураг, хөгжим шиг тэнгэрлэг мэдрэмжийн цогц.

-Таашаал авна гэхээр дур таашаал...
-Төсөөлөл нь зөв ч дүрслэл нь алдаатай байна. Ухаандаа  нэг нөхөр чамайг тамхиа татахаар гарахыг чинь хараад “Артгаа дураа хангахаар гарлаа” , кофе бэлдэхээр “Өнөөх чинь  дур хүслээ хангахаар бэлдээд уналаа” гээд давхиад байна гэж бодъё.

-За бодлоо
-Та хоёрын алин нь гажиг харагдаж байна

-Мэдээж тэр этгээд
-Харамсалтай нь зөв.

-Таны ном сайхан уу
-Наддаа л сайхан. Яг л чиний тоорт чамд л сайхан шиг.

-Миний тоорт танд муухай гэсэн үг үү?
-Артгаагийн өмнө тоорт байгаа нь чамд л сайхан болохоос надад хамаагүй. Надад муухай биш байгаа болгон надад сайхан гэсэн үг бас биш. Хэрвээ хэн нэгэн этгээд “Артгаагийн өмнө бялуу байна. Хорвоо чи яасан сайхан бэ” гэж байгаа бол бүлтэрч байгаа л гэсэн үг.

-Та ингэж хэллээ ч гэсэн үү?
-Энэ асуултыг алгасая

-Та яагаад ингэж үнэн ээ хэлээд байгаа юм бэ

-Сүүлд худлаа хэлэхэд хэрэг болох байх гэж бодоод. “Заримдаа би үнэн л ярьдаг ш дээ, та нар юу эс андахав” гэж мэтгэх барьц болдог юм байгаа биз дээ.

-Та хааяа худлаа ярьдаг хэрэг үү?
-Асуултаа арай гоёор тавих гээд үз дээ?

-Цаг үргэлж үнэнийг ярих боломж танд хэр олддог вэ?
-Наад асуултаа өөртөө тавиад өөрөө өөртөө хариул. Чи бид хоёрт төдийгүй бүх хүнд ижилхэн хариулт бодогдоно.

-Хүн үргэлж үнэнийг ярих учиртай гэж надад бодогдлоо.

-Зөв. Бүх хүнд тэгж бодогддог.

-Танд ч бас уу?
-Би хүн байхыг л хүсдэг.

-Таны шүлгээс хүмүүс юу авах вэ?
-Юу ч авахгүй. Эргэн тойрныхоо ертөнцийн талаархи мэдрэмжүүдийг маань хуваалцана. Тэгээ л гүйцээ.

-Ухаарал хайрласан бүтээл болж гэлээ гэдэг шиг, тийм юм байх уу
-Ингэхэд, хэрэг хийсэн хүнийг урлагаар ухааруулж, хүмүүжүүлэхээр театр руу яагаад илгээдэггүй юм бол гэж бодогдож байсан уу?

-Та яруу сайхныг дутуу үнэлж байх шиг.
-Хэтрүүлж үнэлснээс  дээр.

-Таны шүлгийг тухайн үеийн зарим томчууд магтдаг байсан дуулдсан
-Аль дуулдсан юмыг асууж барах билээ, дүү минь.

-Үнэн үү, худлаа юу? Нэг үгээр хариулна уу.
-Алтангэрэл судар дээр гараа тавьж байгаад “Би үнэнийг, зөвхөн үнэнийг хэлнэ. Умаахум” гэж андгайлах уу?

-За аа, үнэн л гэх байх аа даа

-Үнэн байсан ч гэсэн тэр цаг үеийн үнэн. Бид хүүхэд байхдаа “Хөөрхөн хөвүүн, эсвэл охин” гэсэн магтаалыг ядаж нэг удаа ч болов сонссон л байгаа. Гэтэл хөгширсөн авгай “Би угаасаа хөөрхөн охин болохоороо” гэж ирээд л ярьсаар явбал ямар харагдах вэ?

-Тэр үеэсээ муудчихсан гэсэн үг үү?

-Бүх юм өөрчлөгдсөн, бичлэг ч тэр, үнэлэмж ч тэр... өөрчлөгдсөн гэдэг утгаараа.

-Тэхээр хуучнаасаа муудаагүй...эсвэл
-Ингэхэд чи миний талд байна уу, баавгайн талд байна уу гэгчээр

-Мэдээж, шударга үнэний талд
-Би ч бас тэр талд байна.

-Сайн юм цөөхөн байх ёстой. Муу юм түүнээс цөөхөн байх ёстой гэдэг. Бас зарим юм чанараасаа үл хамаараад цөөхөн гарсан учраас үнэ цэнэтэй болох нь ч бий.Тавхаг ширхэг гарсан марк гэдэг шиг. Яг хэдэн хувь хэвлэгдэв, таны номыг хэдэн хүн уншиж чадах вэ?
-Маш цөөхөн хувь хэвлэгдсэн учраас маш олон хүн уншиж чадахгүй. Энэ бол чадаагүй нь хохирно гэсэн үг ч биш. Бас уншсан нь хожихгүй гэсэн ч үг биш.

-Ингэхэд  яруу найргийн талаар ярьж эхлээд нэг ч шүлэг ярьсангүй.
-Тэгэх нь зөв. Шүлгийг ярьж болохгүй. Яруу найраг бол цэвэр Мэдрэмж. Мэдрэмжийг яаж ярих билээ? Чи өөрөө нэг гоё мэдрэмж яриад өг дөө

-Нэг тийм...их гоё мэдрэмж
-За нэг иймэрхүү л байх жишээний
............................