Их Тетоны намар


Үүлс зүмбэрлэж сэмэрсэн Их Тетоны цэнхэр уулсын сав газарт зэрлэг сарлагийн сүрэг бараадан идээшлэх өвөрмөц нэгэн гөрөөсөнд нүдний хараа өөрийн эрхгүй татагдана. Энэ болбоос Америкийн Вайомин мужийн уулархаг нутгийн нуга, гол мөрний сав хөндийг чимэглэсэн сэрээ эвэрт гөрөөс. Зэрвэс харахад манай зээр ч юм шиг, лавшруулж дурандахуй бор гөрөөс ч гэлтэй. 

“Эрлийз гөрөөс”


Намар цагийн зүс ньбудаг шунхны өнгө хослуулж хээлсэн мэт гайхалтай чамин. 

Эрэгчин нь “эрлийз” маягийн эвэртэй. Тэр нь манай бор гөрөөсний гур, хар зүүлтийн ооны эврээс авч сийлсэн мэт хэлбэртэй.

Тэднийг “Монгол хэлний их тайлбар толь”-д сэрээ эвэрт гөрөөс гэжээ. Мэргэн оноосон нэр. Америкчууд зүгээр л зээр гэнэ. Гэвч түүний гарал үүсэл нь анааштай холбоотой гэж эрдэмтэд тогтоосон байдаг нь хачирхалтай. Биеийн галбир нь молхи миний нүдэнд ердөө бор гөрөөс шиг харагдана. Гэвч янзага, шаргачин, ооно гэж нас, хүйсээр нь ялгаж ярина, америкчууд. 

Харин латин нэрнийх нь язгуурыг сөхвөл аntilopo(зээр) ба capra(ямаа) гэх үгсийн нийлбэр санж. Өөрөөр хэлбэл, зээр, ямаа хоёрын эрлийз хурлийз гэх шахуу. Тэгээд ч хөхтөн амьтан дотор дангаараа бие даасан овог(Antilocapridae-ямаан зээрийн овог) бүрдүүлдэг бөгөөд зөвхөн Хойд Америкт л төржээ. Тиймээс америк зээр (Antilocarpa americana) гэдэг юм байна.

Харин Америкийн индианчуудын хувьд түүнийг янз янзаар нэрлэнэ. “Цаа бугын садан”, “бэсрэг буга”, “цайвар буга” гэх мэт. Тэд Бугынхан овог гэж үздэг байна. 

Европчүүдийн хувьд бол энэхүү амьтанд нэр өгөх гэж он удаан жил зүдэрсний эцэст зүгээр л ямааны төрлийн хөхтөн гэсэн түүхтэй.

Тэд өвөрмөц хурдан гэдгээрээ алдартай. Аюул заналаас үргэхүл 4-5 минутын дотор 96 км/цаг давхиж холдох бөгөөд цааш нь дундажаар 56 км/цаг хурдтай нилээд алс хатирах чадвартай аж. Харин Африкийн үчимбэр 112.6 км/цаг давхидаг нь сэрээ эвэртээс илүү боловч энэ хурдаараа дөнгөж ганцхан бээр явна. Сэрээ эвэрт болбоос уртын замыг үчимбэрээс хамаагүй хол туулдаг онцлогтой. Түүний туурайны бүтэц, ясны нягтрал, үе мөч нь бусад амьтныхаас өвөрмөц гэнэ. Цагаан хоолой, уушиг, зүрх нь жирийн амьтныхаас хавьгүй том учраас хүчилтөрөгч илүү сордог гэж бичжээ. Тийнхүү үчимбэр, сэрээ эвэрт хоёр л хурдаараа амьтны ертөнц дотор толгой цохидог гэх. Манай хар сүүлт зээр ч эднээс нэг их хол хоцрохгүй хөнгөн хөлтэй гэж муйхарлана.

Сониучхан харц


Сэрээ эвэрт хэт их сониуч зантай. Аливаа содон өнгө, элдэв хөдөлгөөнтэй зүйлс хармагцаа заавал дөхөж шинжих дуртай. Америкийн уугуул гөрөөчид бээр таяг, эсвэл цагаан алчуураар даллаж ойртуулаад нум сумаар намнадаг байж. 

Тэр аюул мэдрэх үедээ сэрвээнийхээ цагаан үсийг босгодог, түүнийг нь гурван саахалтын зайнаас ижил сүрэг нь харж сэрэмжилдэг аж. Дохионы хэл нь ийм чамбай. Түүний булчин махбод нь арьс, үсээ ийнхүү “удирддаг” чадвартайг судлаачид онцолжээ. Мөн эгшин зуур заар ханхлуулж нэг саахалтын дайны хүрээнд бусдыгаа сэрэмжлүүлэх өөр нэг дохиотой болох нь нотлогджээ. 

Тэдний ороо хөөцөө намрын сүүл сард тохиодог нь манай марал бугынхтай ижил. 

Хашир суусан цөлх ооно болбоос бяр тэнхээ, арга залиар түрүү барьж олон шаргачин хурааж эзэрхийлнэ. Буга ч бас тэгж сүрэг согоо эзэмддэг. Энэ нь бугаас авсан “эрлийз” араншин гэлтэй.

Анирдсан янзага


Шаргачин хээлээ найман сар гаруй тээж хаврын эхэнд нэг, хоёр янзага төрүүлнэ. Гэхдээ сүрэг шаргачин хоёр гуравхан өдрийн дотор нийтээрээ янзагалдаг нь манай цагаан зээрнийхтэй төстэй. Энэ өнцгөнөөс нь үзэхүл цагаан зээрийн эд эстэй ч юм шиг. 

Нярай янзага хагас цагийн дотор хөлд орж, гурван өдрийн дараа хүмүүнээс хурдан дэгдэж, долоон хоногийн эцэст адуунаас ч илүү давхих шандастай болж чангардаг гэнэ. Ийм шидтэй, шөрмөслөг янзага эхийгээ дөрөв, таван сар хүртлээ хөхдөг аж. 

Дүрэлгэр нүдэн


Сэрээ эвэртийн нүд нь дүрэлгэр бөгөөд сунжгар том. Зааныхаас ч томгээдтөсөөлж үздээ? 

Уртаас урт, хараас хар сормуус нь нарны хурц тусгалаас нүдийг нь хамгаалах саравч гэнэ. Хараа нь хүмүүнийхээс найм дахин илүү хүчтэй агаад таван бээрийналсад сүүтэгнэх төдий хөдөлгөөнийг олж хардаг нь тогтоогджээ. Чухам ямар амьтнаас авч “эрлийзжүүлсэн”-ийг таах аргагүй, ийм хурц харааг. Лав бор гөрөөс, ямаа, хар сүүлт, цагаан зээрийнх биш. Хамгийн сонирхолтой ньэргэн тойрноо бараг 360 хэмээр “хянадаг” гэх. Өөрөөр хэлбэл, тэр идээшлэх ахуйдаа чанх араас нь гэтэж буй цөөвөр чоныг элбэг олж хардаг гэсэн үг.

Эрхий эвэрт

Шаргачны эвэр нь эрхий хурууны дайтай бөгөөд шовх үзүүртэй. Чих, эвэр, нүд, хамар, уруул хийгээд хүзүү, хөл нь уран хийцтэй, өнгө зүс нь төгөлдөр. Ооно бол эврээ өвлийн эхэн сард гээж хавартай зэрэгцэн ургуулдаг нь ямаа, зээрний овгийхноос тэс өөр, харин бор гөрөөстэй адил. 

Уг гөрөөс арав орчим насалдаг байна. Гэхдээ насны тоо нь саарал чоно, пума, талын цөөвөр, шар шилүүсээс гадна цармын бүргэдээс хүртэл хамааралтай. Эдгээр махчид бээр нярай шаргачин, нялх янзаганы дайсан аж. Тийм учраас сэрээ эвэрт гол төлөв мод, бут сөөгөөс хол нуга, нүцгэн тал, цэлгэр хөндийд нутагладаг. 

Тэдний уугуул нутаг нь баруун өмнөд Канадын тал хээрээс урагшаах Америкийн баруун тал, хойд Мехсик рүү түрж тогтжээ. Эдгээр газарт сэрээ эвэрт 20 сая гаруй жил нутагласан баримттай бөгөөд 1870-аад онд бараг 50 сая тоо толгойтой байж гэнэ. XIX зууны сүүлч гэхэд тэд мөхлийн ирмэгт тулсан гашуун түүхтэй. Түүний мах, арьс, яс нь хүртэл хүмүүний шуналд өртсөн нь аюул дагуулжээ. Гэхдээ орчин цагт Америкийн төр, засаг гойд анхаарч ирсний дүнд эдүгээ 700 гаруй мянган сэрээ эвэрт тоологдсон бөгөөд ихэнх нь дээрх Вайомин мужийн нутагт бүртгэгджээ. 

Манай хар сүүлт, цагаан зээр хоёр маань сэрээ эвэртийн туулсан гашуун тавилан, түүхийг давтаж байна даа гэж бодоход зүрх шимширнэ. Яагаад гэвэл эдүгээ бид нүд балай, чих дүлий царайлдаг. Америк, Канадын туршлагыг шууд хуулах нь тэднийг хүмүүний хомхой савар, ган зудаас аварч мэднэ. 

Их Тетоны нутаг бол зэрлэг сарлагийн орон. Тэнд сэрээ эвэрт, сарлаг хоёр эв найртай зэрэгцэн оршдог нь учир начиртай.

Намрын бэлчээр


Зэрлэг сарлаг болбоос тал хээрийн өвс ногоо сорчлон тасалж хивдэг амьтан учраас төрөл бүрийн сөөг, өвслөг шарилж зэрэг хөрс баяжуулагч олон наст ургамалд ам хүрдэггүй аж. Тэдгээр нь хөрсөнд шим тэжээлтэй цэцэгт болоод навчит ургамал элбэг ургах орчин үүсгэдэг нь сэрээ эвэртийн хувьд чухал болой.

Тэгээд л мань гөрөөс хавар, зун, намарт сарлаг даган бэлчиж шимт сөөг, навч цэцэг хөөж зоолдог байна. Харин өвөлд олон зуугаар сүрэглэж сарлагтай бүр айлсдаг. Сарлагийн малтаж сэндийлсэн цасан дороос өвс олж хүрдэг нь сэрээ эвэртийн хувьд бөөн аврал, хахир өвлийн хэцүү цагт. Энэ нь нөгөө “морьтны хишиг явганд” гэмээр зохирол. Тэндэхийн цөөвөр чоно нь сарлагаас дөлдөг учраас уг гөрөөс чингэж айлсдагийн бас нэг шалтгаан ч байж мэднэ гэж бүдүүн зүрх гаргавал яах бол? 

Алс холын Америк тивд монгол сарлагийн “садан” заяажээ. Гэхдээ бух нь манай сарлагийн бухаас барагцаалбал хоёр дахин лагсгар санж. Сарлагийн жинхэнэ зэрлэг өвөгтэй Төвдийн өндөрлөгт нэгэнтээ тааралдсан боловч зураг буулгах аз миний биед дутсан юм. 

Өмнийн говийн хар сүүлт зээрийн “хамаатан” гэлтэй сэрээ эвэрт гөрөөсийг Их Тетон(Grand Teton)-ы сарьдаг нуруудын бэлд төрүүлсэн байгаль эхэд сүсэглье. 

Молхи би бээр чадан ядан буулгасан зураг, тэрлэсэн эсээгээрээ энэ гөрөөсний зарим сониноос толилуулахыг хичээсэн минь энэ. 

Дараачийн удаа Их Тетон, түүний хөрш Шар асгат(Yellowstone)-н тусгай хамгаалалттай газрын цөөвөр боохойны тухай жич өгүүлнэ. 


“Эс хайрлахын аргагүй ертөнц” цуврал

2021.03.28