Ховдыг чөлөөлсөн тулаан ба Торгуудын Төмөрцэрэн (Төмөржин )гүнгийн тухай...
Төмөрцэрэн гүнг Балт вангийн дүү гэж зарим хүн бичсэн байна. Гэтэл тэр боловсролтой залуу ноён хаанаас хэзээ ирж Богд хаант улсад зүтгэх болсон нь тодорхойгүй юм. Ямар боловч язгууртан хүн бөгөөд гүн цолтой байжээ.
Энэ хүн Ховдыг чөлөөлөх үйл явдалтай ямар холбоотой, тэр нь хэрхэн өнгөрсөн тухай А.В.Бурдуков Ховд хотыг чөлөөлөхтэй холбогдуулж маш тодорхой бичжээ. Тухайн үед А.Бурдуков Ховдын хязгаарт оросын худалдааны пүүсийн зарлагаар ажиллаж амьдарч байв. Бурдуковын тухай бол бид сайн мэднэ, ялангуяа Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн оргил үед алс баруун хязгаарт ажиллаж байхдаа маш үнэ цэнэтэй мэдээллийг тэмдэглэн бичиж үлдээсэн хүн юм.
Харин тэр торгуудын гүнг Төмөржин гэж бичсэн бөгөөд чухам аль чуулганы, аль хошууны хүн болохыг бичилгүй, үйл явдлыг тэмдэглэн үлдээхэд голлон анхаарч бичжээ. Нэлээд хожуу бичсэн, мөн нас барсны нь дараа дурсамжийн гар бичмэлийг нь хэвлэсэн тулд зарим нэг алдаа мадаг засагдаагүй байх талтай. Харин Ховдын амбанд тулган шаардах бичиг хүргэж өгсөн хүний нэр Богд хаанаас Юань Шикайд илгээсэн нэлээд шазруун захидалд “Төмөрцэрэн” гэж бичжээ. Бурдуковын дурсамж ба Богд хааны бичиг хоёрт дурдагдан буй үйл явдал адил тул хоёуланг үйл явдлын бүрэн зураглалыг алдахгүйн тулд нэлээд тодорхой, уртаар хуулж бичлээ...
Мөн уг үйл явцдалтай холбоотойгоор Ховд хотын Сангийн хэрмийг яагаад тэгтэл эвдэн сүйтгэсэн шалтгаан ч тодорч байна. Ерөөсөө эвдэн сүйтгэхийн тулд л эвдсэн бус цэргийн бодлогын үүднээс эвдэн нураасан ба оросууд хориглоод ч дийлсэнгүй ажээ.
Бас нэг асуудал нь торгуудын хоёр чуулганы нэг нь Монгол Улсын харъяанд нөгөө нь Шинжаанд үлдсэн тухай юм. Асуудлыг ганцхан Балт вангийн үйл ажиллагаатай холбож дурдахаас хэтэрдэггүй, энэ талын судалгаа хомс ч энд дурдагдсанаар хэд хэдэн сонирхолтой асуултууд гарч байгаа юм.
Нэгдүгээрт, Төмөрцэрэн гүнг Балт вангийн дүү гэж зарим хүн бичсэн байна. Гэтэл тэр боловсролтой залуу ноён хаанаас хэзээ ирж Богд хаант улсад зүтгэх болсон нь тодорхойгүй юм. Ямар боловч язгууртан хүн бөгөөд гүн цолтой байжээ.
Хоёрдугаарт, Бурдуковын бичсэн орооцолдсон үйл явцын дунд голдуу Хатанбаатар ба Дамбийжанцан нарын бодол санаатай холбоотой хэд хэдэн сонин үйл явц ажиглагдаж байна.
Үүн дотроо нэгд, Ховдыг чөлөөлөхөөр ирсэн Хатанбаатарын цэргийн тоо цөөн, орон нутгаас цэрэг дайчлах явдал саатсан тэр хугацаанд Шар сүмээс Ховдын чиглэлд явуулсан цэргийн ажиллагаа гайхалтайгаар саатаж байсныг онцлон ажиглагласнаа А.Бурдуков бичсэн байна.
Хоёрт, Шар сүмээс Ховдод туслахаар явуулсан цэргийг гурав хувааж, жижиг бүлгээр таслаж явуулсан ба эхнийхийг Хонгод угтан цохиж, 20 гаруй хүнийг алж, хоёрхон хүн олзолжээ. Хоёр дахь цувааны 40 морин цэргийг урианхай, өөлдийн дайчлагдсан цэргүүд анзааралгүй өнгөрөөсөнд Магсаржав, Жа лам хоёр очиж амжилгүй Ховдын хэрэм рүү оруулаад алдчихжээ. Харин гурав дахь цуваа буюу Магсаржавын “Хатанбаатар”, Жа ламын “Догшин ноён хутагт” цол авсан Талын хайрханаас холгүй болсон байлдаан шийдвэрлэх тулаан байсан юм. Жа ламын угтан байлдаж, Магсаржав Ховдын хэрэмнээс гарсан туслах цэргийг буцааж хөөн оруулсан тулалдаанаар Монгол цэрэг бараг хохиролгүй 170 хятад цэрэг, 70 тэмээг алжээ, бүх ачааг тэр дундаа морин цэргийн олон винтов, маш их сум олзолжээ.
Монгол цэрэг Ховдыг эзэлсний дараа ч хятадын цэргийн хөдөлгөөний талаарх нэн тодорхой мэдээллийг шуурхай авч байсныг дараахь дурсамжаас харж болно.
Мөн Жа лам, Хатанбаатар нар "Цагаан түнгэ" рүү давшиж, Балт вантай нийлэхээр төлөвлөж байсан тухай ч дурджээ. Хамгийн сүүлд Шар сүмээс Ховд руу илгээсэн 2000 цэрэг Хатанбаатар, Жа лам нарын тулалдахаар хэдийнээ сонгосон Цагаан түнгэд гэнэт зогсоод, тэндээ өвөлжсөнөөр барахгүй хойтон зун нь тэндээ хиар цохиулсан сонирхолтой үйл явцыг бас ажиглаж болохоор байна.
Үүний үр дүнд баруун хязгаараас өнгөлзөх хятадын өнгөлзлөгө бүрмөсөн зогссон төдийгүй хожим яг энэ чиглэлд маршал Чойбалсан хасгийн босогчдод туслаж, Шинжаан дахь Дорнод Туркестаны улсыг дэмжих Зөвлөлтийн бодлогын завсараас хожоо олохыг оролдож байсан билээ. Ер нь Ховдыг чөлөөлмөгцөө Жа лам, Хатанбаатарын төлөвлөж байснаар Монгол цэрэг цааш давшсан бол Торгуудын нөгөө чуулган ч Монгол Улсын харъяанд орчих байсан мэт харагдана. Хожим Жа лам үүгээр хэсэг түйвээсэн авч амжилт олоогүй билээ. Одоо баримтуудыг уншицгаая!
... Энэ үед Өргөөгийн Засгийн газраас энхтайвны гэрээ хэлэлцээр хийхээр Ховдод ирүүлсэн Торгуудын нэгэн ноён Төмөржин гүн Ховдын амбанд баригдаж, хэрмийн доторх шоронд шаналж байв. (Монголчуудын зүрхийг үхүүлэхийн тулд Төмөржин гүнг тамлан зовооход гаслант дуу нь хэрэм даван сонсогдож байжээ гэж Ломакинагийн номд бичсэн байдаг)
Төмөржин гүн Завханы факторыг дайрч өнгөрсөн тухай манай нэг албан хаагч надад ярьсан юм. Түүний ярьснаар бол Төмөржин саяхан Өргөөгийн ЗГ-аас “гүн” хэргэм шагнуулсан, зориг шийдэмгий залуу ноён байв. Ховдыг даруй орхин зайлахыг амбанд шаардсан Өргөөгийн ЗГ-ын бичгийг тэрээр авч ирсэн байжээ.
Төмөржин бол боловсролтой бөгөөд шийдэмгий хүн байж. Да Хүрээнээс Завханы адаг хүртэл 1500 мод газрыг зогсолтгүй давхиулж их ядарсан байв. Манай факториос түүнийг тэргэнд суулгаж, Дамба худаг буюу Загийн тойруу хүртэл хүргэж, цааш Ховд хүртэл мянгадуудын хамт дан мориор явж Асановын пүүсэнд буужээ. Тэндээсээ Төмөржин Далай ханы хошууны нэгэн дөрвөд түшмэлийн хамт Ховдын амбаны хэрэмд очжээ.
Захиа бичгийг амбанд жич хүнээр хүргүүлж, өөрөө Асановын пүүсэнд хүлээхийг оросын шилжин суугчид түүнд зөвлөсөн боловч тэрээр Засгийн газрын даалгаврыг биечлэн биелүүлэх, тэгээд ч хятадууд түүнийг баривчлахгүй гэсэн итгэлтэй байжээ.
Гэтэл байдал эрс ондоогоор эргэж олны ярих нь Төмөржин захиаг гардуулахдаа амбаны эсрэг сөргөлдсөн учир баривчлагдсан гэх ба хэрэг дээрээ арай ч тэгээгүй байх, харин амбан захиаг аваад Төмөржин гүнг барьцаанд авсан болов уу? Хэд хоногийн дараа Далай ханы түшмэлийг суллан тавьж, Төмөржин гүн туслахын хамт шоронд шаналан хоцорчээ.
Энэ явдал монгол, оросын дургүйцлийг төрүүлэв. Асановын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И.Ермолин найман казак цэргийн хамт Төмөржинг хятадуудаас чөлөөлье гэж хүссэн боловч Ховдод байсан оросын авгайчуул, гэр бүлтэйгээ байгаа оросууд хорьж болиулсан билээ. Ермолин хэрэг удаж, хятадууд догшрон гэмгүй олон түмнийг хохирооход хүрч болзошгүй гэж болгоомжилсон хэрэг юм. Аравхан хүн мянган хүнтэй гарнизоны бэхлэлтийг дайран орж чадахгүй ч гэсэн Ермолин казакуудын хамтаар Төмөржинг суллан авч болох л байсан юм.
Монголчуудын Ховдын асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх гэсэн сүүлчийн оролдлого амжилтгүй болов. Төмөржиний араас сайн зэвсэглэсэн (бердан буутай) 200 цэрэг бүхий Магсаржав Да Хүрээнээс гарч удалгүй Хар Ус нуур дээр (Ховдоос 40 мод газар) хүрэлцэн ирэв.
Төмөржинг амбан баривчилсан ба Магсаржав отрядын хамт Хар Ус нуур дээр ирсэн тухай мэдээг бид Завхан адгийн факторынхнаас дорхно нь сонсов.
Мөн Дамбийжанцангийн ухуулгын үйл ажиллагаа ч идэвхжиж нутгийн ноёд, тэдний элч төлөөлөгчид ламын дуулгавартай харъяат нар болж нэгдэж байв. Дамбийжанцан ч Го гүнээр (бэйсээр?) дамжуулан Өргөөгийн ЗГ-т бичиг явуулсан байлаа. Гагцхүү Нацаг бэйс, өвгөн Далай хан хоёроос бусад баядууд бараг цөм халхын талд зогсож байв. Түгээмэл вангаар дамжуулан Улаангомын чин вантай амжилттай хэлэлцээр хийж байлаа.
Төмөржин баривчлагдаж, Магсаржавын отряд ирсний дараа дайн болох нь гарцаагүй болж тэгээд Үрүмчи болон Шар сүмээс хятадын нэмэгдэл хүч ирэхээс өмнө бүх нийтийн дайчилгаа хийх нь чухал байв...
... Тэр үед Шар сүмийн захирагчаар тавигдсан Балт ван сайн зэвсэглэсэн ангийг авч Ховд руу мордох гэж байна гэсэн мэдээ иржээ. Ийм учраас ирэх нэмэгдэл хүчийг Ховдод ойртуулалгүй устгах ба 200 цэрэгтэй Магсаржав Ховдыг бүслэн авах хүчин мөхөс, орон нутагт цэрэг дайчилгаа явц муутай, Далай хан амбантай холбоотой учир Магсаржавт цэрэг гаргаж өгөхөөс эрс татгалзав. Да Хүрээтэй бичиг захидлаар харилцсан боловч үр дүн олсонгүй, байдал улам хүндрэв. Энэ үед Ховдын хязгаарт туйлын их алдар хүндтэй хүн болох Жалханз гэгээн Да Хүрээнээс Ховд руу гарсан тухай мэдээ ирж, эндэхийн ажил явдлыг ихээхэн хурдасгав.
Монголчуудын аз таарч, хятадууд бүр удаан хөдөлж байлаа. Шар сүмийн зүгээс ямар ч мэдээ чимээ алга байв.(?)
Ховдыг чөлөөлсний дараа...
Дараа өдөр Хятадын отряд ойртож буй сургаар (Ховдоос гарч)монгол цэрэг дээшээ, Тал хайрхан уулын зүг хөдлөв. Явах замдаа Хатанбаатар хотод Асановынд буув. Хатанбаатар дайчин, өндөр сэтгэгдэлтэй явж байв.
Дамбийжанцан тэр хоёр хятадуудыг энд ирэхийг үл хүлээн угтан очиж цохих бодолтой агаад тэгэхдээ отряд хоёр хуваагдаж нэг нь хятадыг отох, нөгөө нь Шарсүмд хүрч торгуудын Балт вантай нийлэх гэнэ. Гэвч бусад жолоодогчид тэр хоёртой санал нийлэхгүй байгаа ба Ховдоос олсон олзоо аваад даруйхан нутаг буцах хүсэлтэй ажээ...
Би консул (Шарсүмээс хоёр талыг эвлэрүүлэх гэж ирсэн ч Ховдын хэрмэн доторх хятадууд буудсанд цэргүүд нь консулаа хаяад зугтсан байдаг, түүнээс болж нэр хүндгүй болоод байжээ. А.Бурдуков)Кузминскийтэй уулзлаа... тэнэг биш боловч зориг муутай эр юм. Тэр энгийн номхон хятадуудыг тэнэг мунхгаар алж устгасан ба ямар ч хэрэгцээгүйгээр хотын хэрмийг эвдэж нураасан тухай болон хятадын отряд ойртон ирж байгаа гэсэн цуу яриагаар амбан ба олзлогдсон бүх хятадыг устгах, хотыг шатааж, хэрмийн ханыг эвдлэн нурааж, цаашдаа хятадуудыг байлдааны баазгүй болгох гэж буй Дамбийжанцан, Хатанбаатар хоёрын зөрүүд ажиллагааг ихэд зэмлэн буруушааж байв...
Дараа өдөр нь Жалханз гэгээн, Дамбийжанцан хоёртой уулзах төлөвлөгөөтэй байсан юм. Тэр хоёр нэлээд бухимдуу байгаа нь ажиглагдав. Цаашдын ажил явдлын талаар өөр хоорондоо болон Кузминскийтэй санал зөрөлдөөнтэй байгаа ажээ. Бидний уулзаж байхад элч довтолгон ирж, өмнөд хилийн харуулаас хятадын отряд Захчины нутгийн зах руу орж ирж яваа тухай мэдээ авчрав. Энэ мэдээ монголчуудыг ихэд сандаргав.
Жалханз гэгээн хамгийн боломжтой арга олох, юуны түрүүнд Кузминскийтэй эвлэрэх гэж оролдов. Дамбийжанцан ярихдаа: “Хойш тавьж болохгүй, хятадуудыг ирэхээс өмнө хот хэрэм болон олзлогдсон хятадын явдлыг дуусгах, эс тэгвээс цаашдын үйл ажил үйлсэд тээр болно. Хэрэв Хятадын их хүч ирж Ховдыг эзэлбэл дахин бааз газартай болох төдийгүй, олзлогдсон хятадаар эгнээгээ өргөтгөх болно. Чухам ийм учраас Хатанбаатар бид хоёр шийдвэртэй арга хэмжээ авах талд зогсож байна. Ховдыг авсны дараа Шар сүм хүртэл явах, Цагаан түнгээр торгуудын нутаг хүртэл явж байлдах нь зөв байсан юм гэнэ. Тэгвэл тэндээс торгууд, киргиз болон бусад аймаг бидэнтэй нийлэх ба манай хил хязгаар ч тэлэн өргөжиж, бид аюулаас гарах боломжтой байсан юм гэнэ. Бид олзлогдсон хятадуудыг хэрэм дотор барьж байж буюу нутгийн төв рүү хөөн зайлуулж чадахгүйгээс хойш Кузминскийд нэн даруй шилжүүлж, орос руу явуулах нь зүйтэй. Эс тэгвэл хятадын отрядыг ирэхэд олзлогдогсдыг устгахаас өөр замгүй болно гэж ярив. Жалханз гэгээн, Дамбийжанцан хоёр намайг Ховд орж байдлыг Кузминскийд танилцуулахыг хүсэв.
Дамбийжанцан, Хатанбаатар хоёр анхандаа Монголын засгийн газрын элч төлөөлөгч Төмөржин гүнийг цаазалсны хариуд амбаныг буудан алахыг шаардсан боловч дараа нь бүх олзлогдогсдыг Кузминскийд шилжүүлэн өгөх гэсэн бусдын саналтай нийлсэн билээ...
...Зочид тархан одож орой болсон хойно Дамбийжанцан сүүлчийн зөвлөгөөний үр дүнгийн тухай бидэнд ярив. Олзлогдогсдыг нэн даруй Кузминскийд шилжүүлэн өгч улмаар Орос руу явуулах, хэрмийг нураах, Хатанбаатар шилдэг отрядыг авч хятадуудыг угтан Гурван цэнхэр рүү нэн даруй хөдлөх, Дамдинсүрэн, Хайсан гүн нар цэрэгтэйгээ Ховдод үлдэх, орон нутгаас татагдсан зэвсэггүй цэргүүдийг гэр гэрт нь тараахаар шийджээ. Хятадуудыг ойртон ирэхэд хүрвэл Ховдын худалдааны хотыг ч бас нураах ажээ. Хүмүүсийг нутгийн гүн рүү нүүлгэх, өвөл болтол хятадуудыг хангах явдалд саад хийхийг отрядуудад тушаажээ. Өвөл болбол хятадуудыг ялахад хялбар гэж үзсэн байна. Дамбийжанцан баяд руу нүүж өвөлжих болов. Энэ бүхнийг зохих ёсоор гүйцэтгэж, илүү буу зэвсэг, хөрөнгө нөөцийг Зүмий рүү нүүлгэв.
Хятадууд хил дээр Цагаан түнгэ гэдэг газар зогсож өвөлжих болж зохих бэлтгэлээ хийж эхэлсэн тухай мэдээ удалгүй ирэв. Ховдод аймгийн захирагч Зоригт сайд үлдэж, Хатанбаатар хэдэн зуун цэрэгтэй Гурван цэнхэрт байрлаж хятадын замыг хаан зогсов. Бусад тайж ноёд тус тусын нутагт буцаж, нутгаас татагдсан цэргийг гэр гэрт нь тараав.
Ийнхүү Ховдын үйл явдлын эхний хэсэг дуусав. (Бурдуков.А.В “Хуучин ба шинэ Монголд. УБ.1987 хуудас 69-91)
Цагаан түнгэд 1913 оны 6 дугаар сарын 1-нд тулалдаан эхэлсэн. Хоёр талаас 22 хүн алагдаж, 30 хүн шархадсан. Манай цэргийг Хатанбаатар Магсаржав удирдан байлдсан байдаг. Хоёр дахь тулаанд Хятадын 2000 цэрэг, Монголын 700 цэрэг тулалдсан. Монголын тал хятадын 20 цэргийг алж, 50 орчим агтыг булааж, гэдрэг хөөн дутаалгасан байдаг.
Богд хаанаас Юань шикайд явуулсан бичиг.
Дундад Улсын их жүнтүн танаа толилму,
Иргэн үсгийн цахилгааныг үзэж мэдэв. Нэгэн захиргааны хүн гэрээ бичиг байгуулсныг сонсoогүй хэмээсэн нэгэн зүйлийг байцаавал Ин улс (Англи), Мэй улс (АНУ) угтаан нэгэн хааны захиргааны хүн болой. Хойно Мэй улсын хүн тусгаар улс болж, харилцан гэрээ бичиг байгуулан, эдүгээ болтол тасраагүй. Түүний тус тусдаа улс болсонд харшлалгүй болсонгүй.
Эрхэм та сонсож мэдээгүй юу? Мэй улс тусгаар болох тухайд Ин улс, хэдэрлэн дутаав гэсэн үгс үгүй аж. Эдүгээ улсаа дэмий их болгож, хайрлан тогтооно гэх зэрэг үгс хэрэглэсэн нь гол ёсноос зөрчсөнгүй бололтой. Харин улс төр байгуулсан хүнээ догшин зальхай гэсэн үгс бол бүгдээр найрамдсан үнэ ёс лугаа нэгдсэнгүй биш үү?
Ховдод байлдахад Бхү Шоныг барьж олоод, алсангүй. Байлдах тухайд хүнийг алсан боловч хотыг булааж авсан хойно нэг ч хүнийг алсангүй. Бхү Шоныг тавьж, нутагтаа эгэхэд бас зургаа илүү хүнийг тавьж хамт явуулав.
Засагт вангийн хошуунд байлдахад таны цэрэг эр хүнийг байтугай эхнэр хүүхдийг нэлээд алаад, вангийн ордныг галаар шатааж эвдэв. Сэтгүүл бичиг дээр шүүмжилж, олон улс учрыг нягтлан асуусан болой.
Ховдод байлдахын урьд эрхэм та цахилгаан мэдээгээр манай улсын зарсан Төмөрцэрэн нарыг Ховдод алав. Манай улс Бхү Шоныг барьж олоод, алсангүй тавьж, нутагт нь эгүүлэв. Хэн нь хүний ёсыг зөрчсөн, хэн нь догшин зальхай, энэрэл өршөөлгүй, хэн нь хулгай дээрэм олныг үйлдсэнийг улс улсын хуульчид голыг барьж, шүүмжлэх нэгэн өдөр бий.
Дотоод чуулганы ван гүн нар хэдий эд юм барьж дагасан боловч цагийн байдалд гацагдсан болой. Гэгээн нүдтэй хүн үзэн мэдэж болмой.
Манай улс хэдийнээ улс байгуулсан учраа төв бичгээр олон улсад зарласан бөлгөө. Дахиж өгүүлэх явдалгүй. Бүгд захирах эрхийг урьд Чин улс иргэн улсад түлхэснийг иргэн улс олноор эрхэм танд өгсөн болой гэсэн нэгэн зүйлийг үзвэл бэлбэсэн өнчин нар болох хүнд мэхлэгдэж улсаа алдсан нарийн учрыг замын хүн цөм мэдмүй. Нэн ялангуяа Лан Иүй, Дуан Дай, Бү Хэү нөрхийн үгийг зөрчиж, хямдаар төрийг гээсэн нь үнэхээр Чин улсын ялтай хүн мөн. Тэр огт бус хүнд бүгд захирах эрхийг өгөх чинээгүй болой. Энэ нэгэн зүйл явдлыг хойш өдөр магад таслан шийтгэх хүн бий.
Эдүгээ эрхэм таны төлөө бодвол битгий дахиж, хөнгөнөөр бус хүний үгийг сонсож, Лон мужийг олоод, бас Шо мужийг дурласаар олон улсын хуан мэт хувьсах аюул болохгүй. Эрхбиш дотоод засгийн хэргээ сайнаар үзэж, дундад улсын сайн иргэнийг дахиж эс өдөөрхвөл маш дээд арга мэт.
Ирсэн цахилгааны дотор үнэн санаагаар сонсгоё гэсэн үгс буй тул ийм цэхч үгийг сануулав.
Өмнө мужийн учиргүйгээр үймэх нь үнэхээр үлэмж бөгөөд захиргаанд эс орвол бидэнд айх сэтгэлгүй тул битгий санаа татгалзан зовогтун!
Монгол Улсын хаан илгээв.
Олноо өргөгдсөн гуравдугаар он. Цагаан сарын 28. (Хаадын сангаас эрхлэн гаргасан “Богдын лүндэн”. УБ.2002. Хуудас 215-217)
Tugs
Зочин
Зочин
Хүн хог
мййы
Minority or Native?
Minority or Native?
Соёлын цөөнхийн хууль
Соёлын цөөнхийн хууль
Соёлын цөөнхийн хууль
Зочин
мөнгөө ах