Хип хоп бол үнэнийг илэрхийлэх урлаг гэж та хэлсэн. Тэр үнэн нь Монголд байна уу?

Ярилцлага шууд хүнд эхэлж байна. Үнэн байгаа. Би байна. Миний эргэн тойрны найз нөхөд, итгэдэг, миний итгэлийг алдаагүй үлдсэн хүмүүс байна. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Энэ үнэнг илэрхийлж чадаж буй залуусын зориг, оролцоо, идэвх өнөөгийн нийгэмд хэр байна вэ?

Ийм залуус манай нийгмийн олонх болж байгаа гэдэгт би эргэлзэж байна. Гэхдээ хангалттай хэмжээнд байгаа гэдэгт итгэж найддаг. Чадалтай, чадавхтай хүмүүс зөндөө бий. Гэхдээ тэд даруухан, чимээгүй, хэл ам татладаггүй, сошиал медиад идэвхгүй, урдах ажлаа дуугүй хийгээд явж байдаг. Харин бид эдгээрийн нөгөө талын хүмүүсийг дөвийлгөж хараад байдаг. Монгол залуус гоё болж байгаа. Би үүнд итгэдэг. 

Тэр мундаг залуусын нийгмийн оролцоо нь жаахан сул байдаг юм болов уу гэж би хувь хүний хувьд боддог. Нийгэмд болж бүтэж буй бас болж бүтэхгүй зүйлс олон байна. Энэ зөрүүг багасгахын тулд залуус үндсэн ажлаа хийхээс гадна нийгэмдээ хэр оролцоотой байгаасай гэж та хүсдэг вэ?

Тодорхой хэмжээнд оролцоотой байх хэрэгтэй. Гэхдээ нийгмийн оролцооны зорилго, зам, хэлбэр, агуулга маш чухал. Би сэхээтэн гэх зэрэг анги давхарга ярьдаггүй. Бүгд адилхан хүн гэдэг талаас нь харахыг хичээдэг. Нийгмийн оролцоо гэдэг асуулт дээр би хүний эрх гэж яримаар байна. Нийгмийн аливаа асуудалд оролцоно уу, байна уу тэр хүмүүсийн л эрх. Оролцох нэг нь байгаа бол оролцохгүй байгаа нь чимээгүй л байж байг. Оролцоогүй хүмүүс байж болно. Тэгвэл оролцож буй нь бас чимээгүй л байг. Бүгд дуугүй урдах ажлуудаа хийе гэдэг санаа. 

Гурван жилийн өмнө CNN агентлаг таныг онцолж мэдээлсэн. Архидалт, ажилгүйдэл, авлигыг Монголын нийгмийн хамгийн том асуудал гээд маш зоригтой олон улсад шүүмжлэл хэлсэн. Ер нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд хэр нээлттэй байна вэ? Өмнөх жилүүдээс муужраад байна уу, эсвэл сайжраад байна уу?

Ийм эрх чөлөө байгаа гэдэгт би итгэдэг. Монгол бол ардчилсан орон. Хип хоп хэмнэл дээр үгээ хэлэх эрх чөлөө надад одоо хүртэл байгаа, цаашид ч байна гэдэгт би итгэдэг. Энэ эрх чөлөөг байлгахын төлөө тэмцэнэ. Яах вэ, хааяа улс төрийн агуулгатай дуу хийхээр ганц хоёр утасны дуудлага ирдэг. Энэ дууг захиалгаар хийсэн үү энэ тэр гээд төрийн байгууллагаас залгаад асуудаг. Хууль зөрчихгүй л бол ирээд хэл ам хаагаад байх юм байхгүй байх аа. Хуулиа дээдэлдэг улсад амьдарч байгаа гэдэгтээ би итгэдэг. 

Таныг шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсныг санаж байна.

Арваад жилийн өмнө Нийслэлийн шилдэг татвар төлөгч болж байсан.

Таны уран бүтээлийн үгийг хараал ихтэй, хэтэрхий ширүүн дориун гэсэн шүүмжлэл явдаг. Ер нь уран бүтээлээ нийгмийн бухимдал дээр суурилж бүтээж байна уу, эсвэл нийгмийг соён гэгээрүүлэх зорилго агуулдаг уу, эсвэл цэвэр арилжааны зорилгоо дуугаа хийдэг үү? Энэ бүхний тэнцвэрийг хэрхэн хангаж тууштай уран бүтээл хийж байна вэ?

Нэгт, би дуртай ажлаа хийдэг. Хоёрт, надад маш сайн баг, хамт олон, гэр бүл бий. Өдий хүртэл явж байгаа нь энэ бүгдийн гавъяа гэж боддог. Би ганцаараа биш шүү дээ. Нүүрэн дээр нь би харагддаг ч миний ард ажил үүргээ сайтар ойлгосон баг, хэсэг залуус хамт ажилладаг. 

Урлаг Монголд цэвэр бизнес байж чаддаг уу? Урлагаар хоолоо олж идэж чадаж байна уу, эсвэл давхар өөр юм хийхээс аргагүй байдаг уу? Хүний эрх талаасаа үзэл бодлоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байгаа ч сонгууль ойртож буйтай холбоотой зарим хүн урлагийнханд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.

Ба, бэ-гүй, цэг таслалгүй ямар адилхан үзэл бодолтой хүмүүс вэ, тийм ээ? Ваав! Уг нь нийгэмд өөр өөр өнгийн хүмүүс сүлэлдэж байж нэг гоё өнгийг хамтдаа бүтээдэг. Үүнийг би ардчилсан нийгэм гэж ойлгодог. Бүх хүн адилхан байдаг нийгмийг арай өөрөөр нэрлэдэг. Тэгэхээр бид хаашаа явах гээд байгаа билээ? Хүн болгоны хувьд ёс суртахууны хэм хэмжээ өөр болжээ. Ний нуугүй хэлэхэд манай олны танил хүмүүс увайгүй юм. Машин тэргээ хүртэл сугалаагаар зараад л. Юу дутлаа гэж тэр вэ? Эдгээр зүйлс надад онцгүй санагддаг. Гэхдээ заавал хүн бүр над шиг байх албатай ч биш дээ. Тийм байх нь бас тэр хүмүүсийн эрх нь юм даа. 

Урлаг бизнес биш. Харин урлаг ба бизнес хоёрыг хослуулах ёстой. Жингийн туухай дээр тэнцэж байх ёстой. Бизнес тал нь дараад эхэлбэл урлагийн нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг бүдгэрнэ. Өөрөөр хэлбэл, хүнд таалагдах дуу хийж эхэлнэ гэсэн үг. Олон хүнд сонсгох гээд, номер нэг болох хит дуу хийхийг зорьж эхэлнэ. Энэ хэрээр уран бүтээлчид хайрцаганд ордог. Хүмүүс юу сонсож байгааг харвал Нараа, Сараа, Навчаа, Цэцгээ, бороо, шороо байдаг. 

Энэ тэнцвэрийг ханган уран бүтээлээ хийж чадаж байгаа юу?

Энэ тэнцвэрийг би хадгалж явж чадаж байгаа, тийм уран бүтээл хийж байгаа гэдэгтээ итгэдэг. Тийм ч учраас энд ингээд сууж байгаа болов уу. 

Таны үндсэн мэргэжил сэтгүүлчээс гадна хэд хэдэн кино хийгээд амжсан. Кино ашигтай бизнес байсан уу, дахиж кино хийх үү?

Кино, урлаг, дуу хөгжим, медиа бүгд нийгэмд нөлөөлдөг “зэвсэг”. Үүнийг манайхан гаргууд ашиглаж байна, нөгөө талдаа ашиглуулж ч байна. Кино уран бүтээлчдээр би бахардаг. Энэ бол маш хүнд хөдөлмөр. Дахиж кинонд орохгүй гэж шантарч байсан үе надад бий. Гэхдээ ард нь гарсны дараа маш гоё кайфтай ажил. Кино хийдэг хүмүүс жаргаж ажилладаг. Гэхдээ би дахиж кино бизнес руу орохгүй гэж шийдсэн. Учир нь кино салбарын ашиг орлогын бизнес загвар шударга бус, хуваарилалт нь шог санагддаг. Энэ салбарт эрх чөлөө байдаггүй. Одоо энд ярьж байгаа шиг ярих гэхээр хамт ажилладаг хүмүүс чамаас болдоод дараа нь биднийг ингэнэ шүү дээ. Тиймээс чи чимээгүй бай гэдэг. Тэнд тэгж үгээ хэлж чадахгүй тарчилж байснаас өөрийнхөө юман дээр чарлаад сууж байсан нь дээр. 

Ирээдүйн карьераа хэрхэн төлөвлөж байна?

Давхар хувийн бизнес хийдэг. Уран бүтээлээ хийгээд, бизнес хийгээд лизингээ төлөөд явж байна. Эрвийх дэрвийхээрээ үзэж л байна. Энэ том далайд сэлэхгүй л бол амьд гарахгүй шүү дээ. Энэ жил 15 дуунаас бүрдсэн ҮНЭН гэдэг нэртэй өөрийн карьерийн 9 дэх цомгоо гаргаж, энэ зуны сүүлээр бие даасан 4 дэх тоглолтоо хийнэ.

Шинэ цомогтоо яагаад ҮНЭН гэж нэр өгөв? Энэ цомгийг бүтээх хүсэл тэмүүлэл хаанаас, юунаас ундарч гарсан бэ?

Нийгэмд үнэн гэдэг мессежийг өгөхийг зорьж байна. Үнэн Монголд байгаа. Битгий итгэл найдвараа алдаарай. Муу тал нь ялаад, сайн тал нь ялагдсан мэт хохирогчийн сэтгэхүйгээр юманд хандмааргүй байна. Үнэн байгаа, шударга ёс байгаа. Энэ итгэл үнэмшил эвдэрсэн бол үүнийхээ төлөө тэмцэж явмаар байна. 

Энэ дэлхийн хамгийн тансаг тав тух бол үнэн гэж хэн ухаантай хүн хэлсэн гэдэг. Үнэнг тунхагладаг шигээ та өөрөө цаг үргэлж үнэн байж чаддаг уу? Хуурамч баг нүүрэндээ зүүж ажиллаж амьдарч буй залуус цөөнгүй харагддаг. Яагаад ингэж яваад байна вэ? Үнэн байх хүсэлгүй байна уу, эрх чөлөөгөө эдлэх зориггүй байна уу?

Би бас яг тань шиг ингэж боддог. Энэ асуултын хариуг хайгаад “77 нүүр” гэдэг дуу бүтээж, саяхан клипийг нь гаргасан. Шинэ цомогт орно. Ер нь хүнд хоёроос ч илүү 77 нүүр байдаг. Хүмүүсийг би одоо ийм болсон гэж боддоггүй. Зарим хүмүүсийн мөн чанар угаасаа ийм юм биш үү? Сошиал орчны нөлөөгөөр ийм хүмүүс улам ихээр ил гарч буй хэрэг. Хүрээний бузрыг ухвал дуусахгүй гэдэг шиг сошиалын бузарыг ухвал дуусахгүй. 

Хүн эрх чөлөөгүй байх сонголтоо өөрөө хийдэг. Иймээс эрх чөлөөний үнэ цэнийг олон нийтэд илүү сайн сурталчлах хэрэгтэй байна. Олон нүүр гаргаад, хүний бөгс долоогоод явахыгаа зөв гээд бодчихсон хүмүүс байдаг. Тэд энэ “зөв” бодлоо үнэхээр зөв мэт бусдад түгээдэг. 

Торонд төрж өссөн шувуу тэнгэр эрх чөлөөтэй халин нисэх бусдыгаа хараад тэнэглэл буюу байж боломгүй зүйл гэж боддог гээд айхтар үг байдаг.

Ямар аймаар үг вэ наадах чинь. 

Хэдэн оноос хойш уран бүтээл хийж байгаа билээ?

2005 оноос хойш. 

Уран бүтээлч болсон зорилгоо хэр биелүүлж байна гэж өөрийгөө дүгнэдэг вэ?

Шантрах зүйл байхгүй. Хүнд үнэнийг хүргэх гэхээс илүү хип хоп, рэп уран бүтээл хийх нь миний хувьд кайф. Рэп хийх, студид бичлэгэнд ороод дуулах, тайзан дээр гараад саагих, дууны үг бичихээс маш гоё мэдрэмж авдаг. Би энэ мэдрэмжийг хүнд үгээр хэлж чадахгүй. 

Өөр мэргэжилтэй хүн яаж яваад ингээд урлагт эргэлт буцалтгүй оров?

Би хүүхэд байхаас л хөгжим сонсдог, дуу хөгжим хийдэг байсан. Бүр 1998 оноос сонирхож оролцож эхэлсэн.

Тэгээд яагаад СУИС-д ороогүй юм бэ?

Өвөөгөө дуурайгаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Манай өвөөг буурал Шагдар буюу Цэрэндагвагийн Шагдар гээд МОНЦАМЭ-гийнхан андахгүй байх ёстой. Өвөө Лу. Алтан товчийг редакторлосон, Шаалуу хүү Мауглиг орчуулж гаргаж байсан мундаг хүн байсан. Хүүхэд байхдаа би өвөө шиг хүн болохыг боддог байсан. Би дөрвөн настайдаа уншиж сурсан. Тэр үед өвөө надаар Шидэт хүүрийн үлгэрийг уншуулаад утгыг нь яриулж, тэр үлгэрээс юу ойлгосныг асууж, улаан ус гээд ундаагаар шагнадаг байсан. Хоёрдугаар ангиас эхлээд өвөөгөө дуурайж шүлэг бичиж оролддог байсан. Тэр мөрөөдлөө биелүүлэхээр сэтгүүлч мэргэжлийг сонгож Радио, телевизийн дээд сургуульд орсон маань миний СУИС-д ороогүйн шалтгаан юм болов уу? СУИС-т сэтгүүлийн анги байгаагүй байх аа (Инээлдэв). Одоог хүртэл би өөрийгөө сэтгүүлчээр ажиллаж байгаа гэж боддог. Та ярилцлагаар хүмүүст мэдээлэл өгч байгаа бол би түүнийг толгой, сүүлийг нь холбоод хэмнэл дээр буулгаж олонд хүргэдэг.

Сошиал медиа ба инфлюенсерүүдийн тухай таниас асуумаар байна. Нийгэмд үнэнийг хүргэх, зөв сайн байх тухай энэ хүмүүс хэр нөлөөлж чадаж байна вэ? Энэ тал дээр хувь хүний нийгмийн хариуцлага сошиал дээр ямар байх ёстой гэж боддог вэ?

Би мундаг боловсролтой хүн биш. Гэхдээ надад бодлууд байдаг. Ямар ард иргэд байна тийм төр байдаг шиг ямар үзэгчид байна тийм л инфлюенсерүүд байгаа шүү дээ. Тиймээс нэг их инфлюенсерүүдээ буруутгаад байх шаардлагагүй. Жаахан муухай ч гэсэн тэд нийгмийн энэ үзэгдлийг мэдрээд тоглолт хийж чаддаг. Уг нь тэр инфлюенсерүүд нийгмийн ийм байдлыг ашиглая гэхээсээ илүүтэйгээр нөхцөл байдлыг засъя гэж ажилладаг бол ямар гоё вэ, тийм ээ? Гэхдээ ийм хүмүүс байгаа гэдэгт би итгэдэг. Тийм хүмүүс байгаа, улам олон болох байх аа. 

Инфлюенесер хүмүүсийг мөнгөөр ажилладаг гээд шүүмжилдэг. Бизнесийн зарчим талаас үүнийг буруу гэхгүй. Баруунд ийм зүйл жишиг болсон байдаг. Нэг постоо нэг сая ам.доллараар үнэлдэг америкийн инфлюсенер охидуудтай би таарч байсан. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх нэрээр хүн болгон шахуу цэг таслалын зөрүүгүй адилхан юм ярьж бичих нь хаашаа юм. Гэхдээ нөгөө талаас хүний эрх л дээ...

Угаасаа тэр хүмүүсийг монголчууд бүгдээрээ хараад мэддэг болсон шүү дээ. Энэ арга явахаа больсон, энэ угаасаа худлаа гэдэг нь ойлгомжтой болсон. Одоо тэд жаахан өөр юм бодохгүй бол... Өмнөх сонгуулиар бөөндөө хуйлраад л энийг дэмжээрэй гээд явсан. Гэтэл дараа нь юу боллоо доо. Уучлаарай, миний буруу гээд л албан ёсны сошиал хуудсаараа бүгд бичээд эхэлснийг бид харсан биз дээ?

Өөрт чинь хувийн компани, улстөрчдөөс сошиал дээр хамтран ажиллах хүсэлт их ирдэг үү?

Нас жаахан яваад эхэлсэн чинь энэ сонгуулиар таньж мэддэг найз нөхдүүд нэр дэвшиж байна. Би шударга хэлж байгаа. Уучлаарай найзууд аа, би чамайг сонго гэж хэлж чадахгүй шүү, бусдаараа бууз хуушуур шиг байя гээд. Миний зарчмыг мэддэг манай найзууд бол надад гомдохгүй. Учир нь намайг хүндэлдэг учраас надтай найзалдаг. Бидний дунд давах, давахгүй шугам гэж бий. Хүний тархи толгойд нөлөөлнө гэдэг нь тийм амар бөгөөд сайхан ажил биш. Түүний ард үйлийн үр гэж байдаг. Хүний үгээр бусдын толгойг угаахаас илүү өөрийнхөө үг, үзэл бодлыг хүмүүст түгээхийг эрхэмлэдэг. Өөрийн чинь үзэл бодолтой бид юмнуудаа ингээд давхцуулчихъя гэдэг хүмүүс мэр сэр байдаг. Тийм хүмүүст өөрийгөө ашиглуулчихвал уран бүтээл хийж байгаагийн хэрэг байхгүй шүү дээ. 

Сэхээтнүүд нь эх орноо орхин одохын цагт хошин шог, урлаг, спортынхон төрд гардаг гээд нэг өгүүлбэр бас сошиалаар яваад байсан. Хүний эрх талаасаа хэн ч байсан, ямар ч ажил мэргэжилтэй байсан сонгох, сонгогдох эрхтэй биз дээ?

Гэхдээ тэд ямар аймаар өөртөө итгэлтэй юм бэ, тийм ээ? Ямар аймаар өөрсдийгөө голдоггүй юм бэ? Нууцгүй хэлэхэд надад ч гэсэн санал ирсэн. Чи одоо улс төрд орох цаг нь болсон гэж надад улс төрийн дээд албан тушаалын хүн хэлж байсан. Муухайгаар хэлэхэд тэр үг нь надад миний суганы үс болооч ээ гэж сонсогдсон. Би нэг юмыг гайхдаг. Спорт, урлаг болон бусад салбарууд ялгаагүй хамгийн өндөр цэг нь яагаад улс төр байх ёстой юм бэ? Хүний карьерийн оргил УИХ-ын гишүүн болох юм уу? Яагаад тийшээгээ бүгд дайраад байдаг юм бэ? Юу байдаг юм тэнд? Цалин нь бага л юм билээ шүү дээ. Тэр хүмүүс ямар аймаар өөрсдийгөө голдоггүй юм бэ? Бүр их гайхдаг зүйл нь ийм хүмүүсийг манай нийгэм сонгож гаргаад, УИХ-ын гишүүн болгочихдог. Томсгосон тойрог энэ тэр гээд сонгуулийн үр дүн ямар байхыг эртнээс зурчихсан шүү дээ. Бид харсаар байгаад дэмжээд зуруулсан. Би энэ салбараар мэргэшсэн хүн биш учраас олон долоон юм ярьмааргүй байна. Гэхдээ энэ бүхнийг мэддэг атлаа хэлдэггүй хүмүүс зөндөө байдаг. 

Сайн дурын ажлын талаар дараагийн асуултаа танд тавьмаар байна. Ковидын үеэр та сайн дураар өрхийн эмнэлэг дээрээ ажиллаж байсан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ? Төрийн хийх ёстой ажлыг өмнөөс нь орж хийлээ гээд ТББ, иргэний нийгмийг бас зарим хүн шүүмжилдэг.

Манай эхнэр судалгааны байгууллагад ажилладаг. Ковидын хүнд үеэр эмнэлгийн ажилчид ачааллаа дийлэхгүй, өрхийн эмнэлэг хүний нөөцийн дутагдалд орсон гэдэг мэдээг эхнэрээсээ сонсоод сайн дураар өрхийн эмнэлэг дээрээ ажиллахаар шийдсэн. Ганц хоёр пост оруулж, тэр хүнд нөхцөлд ажиллаж байгаа цалин багатай эмч нарыгаа хайрлаж хүндэлж харьцаарай гэж бичиж уриалсан. Ингэхээс өөр аргагүй байсан. Нөхцөлд байдал үнэхээр аймаар байсан. Залуучуудыг ирж туслаасай гэж бодсон. Үүнийг ойлгохгүй орж ирээд эмч нарыг элдвээр хэлж хараадаг бүдүүлэг хүмүүс зөндөө байв. Би ковид тусаад эдгэсэн байсан болохоор ингэж сайн дураар ажиллахаар шийдэж, өрхийн эмнэлэг дээрээ утасны оператор хийж, хувийн машинаараа дуудлагад явж байсан. Ийм оролцооны ажлыг хүнд харагдаж, магтуулж, сайшаагдах гэж хийдэггүй. Эмч, багш нараа хүндэлж, үнэ цэнийг нь өсгөж, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлмээр санагддаг. 

Пост оруулснаас болоод өрхийн эмнэлэг дээр ажилтай ядаж байхад ТВ-ийнхэн камертай ирээд мэдээ авах гээд байсан. Завгүй ажиллаж байхад ярилцлага авах гээд зүтгээд. Тэр жаахан тэнэг байсан. Тэрний маргааш Баянзүрх дүүргээс батламж ч билүү, өргөмжлөл ч билүү гардуулах гээд ирсэн. Ямар их зав бэ? Өрхийн эмнэлэг дээр нь хүн байхгүй би ажиллахаар очиж байхад дүүргээс дөрвөөс таван хүн камер бариад хүн шагнах гээд ирж байдаг. Би тэднийг муухай үгээр хэлж уурлаад явуулсан. Тэр өргөмжлөлийг би авах ёсгүй шүү дээ. Ийм өргөмжлөл авах ёстой тэр дүүрэгтээ өчнөөн олон жил ажилласан зөндөө хүмүүс байгаа. Гэтэл би очоод хэдхэн цаг байсны төлөө тийм өргөмжлөл авч болохгүй шүү дээ. Гэх мэтээр сошиал медиад гоё харагдах гэсэн хандлага яваад байх юм. Иймэрхүү зүйлээс хол байхыг боддог. Манай хип хоп салбарт хүртэл гоё гоё цол тэмдэгтэй рэппэрүүд зөндөө байдаг. Мэдэхгүй ээ, юу дутлаа гэж тэр вэ?

Нэг удаагийн сайн дурын ажил биш нийгмийн аль салбарыг онцолж аваад бусадтай нэгдээд, зохион байгуулалтанд ороод, тогтмол үйл ажиллагаатай ТББ байгуулан ажиллах санаа төрдөг үү?

Тийм айхтар төлөвлөгөө байхгүй. Иймэрхүү ажилд сэтгэлийн дуудлага гэж байдаг. Би өмнө нь янз бүрийн кампанит ажлуудад оролцож байсан. Жишээ нь, 108 гээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуудлагын утас. Энэ төсөл дээр дуу хиймээр байна гэдэг санал надад тавиад хамтран ажиллаж байсан. Энэ бол сэтгэлийн дуудлага байсан. Цаашид ч гэсэн иймэрхүү байдлаар л ажиллах болов уу. Тэрнээс бид ирээдүйд ингэж тэгж нийгмийн салбарт ажиллана гэдэг төлөвлөгөө байхгүй. 

Иймэрхүү хүсэлт тасралтгүй ирдэг үү?

Тасрахгүй. Нөгөө талаас нь харахад сошиал дээр байнга харагддаг зүйл бусдаас хандив гуйх болчихлоо. Надад ч гэсэн ийм санал их ирдэг. Хэцүү байдаг. Би өөрөө Монголын ард түмнээс хандив авч үзсэн. Энэ бол сошиал дээр хийж байгаа гуйлгын ажил шүү дээ. Дүү маань өвдөөд би сошиал дээр гуйлга гуйж үзсэн. Надад цорын ганц ийм боломж амьдралд минь байсан, түүнийгээ ашигласан гэж боддог. Өвчин зовлонтой байхын хэцүүг мэддэг болохоор иймэрхүү хүсэлтийг аль болох олон хүнд түгээж туслаад өгөхийг хичээдэг. Гэхдээ ирсэн хүсэлт болгоныг чаддаггүй. Яагаад гэвэл би баталгаа шаарддаг. Үнэн худлыг нь магадлахгүй шууд шэйр, пост хийдэг инфлюенсерүүд гэж байхгүй байлгүй дээ. Наад зах нь эмчийн бичиг, магадлагааг харах ёстой. 

Хандивын тоглолт гээд очихоор тайзны ард хүмүүс идэж уугаад сууж байдаг. Архи уугаад байж байдаг. Хүнд мөнгө босгох гэж байгаа ажил дээр ингэж болохгүй шүү дээ. Дуулаад гараад явахад дугтуйтай мөнгө, шатахууны мөнгө өгдөг. Би тэрийг нь авдаггүй, тэр хүний хандивт нь өгөөрэй гээд үлдээдэг. Үүнийг би ойлгодоггүй. Хандив, сайн үйлсийн аянд нэгдэж байгаа бол шатахуун, бензинээ өөрөө даагаад оролцох ёстой биз дээ? Энэ ажил тухайн хүний сэтгэлийн дуудлага байх ёстой биз дээ? Би хүний зовлонг ойлгоно, гэхдээ нөгөө талдаа тэр бүхэн үнэн бодит байх ёстой. Ямар ч мэдээлэл түгээхдээ үнэн бодит байдлыг нь шалгах ёстой. Мэдээлэл хүлээж авахдаа ч тэр ийм л байх ёстой. Олон нийт дунд ийм чадвар, мэдээллийн үнэн бодит байдлын дархлаа дутмаг байна. Гэхдээ бага багаар сайжирч сурч байгаа. Ядаж л могойн зураг шэйр хийдэг хүмүүсээ шоолдог болж эхэлж байна. Энэ бол амжилт. Саяхан хүртэл шүдний хорхойг аяга тавьж байгаад авдаг пост яваад байсан. Тийм юм бол Монголд анагаах ухааны хэрэг байна уу даа? Ийм юманд итгэдэг хүмүүс уг нь цөөхөн. 

Цөөхөн хэдий ч болж бүтэхгүй хүмүүсээ бид өөрсдөө айхтар дөвийлгөдөг. Тэднийг тэнд нь үлдээчих ёстой юм. Эсрэгээр бид чадалтай, мундаг, даруухан залуусаа дөвийлгөж харж чаддаггүй, тэднийгээ урамшуулдаггүй. Учир нь сайн, сайхан зүйл сонирхдоггүй. Нийгэмд хэрэгтэй мэдээлэл гэхээс илүү тэр авгай нөхөр хоёр хоорондоо юу гэж хэрэлдсэн байгаа нь сонирхолтой байсаар л байна. Иймээс бусад руу өнгийхөөс өмнө өөр рүүгээ өнгийж юу уншиж, сонирхож байгаагаа анзаараад үзээрэй. Тэгээд өөр дээрээ нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Тэгэх цаг нь болсон. Ингэж чадсан залуус маш гоё өөрчлөгдөж, сэрж байгаа. Сүүлийн үед ийм залуус маш олон болж байгаа. Сошиал медиа бол зүгээр л хэрэглээ болохоос амьдрал биш шүү дээ. Хүмүүсийг харахаар амьдрал дээрх болон сошиал дээрх дүрүүд нь зөрөөд байдаг. Бүр тэс өөр дүртэй хүмүүс ч байна. Учир нь нийгэм тийм хүмүүсийн бодит дүрийг ялгаж салгах дархлаагүй байна. Гэхдээ бага багаар сайжирж байгаа. Ер нь бол жигдрэх юмандаа байгаа байх аа. Энэ үзэгдэл ганцхан манайд байдаг зүйл биш болов уу. Бусад улс орнууд ч энэ сорилтыг даваад явж байгаа байх. Инфлюенсер, олны танил хүмүүс нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа улам сайн хийх хэрэгтэй. Бизнес болон урлагийн жингийн туухайгаа жаахан тааруулмаар байна. 

National Identity буюу Монгол үндэстний тодотгол таны хувьд юу вэ? Монгол хүнийг илэрхийлэх тэмдэг нэрийг хэлнэ үү.

Ингэж ёстой бодож үзэж байгаагүй юм байна. Тайван, уужуу гэдэг үг орж ирж байна. 

Яг уу?

Уужуу гэдгийг нь авчихъя. Тайван талдаа бас хэнэггүй гэдэг нь орохоор юм байна. Сүх далайтал гэдэг хүмүүс юм даа. 

Эх оронч үзэл, омогшил зэргээс гадна юугаараа бид үлгэрлэж дэлхийд манлайлан танигдах ёстой гэж боддог вэ?

Би өөрөө дэлхийд танигдахыг зорьдоггүй. Урдах ажлаа сайн чанартай хийгээд явж байхад аандаа болно. 

Олон улс руу гарах төлөвлөгөө, мөрөөдөл байдаг байлгүй дээ?

Япон артисттай хамтарч уран бүтээл хийгээд Японд цацагдсан дуу байгаа. Амжилттай болсон. Солонгос артистуудтай хамтраад Солонгост цацагдсан дуунууд бий. Бас амжилттай явж байгаа. Хэд жилийн өмнө Spotify-с Ази тивээс сонгогдон нэрлэгдсэн. 

Бусдыг даруухан, чимээгүй байна гээд шүүмжилдэг атлаа өөрөө бас даруухан чимээгүй яваад байдаг юм биш үү?

Бид хэд нэг иймэрхүү л юм. Уг нь бид үүгээрээ попрох ёстой юм билээ. Тэр нь урлаг ба бизнесийн бизнес талд нь ашигтай байдаг. Гэхдээ хүмүүс ялгадаггүй. Хэн нь попорч байгааг мэддэггүй шүү дээ. Попроогүй байхад попорч байна гээд попорч байгаа гаруудыгаа шүтсэн байдаг. Гэхдээ бид өөрчлөгдөж байгаа. 

Урлаг ба бизнесийг хослуулахын талд таны ард мэргэжлийн баг ажиллаж байна уу?

Миний ард мэргэжийн баг, Рийл компани ажилладаг. Бид сэтгэлийн дуудлагаар нэгдсэн. Жишээ нь, манай продюсер залуу анагаахын багш хүн байдаг. Цэвэр хөгжмөөр явж байгаа нь цөөхөн. Би, манай DJ Crazy Tuk, Chinhustle байна. Ихэнх нь давхар ажил хийдэг, компани дотроо ч олон ажил зэрэг хийдэг олон төрлийн ур чадвартай залуус бий. 

Сэтгэлийн дуудлага нэг цэг дээр хүрээд дуусдаг юм шиг байна лээ. Хү хамтлагийн продюсер Дашка ах америк продюсинг компанитай ажиллаад алуулж байна, өмнө нь би ерөөсөө урлагийн салбарт ажиллана гэж гурилддаг байсан юм билээ гээд миний ярилцлагаар хэлж байсан.

Зах зээлийн хэмжээ гэж байдаг. Америк хэдэн хүн амтай зах зээл билээ, ДНБ нь нь юу билээ. Манайх хэд билээ? Зах зээл бүр онцлогтой. Монгол уран бүтээлчид гадагшаа гарахдаа урлаг ба бизнесийн жингийн туухайн тэнцвэрээ алдахгүйгээр гармаар байна. Манай артистууд хэл сурах хэрэгтэй. Бүр маш сайн сурах хэрэгтэй. Гэхдээ надад хувийн жижиг мөрөөдөл байдаг. Монгол хэл маш гоё хэл. Ийм учраас монгол хип хоп, монгол рэп хөгжим олон улс руу монгол хэлээрээ гарч танигдаасай гэж хүсдэг. Бид өнгөрснийг, түүхээ орхиж болохгүй. Гэхдээ бас эндээ мөнх амьдарч болохгүй. Цаашаа явах хэрэгтэй. Өнгөрснөөрөө бахархаад ирээдүй рүүгээ тэмүүлэх ёстой. Шинэ зүйл сурах хэрэгтэй. Бас л нөгөө жингийн туухайгаа хэлмээр байна. Аливаа зүйлийг хэтрүүлж болохгүй, тэнцвэрийг нь зөв барих ёстой. 

Өнөөдөр Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд учирч болох хамгийн том аюул хаана оршиж байна вэ? Энэ эрсдлийг хэрхэн тойрч гарах вэ?

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгийн том аюул та бидэнд байдаг. Энэ бол шунал. Хүн эготой байх ёстой. Гэхдээ тэр нь би мундаг лаг, би Big Gee учраас надтай гоё харьц гэдэг биш! Жишээ нь, сэтгүүл хүн байлаа гэхэд хэн нэгэн энийг ингээд бич гэж хэлэхэд үгүй, би сэтгүүлч хүн гэдэг мэргэжлийн эго байх ёстой. Би худлаа юм бичиж чадахгүй, би мэргэжлийн сэтгүүлч хүн, намайг юу гэж бодоод байгаа юм бэ гэдэг эгог би хэлээд байна. Бидний энэхүү зөв эго шуналдаа дарагдчихдаг гэж би анзаардаг. Юмтай болох тусмаа улам шуналтай болдог. Уг нь хүн юмтай болох тусам даруухан болмоор. Бидний эрх чөлөөнд учрах хамгийн том аюул бол шунал. Хоёрт зөв тодорхойлж чаддаггүй эго гэж хэлмээр байна. Үүнийг засах арга нь эгогоо зөв болгох ёстой. Зөв зарчимтай, түүнээсээ ухарч няцдаггүй эготой байх нь маш чухал.